Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00407

 

“Арвин хад” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1470 дугаар шийдвэр,            

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Арвин хад” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Асгат улаан хайрхан” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 12 444 780 төгрөг, алданги 6 222 390, нийт 18 667 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Майцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Асгат улаан хайрхан” ХХК-ийн захирал Б.Ганбат анх 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл манай “Арвин хад” ХХК-иас нийтдээ 28 944 780 төгрөгийн 466,2 тонн гөлтгөнө бэлтгүүлэн авч Хөтөлийн “Цемент Шохойн” үйлдвэрт нийлүүлсэн байна. Манай компанийг хуурч мэхлэн гөлтгөнө авсан Б.Ганбат нь 2015 оны 01 дүгээр сард манай компанийн хохирлыг бүрэн төлөхөөр тохиролцож эхний ээлжинд 4 000 000 төгрөг шилжүүлнэ гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан, үлдэгдэл 12 444 780 төгрөгийг төлөх тухай хугацаа тогтоон баримт үйлдсэн. Иймд хариуцагч “Асгат улаан хайрхан” ХХК-ийн манай компанид төлөх ёстой худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 12 444 780 төгрөг, алданги 6 222 390 төгрөг, нийт 18 667 170 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Арвин хад” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон боловч намайг хуурч мэхлэн гэрээний дагуу ажиллахгүй надаас нууж ажил үүргээ гүйцэтгээд надад ямар ч хөлс, мөнгө төлөөгүй ажилдаа гэрээний дагуу оролцохгүй намайг илт хохироосон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан “Асгат улаан Хайрхан” ХХК-аас 18 667 170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Арвин хад” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 286 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Асгат Улаан хайрхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “18 667 170 төгрөг” гэснийг “12 444 780 төгрөг” гэж, 2 дахь заалтын “251 286 төгрөг” гэснийг “216 066 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 066 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ю.Майцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...үүнээс үзвэл хариуцагч нь бусдын дарамт шахалтын улмаас алданги төлөхөөр хүсэлт гаргасан байна гэж үзэхээр бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн хэлцэл байна, иймд хууль ёсны дагуу гэрээ хийгдсэн байхад намайг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт дуудуулж хэрэг үүсгүүлж шалгуулна гэж янз бүрийн байдлаар дарамталсан бөгөөд би шахалтанд орж мөнгө төлсөн тул алдангийг хасаж тооцож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангаж, алдангийг хасаж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зөв байна...” гэж дүгнэсэн.

Гэтэл цагдаагийн байгууллагад шалгуулсан нь яахаараа дарамталсан болдог байна аа. Үнэхээр дарамталсан гэдгээ нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хариуцагч өөрийн гараар алданги тооцохоор тохирсон баримтаа хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Арвин хад” ХХК нь хариуцагч “Асгат Улаан хайрхан” ХХК-иас худалдсан гөлтгөний үнэ 12 444 780 төгрөг, алданги 6 222 390 төгрөг, нийт 18 667 170 төгрөг нэхэмжилснийг хариуцагч татгалзаж, “хамтран ажиллахаар тохирсон боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс алданги 6 222 390 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсч хяналтын журмаар гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болсон байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч “Асгат Улаан хайрхан” ХХКомпани нь нэхэмжлэгч “Арвин хад” ХХК-иас 28 944 780 төгрөгийн үнэ бүхий 466.2 тонн гөлтгөнө худалдаж авсан, 16 500 000 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэх 12 444 780 төгрөгийг төлөөгүй нь талуудын шүүхэд өгсөн тайлбар, “Арвин хад” ХХК-ийн зарлагын баримт, нэхэмжлэх, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” зэрэг баримтуудаар нотлогдсон тул үндсэн үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч нь “...Арвин хад ХХК-иас 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 28 944 780 төгрөгийн гөлтгөнө худалдан авсан, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 12 444 780 төгрөгийн үлдэгдэлтэй, ...төлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны дотор дуусгана. Хэрэв хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног дутамд 0,2 хувийн алданги төлнө...” гэх агуулга бүхий баримтыг нэхэмжлэгч талд бичгээр гаргасан байх ба зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа байсан гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд хуулийн уг шаардлагад нийцсэн гэрээ байгуулагдаагүй тул алдангийг гаргуулах үндэслэлгүй гэж үзнэ. Нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл буюу хариуцагчийн гаргасан дээрх баримт нь анзын гэрээг бичгээр байгуулсан гэх байдлыг нотлохгүй байна. Энэ үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.  

Харин нэхэмжлэгчийн дарамт шахалтын улмаас хариуцагч нь алданги төлөхийг  зөвшөөрсөн гэх байдал тогтоогдоогүй байхад хариуцагчийн гарын үсэг бүхий дээрх баримтыг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг зөрчсөн хэлцэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна. Анзын гэрээг талууд бичгээр байгуулаагүй тул алданги төлөх үүрэг үүсэхгүй, улмаар хэлцэл байгуулагдаагүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үр дагавар байхгүй юм. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 114 509 /нэг зуун арван дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

   ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА