Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01578

 

 

 

 

 

 

 

 

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01781 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ц д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 130,050,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: А.Ц нь К ХХК-тай 2017 оны 09 сарын 05-ны өдөр АА0000/000 тоот Зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 3.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ... тоот 66.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017 оны 09 сарын 05-ны өдөр АА0000/000 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээг байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл нэг ч удаагийн төлөлт хийгээгүй бөгөөд утсаа авахгүй, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийсээр байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан, мөн зээлдэгч нь хөдөө ажлаар яваад ирэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 84,050,000 төгрөг, нийт 130,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч А.Ц , Б.А нар 2017 оны 09 сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч К ХХК-аас 45,000,000 төгрөгийн зээл авсан дээр маргаан байхгүй. Зээлийн гэрээний 1.1-т зааснаар зээлдүүлэгч нь 45,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 12 сарын хугацаатай зээл олгосон. Зээлийн гэрээний хавсралтад дурдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 09 сарын 05-ны өдөр зээлдэгчээс төлбөрийг төлж барагдуулах ёстой байсан. Зээлдэгч А.Ц нь огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Зээлдэгч тал шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой байсан боловч тухайн цаг үед нь нэхэмжлэл гаргаагүй, 2022 оны 03 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 6 сарын дараа нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ц д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 85,050,000 төгрөг, нийт 130,050,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргах байна.

4.а. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон атлаа зээлийг буцаан төлөх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

4.б. К ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, шүүхээс зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн бөгөөд зээлдэгч нь ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

4.в. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атал зээлийн шаардах эрхийн хугацаа дууссан үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр барьцааны зүйлийг хэрхэх талаар огт шийдвэрлээгүй.

4.г. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан нь зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлэх тул гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч нь үндсэн зээлийг төлж дуусах хүртэл хүү төлөх үүрэгтэй тул хуулийн дээрх зохицуулалтаар зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж үзэж байна.

4.д. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод байвал зээлдэгч нар нь үндэслэлгүй хөрөнгөжөөд, зээлдүүлэгч нь дампуураад дуусах нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсантай холбоотой болон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч А.Ц нь зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 09 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ 12 сарын хугацаатай буюу 2018 оны 09 сарын 05-ны өдөр дууссан бөгөөд гэрээг дахин бичгээр сунгаагүй. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд 3 жилийн хугацаанд буюу 2021 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагчид холбогдуулан зээл эргэн төлөхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, мэдэгдэл ирүүлээгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч А.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 45,000,000 төгрөг, хүү 85,050,000 төгрөг, нийт 130,050,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байрлах 66.41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 5-8, 9-10/

 

3.   Талууд 2017 оны 09 сарын 05-ны өдөр АА0000/000 тоот Зээлийн гэрээ, АА0000/000 тоот Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, А.Ц , Б.А нар 45,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр К ХХК-аас зээлдэн авах, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд А.Ц ын өмчлөлд бүртгэлтэй ... тоот хаягт байрлах 66.41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй зэрэг үйл баримтын талаар маргаангүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэх талаар маргасан байна.

 

4.   Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан АА0000/000 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 05-ны өдөр дууссан байх тул үүнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 09 сарын 05-ны өдөр дуусч байна. Түүнчлэн хэргийн баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан тул нэхэмжлэгч нь 2018 оны 09 сарын 05-ны өдрийн АА0000/000 тоот барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхээ мөн алдсан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан тул ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана... гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.   Гэсэн хэдий ч аливаа этгээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй зарчимтай тул мөн зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Ц аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д холбогдох шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх арван жилийн ерөнхий хугацаа үйлчилнэ.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01781 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Ц ас 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, үлдэх 85,050,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч А.Ц ас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д буцаан олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 878,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР