Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02454

 

  

 

 

 

 

        

2017 оны 10 сарын 02 өдөр     Дугаар 181/ШШ2017/02454         Улаанбаатар хот      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч:  Ч Г -ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч:  “Н Э” ХХК -д холбогдох, 

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 20 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажиллаж байсан хугацааны дутуу олгосон цалин хөлсний зөрүүд 11,408,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч. Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие “Осим” Брендийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан мөртлөө худалдааны зөвлөх, шоп менежерийн ажлыг давхар эрхэлж байсан. 2015 оны 10 дугаар сард шинэ захирал томилогдож ирээд менежментийн багийн хурал хийсэн. Уг хурал дээр бусад захирлууд олон ажлыг давхар сайн хийдэг гэж магтаж байхад шинээр ирсэн Д.Энхсайхан захирал миний ажил үүрэгт хамааралгүй агуулахын тоос шороо, хайрцаг сав янзалсангүй гэх мэт ажлыг хийхийг шаардаж, илт дарамталж эхэлсэн. Би 3 хүний ажлыг давхар хариуцаж, ажлаа сайн хийж ирснээ хэлэхэд өргөдлөө өгөөрэй, зайлвал таарна, галзуурчихаж, мэдрэл нь муудчихаж гэж доромжилсон нь чин сэтгэлээсээ ажлаа хийдэг надад туйлын гомдолтой санагдсан.

Олон ажлыг давхар хариуцахад хүндрэлтэй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шоп менежерийн ажлаа шинээр ирсэн шоп менежер н.Дорждэрэмд хүлээлгэн өгсөн. Тухайн үед надад цалингаа бүтэн өгдөггүй байж шинэ шоп менежер авч ирж байгаад гомдолтой байгаагаа хэлэхэд менежментийн багийн бүх менежер, удирдлагуудын өмнө доромжлуулж, загнуулж байсан.

Мөн оны 12 дугаар сараас эхлээд миний бие ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтийг гаргаж, ээлжийн амралтаа эдэлж дуусаад оны сүүлийн ажлуудыг дуусгахаар ажилласан. 2016 оны 1 дүгээр сарын 02-ноос хойш миний бие өвдөөд ажилдаа очоогүй. Энэ тухайгаа менежертээ хэлж байсан. Түүнчлэн цалингүй ажиллаад байхад хэцүү байсан. Ингээд түүнээс хойш ажил хийгээгүй.

Манай байгууллага намайг ажиллаж байх хугацаандаа эд хөрөнгийн дутагдал гаргасан гэж 2016 оны 1 сараас эхлэн Цагдаагийн байгууллагад шалгуулаад эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсоны дараа иргэний шүүхээр мөнгө гаргуулахаар шаардсан. Бид шүүхэд эвлэрсэн бөгөөд ийнхүү иргэний хэрэг хянагдах явцад нотлох баримт бүрдүүлж байхдаа ажил олгогч нь намайг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас халсан тушаалыг гаргасныг мэдсэн. Ингээд хуулбарлаж аваад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамт өгсөн.

Миний бие хатгалгаа авсан, зүрх судасны хагалгаанд орсон зэрэг өвчтэй байсны улмаас ажилдаа буцаж очоогүй. Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас халагдах үндэслэл шаардлага байгаагүй болно. Учир нь 3 жил ажилласан, хийсэн бүтээсэн ажилтай, групп дотор хүртэл өөр салбарт ажиллах саналыг тавьж байсан, өөрөө хөрөнгө оруулсан байсан зэрэг нөхцөл байдлуудаас өөрөө ажлаас гарах хүсэл байгаагүй болно.

Иймд миний бие “Осим" брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардаж байна.

Би ажиллах хугацаандаа 2015 оны 1 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 14,400,000 төгрөгийн цалин авахаас 11,408,273 төгрөг дутуу авсан тул үүнийгээ гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Ч. Г нь манай байгууллагад “Осим” брендийн борлуулагчаар 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажилд орж, 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс борлуулалтын менежер болсон. Гэхдээ түүнийг 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр борлуулалтын менежерээр томилсон баримт манайд байхгүй, хөдөлмөрийн гэрээ байдаггүй. Хэрэгт байгаа гэрээг хэрхэн яаж үйлдэж өгсөн нь тодорхойгүй. Манай гэрээний драфтаас өөр байгаа. Санхүүд ийм гэрээ ирээгүй.

Тухайн үед буюу 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд бид борлуулалтаар буюу хийснээрээ л цалин авдаг байсан тул үндсэн цалин нэхсэн нь үндэслэлгүй. Үндсэн цалин огт бодож байгаагүй.

Хариуцагчийн хувьд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй. Бүтэн 1 жил хагасын хугацаанд ажлаа хийгээгүй байж ажлаасаа халагдсан тухайгаа мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь эрүүл ухаанаар бодоход яав ч хүлээж авах боломжгүй тайлбар юм.

Нэхэмжлэл ямарч үндэслэлгүйн дээр тухайн гомдлын шаардлагыг гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Цагдаагийн байгууллагаар шалгуулсан асуудал нь нэхэмжлэгч тухайн үед сандал хулгайлснаас болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Тиймээс бид иргэний журмаар хохирлоо нэхэмжилж авахаар болсон. Нэхэмжлэгч нь хулгайн хэргээс болж л өөрөө ажлаасаа гарах өргөдлөө өгсөн шүү дээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч. Г нь хариуцагч “Н Э” ХХК-д холбогдуулан “Осим” брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, ажиллаж байх хугацаандаа дутуу авсан цалин хөлсний зөрүүд 11,408,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Г нь “Н Э” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдааны зөвлөх, борлуулалтын менежер зэрэг ажлыг хийж байгаад “Н Э” ХХК-ийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01/03 тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

“Н Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01/03 тоот тушаалаар худалдааны зөвлөх Ч. Г -гөөрийнх нь хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч уг тушаалыг гардаж аваагүй, харин 2017 ны 4 дүгээр сарын 28-ны өдөр уг тушаалын талаар мэдсэн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэмэгдүүлсэн шаардлагаар гаргажээ.

 

Нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ 2016 оны 1 дүгээр сараас эхлэн өвчний учир ажлаа хийж чадаагүй байх хугацаанд хүсэлтээ өгөөгүй байхад түүнд мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсийг дутуу олгосон гэж тайлбарласан бол Ч.Г тоног төхөөрөмж хулгай хийснээсээ болж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн, 1 жил 6 сарын хугацаанд ажлаа хийгээгүй атлаа ажлаасаа чөлөөлөгдсөнөө мэдээгүй гэж буй нь үндэслэлгүй, тушаал гарснаас хойш гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан. 

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ч.Г-ийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагч хүлээн аваагүй байх бөгөөд харин уг хүсэлтэд үндэслэн түүнийг “Осим” брендийн борлуулалтын менежерийн ажлаас чөлөөлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс худалдааны зөвлөхийн ажилд томилсон үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ийнхүү албан тушаал өөрчилсөн тушаалын талаар мэдээгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ байдлыг нотлох нь хэрэгт одоохондоо ач холбогдолгүй болно.

 

Учир нь, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлоор ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцдэг тул эхний ээлжинд хуулийн хугацаанд гомдлоо гаргасан эсэхийг шалгах нь гомдлын үндэслэлийг хянах эсэх асуудлыг шийдвэрлэх үндэс болдог.

 

Иймээс хуульд заасан хугацаандаа гомдол гаргасан гэж үзсэн тохиолдолд дээрх асуудлыг нотлох нь хэрэгт ач холбогдолтой болно.

 

Нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны 2 дугаар сараас мөн оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дутуу олгосон цалингийн зөрүү шаардсан анхны нэхэмжлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацаа, харин ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэхтэй холбоотой нэмэгдүүлсэн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 1 сарын хугацаа тус тус хамаарах бөгөөд нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан дээрх хугацааны дотор хуульд заасан журмын дагуу гомдлын шаардлагаа гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг.

 

Гэтэл нэхэмжлэгч Ч.Г нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, ажиллаж байх хугацааны дутуу олгосон цалингийн зөрүү шаардсан нэхэмжлэлээ нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээсээ хойш эхний цалингийн зөрүүгээс тооцвол 2 жил 2 сар 12 хоног, сүүлийн цалингийн зөрүүгээс тооцвол 1 жил 5 сар 12 хоногийн дараа шүүхэд гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг аль хэдийнэ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд ийнхүү гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдалд нь хүндэтгэх шалтгаан байсныг хэрэгт авагдсан эрүүл мэндийн баримтууд хангалттай нотлож чадахгүй байна. 

 

Түүнчлэн ажлаас буруу халсан гомдлын тухайд нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш ажлаа огт хийгээгүй атлаа 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байдлаа мэдсэн гэж тайлбарлан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр энэ талаарх гомдлоо шүүхэд гаргасныг шүүх хуульд заасан хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээс өөр боломжгүй юм.

 

Учир нь, 1.Ажлаасаа чөлөөлөгдөөгүй ажилтан 1 жил 5 сарын хугацаанд чөлөө болон эмнэлгийн магадлагаагүйгээр ажил үүргээ гүйцэтгэхгүй байх боломж хуульд байхгүй, 2. Ажил олгогч түүнийг ажлаас чөлөөлснийг хожим буюу 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мэдсэн гэж үзвэл эс зөвшөөрсөн гомдлоо 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор буюу цалингийн зөрүү шаардсан нэхэмжлэлийнхээ хамт шүүхэд гаргаж болох байсан, 3. Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулаагүй ч ажлыг нь хийлгээгүй, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн гэж нэхэмжлэгч үзсэн бол зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй байсан байна.

 

Гэтэл ийнхүү хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаарх шийдвэрийг ажилтанд гардуулж өгөх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй буруутай нь тогтоогдож байгаа ч энэ нь ажилтны гомдлын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй байна.

 

Иймд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр шүүх Ч.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эцэст нь талууд хөдөлмөрийн харилцааг үгүйсгээгүй тул шүүх зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулж авах, түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт нэмж бүрдүүлэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг ийнхүү эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасныг тус тус баримтлан “Осим” брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, ажиллаж байх хугацаандаа дутуу авсан цалин хөлсний зөрүүд 11,408,273 төгрөг гаргуулах тухай Ч.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Г-ийн ажлаас буруу халсан талаарх нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс цалингийн зөрүү шаардсан нэхэмжлэлдээ төлсөн 197,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА