Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01755

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01755

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01583 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: А.Т,

Хариуцагч: Н.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 34,184,963.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгбадам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж, хариуцагч А.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч А.Т, Н.Ч нар нь Т ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17/50 дугаартай зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар мөн өдөр 17/50 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, С 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, 142 м.кв талбайтай, Ү-00000000 дугаартай амины орон сууц, мөн хаягт байршилтай, 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- 000 дугаарт бүртгэлтэй газар зэргийг барьцаалсан.

1.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч А.Тийн харилцах дансанд 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн олгосон. Зээлдэгч А.Т Н.Ч нар нь гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлдүүлэгч 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөрт 20,588,500, төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 12,333,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,249,995 төгрөг, нийт 34,172,069 төгрөг төлөөгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатаар гэрчлүүлсэн зардалд 12.894 төгрөг гарсан.

1.2. Иймд А.Т, Н.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 34,172,069 төгрөг, нотариатын зардалд 12,894 төгрөг, бүгд 34,184,963 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.Тийн тайлбар, татгалзлын агуулга: А.Т нь бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор Т ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 1 жилийн 28,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, С 0 дугаар гудамж, З60а тоот хаягт байрлах, 142 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай амины орон сууц, мөн хаягт байршилтай, 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2.206002046 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

2.1. Хариуцагч А.Т нь зээлдэгчид хэдэн төгрөг буцаан төлсөн талаар сайн мэдэхгүй байна. Энэ талаарх баримт байхгүй. Хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулгаас үзэхэд А.Т зээлийн төлбөрт 147,020,805 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.Чийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийг зээлдэгч А.Т бүхэлд нь захиран зарцуулсан. Тус зээлийн эргэн төлөлтийг мөн адил тэрээр төлж байсан. Н.Ч нь тухайн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон бөгөөд зээлийн захиран зарцуулалт, эргэн төлөлтийг мэдэхгүй.

3.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А.Т нь 147,020,805 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн байдаг. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.1-д Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй этгээд болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 30 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг төлж дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Т, Н.Ч нараас 34.184.963,03 төгрөг гаргуулж, Т ХХК-д олгож, хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, С 0 дугаар гудамж, З60а тоот хаягт орших, 142 м.кв талбайтай, Ү-00000000 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, С 0 дугаар гудамж, З60а тоот хаягт орших, 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- 000 дугаартай өмчлөх эрхтэй газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.810,35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 328.810,35 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч А.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3 дахь хэсэгт заасныг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2.1 дэх хэсэгт нарийвчлан хуульчилсан. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 30 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь банкны үйл ажиллагаа явуулдаг болохоо баримтаар нотлоогүй, банкны үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17/50 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэх дээр мэтгэлцэх боломжоор хангаагүй.

5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Т, Н.Ч нараас 34,184,963.03 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гаргуулах тухай хүсэлт гаргасныг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримт гэж үзэн хүсэлтийг хангаагүй. Т ХХК нь төрийн өмчит компани. 52,25 хувийг Монгол Улсын Сангийн яам, 47,75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг. Т ХХК нь 2009 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, эрх бүхий тусгай зөвшөөрлийг авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн оролцоотой компани юм. Иймд анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглээгүй, хууль зүйн үндэслэлд тулгуурлаж бодитоор шийдвэрлэсэн. Нийтэд илэрхий тус баримтыг нотлох шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан. Хариуцагч талаас 147,020,000 төгрөгийг төлсөн учир зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж гомдолдоо дурдсан. Гэтэл 147,020,000 төгрөгийг төлсөн талаарх баримтаа гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А.Т, Н.Ч нарт холбогдуулан зээл 20,588,500 төгрөг, хүү 12,333,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,249,995 төгрөг, нотариатын зардалд 12,894 төгрөг, нийт 34,184,963.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 39/

3. Т ХХК нь А.Т, Н.Ч нартай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17/50 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, 1 сарын 2,4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. /хх 5-7/

4. Түүнчлэн, мөн өдөр 17/50 дугаартай барьцааны гэрээг нэг талаас буюу барьцаалагчаар Т ХХК, нөгөө талаас буюу барьцаалуулагчаар А.Т, Н.Ч нар нь өөрөө болон Д.Нармандах, Н.Анударь нараас олгосон итгэмжлэлийн дагуу тэдний өмнөөс байгуулсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, С 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, 142 м.кв талбайтай амины орон сууц, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г- 000 дугаарт бүртгэлтэй, 354 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан байна. /8-9/

4.1. Барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Т, Д.Нармандах, Н.Анударь нар улсын бүртгэлд бүртгэлтэй байна. /хх 17-19/

4.2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс төлөөлөгчид барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгосноос үл хамаарч маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өмчлөгч Д.Нармандах, Н.Анударь нарын өмчлөх эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

4.3 .Түүнчлэн, шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх учиртай. Учир нь, Иргэний хуулийн 157 дугаар зүйлд зааснаар барьцаалуулагч нь тодорхой эрх эдэлж үүрэг хүлээдэг.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 160 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН