| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2020/03571/И |
| Дугаар | 210/МА2022/01630 |
| Огноо | 2022-08-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2022/01630
| 2022 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 210/МА2022/01630 |
Д.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01588 дугаар шийдвэртэй,
Д.Т-ын нэхэмжлэлтэй
О.Г-, Г.У-, Г.П- нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 67,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 81,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Д.Т- нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Урбан карс” авто худалдааны төвөөс 2015 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол Улсад АНУ-аас импороор орж ирсэн Lexus RX350 маркийн автомашиныг 67,000,000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийн 50 хувийг дансаар, 50 хувийг “Алтан төгрөг ББСБ” ХХК-аас сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авч О.Г-д төлсөн. Автомашин нь Г.П-ын нэр дээр байсан тул түүнтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
Мөн тухайн тээврийн хэрэгслийн 4 дугуй, обуд муудсан учраас 1,800,000 төгрөгөөр шинээр худалдан авсан, 120,000 төгрөгөөр автомашины шилэнд тень наалгасан, “Доктор авто сүлжээ”-нд 120,000 төгрөгөөр оношилгоо хийлгэсэн, авто зогсоолд 3 сар байрлуулсны төлбөр 855,000 төгрөг болсон.
Дээрх тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш 10 өдрийн дараа урд гуперын доод хүрээ салж унасан, мөн бороо орохоор машины дээврээс нь дусаал гоожиж, хэмжигч нь ажиллахгүй болсон. “Мөнххада” засварын төвд очиж үзүүлэхэд зөвхөн гуперын доод хэсэг асуудалтай биш, урд хэсгээрээ нилээд том осолд орж машины жааз хүрээ гажсан, үүнийгээ стандарт бусаар засварласан байсан. Дээрх гэмтлүүдийг засварлахад 1,404,525 төгрөг болно гэсэн, автомашинаа засварлуулахаар өгсөн. Тухайн үед хариуцагч нартай холбогдож засварын төлбөрөөс 50 хувийг нь өгөхийг хүсэхэд тэд зөвшөөрсөн. Ингээд 3 хоногийн дараа “Мөнххада” авто засварын төвөөс автомашинаа авахад “эд ангийг засварлах боломжгүй, шинээр солих шаардлагатай, манай зүгээс баталгаа өгч чадахгүй” гэсэн.
Дараа нь Их засаг их сургуулийн зүүн талд байх авто засварын газар очиж машины доторх хэсгийг задлахад баруун талын урд болон хойд суудлын дунд байрлах баганы хэсэгт том хэмжээний засвар, өрөм, зүсэлт, гагнуурыг нэлээд болхи байдлаар хийсэн болох нь илт байлаа. Тус төвийн засварчид машиныг зөвхөн урд талаараа бус баруун талаараа унаж онхолдсон, бүтэн будаг хийсэн, одоогийн байгаа байдлаар хөдөлгөөнд оролцоход өндөр эрсдэлтэй. Хэрвээ муугаар бодоход хүний амь насанд аюултай гэж хэлсэн.
Мөн en.bidfax.info сайт орж үзэхэд автомашин 2019 оны 11 дүгээр сард осолд орж, онхолдсон, 2020 оны 02 дугаар сард 6,500 доллараар худалдан авсан гэх мэдээллүүд байсан.
Ингээд бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдан авч, хууран мэхлэгдсэн гэдгээ мэдээд гэрээнээс татгалзаж, машинаа буцаая гэхэд хариуцагч нар татгалзсан.
Хариуцагч О.Г-, Г.У- нараас тээврийн хэрэгслийн үнэ 67,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Харин 4 ширхэг обудны үнэ 1,800,000 төгрөг, тень 120,000 төгрөг, “Мөнххада” авто засварын төвөөр оношлуулсан засварын үнэ 1,404,525 төгрөг, “Алтан төгрөг ББСБ” ХХК-д зээлийн хүүнд төлсөн 424,189 төгрөг, авто зогсоолын төлбөр 855,000 төгрөг нийт 4,603,714 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.
2. Хариуцагч Г.П-ын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Энэ автомашины миний өмчлөлийн эд хөрөнгө биш. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Я.Э-д гэх хүнээс олгосон итгэмжлэлийн дагуу уг машиныг худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Т-тай байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “Я.Э-д нь тээврийн хэрэгслийг бусдад худалдах эрхийг Г.П-д итгэмжлэлээр олгосон болно” гэж заасан. Уг итгэмжлэлийг 6 сарын хугацаатай олгосон. Уг хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дууссан.
2.2. Хариуцагч Г.П- нь нэхэмжлэгчээс машины төлбөрийг аваагүй. Иймд хариуцагч Г.П-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч Г.У-ын татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Э.О-, Ц.М- нар нь хариуцагч О.Г- бид хоёрт 100,000,000 төгрөгийн өртэй байсан. Уг өрөндөө Lexus RX350 маркийн автомашиныг 70,000,000 төгрөгт тооцож өгсөн. Бид Lexus RX350 маркийн автомашиныг “Урбан кар” авто худалдааны төвөөр зуучлуулан худалдахаар болсон. Автомашиныг худалдах үед би байгаагүй, гэр бүлийн хүн О.Г- гэрээ байгуулах үед хамт байлцаж, автомашины мөнгийг эхнэр О.Г-ын данс руу шилжүүлсэн.
3.2. Д.Т- автомашин худалдан авсаны дараа автомашины гуперийг жижигхэн эвдэлчихсэн. Засвар нь 1,500,000 төгрөг болсон ба “Урбан кар” авто худалдааны төвөөр дамжуулан өгсөн. Дараагийн удаад машинд гарсан эдврэл гэмтэл, дугуй солих зэрэг асуудлыг бид хариуцахгүй гэдгээ хэлсэн. Ингээд дараа нь Д.Т- “Урбан кар” авто худалдааны төвийн борлуулагч Б.Т-тай холбогдоод машинаа буцаая гэж хэлсэн байсан. Би энэ машиныг өрөндөө хүнээс авсан учир эвдрэл гэмтэл, осолд орж байсан талаар мэдэхгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахад худал мэдээлэл өгөөгүй, хил гаалиар бид өөрсдөө нэвтрүүлээгүй тул доголдлыг хариуцахгүй, мөнгийг би хүлээн аваагүй, гэрээний оролцогч биш учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Хариуцагч О.Г-ын татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Ц.М-, Э.О- нараас авах авлагадаа эдгээр машиныг авсан. Тухайн үед оношилгоонд оруулаагүй бөгөөд асуудалгүй, эвдрэл гэмтэл байхгүй, шинэ машин гэхээр нь гэрээ байгуулаад автомашин авсан. Гаалийн бичигтэй машин байсан. Бид анх тухайн автомашиныг авахад урд гупер нь хуруу хэртэй зайтай байсан.
4.2. Д.Т- автомашиныг худалдан авахдаа засуулаад авъя гэхээр нь бидний зүгээс машины үнэ 70,000,000 төгрөгөөс засварын мөнгө 3,000,000 төгрөг хассан. Автомашины төлбөрийг Д.Т- миний данс руу шилжүүлсэн. Гэтэл 10 хоногийн дараа “Урбан кар” авто худалдааны төвөөс над руу залгаж, Д.Т- машинаа аваад шууд хөдөө яваад ус руу орж гуперээ гэмтээсэн байна. “Мөнххада” дээр засварын хөлс нь 1,500,000 төгрөг болжээ. Гуперын засварын хөлснөөс талыг нь өгчих гэхээр нь төлсөн. Автомашин худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Хариуцагч О.Г-, Г.У- нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан 81,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Г-аас 67,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож, Г.У-, Г.П- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Т-аас 81,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч О.Г-, Г.У- нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г-аас 492,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож, хариуцагч О.Г-, Г.У- нарын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Хариуцагч О.Г-, Г.У- нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
7.1. Г.У- миний бие нэхэмжлэлд дурдаад буй Тоёта лексус RX350 маркийн автомашиныг /Монгол Улсын хилээр 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орж ирсэн/, Нonda НВ\/ маркийн тээврийн хэрэгслийн хамт нийт 100,000,000 төгрөгийн өрөндөө тооцож иргэн н.Одончимэгээс авсан. Уг тээврийн хэрэгслийг авах үед ББСБ-ын нэр дээр байсан бөгөөд бид уг тээврийг хэрэгслийг зарж мөнгөө гаргаж авах байсан тул өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байсан.
7.2. Бидэнд машин биш мөнгөний хэрэгцээ байсан тул өрөндөө тооцож н.Одончимэгээс авсан уг 2 тээврийн хэрэгслийг зарж борлуулах шаардлага тулгарсан. Энэ үед зүс таних н.Т- гэх залууд машин зарах талаар хэлэхэд манайх “Урбан кар” авто худалдааны төвтэй түүнд машинаа байршуулаад заруулж болно, зарагдсан үнийн дүнгээс 2 хувийн шимтгэлтэй байдаг талаар хэлж санал тавьсан. Ингээд бид уг тээврийн хэрэгслийг “Урбан кар” авто худалдааны төвөөр зуучлуулан заруулсан.
7.3.Тухайн тээврийн хэрэгслийг Д.Т- худалдаж авсан бөгөөд бид нэрийг нь шилжүүлж өгөхдөө Д.Пүрэвжаргал гэж хүний итгэмжлэлээр нэрийг шилжүүлэн өгсөн. Анхан шатны шүүхээс О.Г-, Д.Т- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэж, биет байдлын доголдолтой гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Маргаан бүхий автомашин нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т “.... гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ...” гэж заасанд хамаарахгүй, биет байдлын доголдолтой гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбар, гэрч н.Т-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр доголдолтой гэдэг нь хөдөлбөргүй нотлогдоогүй. Уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэлд дурдаад байгаа шиг эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэл байгаагүй ба Д.Т- нь худалдаж авахын өмнө 3 ч удаа ирж үзэж харсан, гупер бага зэрэг зай гарсан байсныг мэдсэн. Үүнийг гэрч н.Т- гэрчилсэн, шинэ биш хуучин машин авч байгаа талаараа мэдэж байсан бөгөөд худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэхийн өмнөх өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тоёота албан ёсны борлуулагч засварын төвд очиж оношлуулж, уг оношлогоогоор тухайн тээврийн хэрэгсэл ямар нэг доголдолгүй талаар дүгнэлт гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа шиг осол гэмтэлд орж байсан, мөн нэхэмжлэгч Д.Т-ыг хуурч мэхэлж зарсан зүйл байхгүй бөгөөд АНУ-аас орж ирсэн дугаар аваагүй, эрхийн доголдолгүй тээврийн хэрэгсэл шилжүүлсэн. Мөн уг тээврийн хэрэгсэл нь осол гэмтэлд орж байсан талаар бид мэдэхгүй, мэдэх боломжгүй, нэхэмжлэгч машин унасан талаар мэдээд сэтгэлд таарахгүй гэрээнээсээ татгалзаж байна гэдгээ хэлдэг.
Нэхэмжлэгч машинаа өнөөдрийг хүртэл зориулалтаар унаж ашиглаж байгаа гэдгээ шүүх хурал дээр хэлсэн бөгөөд унаад зориулалтаар ашиглаад яваад байгаа нь хэрэгт авагдсан торгуулийн хуудсаар нотлогдож байгаа. Бид нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш машинаа буцаагаад өгчих гэхээр нэхэмжлэгч Д.Т- “өгөхгүй би машинаа өгөхөөр унах унаагүй болоод байна” гээд өгдөггүй, энэ талаар шүүх хурал дээр хүртэл хэлж байсан. Хэрэв ашиглах боломжгүй доголдолтой машин байсан бол одоог хүртэл нэхэмжлэгч унаад зориулалтын дагуу ашиглаад 2 жил боллоо, өөрөө ч би унаж ашиглаж байгаад торгуульсан энэ тал дээр маргаагүй гэдгээ шүүхэд мэдүүлсэн, торгуульсан торгуулийн хуудас нь хэрэгт авагдсан байгаа. Шүүх бодит үнэнд нийцүүлэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
7.4. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/11 тоот Техникийн шинжээчийн дүгнэлтэд “...автомашины идэвхитэй аюулгүй байдлын шаардлага, жолооч болон зорчигчийн тав тухтай байдлын шаардлага, дахин осолд орох идэвхгүй аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй тул ашиглах боломжгүй гэж үзэж байна” гэж дүгнэж байгаа нь ирээдүйд осолд орвол аюултай гэж ойлгогдож байна, одоо машин зориулалтын дагуу ашиглаж болж байгаа болохоор Д.Т- унаад зориулалтаар ашиглаж байгаа гэдгээ шүүх хурал дээр хэлдэг. Харин дүгнэлтэд “...дахин осолд орох идэвхгүй аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй...” гэж дүгнэсэн нь одоо машиныг хэрэглэж болно, дахин осолд орвол ашиглах боломжгүй гэж дүгнэлт гаргасан байхад үүнийг шүүх ашиглах боломжгүй гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.
7.5. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийг 255.1.1-д зааснаар “...эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан... “ бол худалдан авагч шаардах эрхээ алдахаар заасан. Худалдан авагч тус автомашиныг авахдаа өөрөө тээврийн хэрэгслийг үзэж харж, тэр бүү хэл авто засварын газарт очиж оношлуулаад, худалдахын өмнө гуперны зайтай байна гэдгийг мэдэж байсан, засуулах талаар хэлэхэд зүгээрээ шинэ машин биш юм чинь ийм зүйл байх гэж хэлээд авсан нь гэрч н.Т-ын мэдүүлэгээр нотлогддог.
Машин авахдаа сайт руу ороод үзэх боломжтой байсан, үүнийг яагаад авсаны дараа мэдсэн гэж шүүх дүгнээд байгааг ойлгохгүй байна. Д.Т-ын нотлох баримтаар гаргаж өгсөн англи хэл бүхий сайтаас татсан албан ёсны орчуулгагүй баримтад дурдагдаад байгаа зураг бүхий тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэлд дурдагдаад буй тээврийн хэрэгсэл мөн гэдгийг нотолсон баримт байхгүй, албан ёсны орчуулга, тайлбар байхгүй, тухайн сайт нь АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сайт эсэх нь тодорхойгүй байхад шинжээч түүнийг үндэслэж дүгнэлт гаргаж, мөн шүүх түүнийг нотлох баримт гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль бус байна.
7.6.Тухайн тээврийн хэрэгслийг гаалиар оруулж ирсэн эзэн нь бид биш бөгөөд Монгол Улсад яваагүй гаалийн бичигтэй тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.
Нэхэмжлэгч Д.Т- уг тээврийн хэрэгслийг унаж ашиглаж болохооргүй эвдрэл гэмтэлтэй, биет байдлын доголдолтой байсан бол түүнийг худалдаж авахааргүй байсан гэдгийг би болон миний эхнэр О.Г-, гэрч Т- нар удаа дараа хэлээд байдаг.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, түүнтэй холбоотой баримтаа нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс биет байдлын доголдолтой хөрөнгө гэж үзсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хариуцагч бид өнөөдөр ч гэсэн машинаа авья гэхээр өгөхгүй, би унаж байгаа гэдэг тайлбар өгч өнөөдрийг хүртэл биднээс авсан машинаа унаад ашиглаад явж байгаагаа шүүх хурал дээр хэлээд байхад шүүхээс Д.Т-ын ойлгомжгүй, тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, унаад зориулалтаар нь ашиглаад яваад байгаа машиныг доголдолтой гэж дүгнэж шийдвэрлзсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Тухайн автомашиныг худалдаж авах үед гупер дээр нь зай байсан. Мөн ганц гуперний зайны асуудлаас болж буцаах боломжгүй. Өнөөдрийг байдлаар тухайн автомашины урд салхины шил нь салж унах гэж байна. Ямар шалтгаанаар уг автомашиныг өнөөдрийг хүртэл унаж байгаа вэ гэхээр өөр автомашин авах мөнгө байхгүй. “Автомашинаа нэрийг нь шилжүүлж бид нарт өгчих, дараа нь мөнгийг нь өгье гэж хэлсэн.” Уг хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхэд ирж, анхан шатны шүүх рүү буцаагдсан. Тухайн автомашин нь улсын оношлогоонд тэнцээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч О.Г-, Г.У-, Г.П- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Д.Т-д холбогдох 81,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ О.Г-, Г.У- нар татгалзсаныг анхан шатны шүүх хариуцагч нарын татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.
3. Д.Т- болон Г.П- нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хэрэгт баримтаар авагдсан, уг гэрээгээр Г.П- нь Lexus RX350 маркийн автомашиныг Д.Т-ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэ 67,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн гэж дурджээ.
Г.П- уг гэрээг байгуулахдаа Я.Э-доос 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэсэн тул гэрээний худалдагч тал болох боловч тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгө болохын хувьд түүний өмчлөгчийг эзэмшлээр нь тодорхойлох учиртай.
Талуудын гаргасан тайлбар, автомашины үнийг О.Г-д шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу гэрээ хийснээс хойш худалдан авагч Д.Т-ын нэр дээр анх тутам бүртгүүлсэн байдлыг харьцуулан дүгнэвэл автомашин худалдах, худалдан авах гэрээг нэг талаас О.Г-, Г.У- болон нөгөө талаас Д.Т- байгуулсан байна. Харин анхан шатны шүүх уг гэрээг О.Г- болон Д.Т- нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн талаар зохигч маргаагүй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль нэгэнд холбогдуулан шаардлага гаргаж болох байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг буруу гэж үзээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар О.Г- болон Д.Т- нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
4. Худалдан авагч Д.Т- гэрээний үнэ болох 67,000,000 төгрөгийг худалдагч О.Г-д төлсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар зохигчид давж заалдах гомдол гаргаагүй байна.
5.1. Нэхэмжлэгч Д.Т- нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар автомашины биет байдлын доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйллийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлж өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан.
5.2. О.Г- болон Д.Т- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан тул тэд автомашины чанарын талаар тохиролцоогүй, автомашин 2015 онд үйлдвэрлэгдсэн, АНУ-аас импортоор 2020 оны 02 дугаар сард орж ирсэн, уг автомашин шинэ биш байдлыг харгалзан үзвэл Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасны дагуу автомашиныг зориулалтаар ашиглах боломжтой тохиолдолд биет байдлын доголдолгүй гэж тооцно.
5.3. Техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/11 тоот дүгнэлтийн хариулт 4-т “Автомашин нь идэвхитэй аюулгүй байдлын шаардлага, жолооч болон зорчигчийг тав тухтай байлгах шаардлага, дахиж осолд орох үеийн идэвхигүй аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байгаа тул цаашид ашиглах боломжгүй гэж үзэж байна” гэсэн нь тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн агуулгатай байх ба уг баримтыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй. /1хх 246-248/ Иймд техникийн шинжээчийн дүгнэлтийг шүүх буруу тайлбарласан гэх хариуцагч О.Г-, Г.У- нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
5.4. Зориулалтын дагуу ашиглах боломжгүй автомашиныг биет байдлын доголдолтой гэж үзэх бөгөөд хариуцагч О.Г- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагч Д.Т-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
5.4. Улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Г-ын гаргасан үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхээ нэхэмжлэгч Д.Т- хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд тэрээр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талд шилжүүлсэн 67,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6. Нэхэмжлэгч Д.Т- нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардах эрх болох эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болсныг залруулав.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсны үр дагаврыг талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийн хүрээнд хариуцагч О.Г-аас 67,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгохоор шийдвэрлэхдээ автомашиныг Д.Т-аас гаргуулж О.Г-д олгох байсныг орхигдуулсан байх ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
8. Мөн талуудын тайлбараас дүгнэвэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 205.1 дэх хэсэгт заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүргийг зааж өгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Г.П- нь худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал биш учир түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Анхан шатны шүүх Д.У-, Г.П- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүйг дурдав.
10. Хариуцагч О.Г-, Д.У- нарын гаргасан дараахь давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Үүнд:
10.1. Д.Т- нь автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа асуудал худалдах, худалдан авах гэрээний маргаанд хамаарахгүй. Замын хөдөлгөөнд оролцож болохгүй тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа байдалтай холбоотой зөрчил гаргасан эсэх, зөрчилд арга хэмжээ авах эсэх, тухайн зөрчлийг гаргасан эсэх нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.
10.2. Автомашины өмчлөх эрхийг бусдаас буюу өрөндөө шилжүүлж авахдаа О.Г-, Д.У- нар эд хөрөнгийн доголдлыг шалгаж аваагүй байдлыг бусдад буюу нэхэмжлэгчид худалдахад эд хөрөнгийн доголдолтой холбоотой үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Эд хөрөнгийг шалгаж авах үүргийн хүрээнд засаж болох эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй, харин засаж болохгүй буюу ашиглах боломжгүйтэй холбогдуулж гэрээнээс татгалзсан. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудыг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч тал шүүхэд гаргаагүй.
11. Дээрх үндэслэлээр хариуцагч О.Г-, Д.У- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “254 дүгээр зүйлийн 254.1” гэснийг хасаж, “олгож,” гэсний дараа “нэхэмжлэгч Д.Т-аас Тоёота Лексус RX350 маркийн автомашиныг гаргуулж хариуцагч О.Г-д олгож,” гэж нэмж,
Тогтоох хэсэгт 3 дахь заалтыг нэмж “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Г-аас 67,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгох, нэхэмжлэгч Д.Т-аас Тоёота Лексус RX350 маркийн автомашиныг гаргуулж хариуцагч О.Г-д олгох үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэхийг даалгасугай.” гэж оруулж, “3” дахь заалтыг “4” гэж, “4” дэх заалтыг “5” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА