Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01717

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01717

 

Ч.С-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01531 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.С-гийн хариуцагч Ц.О, Ж.Г, П.М нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, А гудамж, * дүгээр байр, ** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С-, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч П.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Ж.Г, түүний өмгөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Бид байр худалдаж авахаар хайж байхад нөхрийн ах Ж.Г нь уг байрны талаар хэлж, 2014 оны 03 дугаар сард байраа үзээд авахаар болж, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ж.Г ахын дансаар байрны урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөрөө өгсөн учраас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг Баянзүрх дүүрэг, * дугаар хороо ** дугаар хороолол, А гудамж * байр ** тоот хаягт байрлах ********* тоот гэрчилгээ, Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай 72,87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130,000,000 сая төгрөгөөр Орон сууц худалдах-худалдах авах гэрээ байгуулсан. Гэрээний дараагийн төлбөр болох 50,000,000 төгрөгийг Ц.Огийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 14-ний үед Н.М гэгч эмэгтэй гэрт ирээд энэ байрыг 1 сарын өмнө өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж байрны гэрчилгээ үзүүлэн, одоо байр чөлөөлж өг гэж шаардсан. Иймд бидний хувьд албан ёсоор хуулийн дагуу орон сууцыг худалдан авсан, уг байранд амьдраад 7 жил болж байгаа учир тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Огийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ж.Гийн тайлбар, татгалзлын агуулга: Би Ц.Огаас маргаан бүхий орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Уг байрыг дүү Ч.С-д худалдахаар 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Ч.С- миний данс руу нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ц.Од 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Мөн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг орон сууцыг Капитал банк ХХК-ийн барьцаанд тавьж 40,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг байрыг зээлийн барьцаанд тавиад авч чадахгүй 2019 онд шүүхээр шийдвэрлүүлж чөлөөлөгдсөн. Ч.С-гийн надад шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг Ц.Од өгсөн. Ч.С-гаас 2016, 2017 онуудад бэлнээр цувуулан 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгүүдийг авч байсан гэжээ.

4. Хариуцагч П.Мийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2021 оны хавар бусдаас маргаан бүхий 2 өрөө байрыг худалдаж авсан. Би ямар нэг хууль зөрчөөгүй, бусдын барьцаанд байгаа хөрөнгийг худалдаж аваагүй. Өмчлөх эрхийн бүртгэлийг шууд бүртгэж, энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Ц.О, Ж.Г гэх хүмүүстэй хамтатган намайг хариуцагч болгосон байна. Би энэ хүмүүстэй ямар нэг хамаарал байхгүй, танихгүй билээ. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.С-гийн хариуцагч Ц.О, Ж.Г, П.М нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, А гудамж, * дүгээр байр, ** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808 301 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээний Нэмэлт нөхцөл, 2014 оны гэрээ байгуулснаас хойш 50,000,000 төгрөгийг Ц.Огийн данс руу шилжүүлсэн баримтуудыг харьцуулан үзээгүйд гомдолтой байна. Би өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхийг худалдагчаас дангаар нь шаардах боломжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Ц.О нь хариуцагч Ж.Гтой 2014 онд танилууд байсан. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орон сууцыг барьцаанд тавих, худалдах борлуулах итгэмжлэлийг олгосон. Тухайн өдөр итгэмжлэлийг өөрчилж н.Бямбацогт гэх хүний нэр дээр гаргасан мөн өөрийн дүүгийн эхнэр болох Ч.С-гийн хамт худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Барьцаалах зорилготой итгэмжлэл олгосон боловч хариуцагч Ж.Г нь бусдад худалдсан. Тухайн үед орон сууцыг бусдад худалдсан талаар мэдээгүй. 2015 оны 02 дугаар сард энэ талаар мэдсэн. 50,000,000 төгрөг нэхэмжлэгчийн данснаас хариуцагч Ц.Огийн дансанд Ч.С- гэх гүйлгээний утгатайгаар шилжиж орсон. Уг орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон нь үнэн боловч 50,000,000 төгрөгийг хүлээж авсан. Хариуцагч Ж.Гийн найз н.Б-ыг гэрчээр асуусан. 2015 оны 02 дугаар сард 50,000,000 төгрөгийг Ч.С-д шилжүүлсэн учраас орон сууцыг чөлөөлж өгсөн, нэхэмжлэгч манай орон сууцанд 7 жил амьдарсан. Өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй. Ц.Оюунчимэгт орон сууцны гэрчилгээг шилжүүлсэн, орон сууцны нөхцөл байдлын талаар уулзаж тайлбарлаж хэлсэн. Ц.О нь орон сууцыг П.М гэх хүнд орон сууцыг шилжүүлсэн. П.М нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч нэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэргийг нэг шүүх дагнан шийдвэрлэнэ гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Ж.Гийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2014 онд хариуцагч Ц.Огаас уг орон сууцыг худалдан авч өөрийн дүүгийн эхнэр болох Ч.С-д худалдсан. Миний зүгээс мөнгө шилжүүлсэн болохыг нотлуулах хүсэлтэй байна гэжээ.

9. Хариуцагч П.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-ын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон хариуцагч Ж.Г нар нь ахан дүүс юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байгаа гэсэн тайлбар үндэслэлгүй. Нотлох баримтыг цуглуулах явцад Улсын бүртгэлийн байгууллагаас дэлгэрэнгүй лавлагааг ирүүлсэн. Хариуцагч П.М нь Иргэний хуульд заасны шударга өмчлөгч. Орон сууцыг худалдаж авахад ямар нэгэн маргаан үүсээгүй байсан. Ч.С- болон П.М нарын хооронд гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Ч.С- нь Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, А гудамж, * дүгээр байр, ** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Г зөвшөөрч маргаагүй, хариуцагч Ц.О, П.М нар нь эс зөвшөөрч маргасан.

3. Ч.С-, Ц.О нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5465 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.О нь эрхийн бүртгэлийн Ү ********** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, А гудамж, * дүгээр байр, ** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцыг Ч.С-гийн өмчлөлд шилжүүлэх, Ч.С- нь орон сууцны үнэ 130,000,000 төгрөгийн 80,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, 50,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон байна. /хх. 2/

Дээрх орон сууц худалдах-худалдан авах гэрээнд Ц.Огаас олгосон итгэмжлэлээр Ц.Ог төлөөлөн Ж.Г гарын үсэг зурсан талаар талууд маргаагүй болно. /хх. 3/

4. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнэд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ж.Гт 60 000 000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Од тус тус шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

5. Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, А гудамж, * дүгээр байр, ** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцыг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Капитал банк ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ...уг байр банкны барьцаанд байсан учраас өмчлөх эрх шилжих боломжгүй байсан гэж тайлбарлаж байхаас гадна уг орон сууц худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөлд 50,000,000 төгрөгийн банкны зээлээр төлнө гэж нөхцөл тавьсан байдалд дүгнэлт өгөөгүй нь буруу.

Маргаан бүхий орон сууцны 50,000,000 төгрөгт тооцогдох төлбөрийг банкнаас зээл авч мөнгөн хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон эсэх, эсхүл уг орон сууцыг банкны барьцаанд тавьж зээл авч төлөх байсан эсэх, хэрэв орон сууцыг барьцаалж зээл авахаар тохиролцсон бол барьцаанд тавих боломж олгосон эсэх үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагатай.

6. Ц.Огаас Ж.Гт олгосон итгэмжлэлийн агуулгаас үзэхэд уг орон сууцыг захиран зарцуулах, төлбөр тооцоог хүлээж авах эрхийг олгосон байхад анхан шатны шүүх уг эрхийг олгогдоогүй гэж буруу дүгнэлт хийж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

7. Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** хороолол, А гудамж * байр ** тоот орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барьцаанаас чөлөөлж, Ц.О нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Ц.Огт, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Ц.Оээс П.Мт шилжиж, өмчлөгчөөр бүртгүүлжээ. /хх. 174-189/

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаанд Ц.Оюунчимэгийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.

Түүнчлэн, хариуцагч П.М нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тайлбарлах боловч Ч.С- уг орон сууцыг 7 жилийн хугацаанд эзэмшилдээ байлгаж байх хугацаанд П.М болон бусад этгээдүүд орон сууцны өмчлөх эрхийг олж авахдаа Ч.С-тай удаа дараа уулзсан үйл баримтад талууд маргаагүй. Иймд, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан талаар дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01531 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808,301 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР