Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01977

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01977

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01843 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч С ХХК, Э ХХК болон Ч.А нарт холбогдуулан цэвэр, бохир ус болон халаалтын ашиглалтын зардалд нийт 23 601 913.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **А байрны * давхарын А* тоотын өмчлөгч нь Ч.А бөгөөд С ХХК-ийн захирал билээ. Иймээс тус А* тоотын төлбөрийг тус компани болон Ч.А нараас 2015.12 - 2020.05.30-ны өдөр хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөр 12 025 019.82 төгрөгийг төлөөгүй. Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **А байрны * давхарын А* тоотын орон сууцны өмчлөгч нь Э ХХК нь 2015 оны 12-2019.02.28-ныг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөр 11 576 893.75 төгрөгийг төлөөгүй. Иймд дээрх компани болон иргэнээс ашиглалтын зардалд нийт 23 601 913.57 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нар нь тухайн орон сууцны өмчлөгч мөн боловч хэрэглэгч биш. Учир нь ус дулаанаар хангах гэрээг хариуцагч нартаа байгуулаагүй тул хэрэглэгч болоогүй юм. А-ын өмчлөлийн орон сууц нь гадагшаа хаалга гаргасанд маргахгүй гэхдээ аж ахуй нэгжийн тарифаар тооцож төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүй байх хугацаанд үйлчилгээ үзүүлсэн гэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-д холбогдох 12 025 019.82 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Ааас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12 025 019.82 төгрөг, Э ХХК-иас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11 576 893.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 309 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Ааас 207 350 төгрөгийг, хариуцагч Э ХХК-иас 200 180 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт ...Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ...нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүй байх хугацаанд үйлчилгээ үзүүлсэн гэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын уг татгалзлыг ямар үндэслэлээр хүлээн аваагүй талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Учир нь нэхэмжлэгч болох С ХХК нь Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг анх 2017 оны 09 дүгээр сард авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дулааны толбөр шаардах эрх нь 2017 оны 09 дүгээр сард үүссэн. Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сараас эхлүүлэн дулааны төлбөр шаардаж байгааг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаж үзэхэд нэхэмжлэгч нь Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг 2019 оноос өмнө авсныг нотлох баримт хэрэгг авагдаагүй байдаг. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оноос өмнө Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан нь тогтоогдохгүй байх тул уг төлбөрийг шаардах эрх үүсээгүй байна гэж хариуцагч нарын зүгээс үзэж байна. Иймд хариуцагч иргэн Ч.А, С ХХК нарын зүгээс шаардах эрх үүсээгүй байх үе /2015-2017он/-ийн дулааны төлбөр болох нийт 7 644 775 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Э ХХК-ийн зүгээс шаардах эрх үүсээгүй үе /2015.12.31- 2017.08.31/-ийн дулааны төлбөр болох 4 705 604 төгрөгийг мөн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гудамж ** байрны зоорийн давхарт байрлах **а, *а, ** тоот хаягт байршилтай авто зогсоолуудын дулааны төлбөрийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж нэхэмжилсэн байдаг. Хариуцагч нарын зүгээс уг төлбөрийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг татгалзалыг хүлээн аваагүй үндэслэлээ тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байхыг зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр Туул гудамж ** байрны зоорийн . давхарт байрлах **а, *а тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр А.Б //РД**********/, ** тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр Г.Ж /РД**********/ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтооддог. Хариуцагч нар нь уг автозогсоолын өмчлөгч, хэрэглэгч биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримт /үл хөдлөх эд хөрөгийн гэрчилгээ/-р тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байх тул хариуцагч нарын зүгээс авто зогсоолуудын дулааны төлбөр болох нийт 1 202 256 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатын шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ..Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Ч.А, Э ХХК-иас тус тус шаардах эрхтэй байна гэж үзсэн байна. Хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороо **а байрны А*, А* тоотын өмчлөгч мөн боловч хэрэглэгч биш юм. Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглэхдээ зөвхөн өмчлөгч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Эрчим хүчний тухай хууль болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулинд толбор шаардах эрх бүхий байгууллага нь Хангагч байхаар хуульчилж өгсөн байдаг. Хангагч нь зөвхөн Хэрэглэгч-ээс төлбөр шаардах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгч нь Хангагч буюу шаардах эрх бүхий байгууллага мөн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэг авагдаагүй байдаг. Нөгөө талаас хариуцагч нар нь эрх бүхий байгууллагад л төлбөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд зөвшөөрөлгүй, дурын субъектэд төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Э ХХК-иас ус, дулааны төлбөрт 11 576 893,75 төгрөгийн нэхэмжилж байгаа боловч үүнтэй холбоогойгоор Э ХХК-иас дээрх мөнгийг шаардсан, нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна гэж үзэж байна. С ХХК нь 3 хариуцагчаас нийт 23 601 913 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа нийт 35 626 931 төгрөгийн цэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлдээ С ХХК болон Ч.А нараас тус тусад хэдэн төгрөг нэхэмжилсэн нь тодорхой заагаагүй, тус бүрээс нь 12 025 019 төгрөг, Э ХХК-аас 11 576 893.75 төгрөг нэхэмжилсэн бол тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч маргааны зүйлд хамааралтай хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжпэгч С ХХК нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **а байрны * давхарын А* тоот орон сууцны 2015 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12 025 019.82 төгрөгийг Ч.А, С ХХК нараас, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **а байрны * давхарын А* тоот орон сууцны 2015 оны 12 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11 576 893.75 төгрөгийг Э ХХК-иас гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээ байгуулаагүй, эрх бүхий байгууллага биш гэж маргажээ.

 

Анх нэхэмжлэгч С ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэх үндэслэлээр тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн оны 7 дугаар сарын 19, 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байна. /1хх 75-81 дүгээр тал/ Иймээс нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч нараас 2015 оны 12 дугаар сарын ашиглалтын төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Нэхэмжлэгч С ХХК үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан болох нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/434 тоот албан бичиг, Дулаан түгээх эрхийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 01, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээ, 26/2017, 27/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2/800 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна./1хх 221-223, 2хх 1, 5-25 дугаар тал/

 

Хариуцагч Ч.А эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040779 дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **а байрны * давхарын А* тоот, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, хариуцагч Э ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **а байрны * давхарын А* тоот, 256 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 116-117 дугаар тал/

 

Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх боловч хариуцагч нь ус, дулаан ашигласан талаар мараагүй байна. Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дах хэсэгт зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлээр дамжуулж ус, дулааны үйлчилгээг авч ашиглаж байгаа бөгөөд гэрээ байгуулаагүй үндэслэлээр ашиглалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагч нар нь ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж зохицуулжээ.

 

Харин хариуцагч нар нь нэхэмжлэлд дурьдсан дулаан, халуун хүйтэн, цэвэр бохир усыг нийлүүлэх үйлчилгээг хүлээн авсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С ХХК нь төлбөрийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

 

Түүнчлэн, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 44 дүгээр, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 50 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 94 дүгээр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 91 дүгээр, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 32 дугаар, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 23 дугаар, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 194 дүгээр, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 204 дүгээр, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 214 дүгээр, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар тогтоолууд тус тус хавсралтын дагуу батлагдсан үнэ тарифаар ашиглалтын төлбөрийг тооцож нэхэмжилсэнийг хариуцагч нар баримтаар үгүйсгэж маргаагүй байна. /1хх 205-219, 233-240 дүгээр тал/

 

Иймд анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **а байрны * давхарын А* тоот орон сууцны өмчлөгч Ч.Ааас 2015 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12 025 019.82 төгрөг, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **а байрны * давхарын А* тоот орон сууцны өмчлөгч Э ХХК-аас 2015 оны 12 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11 576 893.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, хариуцагч С ХХК-аас нэхэмжилсэн ус, дулааны төлбөр 12 025 019.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн, хэрэгт Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр Туул гудамж ** байрны зоорийн давхарт байрлах **а, *а тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр А6Б //РД**********/, ** тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр Г.Ж /РД**********/ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх боловч тухайн авто зогсоолуудыг өмчлөгч нар нь хариуцагч С ХХК-д хамааралгүй этгээдүүд гэх нөхцөл байдлыг няцаасан баримтыг ирүүлээгүй байна./1хх 125-127 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-д холбогдох 12 025 019.82 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Ааас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12 025 019.82 төгрөг, Э ХХК-иас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11 576 893.75 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С ХХКолгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

С.ЭНХТӨР,