Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 203/МА2022/00017

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр Дугаар 203/МА2022/00017 Даланзадгад сум

 

 

 

*******-ий нэхэмжлэлтэй, Д.*******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2022/00135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.*******д холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,676,280.46 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 20,682,280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,676,280.46 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 20,682,280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Зээлдэгч Б.*******, Д.******* нар нь ХААН банкны Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ-114 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан,

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 229 845.43 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөг нийт 4 729 845.43 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан,

2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 3 892 906.01 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөг нийт 6 892 906.01 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай ахуйн хэрэгцээнд зориулан,

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4 610 388.47 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 12 000 000 төгрөг нийт 16 610 388.47 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар,

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201843664732 тоот зээлийн гэрээ байгуулан 16 130 240.61 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 18 130 240.61 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашины сэлбэг авах зориулалтаар,

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээ байгуулан 17 558 363.75 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 19 588 363.75 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус авсан.

Зээлдэгч Б.******* нь 2018 оны 08-р сард зуурдаар нас барсан.

Зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10 234 706.54 төгрөг, зээлийн хүү 4 481 112.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568.58 төгрөг нийт 14 716 387.91 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 273 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах; 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 17 265 293.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 342 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68 421.12 төгрөг, зээлийн төлбөрт 20 676 280.46 төгрөг, нотариатын төлбөр 6 000 төгрөг гаргуулах нийт зээлийн болон нотариатын төлбөрт 20 682 280.46 төгрөг гаргуулах,

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.*******ас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбарын агуулга:

10 341 140 төгрөг буюу одоо тооцогдоод байгаа зээлийн үнийн дүнгийн 50 хувийг хариуцаж болох юм.

2.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэл:

Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээр хариуцагч болон миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбартай явж байсан.

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин итгэмжлэл авч дээд шүүхээс ирсэн тогтоолын агуулга, бусад хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг дахин шинжлэн судлуулах үүднээс *******-ийн зүгээс 20 682 280 төгрөг нэхэмжилж байгаагийн яг 50 хувь болох 10 341 140 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.

Шалтгаан нь Улсын дээд шүүхийн гаргасан тогтоолыг нэхэмжлэгчийн зүгээс иш татаж 5, 6 удаа үргэлжлүүлэн үлдэгдэл дээрээ нэмж зээл авсан, энэ болгон дээр Э.******* хүсэлт гаргаад байсан байна. Энэ байдлыг анхаарч үз гэсэн ийм зүйл хэлдэг.

Гэхдээ энэ олон удаагийн зээл авахад үлдэгдэл гэж жишээ нь нэхэмжлэл дээр 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 229 845 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөгийн зээл авсан гэдэг. Гэтэл үлдэгдэл нь яг үндсэн зээлийн үлдэгдэл үү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн дүн ороод байна уу гэдэг нь тодорхойгүй.

Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх боломжгүй байна гэсэн дүгнэлт байгааг харж үзэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн яг одоо хийсэн тооцоолол болон нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа баримтуудаас үзэхэд нотлох боломжгүй байгаа учраас тооцооллынх нь үүднээс нэгэнт зээл авсан нь үнэн учраас ямар ч байсан 10 341 140 төгрөг буюу одоо тооцогдоод байгаа зээлийн үнийн дүнгийн 50 хувийг хариуцаж болох юм.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******ас 10,341,140.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үүргийн гүйцэтгэлийг 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг барьцааны хөдлөх эд хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10, 341,140.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ас улсын тэмдэгтийн хураамж 180 408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4.    Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

Тус хэргийг Улсын Дээд шүүх 2021.12.07-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасан бөгөөд хянавал хэсэгт ...Хоёр шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хамтран үүрэг гүйцэтгэгч, үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой эсэх, цалин нь барьцааны зүйл эсэх талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, 6 удаагийн зээлийн гэрээ байгуулахад үүнээс 5 удаагийн тохиолдолд зээлдэгч нар хамтран хүсэлт гаргасан байдалд дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг ...шаардаж болох боловч энэ нь тухайн үүрэг нь зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчийн сонгосон үүрэг гүйцэтгэгчийн ганцаар хүлээх ёстой үүрэг болно гэсэн ойлголт биш... гэж хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж, мөн зүйлийн 243.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж,

БЭБХЭМХМХШЗҮАТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.8-т Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж тус тус зааснаар Д.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Мөн Б.******* нас барснаар түүний үүрэг дуусгавар /Иргэний хуулийн 240.1.2/ болсон байхад анхан шатны шүүх түүнд зээлийн гэрээний үүргийн тал хувь буюу 10,341,140.23 төгрөгийг хариуцуулан шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.3-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд зээлдэгч Б.******* өмнө нь тус банкнаас өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан ба өмнөх зээлийн үлдэгдэл 17,558,363.75 төгрөг дээр нэмж 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөг нэмж зээлэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч Д.******* гэрээнд заасан нөхцөл болон өмнөх зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба зээлдэгч цалин орлогоо барьцаалан гэр бүлийн болон өрхийн хэрэглээний буюу сар шинийн хэрэгцээ, автомашин худалдан авах, автомашины сэлбэг авах, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус зээл олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогддог.

Иймд Д.******* нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бие даан хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Тэрээр хамтран зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ХААН банкны Өмнөговь салбарт үндсэн зээлийн төлбөрийг төлж, зээлийн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлтээ гаргасан байдаг.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.*******д зээл авах хэрэгцээ шаардлага байсан учраас зээл хүсэгчийн анкетыг бөглөж, үндсэн зээлдэгчийн нэгэн адил бүрдүүлж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон учраас уг зээл олгогдсон.

Тухайн зээлийн гэрээнд Д.******* оролцоогүй тохиолдолд тухайн зээл судлагдаж, олгогдохгүй байсан. Зээлдэгч нар зээлийг тухай бүр авахдаа өрхийн хэрэгцээнд, сар шинийн хэрэгцээнд, гэр бүлийн хэрэгцээнд тус тус зориулан авсан бөгөөд Д.Уянгын ирээдүйд бий болох цалин, түүний өмчлөлийн хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

Иймд ******* нь хариуцагч Д.*******ас Иргэний хуулийн 242.2, мөн хуулийн 243.3, БЭБХЭМХМХШЗҮАТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.8-т заасны дагуу шаардах эрхтэй тул Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 00135 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хууль хэрэглээний алдааг залруулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээнд Б.*******, ******* нар хамтран гарын үсэг зурж зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байхад зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

*******ийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай оролцож байна гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,676,280.46 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 20,682,280.46 төгрөг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүрийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 10,341,140.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзан маргажээ.

3. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж, хариуцагч Д.*******ас 10,341,140.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үүргийн гүйцэтгэлийг 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг барьцааны хөдлөх эд хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10,341,140.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

4. Анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

4.а. ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагын талаар:

ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээний 2.1.7-т зээлийн гэрээний хугацааг 48 сар гэж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлж дуусгахаар тус тус заасан ба шүүхэд нэхэмжлэлийг шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан байна. /хх- 01, 09, 11/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...зээлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцож үүргийг нэхэмжилж байгаа... гэснээс үзвэл, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний хэсэгчилсэн үүрэгт хамаарах үүргийг зээлдэгчээс шаардсан гэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх энэ шаардлагад дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй байна.

4.б. Нэхэмжлэгч тал нь гэрээний Зургаа. Гэрээ дуусгавар болох, цуцлах гэсэн хэсгийн аль үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Б.******* нас барсан нь эсхүл нэхэмжлэлд зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг төлөөгүй 273 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж заасан үндэслэлийн аль нь гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл байдал бүрдсэн эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

4.в. Зохигч нар зээлдэгч гэх Б.*******г нас барсан тухай тайлбарлаж байх боловч хэрэгт нар барсан тухайг нотлох иргэний бүртгэлийн баримт байхгүй байна.

4.г. Гэрээг цуцлагдсанаар үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болох учир гэрээг цуцлах хугацаа тодорхой тогтоогдсон байх нь гэрээнээс үүсэх үүргийг тодорхойлоход ач холбогдолтой тул энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулаагүй байна.

 

5. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагын талаар:

5.а. Анхан шатны шүүх Хаан банк нь Б.*******д удаа дараа зээл олгож байсан ба ийнхүү зээл олгохдоо төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дээр тухайн үеийн олгох зээлийн дүнг нэмж үндсэн зээлийн хэмжээг тодорхойлж гэрээ байгуулдаг байжээ гэж дүгнэлт хийхдээ уг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл гэдэгт үндсэн зээлийн дүн эсвэл уг үнийн дүнд төлөөгүй зээлийн хүүг багтааж тооцсон эсэх буюу ямар үүрэг хамаарч байгааг, уг гэрээнүүд дуусгавар болсон эсэх, гэрээнд өмнөх зээлийн үлдэгдлийг тусгайлан заасны шалтгаан зэргийг тодруулж дүгнэлт хийгээгүй байна.

5.б. Хэргийг дахин хэлэлцэх хугацаанд нэхэмжлэгч тал нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ /хэрэглээний зээл, малчны зээл /хх- 53- 55, 172-174/, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/201853421399 дугаартай зээлийн гэрээ / хх- 59-61, 177-179/, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843684732 дугаартай зээлийн гэрээ /хх- 65-67, 182-184/, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх 72-74,169-171/-г дахин, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-114 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-166-168/ шинээр гаргаж өгсөн байна.

Мөн хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан 2014.09.02-ны өдрөөс 2019.10.10 ны өдрийг хүртэлх хугацааг хамарсан Зээлийн бүртгэлийн карт гэх баримтыг 2019.10.10-ны өдрөөс 2020.01.10 хүртэлх хугацааны мэдээллийг нэмж бичсэн Зээлийн бүртгэлийн карт-ыг шүүхэд нотлох баримтаар гаргасан байна. /хх-163-165/

Дээрх дахин гаргасан болон шинээр ирүүлсэн нотлох баримтуудад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/01490 дугаартай тогтоолд ...6 удаагийн зээлийн гэрээ байгуулахад үүнээс 5 удаагийн тохиолдолд зээлдэгч нар хүсэлт гаргасан байдалд дүгнэлт хийгээгүй, ...үлдэгдэл 17,558,363.75 төгрөг нь зөвхөн үндсэн зээлийн дүн эсвэл уг үнийн дүнд төлөөгүй зээлийн хүүг багтааж тооцсон эсэх талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй, ... үндсэн зээлийн хэмжээ тодорхой байсан нөхцөлд зээлийн үүргийн хэмжээ тогтоогдох ...бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй... үндэслэлүүд тодорхой болоогүй байна. /хх- 150-157/

5.в. Мөн зээлдэгч гэх Б.******* нас барсан байхад түүнээс хойш төлөлт хийгдсэн эсэх, хийсэн бол хэн хэрхэн хийсэн, зээлийг хүлээн авсан, зээл төлж байсан гэх үүрэг хэнд үүссэн байдал зэрэг нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэрхэн нотлогдож байгааг анхан шатны шүүх шийдвэртээ заагаагүй байна.

 

6.   Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар:

6.а. Хэрэгт хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалах тухай 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн БГХ20184382929З дугаартай /хх- 12-13/ , 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай /хх-56- 57, 175-176/, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БГХ201843521399 дугаартай/ хх-62- 63, 180-181/, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн БГХ201843684732 дугаартай /хх-68-69, 185-186/ барьцааны гэрээнүүд авагдсан.

Шүүх эдгээр гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхэд, аль гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ заагаагүй байна.

6.б. Сүүлийн буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн БГХ20184382929З дугаартай гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2534 ӨМӨ улсын дугаартай, subari foresmer маркийн автомашин, 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч, цалингаар зээлийн үүргийг хангуулахаар тохиролцжээ.

Шүүх энэ гэрээний 2.2-т заасан цалингийн орлого гэдэгт хэний цалингийн орлого хамаарч байгааг болон энэ гэрээ байгуулагдсанаар өмнөх барьцааны гэрээний үүрэг хэрхэх эсэх тухайд эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна.

 

7. Шүүх ...нийт 27,500,000 төгрөгийн зээл авсан зээлдэгч Б.*******тнй 5 удаагийн буюу 22,500,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Д.*******ас зээлийн төлбөрийг түүний авсан зээлийн хэмжээтэй холбоотой шаардаагүй байна..., гэж, зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 2.4.1, 3.2.2 заалтын талаар ...гэрээний тохиролцоо ...нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан Б.*******д холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин орлогыг барьцаалаагүй Д.*******д хамаарах боломжгүй байна гэсэн дүгнэлтүүд хийсэн атлаа түүнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцуулж хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах гомдолдоо Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.*******д зээл авах хэрэгцээ шаардлага байсан учраас зээл хүсэгчийн анкетыг бөглөж, үндсэн зээлдэгчийн нэгэн адил бүрдүүлж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон учраас уг зээл олгогдсон.

Тухайн зээлийн гэрээнд Д.******* оролцоогүй тохиолдолд тухайн зээл судлагдаж, олгогдохгүй байсан гэсэн боловч энэ тухайгаа нотлох баримтад үндэслээгүй байна.

 

9. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журам зөрчсөн байх тул шийдвэрийг үндэслэл бүхий байх, мөн маргаантай эрх зүйн харилцаа, маргааны зүйлийг тогтоож чадаагүй, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэснийг шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 42 дугаар зүйлийн 42.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг зохигч гаргах эрх, үүрэгтэй ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбараар дээр дурдсан нөхцөл байдал тодорхойлогдож чадаагүйгээс гадна анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулсан үйл баримт, шийдвэрлээгүй шаардлагыг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

11. Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийг хуулиар тогтоосон журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 143/ШШ2022/00135 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Хаан банк дахь Татварын Ерөнхий газрын 5176120446 дугаар дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 408 /нэг зуун наян мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг нэхэмжлэгч *******-д шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч  нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

Ш.ТӨМӨРБААТАР