Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01640

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01640

 

2022 09 02 210/МА2022/1640

 

 

М.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/02214 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Ж.З, Ж.Бт нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,483,948 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие М.Б нь Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол */* дугаар байр ** тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч. 2021 оны 07 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 29-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед дээд давхарын ** тоот айлаас ус алдсаны улмаас угаалгын өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөө, коридорт их хэмжээгээр ус гоожиж хананы обой хөндийрсөн, угаалгын өрөөний ханын плита баруун хойд талаараа ховхорч, унтлагын өрөө, коридор болон гал тогооны паркет шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Х ХХК-иар хөрөнгийн хохиролын үнэлгээ гаргуулж 1,313,948 төгрөгнийн хохирлын хэмжээг тогтоосон. Үнэлгээний ажлын хөлсөнд 70,000 төгрөг төлсөн. Иймд, хариуцагч нараас хохиролд 1,383,948 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нүүлгэлтийн зардал 1,100,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол Барилгын */* дугаар байрны ** тоот орон сууцыг хөлслөн амьдарч байна. 2021 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед бидний амьдарч байсан орон сууцны хаалгыг маш чангаар цохиход нь ариун цэврийн өрөөнд ус алдаж байсныг мэдэж дуудлага өгсөн. Тухайн үед ус алдсан асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд ус алдсан нь бидний аливаа үйлдэлтэй шууд холбоогүй. Тухайн суултуурын хоолой хэзээ цоорох, задрахыг хэн ч таашгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ж.Бт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүү Ж.Зын хамт Барилгын */* дугаар байрны ** тоот орон сууцыг хөлслөн амьдарч байсан. Бидний захиалгын байр ашиглалтад орж бид гарсан. Манай буруутай үйл ажиллагаа байхгүй. Манайхыг анх ороход ариун цэврийн өрөө бидэ суултууртай байсан. Тухайн хөлсөлж байсан орон сууцны ариун цэврийн өрөөний бидэ суултууртай холбогдсон уян холбоосоор ус алдсан явдалд бидний буруу байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгч Н.Э бодит байдал дээр нэхэмжлэгч М.Бийн гэрт ус алдаж эд хөрөнгөнд хохирол учирсан тул гэм хорын хохирол 1,313,948 төгрөгийг хариуцагч Ж.З, Ж.Бт нар барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: . Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Бт, Ж.З нарт холбогдох гэм хорын хохиролд 1,383,948 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нар нь тус байрыг хөлслөн амьдарч байсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Ус алдахад хариуцагч нарын гэм буруу тогтоогдохгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ж.Бтийн хариу тайлбарын агуулга: Уг хэрэг нь өмнө давж заалдах шатны шүүхээр хянагдаж анхан шатны шүүхэд буцаагдсан. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн. Тухайн орон сууцанд түрээсээр амьдарч байсан бөгөөд шинэ байр захиалж, уг орон сууцнаас гарах хугацаа болж байсан. Анхан шатны шүүхээс гэм буруутай эсэхийг нь тодорхойлон асуудлыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөв гэж үзсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ж.З, Ж.Бт нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2,483,948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,100,000 төгрөгөөр багасгаж 1,383,948 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

3. 2021 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол */* дугаар байрны ** тоот орон сууцны ариун цэврийн өрөөний бидэ суултуурын усны ф15 эр үзүүр цоорч ус алдсаны улмаас М.Бийн өмчлөлийн ** тоот орон сууцанд хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

Хариуцагч нар нь ...тухайн орон сууцны өмчлөгч өөр хүн учраас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцахгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Ж.Б, Ж.З нар нь өмчлөгч М.Лтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр Баянгол дүүрэг * дугаар хороо, * дугаар хороолол */* дугаар байрны ** тоот байрыг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч нар нь тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан хугацаанд ариун цэврийн өрөөний бидэ суултуурын усны ф15 эр үзүүр цоорч ус алдаж нэхэмжлэгч М.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтад тэднийг буруугүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 15.1.12-т тус тус зааснаар хариуцагч нар нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, шугам сүлжээнд гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нар нь дээрх үүргээ биелүүлсэн, өөрөөр хэлбэл өмчлөгчид энэ талаар мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцагч арилгах үүрэгтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Тэднээс гэм хорын хохиролд 1,383,948 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бт олгох нь зүйтэй байна.

5.б. Нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг В ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлангаар М.Бийн өмчлөлийн орон сууцанд ус алдасны улмаас 1,313,948 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Уг үнэлгээний ажлын хөлсөнд 70,000 төгрөг М.Б төлсөн байна. /хх 6-8/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/02214 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.З, Ж.Б нараас гэм хорын хохиролд 1,383,948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бт олгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, хариуцагч Ж.З, Ж.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 37,093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бт олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 57,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР