Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2022/00025

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2022/000454 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдох,

Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 96 756 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, *******, тэдний өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Уул сумын Засаг даргын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн А/01 захирамжаар тариалангийн газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа Монгол улсын хэмжээнд 2021 оны 02 сарын 05-ны өдөр Тамгын газрын цахимаар болсон. Уг дуудлага худалдаагаар Баян-Уул сумын нийт 15 газар оролцсоноос миний бие газар тариалангийн зориулалттай 11 газрын дуудлага худалдаанд оролцож, нийт 5 газрын дуудлага худалдааны ялагч болсон. Улмаар 2021 оны 02 сарын 09-ний өдөр Баян-Уул сумын Тамгын газрын даргатай дуудлага худалдааны ялагчтай байгуулах ДХ-2021-03 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-т заасны дагуу 14 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчийн үнэ болох 547 510 306 төгрөгийг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Уг 5 газрын нийт хэмжээ нь 1016.06 га, нийт үнэ нь 553 783 678 төгрөг болсон. Тиймээс дэнчинд тавьсан 6 сая гаруй төгрөг дээрээ нэмж 547 510 306 төгрөг шилжүүлж, газрын захирамж гарахыг хүлээсэн.

...Миний зүгээс газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр биш компани байгуулж компанийн нэр дээр гаргуулах хүсэлтэй байгаагаа Баян-Уул сумын Засаг даргад танилцуулсан. Засаг даргын зүгээс боломжтой гэдэг хариу өгсөн учир би ганц хүний гишүүнчлэлтэй Сувдан онон гэх ХХКомпанийг байгуулсан. Ингээд компаниа байгуулж, компанийн нэр дээр 2021 оны 04 сарын 06-ны өдөр Баян-Уул сумын Засаг даргын А/61 тоот газар эзэмшүүлэх захирамж гарсан. Тухайн дуудлага худалдаанд 7, 8 оролцогч оролцсон, 1 оролцогч нь гомдол гаргасан учир танд газрын гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Ийнхүү гэрчилгээ гарахгүй явсаар 2021 оны 09 сарын 09-ний өдөр миний дансанд дуудлага худалдааны үнийн дүнд төлсөн мөнгө орсон. Гэтэл Баян-уул сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 24-ний өдрийн захирамж хүчингүй болгох тухай А/97 тоот захирамжаар миний дуудлага худалдаагаар авсан газруудын эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. Яагаад захирамж хүчингүй болсон талаар асуухад бид хууль зөрчсөн байна гэж Тагнуулын Ерөнхий газар, Аймгийн Засаг дарга зэргээс албан бичиг ирсэн гэж хэлсэн. Миний хувьд уг дуудлага худалдааны үнийг төлөхийн тулд 2020 оны 10 сарын 13-ны өдөр хийсэн өндөр хүүтэй, тусгай нөхцөлтэй хадгаламжаа 2021 оны 02 сарын 07-ны өдөр цуцалж, 2021 оны 02 сарын 08-ны өдөр дуудлага худалдааны үнийг төлсөн. Уг хадгаламж нь орлого нэмж болдог, зарлага гаргаж болохгүй хатуу, тусгай нөхцөлтэй гэрээ байсан. Хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцалсан учир хуримтлагдсан хүү нь буцаан татагдаж 11 808 801.02 төгрөгийн торгууль төлсөн. Хэдийгээр хүү нь хуримтлагдаж байсан ч хүүг нь авах эрхгүй, тусгай дансанд хуримтлагдаж байсан. Тиймээс дансны хуулга дээр орсон хүү нь буцааж зарлага байдлаар гарсан харагдаж байгаа.

Хэрэв би төрийн буруутай үйл ажиллагаа болох энэхүү дуудлага худалдаанд оролцож, хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлаагүй байсан тохиолдолд миний хадгаламжийн хүү 96 756 500 төгрөг болох байсан. ...Тиймээс хүүгийн орлого болох 96 756 500 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгөхийг хүсэж байна. Сумын Засаг дарга хууль зөрчиж газрын дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, буцаад захирамжаа өөрөө хүчингүй болгосон буруутай. Гэвч Засаг даргад хөрөнгө гэж байхгүй учир өөрт учирсан хохирлоо Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар нэхэмжилж байна. Миний хувьд компанийг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй. Би өөрөө хувь хүнээр дуудлага худалдаанд оролцож ялагч болсон. Мөн өөрийн нэр дээрх хадгаламжаа цуцалсан тул өөрийн нэрээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* тэдний өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 сарын 25-ний өдрийн 476 дугаар тогтоолоор Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян-г хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд ...атаршуулж олон жил орхигдсон 60,0 мянга га талбайг эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж, тариалангийн талбайн зүй зохистой газар ашиглалтыг хянах, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах нөхцөл бүрдсэн байна гэж тусгагдсаны дагуу  ...Онон голын хойд талын атаршсан газрыг эргэлтэд оруулах саналыг Хил хамгаалах ерөнхий газарт 2020 оны 4 дүгээр сард хүргүүлсний дагуу ...тус газраас Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ын дагуу холбогдох материалыг тухай бүр нь бүрдүүлж зөвшөөрөл авч байх талаар албан бичгээр хариу ирсэн. Үүнийг бид Засгийн газрын зохих зөвшөөрлийг авсан гэж ойлгож байсан.

Ингээд тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор Баян-Уул сумын 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, ...сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан.

Уг дуудлага худалдаанд 11 нэгж талбар 1466.05 га талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг дуудлага худалдааны анхны үнэ 89 795 562.5 төгрөгөөр зарласан. Дуудлага худалдаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн ******* нь 11 нэгж талбарт оролцохоо илэрхийлж, дэнчинг байршуулан, 5 нэгж талбар буюу 1016,0910 га газрыг 553 733 674 төгрөгөөр ялагч болсон бөгөөд бид ялагчтай байгуулах гэрээг *******тай байгуулсан.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 11.8-д "Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр өөрийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авах этгээд нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгааг бичгээр нотолсон байна гэж заасны дагуу ******* нь өөрийн ялагчийн эрхээ Сувдан онон ХХК-д шилжүүлсэн.

Сувдан онон ХХК нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан тул сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар Сувдан Онон ХХК-д 1016,0910 га газрыг эзэмшүүлсэн. Гэвч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/1626 дугаартай аймгийн Засаг даргын албан бичигт Сувдан Онон ХХК-д 1016,0910 га газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох арга хэмжээг авах гэсэн агуулгатай байсан. Үүний дагуу сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжаар сумын Засаг даргын 2021 оны А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын Тамгын газраас *******т дуудлага худалдааны үнэ болох 553.733.674 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүй буцаан олгосон.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч ******* нь уг хуульд заасан шаардах эрхийг эдлэхгүй юм. Учир нь ******* дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн ч өөрийн ялагчийн эрх буюу газар эзэмших эрхээ Сувдан Онон ХХК-д шилжүүлсэн, дуудлага худалдааны ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг Сувдан Онон" ХХК шилжүүлэн авч газар эзэмших эрхтэй болсон байсан. Уг дуудлага худалдаа болон сумын Засаг даргын захирамжтай холбоотойгоор гомдол гаргах, хохирлоо шаардах эрх нь зөвхөн Сувдан Онон ХХК-д бий. Тиймээс ч Сувдан Онон" ХХК-ийн эрх ашгийг хохироосон гэсэн үндэслэлээр тус компаниас сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас "Сувдан Онон" ХХК-д биш, *******т учирсан гэм хохирлыг хариуцах үндэслэл байхгүй байна.

...Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол олох ёстой байсан хүүгийн орлого 96 756 500 төгрөг гэдэг нь ямар тооцоолол, баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Мөн хадгаламжийн гэрээнд заасан хэдэн хувийн хүүгээр тооцсон нь ойлгомжгүй байна.

...Түүнчлэн нэхэмжлэгч нь 96 756 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоёр хариуцагч татсан боловч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь одоо хүртэл тодорхойгүй байна. Сумын Засаг дарга нь бие даасан төсөвгүй, хуулийн этгээдэд тооцогдохгүй хувь хүн байдаг. Харин сумын Засаг даргын Тамгын газар нь бие даасан төсөвтэй, хуулийн этгээдэд тооцогддог. Иймд нэхэмжлэгч нь хохирлоо сумын Засаг дарга гэдэг хувь хүнээс нэхээд байна уу, сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Хариуцагч нар нь дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул *******ын гаргасан 96 756 500 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: . Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, түүний Тамгын газарт тус тус холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 96 756 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 735.50 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тухай тус тус заажээ. Хуулийн дээрх зүйлүүдэд зааснаас үзвэл төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан байхыг ойлгох бөгөөд иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн дээрх зүйлүүдэд зааснаар хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд болж чадахгүй байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* иргэний хувиар хариуцагчийн зохион байгуулсан цахим дуудлага худалдаанд оролцон ялагч болж, ялагчтай байгуулах гэрээг байгуулан, өөрийн Төрийн банк дахь хадгаламжийг цуцлан газрын үнийг төлсөн боловч тэрээр Дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай №ДХ-2021-03 тоот гэрээний  3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өөрийн ялагчийн эрх үүргээ Сувдан Онон ХХК-д шилжүүлсэн байх ба улмаар газар эзэмших эрх тус компанийн нэр дээр гарсан талаар нэхэмжлэгч маргаагүй.

Дээрх гэрээнд зааснаар *******ын цахим дуудлага худалдааны ялагчийн эрх үүрэг Сувдан Онон ХХК-д шилжсэнээр уг цахим дуудлага худалдаа, гэрээний эрх үүрэг болон газар эзэмших эрхтэй холбоотой бүх үр дагавар Сувдан Онон ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч *******ын хувьд дуудлага худалдаа, газар эзэмших эрхтэй холбоотой үр дагаврыг шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Сувдан Онон ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагч нарын үйлдэл, нэхэмжлэгч *******ын Төрийн банк дахь өөрийн хугацаатай хадгаламжаа цуцалсаны улмаас авах байсан хүүгээ алдаж хохирсон гэх нөхцөл байдлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэгч *******ыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан гэм хорын хохирлыг хариуцагч нараас шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч нь Сувдан Онон ХХК-иас өөрт учирсан хохирлоо шаардсаны дагуу компани уг хохирлыг *******т төлсөн бол Сувдан Онон ХХК өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрх үүснэ. гэж тайлбарлан ******* нь эрхээ Сувдан Онон ХХК-д шилжүүлсэн учраас шаардах эрх байхгүй гэж бодит үйл явдлыг шүүх зөв дүгнээгүй учраас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдож байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/01 захирамжаар тариалангийн газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа анхнаасаа хууль зөрчин зохион байгуулсан болохоо хариуцагч нараас хүлээн зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/97 тоот захирамжаар хүчингүй болгосон үйл явдал тогтоогдсон.

Тухайлбал сумын Засаг дарга А/97 тоот захирамжаараа ...Монгол улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.3.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтуудыг үндэслэн өмнөх газар эзэмшүүлэх захирамжаа /сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/59, А/60, А/61/ хүчингүй болсонд тооцсон. Хэдийгээр газар эзэмших эрх дуудлага худалдаанд оролцогч хүсэлт гарган өөрийн байгуулсан ганц үүсгэн байгуулагчтай Сувдан Онон ХХК-д эрх шилжүүлсэн хэдий ч эрх шилжүүлсэн үйлдэлтэй холбоотой эрх хүлээн авснаас хойш үр дагавар биш, энэ дуудлага худалдаа зохион байгуулах үйл явдал нь өөрөө хууль зөрчсөн учраас дуудлага худалдаанд оролцсон иргэн нэхэмжлэл гаргаж байгааг шүүх буруу дүгнэсэн.

Сумын Засаг даргын захирамжаар дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр буюу хэлцэл нь анхнаасаа хууль зөрчсөнөөс болж хүчингүй болсон. Шүүхээс зөвхөн захирамж дээр үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хэрвээ Баян-Уул сумын Засаг дарга тариалангийн газар эзэмшүүлэх тухай дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргахдаа хуулиар олгосон эрхээ хэтрүүлэн хууль зөрчөөгүй бол дуудлага худалдааны ялагч болсон иргэн, хуулийн этгээдүүд газар эзэмших дуудлага худалдаа явагдахгүй, уралдаанд орж гэрээ байгуулах эрх хүчин төгөлдөр байх байсан. Засаг даргын тариалангийн газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай захирамж, түүнийг үндэслэн дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулах, газар эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргасан нь өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ, Улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно, Улсын хилийн зурвас газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна. гэсэн хуулийн заалтыг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан төрийн байгууллага түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагаа билээ. Дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гаргасан, дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулсан гэх нөхцөл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх анхаарч үзээгүй. Би нэхэмжлэл гаргахдаа дуудлага худалдаанд оролцохдоо өөрт учирсан гэм хорыг л нэхэмжилсэн. Шүүхийн дүгнэсэн А/97 захирамж нь эдгээр асуудалтай салшгүй холбоотой юм.

Хүчин төгөлдөр хэлцлийн улмаас би хохирсон учраас шаардах эрх нь иргэн ******* надад үүсч байна. Сувдан Онон ХХК-д хэдийгээр газар эзэмших эрхийг шилжүүлж захирамж гаргуулсан боловч энэ нь өмнө хийсэн хэлцэл, үйл явдлын үр дүнгээр хүчингүй болсон учраас анхнаасаа буруу шийдвэр гаргаж дуудлага худалдаа зохион байгуулсан буруутай этгээдээс би хохирлоо нэхэмжлэх нь үндэслэлтэй. Тэгээд ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зохицуулсан байхад шүүх буруу дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ дэмжиж оролцсон. Гэтэл нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар миний хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасангүй гэж шүүхийг буруутгажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргах үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эртхэй гэж заасан, шүүх диспозитив зарчмын дагуу нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, шаардлагыг өөрийн дураар өөрчлөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй юм.

2. ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын тогтоолын хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 11.2-т зааснаар Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газартай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ДХ-2021-03 дугаартай Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-г байгуулсан. Гэвч дээрх журмын 11.8-д зааснаар ******* нь дуудлага худалдааны талаар ямар нэгэн гомдол гаргалгүйгээр өөрийн ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг Сувдан Онон ХХК-д шилжүүлсэн. Иймд уг гэрээний нэг талыг өөрийн эрх, үүргээ бусдад шилжүүлсэн буюу гэрээний нэг талыг өөрчлөгдсөн гэж үзэх нь зөв. Гэрээний нэг тал өөрчлөгдсөний дараа нөгөө тал болох Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хохирол шаардах, нэхэмжлэл гаргах эрхийг мөн л Сувдан Онон ХХК хэрэгжүүлэх эрхтэй. Гэрээний оролцогч биш болсон *******т Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-тэй холбогдуулан шүүхэд хохирол нэхэмжлэх эрх байхгүй болсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баян-Уул сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа:

... ******* нь дуудлага худалдаа зохион байгуулсан Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар болон дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргасан сумын Засаг дарга хоёрт холбогдуулан анх нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа өөрт учирсан хохирлыг сумын Засаг даргаас нэхэмжлээгүй, зөвхөн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас бүх хохирлоо нэхэмжилж байна гэж хэлсэн. Иймд *******ын гомдлыг сумын Засаг даргад биш, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргасан гомдол гэж ойлгож байгаа. Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас *******ын гомдолд холбогдуулан гаргасан тайлбарыг дэмжиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Дуудлага худалдааны төлбөрийг би өөрөө төлсөн учир нэхэмжлэл гаргасан. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тул хохирлоо нэхэмжилж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь хууль бус дуудлага худалдааны улмаас өөрийн хадгаламжийг цуцалж, олох ёстой байсан орлогоороо хохирсон. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн нарын өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт холбогдуулан Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 96 756 500 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Баян-Уул сумын   Засаг   даргын   2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/01 тоот захирамжаар тариалангийн газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа Монгол улсын хэмжээнд 2021 оны 02 сарын 05-ны өдөр Тамгын газрын цахимаар болсон. Уг дуудлага худалдаагаар Баян-Уул сумын нийт 15 газар оролцсоноос миний бие газар тариалангийн зориулалттай 11 газрын дуудлага худалдаанд оролцож, нийт 5 газрын дуудлага худалдааны ялагч болсон. Улмаар 2021 оны 02 сарын 09-ний өдөр Баян-Уул сумын Тамгын газрын даргатай дуудлага худалдааны ялагчтай байгуулах ДХ-2021-03 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-т заасны дагуу 14 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчийн үнэ болох 547 510 306 төгрөгийг Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Уг 5 газрын нийт хэмжээ нь 1016.06 га, нийт үнэ нь 553 783 678 төгрөг болсон. Тиймээс дэнчинд тавьсан 6 сая гаруй төгрөг дээрээ нэмж 547 510 306 төгрөг шилжүүлж, газрын захирамж гарахыг хүлээсэн.

... 2021 оны 09 сарын 09-ний өдөр миний дансанд дуудлага худалдааны үнийн дүнд төлсөн мөнгө орсон. Гэтэл Баян-уул сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 24-ний өдрийн захирамж хүчингүй болгох тухай А/97 тоот захирамжаар миний дуудлага худалдаагаар авсан газруудын эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. ... Миний хувьд уг дуудлага худалдааны үнийг төлөхийн тулд 2020 оны 10 сарын 13-ны өдөр хийсэн өндөр хүүтэй, тусгай нөхцөлтэй хадгаламжаа 2021 оны 02 сарын 07-ны өдөр цуцалж, 2021 оны 02 сарын 08-ны өдөр дуудлага худалдааны үнийг төлсөн. Уг хадгаламж нь орлого нэмж болдог, зарлага гаргаж болохгүй хатуу, тусгай нөхцөлтэй гэрээ байсан. Хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцалсан учир хуримтлагдсан хүү нь буцаан татагдаж 11 808 801.02 төгрөгийн торгууль төлсөн. ...

Хэрэв би төрийн буруутай үйл ажиллагаа болох энэхүү дуудлага худалдаанд оролцож, хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлаагүй байсан тохиолдолд миний хадгаламжийн хүү 96 756 500 төгрөг болох байсан. ...Тиймээс хүүгийн орлого болох 96 756 500 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгөхийг хүсэж байна. ... гэж,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* болон тэдний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ: ... тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор Баян-Уул сумын 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, ...сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан.

Уг дуудлага худалдаанд 11 нэгж талбар 1466.05 га талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг дуудлага худалдааны анхны үнэ 89 795 562.5 төгрөгөөр зарласан. Дуудлага худалдаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн ******* нь 11 нэгж талбарт оролцохоо илэрхийлж, дэнчинг байршуулан, 5 нэгж талбар буюу 1016,0910 га газрыг 553 733 674 төгрөгөөр ялагч болсон бөгөөд бид ялагчтай байгуулах гэрээг *******тай байгуулсан.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 11.8-д "Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр өөрийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авах этгээд нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгааг бичгээр нотолсон байна гэж заасны дагуу ******* нь өөрийн ялагчийн эрхээ Сувдан онон ХХК-д шилжүүлсэн.

Сувдан онон ХХК нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан тул сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар Сувдан Онон ХХК-д 1016,0910 га газрыг эзэмшүүлсэн. ... 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжаар сумын Засаг даргын 2021 оны А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын Тамгын газраас *******т дуудлага худалдааны үнэ болох 553 733 674 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүй буцаан олгосон.

... Уг дуудлага худалдаа болон сумын Засаг даргын захирамжтай холбоотойгоор гомдол гаргах, хохирлоо шаардах эрх нь зөвхөн Сувдан Онон ХХК-д бий. Тиймээс ч Сувдан Онон" ХХК-ийн эрх ашгийг хохироосон гэсэн үндэслэлээр тус компаниас сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас "Сувдан Онон" ХХК-д биш, *******т учирсан гэм хохирлыг хариуцах үндэслэл байхгүй байна.

...Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол олох ёстой байсан хүүгийн орлого 96 756 500 төгрөг гэдэг нь ямар тооцоолол, баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Мөн хадгаламжийн гэрээнд заасан хэдэн хувийн хүүгээр тооцсон нь ойлгомжгүй байна. ... гэж тус тус тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;-ийг гаргаж өгөх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй., 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж тус тус заасан.

Энэ хэргийн нэхэмжлэгч ******* нь ... төрийн буруутай үйл ажиллагаа болох дуудлага худалдаанд оролцож, хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлаагүй байсан тохиолдолд миний хадгаламжийн хүү 96 756 500 төгрөг болох байсан. ... гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэгчийн хадгаламжинд байсан хичнээн төгрөгөөс хүү бодож 96 756 500 төгрөг болсон нь тодорхойгүй. Энэ талаар тооцсон /банкны бодолт гэх мэт баримт/ нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжилж буй хадгаламжийн хүү 96 756 500 төгрөгийг хадгаламжинд байсан гэх 700-д сая төгрөгөөс үү, эсхүл хариуцагч Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар руу шилжүүлсэн 553 733 674 төгрөгөөс бодогдсон хүү юу гэдгээ тодорхой тайлбарлаж чадахгүй байхаас гадна түүний гаргаж өгсөн Төрийн банкны Дорнод салбар Шүр зах тооцооны төвийн 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 46 тоот албан бичгээр /хх-ийн 17/ тодорхойлсон мөнгөн дүнг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь дээр дурдсан хуулийн зохицуулалтыг хангаагүй, гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул шүүхийн шийдвэрийн талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 732 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2022/00454 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 732 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ