Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 181/2017/02018/и

 

Ч.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1687 дугаар магадлалтай,

Ч.Ггийн нэхэмжлэлтэй

“Н-Э”ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажиллаж байсан хугацааны дутуу олгосон цалин хөлсний зөрүүд 11 408 273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Ггийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Мөнх-Од, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, Р.Булгамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард менежментийн багийн хурал дээр бусад захирлууд олон ажлыг давхар сайн хийдэг гэж намайг магтаж байхад шинээр ирсэн Д.Энхсайхан захирал миний ажил үүрэгт хамааралгүй агуулахын тоос шороо, хайрцаг сав янзалсангүй гэх мэт ажлыг хийхийг шаардаж, илт дарамталж эхэлсэн. Олон ажлыг давхар хариуцахад хүндрэлтэй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шоп менежерийн ажлаа шинээр ирсэн шоп менежер н.Дорждэрэмд хүлээлгэн өгсөн. Мөн оны 12 дугаар сараас эхлээд миний бие ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтийг гаргаж, ээлжийн амралтаа эдэлж дуусаад оны сүүлийн ажлуудыг дуусгахаар ажилласан. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш миний бие өвдөөд ажилдаа очоогүй. Манай байгууллага намайг ажиллаж байх хугацаандаа эд хөрөнгийн дутагдал гаргасан гэж 2016 оны 01 дүгээр сараас эхлэн Цагдаагийн байгууллагад шалгуулаад эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгосны дараа иргэний шүүхээр мөнгө гаргуулахаар шаардсан. Бид шүүхэд эвлэрсэн бөгөөд ийнхүү иргэний хэрэг хянагдах явцад нотлох баримт бүрдүүлж байхдаа ажил олгогч нь намайг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас халсан тушаалыг гаргасныг мэдсэн. Иймд миний бие Осим брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Би ажиллах хугацаандаа 2015 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 400 000 төгрөгийн цалин авахаас 11 408 273 төгрөг дутуу авсан тул үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н-Э”ХХК, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь манай байгууллагад Осим брендийн борлуулагчаар 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажилд орж, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс борлуулалтын менежер болсон. Гэхдээ түүнийг 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр борлуулалтын менежерээр томилсон баримт манайд байхгүй, хөдөлмөрийн гэрээ байдаггүй. Хариуцагчийн хувьд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй. Бүтэн 1 жил хагасын хугацаанд ажлаа хийгээгүй байж ажлаасаа халагдсан тухайгаа мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Цагдаагийн байгууллагаар шалгуулсан асуудал нь нэхэмжлэгч тухайн үед сандал хулгайлснаас болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Тиймээс бид иргэний журмаар хохирлоо нэхэмжилж авахаар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н-Э”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/03 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/43 дугаар Ажилд шилжүүлэн томилох тухай тушаал зэргийг тус тус хүчингүй болгож, Ч.Гг Осим брэндийн борлуулалтын менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, “Н-Э”ХХК-аас 2 650 252 төгрөгийг гаргуулж Ч.Гд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ч.Ггийн “Н-Э”ХХК-аас олгогдоогүй цалин 11 408 273 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар олгогдоогүй цалин гаргуулах нэхэмжлэлдээ төлсөн 197 482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н-Э”ХХК-аас 127 554 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1687 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр энэхүү гомдол гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолохдоо хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолохдоо нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үнийн дүнгээр тооцож 2 650 252 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэхүү бичилт нь ажил олгогчоос цалин хөлсийг дутуу бичиж хууль зөрчиж, цалинг дутуу олгож байсан цалин. Шүүх давхар миний эрхийг зөрчиж, цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээнд тохиролцсноор биш нийгмийн даатгалд дэвтэрт бичигдсэн дутуу олгосон цалингаар тооцож олгосонд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ажилгүй байсан 28 сарын хугацааны 33 600 000 төгрөгийн олговрыг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч “Н-Э”ХХК-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөр ажилд шилжүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/43 тоот тушаал, ажлаас чөлөөлсөн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилласан хугацааны цалингийн дутуу 11 408 273 төгрөгийг гаргуулах, борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Хоёр шатны шүүх ажил олгогчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/43 тоот тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/30 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, Ч.Гг ОСИМ брендийн борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс ажилласан хугацааны цалингийн дутуу 11 408 273 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 43 дугаар зүйлийн 43.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогч нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэж, 2 сар 16 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/30 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг зөрчсөнөөс гадна ажилтны хүсэлт нь ажлаас чөлөөлөгдөх бус өөр ажилд шилжүүлэх ...агуулгатай, улмаар ажил олгогч нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/43 дугаар тушаалаар Ч.Гг ОСИМ брендийн борлуулалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, худалдааны зөвлөхийн ажилд томилсон тушаал гаргасан байна. Нэхэмжлэгч нь дээрх тушаалын талаар мэдээгүйгээс гадна тушаалд заасан “худалдааны зөвлөх”-ийн ажлыг хийгээгүй, харин  борлуулалтын менежерийн албан үүргээ гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул шүүх уг албан тушаалд эгүүлэн томилсон нь хууль зөрчөөгүй байв.

Харин шүүх нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг тогтоохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй, зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн бичилтийн үндэслэсэн нь буруу болжээ. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/43 дугаар тушаалд нэхэмжлэгчийн сарын цалинг 1 200 000 төгрөг гэж, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд цалинг 1 200 000 төгрөг гэж тогтоосон баримтаар нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 1 200 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нь дээрх баримтыг өөр баримтаар үгүйсгээгүйгээс гадна цалинг борлуулалтаар буюу хийснээр олгохоор тохиролцсон гэдгийг нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 01 сарын 20-ноос 2017 оны 09 сарын 30 хүртэлх 20 сар 7 хоногийн олговор 24 280 000 төгрөгийг шаардах эрхтэй, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1687 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар   шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/43 тоот тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Ч.Гг ОСИМ брендийн борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Н-Э”ХХК-иас 24 280 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...127 554 ...гэснийг 279 350 ...гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

             ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА