Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02482

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02482

 

Ч.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02454 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 20 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 24 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажиллаж байсан хугацааны дутуу олгосон цалин хөлсний зөрүүд 11 408 273 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Осим брендийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан боловч худалдааны зөвлөх, шоп менежерийн ажлыг давхар эрхэлж байсан. 2015 оны 10 дугаар сард шинэ захирал томилогдож ирээд менежментийн багийн хурал хийсэн. Уг хурал дээр бусад захирлууд олон ажлыг давхар сайн хийдэг гэж магтаж байхад шинээр ирсэн Д.Э захирал миний ажил үүрэгт хамааралгүй агуулахын тоос шороо, хайрцаг сав янзалсангүй гэх мэт ажлыг хийхийг шаардаж, дарамталж эхэлсэн. Би 3 хүний ажлыг давхар хариуцаж, ажлаа сайн хийж ирснээ хэлэхэд өргөдлөө өгөөрэй гэж доромжилсон нь чин сэтгэлээсээ ажлаа хийдэг надад туйлын гомдолтой санагдсан. Олон ажлыг давхар хариуцахад хүндрэлтэй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шоп менежерийн ажлаа шоп менежер н.Дорждэрэмд хүлээлгэн өгсөн. Тухайн үед надад цалингаа бүтэн өгдөггүй байж шинэ шоп менежер авч ирж байгаад гомдолтой байгаагаа хэлэхэд менежментийн багийн бүх менежер, удирдлагуудын өмнө доромжлуулж, загнуулж байсан. Мөн оны 12 дугаар сараас эхлээд миний бие ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтийг гаргаж, ээлжийн амралтаа эдэлж дуусаад оны сүүлийн ажлуудыг дуусгахаар ажилласан. 2016 оны 01 дүгээр сарын 02-ноос хойш миний бие өвдөөд ажилдаа очоогүй. Энэ тухайгаа менежертээ хэлж байсан. Түүнчлэн цалингүй ажиллаад байхад хэцүү байсан. Ингээд түүнээс хойш ажил хийгээгүй. Манай байгууллага намайг ажиллаж байх хугацаандаа эд хөрөнгийн дутагдал гаргасан гэж 2016 оны 1 сараас эхлэн Цагдаагийн байгууллагад шалгуулаад эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсоны дараа иргэний шүүхээр мөн гаргуулахаар шаардсан. Бид шүүхэд эвлэрсэн бөгөөд ийнхүү иргэний хэрэг хянагдах явцад нотлох баримт бүрдүүлж байхдаа ажил олгогч нь намайг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас халсан тушаал гаргасныг мэдсэн. Миний бие хатгалгаа авсан, зүрх судасны хагалгаанд орсон зэрэг өвчтэй байсны улмаас ажилдаа буцаж очоогүй. Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас халагдах үндэслэл шаардлага байгаагүй. Учир нь 3 жил ажилласан, хийсэн бүтээсэн ажилтай, групп дотор хүртэл өөр салбарт ажиллах саналыг тавьж байсан, өөрөө хөрөнгө оруулсан байсан зэрэг нөхцөл байдлуудаас өөрөө ажлаас гарах хүсэл байгаагүй болно. Иймд миний бие Осим брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардаж байна. Би ажиллах хугацаандаа 2015 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 14 400 000 төгрөгийн цалин авахаас 11 408 273 төгрөг дутуу авсан тул үүнийгээ гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Ч.Г- нь манай байгууллагад Осим брендийн борлуулагчаар 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажилд орж, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс борлуулалтын менежер болсон. Гэхдээ түүнийг 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр борлуулалтын менежерээр томилсон баримт манайд байхгүй, хөдөлмөрийн гэрээ байдаггүй. Хэрэгт байгаа гэрээг хэрхэн яаж үйлдэж өгсөн нь тодорхойгүй. Манай гэрээний драфтаас өөр байгаа. Санхүүд ийм гэрээ ирээгүй. Тухайн үед буюу 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд бид борлуулалтаар буюу хийснээрээ л цалин авдаг байсан тул үндсэн цалин нэхсэн нь үндэслэлгүй. Үндсэн цалин огт бодож байгаагүй. Хариуцагчийн хувьд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй. Бүтэн 1 жил хагасын хугацаанд ажлаа хийгээгүй байж ажлаасаа халагдсан тухайгаа мэдээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэл ямар ч үндэслэлгүйн дээр тухайн гомдлын шаардлагыг гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаагийн байгууллагаар шалгуулсан асуудал нь нэхэмжлэгч тухайн үед сандал хулгайлснаас болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Тиймээс бид иргэний журмаар хохирлоо нэхэмжилж авахаар болсон. Нэхэмжлэгч нь хулгайн хэргээс болж л өөрөө ажлаасаа гарах өргөдлөө өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасныг тус тус баримтлан Осим брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, ажиллаж байх хугацаандаа дутуу авсан цалин хөлсний зөрүүд 11 408 273 төгрөг гаргуулах тухай Ч.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Г-гийн ажлаас буруу халсан талаарх нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс цалингийн зөрүү шаардсан нэхэмжлэлдээ төлсөн 197 482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02454 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т зааснаар нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор гомдлоо гарган шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд Ч.Г- нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдалд нь хүндэтгэх шалтгаан байсныг хэрэгт авагдсан эрүүл мэндийн баримтууд хангалттай нотлож чадахгүй байна. Иймд гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үндэслэх хэсэгтээ дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч Ч.Г- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь дээрх хугацаанд өвчтэй байсан бөгөөд холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй нь буруу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнээс гадна ажлаас халагдсан тушаалыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мэдсэн бөгөөд хүлээн аваагүй байхад хүлээн авснаас хойш 1 сарын гомдол гаргах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02454 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Г- хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 20 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 24 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажиллаж байсан хугацааны дутуу олгосон цалин хөлсний зөрүүд 11 408 273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч Н ХХК2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдааны зөвлөх, борлуулалтын менежер зэрэг ажлыг хийж байсан болох нь хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/03 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн Ч.Г-г худалдааны зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 01 дүгээр сараас эхлэн өвчний учир ажлаа хийж чадаагүй байх хугацаанд хүсэлтээ өгөөгүй байхад түүнд мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримт бүрдүүлж байх явцад мэдсэн гэж тайлбарласан боловч 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг тушаалын хуулбарыг ирүүлсэн байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Учир нь нэхэмжлэгч нь дутуу олгосон цалингийн зөрүү шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, харин ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус гаргаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах 1, 3 сарын хугацаа тус тус хамаарах бөгөөд нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан дээрх хугацааны дотор гомдлын шаардлагаа гаргаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь өвчний улмаас 1 жил 5 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй гэж амбулаториор эмчлүүлэгсдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч нэртэй бичгийн баримтуудыг ирүүлсэн байх боловч ямар өвчний улмаас хэдий хугацаанд хаана ямар эмчилгээ хийлгүүлсэнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан болох нь тодорхойгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаарх шийдвэрийг ажилтанд гардуулж өгөх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй буруутай нь тогтоогдож байгаа ч энэ нь ажилтны гомдлын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Г-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХТӨР