Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2019/00026

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2019/00002

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14ий өдрийн 203 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох  Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 30.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ХХК болон иргэн *******тэй 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр ******* ******* улсын дугаартай ******* арлын дугаартай BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн буулгагч худалдан авахаар тохирч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд ******* ******* улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машиныг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Тухайн үед ******* нь уг машинаас гадна ковш авахаар тохиролцсон боловч мөнгөний бололцооноосоо болоод эхлээд ачааны машин худалдаж авахаар болсон. Улмаар худалдах худалдан авах гэрээ байгуулж ачааны машиныг хүлээлцэн 2 тал гарын үсэг зурсан байдаг. Уг ачааны машин өнөөдрийн байдлаар *******ийн эзэмшилд байгаа бөгөөд айлын хашаанд байгаа. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авснаар худалдан авагчид эрсдэл шилждэг. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасны дагуу гомдол гаргах эрхийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь уг ачааны машиныг эвдрэл гэмтэлтэй байдаг ч 6 сарын дотор энэ асуудлаар гомдол гаргаагүй. ******* нь 30.000.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус гэрээний дагуу ******* нь 30.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Уг ачааны машин *******ийн мэдэлд очихоос өмнө эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэргийн материал дотор байхгүй. Эвдэрсэн гэж яриад байгаа боловч түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Утсаар ярьж байсан гэх боловч мөн л нотолж чадаагүй. Баруунхараад ковшийг ачиж ирсэн талаарх баримт байгаа эсэх, мөн олон удаа утсаар ярьж мессеж бичиж байсан гэж хэллээ. Тэгвэл утсаар ярьж байсан тухайгаа үүрэн телефоны оператороос лавлагаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Үнэхээр эвдэрхий машин хүлээгээд авчихлаа гэж бодсон бол 30.000.000 төгрөгөө нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргах эсхүл цагдаагийн байгууллагад хандаж болох байсан. Гэтэл нэг ч удаа ийм үйлдэл хийгээгүй. Хариуцагч шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Улаанбаатар хотоос Баруунхараа хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүйгээр уг тээврийн хэрэгслийг авч явах ямар ч боломж байхгүй. Ялангуяа ачааны машиныг замын цагдаа заавал зогсоож бичиг баримтыг нь шалгадаг. Уг тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд бүрэн шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар уг нотлох баримтыг гаргуулж авах эрх хариуцагчид байсан. Мөн гэрээний дийлэнх үнийн дүнг төлсөн тул худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзнэ. 30.000.000 төгрөг бол бага мөнгө биш. Гэтэл 30.000.000 төгрөг хүнд өгөөд дээрээс нь эвдэрхий машин авчихаад бүхэл бүтэн 7 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар хэнд ч гомдол гаргаагүй. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Тиймээс хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие ******* нь ******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие нь ******* ХХК-тай ******* ******* улсын дугаартай BEIBEN маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээг хийгээгүй. Тус шүүхэд өгсөн гэрээ нь хуурамч гэрээ байна. Өөрөөр хэлбэл миний бие нь ******* ХХК-тай ковш 50 маркийн буулгагч худалдах-худалдан авах гэрээ хийсэн ба шилжүүлсэн 30 сая төгрөг нь ковшийн мөнгө юм. Гэтэл ******* ХХК нь миний ковш буюу буулгагчийн гэрээний сүүлийн хуудас буюу гарын үсгийг зурсан хэсгийг оруулж нүүр хуудсыг өөрсдөө дур мэдэн зохион үйлдсэн байна. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ковш болон маргаан болоод байгаа ачааны машиныг худалдаж авахаар тохиролцоод ковшний төлбөрт 30.000.000 төгрөг төлсөн. Ачааны машины хувьд ямар ч гэрээ байгуулаагүй. Уг ачааны машиныг хүнд зарчихсан байж байгаад буцааж аваад 22-р товчооны ойролцоо оройн 20 цагийн үед өгсөн. Ковш болон ачааны машинаа хүлээж аваад явж байтал Баруунхараад ирээд үзэхэд аль аль нь ажиллагаагүй байсан. Тэгэхээр нь утасдаад энэ байдлыг нь хэлээд ковшийг нь буцаагаад явуулсан. Ковшийг ачиж ирэхийн тулд 700.000 төгрөг төлсөн. Тэгээд ачааны машиныг аваад цааш явж байтал замд дугуй нь хагарах тос маслоны асуудлууд гарч эхэлсэн. Ахиад утас руу нь залгаад хэлтэл хүний гараар дамжиж ирсэн болохоор би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би засварчин дуудаж үзүүлэхэд мотор муутай маш муу машин байна гэж хэлсэн. 30.000.000 төгрөгийг ковшинд өгсөн. Ачааны машины хувьд гэрээ ч байгуулаагүй мөнгө ч өгөөгүй. Надад тухайн техникийн бичиг баримтыг ч өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 05 сарын 28-ны өдөр ******* ХХК-аас төгрөгөөр ******* ******* улсын дугаартай ******* арлын дугаартай BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн буулгагч, ******* улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машиныг тус бүрийг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохирч гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу 30.000.000 төгрөгийг төлсөн. Уг нь буцаасан өөрөө ачигч машины үнэд 30.000.000 төгрөг өгсөн машиныг хүлээн авсан боловч замдаа эвдэрсэн тул буцаагаад арга буюу оронд нь өөрөө буулгагчийг авч явсан.Гэтэл тухайн машинууд нь нь тус компаний нэр дээр биш тухайн компаний хөрөнгө биш байхад намайг өөрийн хөрөнгө мэт хуурч мэхлэж гэрээ хийсэн байна. Үүнийг шүүхэд хэрэг шийдэх үед мэдсэн. Иймд бидний хооронд хийсэн автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн татгалзлаа шүүх хуралдаан дээр нотлоно гэжээ.

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийдвэрээр:

  -Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, *******ийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 30.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөг, сөрөг нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 237.750 төгрөгийг сөрөг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагч *******ээс 257950 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа :

Анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл, утгыг биелүүлээгүй, Дээрх магадлалаар ... 2018.05.28-ны өдөр Ж.Нэргүй нь эзэмшлийн гэх 23-16УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машиныг худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 28ны өдрийн ******* ******* улсын дугаартай ВЕIВЕNмаркийн машиныг худалдах, худалдан авах гэрээ гээд хэрэгт 2 гэрээ хавсаргасан ба нэхэмжлэгч нь аль гэрээний дагуу шаардлага гаргаж байгаагаа тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байхад тодруулахгүйгээр шийдвэрлэсэн, Уг маргаан бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хэрэгт хавсаргагдаагүй, Хариуцагч ******* нь 2018.05.28-ны өдөр Ж.Нэргүй нь эзэмшлийн гэх 23-16УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машиныг 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээнд 30.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2018.05.30-ны өдөр төлөхөөр болсон. Ингээд гэрээний дагуу 2018.05.28-ны өдөр 30.000.000 төгрөгийг шилжүүлээд тээврийн хэрэгслийг авч явсан боловч замдаа эвдрэл гарсан эд хөрөнгө болох 23-16УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машиныг доголдолтой гэж үзээд буцаагаад аваачиж өгсөн. Ингээд буцаагаад мөнгөө авах гэтэл мөнгийг чинь өгнө, гэхдээ ******* ******* улсын дугаартай ВЕIВЕN маркийн өөрөө буулгагч машиныг мөнгийг чинь буцааж өгтөл ашиглаж бай гэсний дагуу барьцаа маягаар тухайн автомашинийг авч явсан. Гэтэл нэхэмжлэгч нь 23-16УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машин дээр хийгдсэн гэрээний утгыг ******* ******* улсын дугаартай ВЕIВЕNмаркийн өөрөө буулгагч машинтай хольж хутган нэхэмжлэл гаргасан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн агуулга нь 2018 оны 05 дугаар сарын 28ны өдрийн ******* ******* улсын дугаартай ВЕIВЕNмаркийн машиныг худалдах, худалдан авах гэрээний агуулгатай үнэ болон төлөх хугацаа нь зөрүүтэй, харин 23-16УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машин дээр хийгдсэн гэрээний агуулгатай таарч байгаа нь хариуцагчийн хэлсэнчлэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* ******* улсын дугаартай ВЕIВЕNмаркийн машиныг худалдах, худалдан авах гэрээг гол гэрээний агуулга болгож хийгээгүй болох нь харагдаж байна. Нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхгүй этгээд гаргасан байгааг шүүгч анхаарч үзээгүй. Нэхэмжлэлийг шүүхэд ГүнтэлмэнХХК-ий захирал Ж.Батчулууны олгосон итгэмжлэлээр М.Шаравнямбуу гаргасан ба маргааны гол агуулга болох худалдах, худалдан авах гэрээг машины эзэмшигч гэх Ж.Нэргүйтэй хийсэн байтал Ж.Нэргүй нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй ба уг тээврийн хэрэгсэл нь Хас банкны, эзэмшлийнх байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Нөгөөтэйгүүр шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж оролцсон М.Шаравнямбуу нь 2019 оны 01-р сарын 31ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад хэлэхдээ ... маргааны зүйл ******* ******* улсын дугаартай ВЕIВЕN маркийн автомашины эзэмшигчийг яг хэн гэдгийг мөн хэний нэр дээр байсныг мэдэхгүй байна, би бодохдоо *******ХХК-ий нэр дээр байгаа байх гэж бодож байна гэсэн ба харин сүүлийн анхан шатны шүүх хуралдаан дээр хуралдаан болохоос өмнөх өдөр буюу 2019 оны 05 сарын 13-ны өдөр Хас банкнаас авсан тодорхойлолтыг гаргаж ирсэн ба уг тодорхойлолтоор ...тухайн худалдсан гэх тээврийн хэрэгсэл нь Хас банкны эзэмшлийнх байсан энэ талаар хариуцагч талтай худалдах, худалдан авах гэрээг хийхдээ мэдэгдээгүй, гэрээнд энэ талаар тусгаагүй байна.

Мөн Гүнтэлмэн ХХК нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг хийхдээ Хас банкнаас зөвшөөрөл авалгүй, ******* ХХК-ний эсвэл Нэргүйн эзэмшлийн гэж хариуцагч талд итгүүлэн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хуурч мэхэлж хийсэн гэрээ хэлцэл байх боломжтой юм. Мөн 2019 оны 01-р сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны явц хүртэл Хас банкны эзэмшлийх гэдгийг мэдэгдээгүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж ирээгүй нэхэмжлэлдээ энэ асуудлыг тусгаагүй, шүүхийг хүртэл хуурч мэхэлсэн байхаар харагдаж байна.

Иймээс хариуцагчийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05-р сарын 14-ний өдрийн 203 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 2018 оны 05 дугаар сарын 28ны өдрийн ******* ******* улсын дугаартай ВЕIВЕNмаркийн машиныг худалдах, худалдан авах гэрээний агуулга нь илтэд хуулийн шаардлага хангаагүй бусдыг хуурч мэхэлсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж марган улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд 2018 оны 05 сарын 28-ны өдрийн ******* ******* улсын дугаартай ******* арлын дугаартай /BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн өөрөө буулгагчийг худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг шаарджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо шүүх гэрээний зүйл болох автомашин нь хэний өмчлөлийнх болох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх үед худалдсан автомашин нь Хас банкны өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул гэрээг хуурч мэхлэж хийсэн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж тайлбарлажээ.

Хэргийн үйл баримтын талаар: Зохигчид ************** улсын дугаар бүхий ******* арлын дугаартай BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн өөрөө буулгагч /самсомол/-ийг 55.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, автомашины үнийг хэсэгчлэн төлөхөөр, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ж.Нэргүйтэй 23-16УБ улсын дугаартай, шар өнгөтэй ZL50CL1018270 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигчийг / ковш/ 50.000.000 төгрөгөөр тус тус худалдан авахаар харилцан тохирч гэрээ байгуулжээ.

Гэрээнд заасны дагуу худалдан авагч нь автомашины үнэд 30.000.000 төгрөгийг шилжүүлж, хоёр автомашиныг хүлээн авч явах замд эвдэрсэн тул 23-16УБ дугаартай авто ачигчийг худалдагчид буцаан өгч ************** дугаартай өөрөө буулгагч автомашиныг авсан байна.

Дээрх үйл баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний дагуу худалдан авагч буюу хариуцагч ******* нь автомашины урьдчилгаанд 30.000.000 төгрөгийг шилжүүлж, ******* ******* улсын дугаар бүхий өнгийн өөрөө буулгагч /самсомоль/-ийг худалдан авагчаас худалдагчид тус тус шилжүүлжээ. Ийнхүү гэрээний дагуу хөрөнгийг шилжүүлсний дараа талууд гэрээний үүргийн биелэлтийн талаар маргасан байна.

Уг өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл нь талуудыг гэрээ байгуулах үед ******* ХХК-ийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуц-ийн гэрээгээр Хас банкны өмчлөлд шилжсэн, ******* ХХК нь хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байсан болох нь хэрэгт авагдсан Хас банкны 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 44/300 дугаартай, 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 44/193 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Худалдагч ******* ХХК нь ХАС банкны гэрээний зүйл болох хөрөнгийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй байхад тухайн хөрөнгийг бусдад худалдахаар гэрээ байгуулан улмаар хөрөнгийг худалдан авагч *******т шилжүүлж гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх ба зохигчдын хооронд хэлцэл хийсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан гэрээний үүрэг биелүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэхэд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Батцэцэг нь нэхэмжлэгч ******* ХХК-нд холбогдуулан зохигчдын хооронд ******* ******* улсын дугаартай өөрөө буулгагч автомашин худалдах, худалдан авах тухай 2018 оны 05 сарын 28-ны өдрийн гэрээг хуурч мэхэлж хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр гэрээний үр дагаврыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч *******ийн хувьд худалдан авсан эд хөрөнгө нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн хөрөнгө гэж ойлгон тухайн компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний дагуу худалдан авсан хөрөнгийн тодорхой үнийг шилжүүлж автомашиныг хүлээн авчээ.

Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаж худалдагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан нотлох баримтаар худалдан авсан автомашин нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмч биш болох талаар мэдэж улмаар гэрээг хуурч мэхэлж байгуулсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 59.4 сонирхогч этгээд ... хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох ******* ******* улсын дугаартай автомашин нь гэрээ байгуулах үед Хас банкны өмчлөлд буюу фидуц-ийн гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд худалдагч ******* ХХК нь худалдах гэж буй хөрөнгийн талаар худалдан авагчид мэдэгдээгүй ба өөрийн өмч хэмээн тайлбарлаж гэрээг байгуулан бусдын өмчлөлд байгаа автомашиныг түүний зохих зөвшөөрөлгүй худалдан авагчид шилжүүлсэн нь гэрээ бүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болж байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд хариуцагч нь гэрээний үр дагаврыг нэхэмжлэгчээр арилгуулахаар шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэсэн заалттай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 28-ны өдрийн ******* ******* улсын дугаартай өөрөө буулгагч автомашин худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу автомашины үнэд *******ээс шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулан *******т олгож, хариуцагч *******ийн эзэмшлээс гэрээний дагуу шилжсэн ************** улсын дугаартай BEIBEN маркийн ******* арлын дугаартай 2011 онд үйлдвэрлсэн, шар өнгийн өөрөө буулгагч /самсомол/-ийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул түүний тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ны хариуцагч *******т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 28-ны өдрийн ******* ******* улсын дугаартай өөрөө буулгагч автомашин худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу автомашины үнэд *******ээс шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг ******* ХХК- аас гаргуулан *******т олгож, хариуцагч *******ийн эзэмшлээс ******* ******* улсын дугаартай BEIBEN маркийн ******* арлын дугаартай 2011 онд үйлдвэрлсэн, шар өнгийн өөрөө буулгагч /самсомол/-ийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай. гэж.

2 дахь заалтыг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулан хариуцагч *******т олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН