Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 203/МА2022/00032

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр Дугаар 203/МА2022/00032 Даланзадгад сум

 

 

 

*******йн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2022/00271 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******йн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот 54 метр квадрат байрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч *******йн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот 54 метр квадрат байрыг чөлөөлүүлэх

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* нь 2008 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Албан тушаалын 20 айлын орон сууц-ыг бариулж, 2009 онд ашиглалтад оруулсан бөгөөд тухайн байр нь өөр орон нутгаас томилогдож ирсэн алба хаагчдыг алба хааж байх хугацаанд нь байрлуулж амьдруулах зориулалттайгаар баригдсан байр юм.

Гэтэл тус 22 дугаар байрыг ашиглалтад орсны дараа 2 давхрын 6 тоотод нүүж орсон /тухайн үедээ Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 148 дугаар тусгай салбарын захирагчаар ажиллаж байсан/ бэлтгэл хошууч ******* нь ******* 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/872 дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл албаны байрыг суллаж өгөхгүй, Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Батлан хамгаалах яамны харьяа төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, Төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, байгууллагын Албан тушаалын орон сууцыг ашиглах журам-ын 2.3-т заасны дагуу цэргийн нэгтгэл, анги, байгууллагын Албан тушаалын орон сууц-ыг ашиглагч нь тухайн албан тушаалд байх хугацаандаа орон сууцыг ашиглах, өөр нэгтгэл, анги, байгууллагад шилжих, цэргийн жинхэнэ албыг дуусгавар болгож тэтгэвэр, чөлөөнд гарсан тохиолдолд ашиглаж байгаа орон сууцаа ашиглалтын зөрчилгүйгээр тухайн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй. гэж заасныг зөрчиж байх тул *******ыг албан тушаалын орон сууцнаас албадан гаргуулж, байрыг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2. Хариуцагч *******ы тайлбар, татгалзлын агуулга

Зэвсэгт хүчинд 28 жил ажиллахдаа 25 жилийг нь Зэвсэгт хүчний 148-р салбарт алба хааж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан. 2009 оны хавар уг барилгыг ашиглалтад ороход ЗХЖШ-ийн ар талын газрын дарга Бригадын генерал Наран-Очир даргын шийдвэрээр ЗХ-ний 124-р ангийн 148-р салбарын нэр дээр энэ байрны түлхүүрийг надад гардуулж өгснөөр энэ байранд манай гэр бүл одоог хүртэл амьдарч байна. Ажиллаж амьдарч байх хугацаанд маань ЗХ-ний 124-р ангийн 50 айлын орон сууц /2013/, 189-р ангийн хажууд орон сууц /2011/, цэргийн музейн хажууд 300 айлын орон сууц /2014/-ууд ашиглалтад, орсон ба эдгээр байрнууд 2021 онд хувьчлагдсан /БХЯ, ЗХЖШ-600 гаруй байр хувьчилсан/ Миний бие хөдөө орон нутагт тасралтгүй 25 жил ажилласан ба тухайн үеүдэд Улаанбаатар хотод тус орон сууцуудад орох болзол нөхцөлийг хангасны дагуу өргөдлөө өгөхөд тухайн үеийн дарга нар Өмнөговьд байртай учраас хотод байр өгөх боломжгүй, тэр байраа тэтгэвэрт гарахдаа авах талаар хариу өгсөн.

Ангийн захирагч хурандаа ******* 2014-2017 онд тэтгэвэрт гарахад ЗХЖШ-ийн холбооны хэлтсийн дарга хурандаа Энхбаатар даргатай уулзаж байрны талаар асуухад чамд хотод байр өгөөгүй энэ байраа хувьчилж авахад хэлтсийн зүгээс болон 124-р ангиас татгалзахгүй гэсэн хариу өгсөн. Эдгээр байдлаа ЗХ-ний 124-р ангийн захирагч хурандаа Ч.Алтангэрэл, ЗХ-ний 148-р салбарын захирагч хошууч ******* нарт ярьж тайлбарласан. БХЯ,ЗХЖШ цаашид ахмадуудынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдэх, орон байрны асуудлыг хувьчлах бодлого, чиглэлтэй байгаагаа илэрхийлсэн. Миний бие амьдарч байгаа байрнаасаа гарах боломжгүй, амьдрах байр орон сууцгүй, тэтгэврээс өөр орлогогүй, ам бүл эхнэр, охин, зээ охины хамт амьдардаг. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 22-р байрны 06 тоот 2 өрөө байр нь ЗХ-ний 124-р ангийн 148-р салбарын нэр дээр байдаг. Иймд ЗХ-ний 167-р ангийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 01 дүгээр орц 02 дугаар давхрын 06 тоот 54м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Бичээч овогт Ганжуурын Мэндсайхан /регистрийн дугаар: КЮ65012074/-ын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч *******д шилжүүлэхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******ы давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Энэхүү хэргийн маргааны зүйл болох Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 22-р байр, 1-р орц, 02-06 тоотын орон сууцанд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш амьдарч байна. Энэхүү байр нь 2008 онд баригдаж эхэлсэн бөгөөд 2009 онд ашиглалтад орсон. Тухайн үед тус байрыг *******ас бус Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 148 дугаар тусгай салбараас хүлээж авсан.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Маргааны зүйл болох орон сууц нь Зэвсэгт хүчний 167-р ангийн үндсэн хөрөнгөд тоологдож явдаг ба хариуцагч ******* нь тус орон сууцыг 2009 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй... гэж дурдсан байна. Миний хувьд нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 167-р анги уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд тус байрыг Зэвсэгт хүчний 167-р анги өмчлөх эрхгүй гэдгийг илэрхийлж, шүүхэд болон шүүх хурлын үеэр гаргасан хариу тайлбартаа энэ тухайгаа дурдаж байсан.

Аливаа үл хөдлөх хөрөнгө нь хэний үндсэн хөрөнгөд тоологддог вэ гэдэгт үндэслэж тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг тогтоох ёсгүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үндэслэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлох ёстой. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг тодорхойлсон зүйл нь Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн албан бичиг байх бөгөөд анхан шатны шүүх уг албан бичигт үндэслэж тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 22-р байр, 1-р орц, 02-06 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 167-р анги өмчлөх эрхтэй болохыг хангалттай хэмжээнд тогтоогоогүй байж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч *******йг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, тухайн байрны өмчлөлийг шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй учир 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан Албан тушаалын орон сууц эзэмшигч ашиглагчтай байгуулах гэрээ ч мөн адил хүчин төгөлдөр гэрээ биш юм. Нэхэмжлэгч ******* нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш буюу эрх бүхий этгээд биш байх тул Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасны дагуу буцаан авах эрхгүй юм.

Миний хувьд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 22-р байр, 1-р орц, 02-06 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авах нөхцөл бүрэн бүрдэж холбогдох хүсэлтийг Зэвсэгт хүчний жанжин штабт гаргасан бөгөөд уг асуудлыг удахгүй шийдвэрлүүлэхээр байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2022/00271 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож *******йн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн *******д холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 1 дүгээр орц, 2 давхрын 06 тоот 54 мкв талбайтай орон сууцыг /байрыг/ чөлөөлүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан байна.

3. Анхан шатны шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг болон хэргийн материалыг танилцуулж, тэдэнд шаардлага ба татгалзлаа нотолж мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ бэлтгэл хошууч Мэндсайханы амьдарч байгаа байр нь 167 дугаар ангийн нэр дээр үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байр, 148 ангийн байр биш тул байрыг чөлөөлүүлнэ гэж тайлбарлаж, нэхэмжлэлээ Албан тушаалын орон сууц эзэмших гэрээ, Албан тушаалын орон сууцыг ашиглах журам, Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай ротын албан бичиг, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын улсын байцаагчийн албан шаардлага зэрэг бичгийн нотлох баримтад үндэслэжээ.

Нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байна.

5. Хариуцагч нь шаардлагыг татгалзсан үндэслэлээ 2009 онд энэ байрыг ашиглалтад оруулахад 124 дүгээр ангийн харьяа 148 дугаар ангид өгсөн. Би тухайн үед 148 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан, 124 дүгээр анги нэхэмжлэл гаргавал тодорхой хариу өгч болно, 167 дугаар ангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан байна.

6. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд Албан тушаалын орон сууц эзэмших гэрээ гэрээний 1.6 Монгол Улсын Иргэний хуулийн 311.2-т Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсвэл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна гэж зааснаас үзэхэд маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагчийн эзэмшилд өгөхөөр гэрээнд тусгаагүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэв. Учир нь:

6.а. Маргааны зүйл болсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 1 дүгээр орц, 2 давхрын 06 тоот 54 мкв талбайтай орон сууц нь Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай салбарын эзэмшилд бүртгэлгүй нь тухайн ротын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай албан бичгээр, харин *******йн 20 айлын орон сууцны барилга байгууламж гэсэн нэр, зориулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгын нэг айлын орон сууц болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Улсын комисс томилон ажиллуулах тухай Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6.б. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг маргаан бүхий орон сууцыг Зэвсэгт хүчний 167-р ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй гэж байгаа боловч үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн бүртгэлийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

6.в. Хариуцагч ******* нь уг орон сууцанд уг барилгыг ашиглалтад орсон 2009 оноос одоог хүртэл амьдарч байгаа талаар талууд маргаагүй.

Хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нэг талаас *******йг төлөөлж Захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч албан тушаалтай хошууч Э.Түвшинжаргал, нөгөө талаас энгийн цолтой ******* гэж талуудыг тодорхойлж, уг орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тохиролцож гарын гарын үсгээ зурсан Албан тушаалын орон сууц эзэмших гэрээ нэршилтэй гэрээ авагдсан байна. /хх-94-95/

Хэдийгээр хариуцагч нь давж заалдах гомдолдоо Албан тушаалын орон сууц эзэмшигч ашиглагчтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ биш гэж заасан боловч анхан шатны шүүхэд дээрх гэрээ байгуулсан үндэслэл, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлээ нотолж маргаагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтад нийцнэ гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч *******ы ******* нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш тул Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч нь Зэвсэгт хүчний жанжин штабаас байрны асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэж тайлбарласан ба эрх бүхий байгууллагаас байрыг *******д эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд энэхүү магадлал нь саад болохгүй дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч *******ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2022/00271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ