Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 774

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун,

Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нархажид,

ялтан Э.Отгонболдын өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Энхзаяа,

ялтан А.Нарангаравын өмгөөлөгч Л.Бурмаа,

ялтан Г.Очирчулуун, Х.Мөнхтуул нарын өмгөөлөгч Ц.Туяа,

ялтан Б.Түвшинтөгсийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Отгонболдын өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Энхзаяа, ялтан А.Нарангаравын өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201625012732 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Боржигон овогт Энхболдын Отгонболд, 1995 оны 1 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсгийн 7 дугаар гудамжны 132 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УК95012319/,

            2. Боржигон овогт Алтансүхийн Нарангарав, 1997 оны 3 дугаар сарын 28-нд Орхон аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эх, 4 сартай хүүгийн хамт Дархан-Уул аймгийн 16 дугаар баг, 12-32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ФБ98032807/,

            3. Харьд овогт Ганболдын Очирчулуун, 1998 оны 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүрээ” дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, эх нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг 7-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УК98102314/,

            4. Тэхийнхэн овогт Хүрэлбаатарын Мөнхтуул, 1998 оны 11 дүгээр сарын 8-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхонд 1а-37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ОА98110800/,

            5. Боржигон овогт Батбаярын Түвшинтөгс, 1998 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар дээд сургуулийн хууль эрх зүйн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут 3-52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЛ98101719/,

Э.Отгонболд, А.Нарангарав, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс, Г.Очирчулуун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 6/1 дүгээр байрны 5 тоотод түрээсээр амьдарч байсан Солонгос улсын иргэн Чае Донгбаегийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн гар утас, нүдний шилийг дээрэмдэж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Отгонболд, А.Нарангарав нар нь насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтөгс, Х.Мөнхтуул, Г.Очирчулуун нарыг 2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 6-ын 1 дүгээр байрны 5 тоотод түрээсээр амьдарч байсан Солонгос улсын иргэн Чае Донгбаегийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн гар утас, нүдний шилийг дээрэмдэж 600.000 төгрөгийн хохирол учруулсан, насанд хүрээгүй Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс, Г.Очирчулуун нарт шан харамж өгөх нэрийдлээр хуурч мэхлэн гэмт хэрэгт татан оролцуулсан хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Отгонболд, А.Нарангарав нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарыг бүлэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Э.Отгонболд, А.Нарангарав нар нь насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Э.Отгонболдыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, А.Нарангаравыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Очирчулууныг эд хөрөнгө хураах нэмэгдэл хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Х.Мөнхтуулыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Түвшинтөгсийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Отгонболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сарын хугацаагаар, А.Нарангаравт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Отгонболдод оногдуулсан 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, А.Нарангаравт оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.8 дахь хэсэгт зааснаар Г.Очирчулуунд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг, Х.Мөнхтуулд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг, Б.Түвшинтөгсөд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Отгонболдын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарын тус тус 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн амны
хаалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 1 ширхэг СиДиг уг
хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар Г.Очирчулуунд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг түүний эцэг О.Ганболдод, мөн Х.Мөнхтуулд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг түүний эгч Б.Мөнхтуяад, мөн Б.Түвшинтөгст 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг түүний эх Ж.Энхтуяа нарт тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт зааснаар А.Нарангаравт 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж гарахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Энхболдын эзэмшлийн 78-22 УБУ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, “Тоёота” загварын автомашиныг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүний үнэ болох 5.000.000 төгрөгийг Э.Отгонболдоос гаргуулан улсын орлого болгож, Э.Отгонболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул Б.Түвшинтөгс нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан А.Нарангаравын өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарыг үгсэн тохиролцож, бүлэглэн бусдыг дээрэмдсэн гэм буруутай гэж тооцсон атлаа Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийг журамлаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хэн нь захиалагч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч хэлбэрээр оролцсон болохыг зөв тогтоон Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй. А.Нарангарав, Э.Отгонболд нарыг насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутай гэж ял оногдуулжээ. Насанд хүрээгүй Б.Түвшинтөгс /хх-ийн 114-119/ би “аавындаа пиво шимээд хэвтэж байна” гэж Э.Отгонболдод цахим захидал илгээсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “надаас хаана сурдаг, хэдэн настай талаар А.Нарангарав асууж байгаагүй” гэх мэдүүлэг зэргээс харахад эдгээр хүүхдийн биеийн өсөлт, аливаа асуудлыг үнэлж дүгнэж илэрхийлж байгаа байдал, хувийн байдлыг харахад хэн ч насанд хүрээгүй хүүхэд байна гэж хархааргүй, насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжгүй бөгөөд насанд хүрсэн гэдэг итгэл үнэмшил төрүүлэхүйц байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн объектив тал нь “насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэн эсвэл хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн болон бусад аргаар татан оруулсан” байхыг шаарддаг. Тэгвэл А.Нарангарав, Э.Отгонболд нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж байхгүй, мөрдөн байцаалтад энэхүү гэмт хэргийг үйлдэх талаар хүүхдүүдийг татан оруулсан үйлдэл хийгээгүй байх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул энэ зүйл хэсгээр ял шийтгэснийг хүчингүй болгоно уу. Мөрдөн байцаагч нь А.Нарангаравыг гэрчээр 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр байцаагаад тэр өдрөө сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх болон байцаалт авах тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Э.Отгонболдын өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэлийн талаар: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Отгонболдод Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Ингэхдээ Э.Отгонболд нь А.Нарангарав болон Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс, Г.Очирчулуун нарыг өөрийн эцэг Энхболдын автомашинд суулган Х.Мөнхтуул, Г.Очирчулуун нарт ажил олж өгнө гэж Х.Мөнхтуулыг явуулж, Мобикомын гар утасны дугаар авахуулан “Чингис” зочид буудлын орчим Х.Мөнхзулыг хохирогчтой уулзуулан дагуулж Солонгос улсын иргэн Чае Донгаегийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн гар утсыг Э.Отгонболд авч, мөн ширээн дээр байсан нүдний шилийг Б.Түвшинтөгс авч бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтөгс нь “ширээн дээр утас болон нүдний шил нь байсан. Би тухайн үед хохирогчийн нүдний шилийг зүүж үзэж байгаад цаад өрөө рүү орох гэхэд, хохирогч биднийг хараад зууралдаж хохирогч хутга аваад бид хоёрыг дайрч Г.Очирчулууны гарыг зүссэн. Би Г.Очирчулууны гарыг зүссэн байхыг хараад айсандаа зугтаасан” гэж мэдүүлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Г.Очирчулуун нь өмгөөлөгч Ц.Туяагийн “хамгийн эхлээд хэн хохирогчтой зууралдсан бэ” гэхэд, “Б.Түвшинтөгс бид хоёр сандарсандаа бариад авсан.” гэж мэдүүлдэг бөгөөд дээрх мэдүүлгүүдээр уг асуудалд Э.Отгонболдын оролцсон оролцоо байхгүйг нотолж байна /хх-ийн 221/. Э.Отгонболд нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “ярьж тохирсон, дээрэмдэх санаа зорилго байгаагүй бөгөөд бид нар хамт хохирогчийн гэр лүү орсон ч намайг үүдэнд байж байхад бүгд буцаж зөрж гарч гүйсэн” гэж мэдүүлдэг /хх-ийн 218/. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нар нь бүгд дээрэмдэх санаа зорилго байгаагүй гэдгээ үнэн зөвөөр мэдүүлцгээсэн /2-р хх-ийн 277/. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Э.Отгонболдод оногдуулсан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан зүйлчлэл нь үндэслэлгүй, харин Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан энэхүү гэмт хэрэг нь өөрөө бусдын эрх, өмч хөрөнгийг хууль бусаар өөрийн мэдэлд оруулахын тулд тэдгээрийн амь нас, эрүүл мэнд рүү чиглэсэн аюултай үйлдэл, довтолгоо хийсэн байхыг анхаарч үзэх хэрэгтэй юм. Харин булаах гэмт хэрэг нь бусдын өмч хөрөнгийг хохирогчийн нүдэн дээр түүнийг байхад илээр хүч хэрэглэхгүйгээр, эсхүл хүч хэрэглэхээр далайлган сүрдүүлэх буюу хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай шинжгүйгээр өнгөц байдлаар эсэргүүцэл үзүүлэх боломжийг өнгөлөн хааж байгаа аргууд байж болно. Шүүгдэгч нар нь хэдий бусдын эд зүйлийг авах шунахай сэдэлттэй байсан боловч хохирогчид хүч хэрэглэн дээрэмдье гэсэн санаа зорилго байгаагүй, шүүгдэгч Э.Энхболдын зүгээс хохирогчид хүч хэрэглэсэн довтолгоон хийгээгүй болно. Хохирогч Чое Донг Бае мэдүүлэхдээ “Зууралдаж байгаад намайг тавихаар нь би гал тогооны өрөө рүү ороод хутга аваад Англиар хурдан гар гэж хэлсэн. Тэр үед Заяа болон бас нэг залуу түрүүлж очоод гар гэж хэлэхэд бөөнөөрөө гүйгээд гарсан. Би араас нь хутгатайгаа гүйхэд цахилгаан шатанд сууж байсан.” гэжээ. Энэ нь хохирогч дээрмийн довтолгоонд өртөж амь биед аюултай нөхцөл байдалд ороогүй, харин ч хутга авснаар шүүгдэгч Г.Очирчулууны гарын алгыг зүссэн, мөн идэвхтэй хөдөлгөөн хийж байсныг илэрхийлж байна. Бүлэг дээрмийн гэмт хэрэгт хохирсон хүн дээрх нөхцөлд бие болон сэтгэл санааны шокийн байдалд орох, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх чадваргүй болсон гэж үзэж байна. Уг хэргийн улмаас хохирогч Солонгос улсын иргэн Чае Донг Баегийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бөгөөд Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Ганболдын гаргасан 10450 дугаартай дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй гэжээ /хх-ийн 96/. Мөн өмгөөлөгчийн зүгээс Э.Отгонболдод Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Э.Отгонболд нь Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, гэмт хэрэгт уруу татсан зүйл байхгүй юм. Хэдий зарим шүүгдэгч энэ талаар эсрэг мэдүүлэг өгдөг ч бусдаар нотолсон баримт байхгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Отгонболд нь насанд хүрээгүй шүүгдэгч нарыг бүгд дээд сургуульд сурдаг тул насанд хүрсэн гэж ойлгож байсан болно гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Х.Мөнхтуул өмгөөлөгч миний аль сургуульд сурдаг вэ гэсэн асуултанд “Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн нэгдүгээр курст сурдаг” /хх-ийн 220/, шүүгдэгч Г.Очирчулуун “Хүрээ дээд сургуулийн нэгдүгээр курст сурдаг”, шүүгдэгч Б.Түвшинтөгс “Улаанбаатар дээд сургуулийн нэгдүгээр курст сурдаг” /хх-ийн 219/ гэж тус тус мэдүүлцгээсэн.

Нотлох баримтын талаар: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа анхнаасаа яллах талыг барьсан, хөтөлж буюу тулгаж байцаасан байж болох нөхцөл байдлууд хэргээс харагддаг. Тухайлбал: Уг хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч нь шүүгдэгч Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарыг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 13 цагаас оройн 20.50 минут хүртэл гэрчээр байцаагаад үргэлжлүүлэн сэжигтнээр тооцож байцаалт авсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт гэрч гэдгийг “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.” гэж маш тодорхой заасан. Мөрдөн байцаагч нь уг хэргийг эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс эхлэн шүүгдэгч нарыг тайлбараар болон сэжигтнээр байцаах байтал шууд гэрчээр байцааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлыг бий болгосон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 114 дүгээр зүйлд заасан байцаалт явуулах нийтлэг журмыг санаатайгаар зөрчсөн гэж үзэхээр байна. Тухайлбал хавтаст хэрэгт /1-р хх-ийн 56-58/ анх удаа гэрчээр Э.Отгонболд, /1-р хх-ийн 59-61/ А.Нарангарав, /1-р хх-ийн 62-64/ Г.Очирчулуун, /1-р хх-ийн 65-67/ Х.Мөнхтуул, /1-р хх-ийн 68-69/ Б.Түвшинтөгс нарыг насанд хүрээгүй гэрчээр тус тус байцаажээ. Ингэхдээ мөрдөн байцаагч ахлах дэслэгч Э.Мөнхцэнгэл нь шүүгдэгч нарыг өмгөөлөгч авах боломжоор хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45, 114 дүгээр зүйлийг зөрчиж гэрчээр байцаалт авсан, ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйл /худал мэдүүлэг өгөх/, 255 дугаар зүйл /гэрч, хохирогч худал мэдүүлэг өгөхөөс татгалзах зайлсхийх/ зүйл ангийг тайлбарлаж хүлээлгэх хариуцлагыг сануулж байцаасан нь хууль бус тулгаж байцаалт авсан гэж үзэхээр байна. Шүүгдэгч Э.Отгонболд, А.Нарангарав нар нь албан ёсны гэр бүлээ батлуулсан, 4 сартай нялх хүүхэдтэй бөгөөд мөрдөн байцаагч нь гэрчээр байцаалт авахдаа мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.1,147.4 дэх хэсэгт заасан “байцаалт явуулах нийтлэг журам болон гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэх заалтыг зөрчсөн, хуулийн заалтыг тайлбарлаж өгөөгүй. Тэр өдрөө буюу 2016 оны 8 дугаар сарын 2-нд шүүгдэгч нарыг гэрчээр байцаасны дараа сэжигтнээр үргэлжлүүлэн тооцож байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдэж бүгд өмгөөлөгч авч байцаалт өгөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Э.Отгонболд нь өмгөөлөгч Ц.Туяагийн “мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв үү” гэх асуултанд “Би тухайн үед айж сандарсан байхдаа өгсөн. Чи ингэсэн биз дээ, тэгсэн биз дээ гээд байхаар нь айсандаа ийм мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 221/. Шүугдэгч нар анхнаасаа хэргийн талаар үнэн зөв байцаалт өгсөн гэхэд эргэлзээтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж авсан гэрчийн байцаалтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Бусад нөхцөл байдлын талаар: Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/905 тоот гарын мөрний дүгнэлт /1-р хх-ийн 99/, 02/953 тоот гарын дардасны дүгнэлт /1-р хх-ийн 102/, 4845 тоот гутлын мөрны /1-р хх-ийн 120/ дүгнэлтүүдээр хэрэг гарсан гэх газраас Э.Отгонболдын гарын болон, хөлийн мөр илэрдэггүй.

Иймд өмгөөлөгч миний дээрх гомдлын дагуу шүүгдэгч Э.Отгонболдод оногдуулсан Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114 дэх хэсэгт заасан зүйл ангийг нотлогдохгүй тул хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсөн тохиолдолд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэн хянан харгалзах бүрэн боломжтой байна гэж үзэж байна...” гэв.

Ялтан Э.Отгонболдын өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа “...Иймд Э.Отгонболд нь А.Нарангарав, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс, Г.Очирчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед ...Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Чае Донгбаегийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн гар утас, нүдний шилийг дээрэмдэж...” гэж дүгнэн Э.Отгонболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулжээ. Эрүүгийн хуулийн энэ зүйлийн “хамгийн гол шинж” нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед “аюултайгаар” хүч хэрэглэсэн, эсхүл ийм “аюултайгаар” хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлвэл гэмт этгээдийн зүгээс “дээрдэмдүүлэгч”-ийн нүд, сэтгэлд нь “өөрийн амь насанд нь “аюултай байдал” нэгэнт бий болчихжээ.” гэдгийг харуулсан, мэдрүүлсэн байх явдал нь энэ төрлийн гэмт хэргийн онцлог шинж юм. “Амьд л үлдэж байвал эд хөрөнгө, мөнгө төгрөг ч яая гэхэв” гэсэн бодол сэтгэхүйд нь орох хүртэл “аюултай байдал”-ыг бий болгосон нөхцөл байдал, үйл, үйлдлийг л “аюултайгаар” гэж ойлгох ёстой. Тэгвэл Э.Отгонболд нарын үйлдэлд тийм шинж тэмдэг нэгээхэн ч байхгүй. Хутга шөвөг барьсан, буу зэвсэг агссан, тэсэрч дэлбэрэх бодис далайсан, харуулсан, заналхийлсэн гэх мэтээр аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн явдал хавтаст хэрэгт цугларсан баримтаас харагдахгүй байгаа нь гэмт хэргийн зүйлчлэл хэр үндэслэлтэй болсон бэ гэдэгт анхаарал хандуулахаас өөр аргагүйг харуулж байна. Ийм байдал бий болгох нь бүү хэл харин ч өөрсдөө “амь мэдэн” зугтаасан байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасанчлан “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”. Нэгэнт ийм нөхцөл байдал байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-ын “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг үндэслэн Э.Отгонболд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлээр зүйлчлэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд заасан шүүхээс шийдвэрлэвэл зохих асуудал бүрэн шийдвэрлэгдэж, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.” гэсэн хуулийн шаардлага бүрэн хангагдах ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр өөрчилж, монгол охидоор зугаа цэнгээгээ гаргах гэсэн гадны этгээдийн зуугуул зангаас, өөрөөр хэлвэл хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үйлдэгдсэн, хохирол нь бүрэн барагдсан, гэмт хэргийг анх удаа үйлдсэн, эд хийж бүтээх, сурч боловсрох насан дээрээ яваа нэгэн монгол залууд нийгмийн дунд, хамт олныхоо дунд хүмүүжих боломжтой ял ногдуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр өөрчилж өгнө үү. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь яг халдлага болсон үед тухайн автомашиныг ашиглаагүй. Иймд энэ талаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Очирчулуун, Х.Мөнхтуул нарын өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл шалтгаан байхгүй. Г.Очирчулуун нь 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Анхан шатны шүүх хуралдаан болох үед Г.Очирчулуун нь 17 нас 11 сар 22 хоногтой, Х.Мөнхтуул нь 17 нас 11 сар 6 хоногтой байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд насанд хүрээгүй этгээдийн үйлдэж байгаа хэргийг аль болохоор түргэн шуурхай шийдвэрлэх тусгай журмыг заасан байдаг. Ийм учир хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа аль болох түргэн шуурхай явагдаж, хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаан болсон. Гэтэл Э.Отгонболдын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Шүүх хуралдаан хойшилсноос 3 хоногийн дараа Б.Түвшинтөгс 18 нас хүрч эрх зүйн байдал нь дордохоор байдал байсан. Иймд давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Ж.Батбаяр өмгөөлөгч шүүгдэгч нарыг гэрчээр асуусан мэдүүлгийг иш үндэслэл болгож ял халдаалаа гэж байна. Э.Отгонболд, А.Нарангарав нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгоогүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэл болгож тогтоол гаргасан. Эдгээр хүүхдүүдийг их дээд сургуулийн оюутан гэж ярьж байна. Гэтэл энэ хэрэг нь 2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө гарсан. Насанд хүрээгүй ялтан нар 2016 оны 7 дугаар сард Нийслэлийн 48 дугаар сургуулийн 12 дугаар анги төгсөж 9 дүгээр сарын 1-ний өдөр их дээд сургуульд орсон. Гэмт хэрэг үйлдэгдэх үед эдгээр хүүхдүүд дөнгөж ерөнхий боловсролын сургууль төгссөн байсан. Э.Отгонболд нь 1995 онд төрсөн. Э.Отгонболд нь Нийслэлийн 48 дугаар сургуульд сурч байсан тул А.Нарангарав, Х.Мөнхтуул, Г.Очирчулуун нарыг өөрөөс нь 3 ангиар дүү гэдгийг мэдэж байсан. Иймд насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Хэрэг гарахаас өмнө бичиж байсан мессэж нь хавтаст хэрэгт авагдсан. Үүнд “Ашигтай ажил байна. Гадаадын иргэдийг шантаажилж мөнгө олдог эрсдэлтэй ажил байна” гэж бичсэн. Г.Очирчулуун, Х.Мөнхтуул нарыг ресторанд зөөгчийн ажил хийх гээд анкет бөглөж байхад нь “Наадахаас чинь илүү ашигтай ажил байна” гээд тохироод хэрэг болсон газар очсон нь үнэн. Би хэргийн зүйлчлэлийн тухайд маргаагүй. Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдол гаргаж байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохоор байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Түвшинтөгсийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн объектив талын хувьд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн төгсөхөөр хууль зүйн шинжийг хуульд заасан. Амь биед аюултайгаар заналхийлж довтлоно гэдэг нь тухайн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх, эрх чөлөөнд нь аюултай нөхцөл байдал бий болсон, заналхийлсэн байхыг ойлгодог. Жишээ нь харанхуй газар нүүр амаа боосон этгээд зөвхөн халаасандаа гараа хийгээд ямар нэг үйлдэл довтолгоо хийгээгүй байхад хохирогч цүнхээ орхиж явсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн жишиг байдаг. Манай улсад жишиг хэрэглэхгүй нь ойлгомжтой ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэр, төрлийн хувьд насанд хүрээгүй ялтан Б.Түвшинтөгс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт насанд хүрээгүй хүнийг уруу татах гэмт хэргийн гэмт халдлагад өртөгчийн байдалд байгаа. Энэ нь хууль тогтоомж хоорондоо уялдах байдлаас хамаарч бүлэглэсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтонд уруу татагдсан зэрэг байдал байж болзошгүй гэдэгт анхаарч үзэх хэрэгтэй. Шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор П.Нархажид тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-ны шөнө 03 цагт энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. 2016 оны 7 дугаар сарын 25-ны 19 цагт шүүгдэгч нар уулзсан. Тэгэхдээ Г.Очирчулуун, Х.Мөнхтуул хоёрыг ажилд орох анкет бөглөөд явж байхад нь та нарт өөр илүү ажил санал болгож байна гэж авч явсан. Хамгийн сүүлд Б.Түвшинтөгсийг гэрээс нь очиж авсан байдаг. 19 цагийн үед Сансарын Баянцээл худалдааны төвийн хавиас утасны дугаар худалдаж авсан. Энэ утасны дугаараар хохирогчтой харилцсан. Мөн эмийн сангаас амны хаалт худалдаж авсан. Иймд энэ гэмт хэрэг нь 19 цагаас эхлүүлж шөнийн 03 цагт халдлага, довтолгоо төгсгөл болсон. Тухайн үед хохирогчийг дуу сонсоод цаашаа хараад сууж байхад нь араас нь боосон. Хохирогч “би боолтонд ороод тавиулж чадахгүй байсан учир аргагүйн эрхэнд гарыг нь хазаж тавиулсан. Намайг боосон байхад хажуунаас миний нүүр лүү цохисон. Миний үсийг тугаар нь зулгаасан. Би маш их гомдолтой байна” гэж мэдүүлсэн. Өмгөөлөгч хохирогч зугаа цэнгэл хөөх гэж насанд хүрээгүй хүүхдийг гэртээ аваачсан буруутай гэж ярьж байна. Гэтэл санаачлагч нь шүүгдэгч нар юм. Дээрмийн гэмт хэрэг нь амь биед аюултай аргаар хүч хэрэглэж, довтолгоон эхэлснээр төгсдөг. Иймд дээрмийн гэмт хэрэг нь маргаангүй учир булаалтын гэмт хэргийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Э.Отгонболд нь насанд хүрээгүй Г.Очирчулуунтай зэргэлдээ хашаанд амьдардаг. Б.Түвшинтөгс “Бид нэг сургуульд сурж байсан. Бид 3 дугаар ангиасаа танилцаж ах дүүгийн харилцаатай байсан” гэж мэдүүлдэг. А.Нарангарав, Э.Отгонболд нар нь хөрш зэргэлдээ хашаанд хамтран амьдардаг. Иймд Э.Отгонболд нь насанд хүрээгүй шүүгдэгч нарыг насанд хүрээгүй гэдгийг нь мэднэ. Шүүгдэгч нар 2016 оны 6 дугаар сард ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд дээд сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгч томилолт авчихсан байгаа. Шүүгдэгч нар дээд сургуульд сурдаггүй. Энэ хүүхдүүд тохиолдлын журмаар уулзаагүй, урьдаар үгсэж тохиролцон холбогдох дугаар, амны хаалт зэргийг бэлдсэн. Гэмт хэргийн төгсгөл, өрнөл хаана байна вэ гэдэгт бид хууль зүйн дүгнэлт өгөх хэрэгтэй. Шүүгдэгч нар тухайн үед хаалганы кодыг олох, нэвтэрч олох аргыг маш их хайж байсан нь хавтаст хэргээс харагдана. Шүүгдэгч нарыг эхлээд гэрчээр байцаасан нь тэдний эрх зүйн байдлыг дордуулсан гэж ярьж байна. Шүүх гэрчээр байцаасан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу нотлох баримтыг харьцуулсан байдлаар дүгнэлтээ хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Өмгөөлөгч нар хэргийн газар Э.Отгонболдын ул мөр байгаагүй гэж байна. Гэтэл шүүх хуралдаанд бид камерын бичлэгийг үзсэн. Э.Отгонболд “би цагаан хувцастай яваагүй, эрээн хувцастай явсан” гэж мэдүүлдэг. Хохирогч “цагаан хувцастай хүн намайг боосон” гэж ярьдаг. Гэтэл бичлэг дээр Э.Отгонболд цагаан хувцастай үүргэвч үүрсэн орж яваа нь харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү....” гэв.

 

ХЯНАВАЛ:

Э.Отгонболд А.Нарангарав, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс, Г.Очирчулуун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 6/1 дүгээр байрны 5 тоот орон сууцыг хөлслөн амьдарч байсан Солонгос улсын иргэн Чае Донгбаегийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн гар утас, нүдний шилийг дээрэмдэж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Чаэ Донгбаегийн: “...Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 6/1-305 тоотыг түрээслэж амьдарч байгаа бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 25-ны орой гэртээ байж байгаад өөрийн гар утсаараа We chat ороод найзуудтайгаа юм бичээд байж байхад 22-23 цагийн хооронд үл таних эмэгтэйгээс найзын хүсэлт ирүүлсэн. ...Тэр эмэгтэйтэй ярилцахад нэрээ Заяа гэж хэлсэн, мөн 20 настай гэсэн. Тэгснээ тэр эмэгтэй чамтай уулзмаар байна гэж бичсэн. Тэгэхээр нь би жаахан бодож байгаад чи пиво уух дуртай юу гэж асуусан. Тэр эмэгтэй би пиво уух дуртай гэхээр нь тэгвэл уулзаад пиво ууя гэж хэлсэн. Тэр эмэгтэй манай гэрт ирье гэж гэрийн хаягийг асуусан. Тэгэхээр нь “Чингис” зочид буудалтай ойрхон учраас “Чингис” зочид буудалтай ойрхон уулзъя гэсэн. ...Тухайн үед цаг шөнийн 00 цаг болж байсан ба 20 орчим минутын дараа очно гэсэн. Би өөрөө шөнийн 00 цаг 30 минутын үед гэрээсээ гараад “Чингис” зочид буудлын замын эсрэг талд байх сандал дээр суугаад гар утсаараа тоглоом тоглоод сууж байсан. Гэтэл нөгөө эмэгтэй ирэхгүй бараг 2 цаг хүлээгээд нөгөө эмэгтэйгийн We chat руу хөөе чи хаана байна, ирсэн үү гэхэд над руу “Чингис” зочид буудлын зургийг явуулаад ирчихлээ гэсэн. Нөгөө эмэгтэйтэй “Чингис” зочид буудлын хажуугийн И-март дэлгүүрийн хажууд уулзсан чинь таксины мөнгө өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь түрийвчээ авчраагүй учраас мөнгө байхгүй гэж хэлсэн. ...Тэгтэл Заяа таксины жолоочтой хэсэг хугацаанд юм ярьж байгаад явуулсан. ...гэрт чинь хэн байгаа вэ, чи ганцаараа байдаг уу гэж бараг 6 удаа асуусан. Би гэртээ ганцаараа байдаг надаас өөр хэн ч байхгүй гэж хэлсэн. ...би Заяагаас чи ер нь надаас юу хүсээд байгаа юм бэ гэж асуухад, Монголоор хариулаад байсан. ...орцны кодыг хийсэн чинь надаас код нь хэд юм бэ гэж англиар асуусан. Би кодоо хэлээгүй, Заяа яагаад хэлэхгүй байгаа юм гэж асуусан. ...Заяа бид 2 ерөөсөө ойлголцохгүй байсан болохоор би нөүтбүүкээ гаргаж ирээд орчуулга хийдэг хэсэг дээр нь тохируулаад англи хэлээр чи надаас яг юу хүсээд байгаа юм бэ гэсэн чинь Заяа уумаар байна гэсэн. Би сүү уух уу, пиво уух уу, дарс уух уу гэж асуухад пиво ууя гэсэн. Тэгэхээр нь 0,5 литрийн хэмжээтэй пиво гаргаж уусан. ...Заяа өлсөж байна гэсэн, талх, печень үзүүлээд печень өгсөн. ...Заяа надаас тамхи асуусан байхгүй гэсэн чинь гарч тамхи авъя гээд ууж байсан пивоо бариад гарсан. ...Заяа алхаж байхдаа хүнтэй яриад байсан. ...Тэгээд гэр лүү орох гэж байснаа байрны үүдэнд байдаг сандал дээр сууя гэсэн. ...Заяа бараг 15 минут утсаар ярьсан. Ярьж дууссаныхаа дараа үлдсэн пиво ууж дуусаад гэр лүү орсон. ...гэрт ороод хоёулаа дахиад тус бүр нэг пиво аваад хөгжим сонсонгоо пиво ууж суусан. Заяа утсаа оролдоод фейсбүүкээр чатлаад байсан. ...Би хөгжим сонсоод цонх руу хараад зогсож байхад Заяа бие засах өрөө рүү явлаа гэсэн. ...түүнээс хойш удаагүй 5 орчим минутын дараа цонхонд хүмүүс ороод ирэх шиг ойж харагдсан. Тэгтэл араас нэг залуу боогоод, 1 залуу хажуунаас нүүр лүү цохисон, нэг залуу нь миний зүүн талд зогсож байсан, ямар үйлдэл хийснийг санахгүй байна. Заяа намайг хараад зогсож байсан. Тэдгээр залуучууд бүгдээрээ нүүрэндээ масктай байсан. Би араас хоолой боосон залуугийн гарыг тавиулах гэж нилээд зууралдсан. Баруун болон зүүн талд зогсож байсан залуучууд толгой болон нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Миний хоолойг боосон залууг тавиулах гээд дийлэхгүй болохоор нь гарыг нь хазаж тавиулсан чинь тавиад миний толгойноос үсдсэн. ...би гал тогооны өрөө рүү ороод хутга аваад англиар хурдан гар гэж хэлсэн. ...гар утас миний өмдний зүүн халаасанд байсан зууралдаж байхад л авсан...” /1-р хх-ийн 50-55/,

гэрч С.Бумцэндийн: “...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Баянцээлийн гудамжаар эхнэрийн хамт түүний ажлын хуудсыг тараагаад явж байтал үл таних охин над дээр ирээд ахаа таньд иргэний үнэмлэх байна уу, найзуудтайгаа холбоо барих гэсэн юм аа, дугаар аваад өгөөч, миний иргэний үнэмлэх байхгүй байна. Иргэний үнэмлэхгүй бол дугаар авч болохгүй байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Баянцээлийн Вайт найт баарны хажуугийн “Баясах” супермаркет дотор байрлах Мобикомын салбараас 9982-3772 гэсэн дугаарыг 5.000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авсан. Дугаар худалдан авах мөнгийг нь уг охин өөрөө гаргасан. ...уг охин бордуу царайтай, богинодуу хар өнгийн үстэй, зуйвандуу царайтай, 160 орчим см өндөртэй охин байсан...” /1-р хх-ийн 71/,

гэрч Н.Пүрэвжавын: “...Намайг унтаж байхад шөнө 03 цаг 10 минутын үед дээвэр дээрээс юм унах чимээ гарахаар нь үүдээр шагайтал үүдний ногоон саравч дээрээс доошоо шатны хажуугаар хүн бууж байсан. Би юу болоод байгаа юм бэ, та нар яаж байна гэсэн чинь уучлаарай гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ, цагдаа дуудлаа гэсэн чинь цаашаагаа бөөнөөрөө гүйлдээд явчихсан...” /1-р хх-ийн 73/,

гэрч З.Мөнх-Оргилын: “...Өнгөрсөн шөнө 03 цагийн үед зурагт үзээд сууж байхад гадаа юм пижигнэх чимээ гарахаар нь цонхоор хартал 2-оос 3 хүн 2 давхарын тагтан дээрээс шат руу үсэрч байхыг харсан. Ингээд нөгөө залуучууд гүйлдээд явцгаасан...” /1-р хх-ийн 75/,

гэрч Ц.Анхбаатарын: “...2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 6/1-305 тоотод байр түрээслэж амьдарч байсан Солонгос улсын иргэн Чае Донгбае нь гэртээ гар утас, нүдний шилээ дээрэмдүүлсэн байсан. Тэгээд манай байгууллагад дуудлага ирээд хэргийн газар ажиллахад уг байрны үүд рүү буюу орцны хаалгыг үүдний шат руу харсан хяналтын камер байсан. Камерыг шүүж үзэхэд сэжигтэн нар нь бичигдсэн бичлэг байсан...” /1-р хх-ийн 78/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10450 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Чае Донгбаегийн биед зүүн долоовор хуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй...” /1-р хх-ийн 96/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 02/953 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 5, 6, 9 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр болон Чае Донгбае, Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Б.Түвшинтөгс, Х.Мөнхтуул нарын гарын дардсууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь санд хадгалагдаж байгаа MN000320003189 бүртгэлийн дугаартай Хүрэлбаатар овогтой Мөнхтуулын зүүн гарын эрхий, дунд хурууны гарын дардсуудтай тус тус тохирч байна...” /1-р хх-ийн 102/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 4845 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “...№97. Урд талын орцон тамбарын дээвэр дээрээс бэхжүүлсэн гутлын мөр” гэсэн тайлбартай өлмийн тал мөр “Урд талын орох хаалганы тамбарын дээвэр дээрээс бэхжүүлсэн гутлын мөр №91” гэсэн тайлбартай өлмийн тал мөр хээний ерөнхий шинж тэмдгээрээ шинжилгээнд тэнцэнэ. Харин “№99 үүдний амбарын дээвэр дээрээс бэхжүүлсэн гутлын мөр” гэсэн мөр шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд тэнцэж буй “№97. Урд талын орцон тамбарын дээвэр дээрээс бэхжүүлсэн гутлын мөр” гэсэн тайлбартай өлмийн тал мөр X.Мөнхтуулын гэх зүүн гутлын улаар шинжилж буй “Урд талын орох хаалганы тамбарын дээвэр дээрээс бэхжүүлсэн гутлын мөр №91” гэсэн тайлбартай өлмийн тал мөр нь
Г.Очирчулууны гутлын улаар дарагдаж гарсан байж болно. Хээний шинж тэмдгээрээ ижил байна...” /1-р хх-ийн 120/ гэх дүгнэлтүүд зэргээр,

Э.Отгонболд, А.Нарангарав нар нь насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтөгс, Х.Мөнхтуул, Г.Очирчулуун нарыг 2016 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 6/1 дүгээр байрны 5 тоотод орон сууц хөлслөн түр амьдарч байсан Солонгос улсын иргэн Чае Донгбаегийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн гар утас, нүдний шилийг дээрэмдэж 600.000 төгрөгийн хохирол учруулсан, шан харамж өгөх нэрийдлээр хуурч мэхлэн гэмт хэрэгт татан оролцуулсан болох нь:

Насанд хүрээгүй яллагдагч Г.Очирчулууны “...Манай найз охин Мөнхтуул бид хоёр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төв шуудангийн хажуугийн “Блю фин” ХХК-нд ажилд орохоор бүртгүүлчихээд анкет бөглөөд гарч яваад би Э.Отгонболд руу залгаад ярьсан. Э.Отгонболд өмнөх өдөр нь Хятадаас ирж байна гэж хэлсэн байсан. Тэгээд сонин юу байна гээд залгасан чинь Дарь-Эхэд хүрээд ир гэсэн. ...Түвшинтөгсийн гэр лүү явж байх замд Х.Мөнхтуул бид хоёр Э.Отгонболд, А.Нарангарав нарт ажил хайгаад ажлын анкет бөглөөд явж байгаа талаараа ярихад Э.Отгонболд, А.Нарангарав нар “бид хоёр та нарт ажлын санал тавъя. Наад зөөгчийн чинь ажлаас 2 нугалахаар их цалин өгнө” гэж хэлээд “Х.Мөнхтуулыг үйлчлэгчээр ажилд оруулна” гээд гадаадын иргэнтэй А.Нарангарав утсаар яриад байсан. Тэрэнтэйгээ Х.Мөнхтуулыг уулзуулна гээд орой нь 1 цагийн үед И-Март худалдааны төв дээр уулзахаар тохирсон. Б.Түвшинтөгсийг шөнө нь 1 цаг 10 минутын үед И-Март дээр очсон. Х.Мөнхтуул нөгөө солонгос залуутай И-Мартын эсрэг талд нь уулзаад гэр лүү нь цуг явсан...” /1-р хх-ийн 209/,

            Насанд хүрээгүй яллагдагч Х.Мөнхтуулын “...Анх уулзаад ярилцаад Г.Очирчулуун бид хоёр ажилд орох анкет бөглөсөн гэсэн чинь А.Нарангарав, Э.Отгонболд нар хоёулаа бид хоёрт 700.000-аас 800.000 төгрөгийн цалинтай ажил байгаа гэж ярьсан. ...солонгос хүний гэрийн үйлчлэгч хийнэ гэсэн. Тэгснээ wechat-аар солонгос залуутай харьцаж байснаа шөнө 00 цагийн үед И-Мартын урд уулзахаар тохирсон. ...би нөгөө солонгос залуутай уулзсан. Нарангарав надад солонгос залуутай танилцаад цалин мөнгөө тохирчихоод гараад ир гэсэн. ...Ингээд буцаад гэр лүү нь орж байхад Б.Түвшинтөгс гүйж ирээд орц руу орох гэж байхад орцны хаалга бариад зогсож байсан. ...Би том өрөө рүү нь орж суугаад 2 минут болж байхад гаднаас хаалга тогших чимээ сонсогдсон. Тэр үед Э.Отгонболд, Г.Очирчулуун, Б.Түвшинтөгс нар маск зүүчихсэн орж ирсэн...” /1-р хх-ийн 219/,

            Насанд хүрээгүй яллагдагч Б.Түвшинтөгсийн “...Г.Очирчулуун бид 2 сагс тоглож байгаад эргээд машинд суусан чинь ажил хийлгүүлэх хүн чинь И-Мартын тэнд ирчихлээ, явах уу гэсэн. Юун ажил юм бэ гэж би Г.Очирчулуунаас асуусан чинь юу ч хэлээгүй суучихаа гэж хэлсэн. Ингээд И-Мартын замын эсрэг талд зогсоод Х.Мөнхтуулыг буулгаж, солонгос залуутай уулзуулсан....” /1-р хх-ийн 229/ гэх мэдүүлгүүд,

эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 45/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 231/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 25/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нар нь гадаадын иргэнийг дээрэмдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Чае Донгбаегийн орон гэрт дайран орж, түүнийг араас нь боож хохирогчийн эсэргүүцэх боломжийг алдагдуулж, эд зүйлийг нь дээрэмдсэн шууд санаатай идэвхтэй үйлдлээр довтолгоон хийсэн нь дээрмийн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд ялтан Э.Отгонболдын өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Энхзаяа, ялтан А.Нарангаравын өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгийг Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх” талаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

            Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ялтан Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нар нь “урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн” дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байхад “бүлэглэн” гэж гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлсон, ялтан А.Нарангаравт Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсгийг заахгүйгээр хорих ял оногдуулсан, насанд хүрээгүй ялтан Х.Мөнхтуул, Г.Очирчулуун, Б.Түвшинтөгс нарт оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь заалтыг үндэслэлгүйгээр журамласан, мөн насанд хүрээгүй ялтнуудын ял эдлэх хорих ангийн “дэглэм” заагаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй байна.

Учир нь Монгол Улсын 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон “Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц”-ийн 37 дугаар зүйлийн d-д “...эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүр эрх зүйн болон бусад зохих туслалцааг даруй авах, түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг шүүх буюу эрх бүхий хараат бус, аль нэг талын эрх ашигт үйлчлэхгүй байгууллагаар тогтоолгох, шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй...” гэсэн заалтын дагуу насанд хүрээгүй этгээдүүдэд холбогдох хэргийг тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр заасан зарим өөрчлөлтийг оруулж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтын “...бүлэглэн...” гэснийг “...урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн...” гэж,

2 дахь заалтад “...Алтансүхийн Нарангаравыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Алтансүхийн Нарангаравыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар...” гэж,

4 дэх заалтад “...хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй...” гэснийг “...хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж,

4 дэх заалтаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан...” гэснийг хасч, тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, ялтан Э.Отгонболдын өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Энхзаяа, ялтан А.Нарангаравын өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ                                                       

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                        

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ