Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 203/МА2022/00033

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр Дугаар 203/МА2022/00033 Даланзадгад сум

 

 

 

 

******* ХХК-ий нэхэмжлэлтэй,

*******,

*******т хариуцагдах

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 143/ШШ2022/00307 дугаар шийдвэртэй,

******* ХХК-ий нэхэмжлэлтэй,

*******, *******т хариуцагдах,

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлоор 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн шаардлага:

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн *******тай ӨМ2016/48 тоот гэрээг байгуулж, ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэтэл аймгийн Засаг дарга ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг-ийн барилгыг шинээр барих ажлыг манай компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн боловч гэрээнд гарын үсгээ зураагүйгээс гэрээнд заасан хугацаанд ажил эхэлж чадаагүй.

Гарын үсгээ зураагүйг хууль зөрчсөн эс үйлдэхүй гэж манай компани маргаан үүсгэж Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр давах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гарсан эцсийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дахин шүүхэд манай компани хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШЗ2017/0083 тоот захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хууль бус эс үйлдэхүйн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхлэх байсан ажил 2017 оны 08 дугаар сарын 05-нд нээлтээ хийж эхэлсэн.

Энэ ажлын санхүүжилтийг Говийн оюу Хөгжлийг дэмжих сан- аас гэрээнд заасан хэмжээгээр гаргасан. Харин гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь эхлээгүйгээс болж тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсч манай компани зөвхөн материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийн хохирол хүлээсэн. Энэ хохирлыг ******* нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах үүргийн дагуу гаргасан А/05 захирамжаа үндэслэлгүйгээр үгүйсгэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд..., хариуцлагатай байх зарчмыг баримтална гэснийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэх хугацааны явцын хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ӨМ2016/48 гэрээний 11-д заасны дагуу хийж ирсэн тул үнийн өсөлт бий болсон талаар захиалагч тал мэдэж байсан. Энэ талаар манай компани ч мэдэгдэж байсан. Харин орон нутгийн хөгжил, сургууль, цэцэрлэгт суралцах хүүхдийн эрх ашгийг бодож барилгын ажлыг гэрээнд заасан үндсэн 10 сарын хугацаанд дуусгахаар аль аль талаасаа эрмэлзсэн. Захиалагч нь хугацааны алдагдал, үнийн өсөлт, ханшийн зөрүү зэргээс болж үүссэн хохирлыг арилгана гэдгээ мэдэгдэж ажлыг гүйцэтгүүлж хүлээн авсан. Тохиролцсон ёсоор алдагдлын төслийг гаргаж Комиссын дарга, Тамгын газрын дарга, Засаг дарга нарт хүсэлт өгсөн боловч нэг ч хариу ирээгүй байна. Мөн Засаг даргад энэ байдлаа 2019 оны 04 дүгээр сард дахин танилцуулсан боловч нааштай хариу сонссонгүй. Иймд *******, Өмнөговь аймгийн Тамгын газраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 945 030 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн а/119 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг барих" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж, оролцогчоос ирүүлсэн тендерийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээсэн юм.

Тухайн тендер шалгаруулалтад оролцогч нар удаа дараалан гомдол гаргаснаар тендерт ялагч байгууллагатай гэрээ байгуулах ажил удааширч аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай шийдвэр гарч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний төсөл баталгаажуулах болсон. Харин энэ үед хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон байсан тул дээрх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулахаас татгалзсан юм. Энэ талаар ******* XXК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэж, хяналтын шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, уг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулсан юм.

Нэхэмжлэлд барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсч, материалын болон машин механизмын зардалд 945,030,060 төгрөгийн хохирол хүлээсэн талаар дурдсан ч барилгын материалын үнэ хэрхэн өссөн талаар баримтыг гаргаагүй байна. Нэхэмжлэгч компани нь маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх үед тендер, түүнчлэн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байтал гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн заалт бүхий гэрээг хүлээн зөвшөөрч гэрээт ажлыг гүйцэтгэсний дараа хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг дарга, ******* нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030, 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,880,101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдолдоо:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.1-д зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч, болон нэхэмжлэгч нар нь нотлох баримт цуглуулах, гаргах талаар адилхан эрх үүрэгтэй байх ёстой. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлаа нотолж ямар ч нотлох баримт бүрдүүлээгүй.

2. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ...зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; ...үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасны дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:

Би хэргийн материалтай танилцаад 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 48 дугаар хүсэлт гаргаж,

1.      Манай Тендерийн баримт бичигт үзлэг хийж хэзээ, ямар үнэ өртгөөр материал, машин ашиглалтын зардлыг тооцоолж байсныг хэрэгт хавсаргаж өгөх, /тендерийн материал маш зузаан олон хуудастай тул шаардлагатай хэсэгт үзлэг хийлгэх байсан/,

2.   Тендерийн үнэ нь 2016 оны зах зээлийн ханшаар зохиогдсон тул уг үнээр 2017 оны 8-12 сард, 2018 оны 11 сарыг дуустал хугацаанд өссөн болохыг шинжээч томилж үнийг тогтоолгох,

3.   Гэрээний дагуу ажиллах болсон нь хугацаа алдах, дахин тендер зарлагдахад илүү төсөв зардал гарах, мөн сургуулийн хүүхдүүдийн сурах орчинд нөлөөлөх байснаас Засаг дарга Наранбаатартай ярилцсан ёсоор манайх ажлыг үргэлжлүүлсэн тул энэ байдлыг нотлох зорилгоор манай оролцсон 2016 оны 10 дугаар сарын 28-д нээсэн 7,5 тэрбум төгрөгийн хяналтын төсөвтэй зарлагдсан тендер цуцлагдлаа гэхэд:

а. 2017 оны 7 дугаар сарын 21-ээс хойш дахин ямар хугацаанд зарлагдах боломжтойг,

б. дахин тендер зарлагдах болбол хяналтын төсөв нь ямар хэмжээгээр нэмэгдэж зохиогдох,

в. шинээр зарлагдсан тендерийн уг барилгын ажил гүйцэтгэх гэрээ ямар хугацаанд биелэгдэж барилга баригдах буюу гэрээний үр дүн бий болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгохыг хүссэн боловч уг хүсэлтийг татгалзаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн гэрчээр Говийн оюу хөгжлийн сангаас:

2016 оны урилгаар өгсөн санхүүжилт урилгын дагуу шалгарсан гүйцэтгэгч ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд танай байгууллага тендер зарлагдаагүй үед болон тендер шинээр зарлагдсан тохиолдолд санхүүжилт өгөх боломжтой эсэх, Оюу хөгжлийн сан, аймгийн Засаг дарга, Тамгын газрын хооронд тухайн тендерийг санхүүжүүлэх талаар тохиролцсон тохиролцоо санхүүжүүлэх дүрэм, хамтын гэрээг байгаа эсэхийг тодруулж, хэрэгт хавсаргуулахыг хариуцагчид даалгах тухай хүсэлт гаргасан.

Энэ хүсэлт нь Дээд шүүхийн тогтоолоор хэрэг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн тогтоолд заасан дүгнэлтийг нотлоход ач холбогдолтой нотлох баримтууд байгаа юм.

4. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу бичигдээгүй. Үүнд:

Нэхэмжлэгч манай талаас нэлээн олон нотлох баримтуудыг гаргаж өгснийг шүүх шинжлэн судалсан гэж шийдвэртээ бичсэн боловч эдгээр нотлох баримтууд яагаад хэргийг нотолсон нотлох баримт болоогүйг бичээгүй байна.

Шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дэх хэсэгт Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэснийг зөрчсөн гэж бодож байна.

5.      Гомдлын эхний үндэслэл нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1.3, 1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байгаа боловч энэ маргаан удаан хугацаанд зөвхөн хариуцагчийн нотлох баримтаа гаргаж өгөхгүй байгаа буруугаас шалтгаалж хугацаа алдаж байгаа учир хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдвэрлэх боломжтой бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон захирамжид гомдол гаргаад байгаа юм шиг агуулгатай давж заалдах гомдол бичигдсэн.

Нотлох баримтыг хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Үүний дагуу хариуцагч талаас татгалзлынхаа үндэслэлийг нотолсон баримт гаргаж өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлийг давж заалдах гомдолдоо дурдсан.

Манай талаас өөрт байсан баримтуудаа нотлох баримтаар хангалттай гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг нотлох ёстой. Төсвийн тодотгол, тоо хэмжээний зөрүү, хугацааны алдагдал, ханшийн зардлын нэгтгэл, материалын зардал гэх мэт хувь хүн, иргэн, аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээнүүдийг хэрэгт нэхэмжлэлээ батлах зорилгоор гаргаж өгсөн. Улсын дээд шүүхээс нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн энэ баримтууд дээр үндэслэж шийдвэр гаргасан нь буруу гэсэн дүгнэлтийг ирүүлж байсан. Ийм нөхцөл байдал хэргийн хүрээнд авагдсан.

Хариуцагчийн зүгээс хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар нотлох баримтыг гаргаж өгөх шаардлага байхгүй. Гаргаж өгөх нотлох баримт байхгүй.

Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаагаар тендерээс татгалзсан бол ямар хэмжээний хохирол, эргээд төсөвт ямар ачаалал ирэх байсан юм бэ гэдгээ нотлохгүй байна гэж үзээд байгаа. Манай талд материал нь байхгүй учраас нотлох ямар ч боломжгүй. Иймээс давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь Улсын дээд шүүх, хяналтын шатны шүүхээс тогтоолоор буцаасан үндэслэлүүдийг арилгаж, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* болон түүний Тамгын газарт тус тус холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Үүнд:

3.а. Хэргийг хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 143/ТМ2022/00328 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн ...би 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэг хүсэлт өгсөн байгаа. ...Шүүгчийн туслах руу хоёр удаа утасдаж асуусан. Хариу өгөөгүй байгаа... гэсэн асуулт, даргалагчийн ...шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх боломжгүй байсан ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан бэ?. ... Шүүх хуралдаан зарласан үед та хүсэлт гаргаж байгаа бол шүүх хуралдаан дээр шийдвэрлэнэ. ... Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлэж байгаа хүнд нөлөөлж байгаа хэлбэр гэж ойлгох уу?, миний хүсэлтийг шийдэхгүй байна гээд ямар нэгэн байдлар гомдол гаргах эрхгүй захирамж гаргах гээд байна гэдэг агуулгаар тайлбар өгөөд байх юм ... гэсэн хариулт тэмдэглэгджээ. Энэ асуудлын дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлттэй танилцаагүй гэсэн тул нарийн бичгийн дарга хүсэлтийг танилцуулж, улмаар хүсэлтийг 143/ШЗ2022/01089 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ажиллагаа тэмдэглэгдсэн байна. /хэргийн 02 дугаар хавтасны 281, 288-290 дугаар хуудас/

Үүнээс үзвэл шүүхээс шүүх хуралдаан зарлахаас өмнө хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулсан... гэх агуулгыг илэрхийлэх боловч шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг баримтлан гаргаж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас өмнө үзлэг хийлгэх, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан нь уг хүсэлтэд бичигдсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэгээгээр нотлогдож байхад шүүх энэ үйл баримтад хийгээгүй байна. /хэргийн 2 дугаар хавтасны 279 дүгээр хуудас/

3.б. Шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШЗ2022/0109 дүгээр захирамжаар товлон зарласан байх боловч шүүх хуралдаан товлосноос хойш хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхийг хэргийн оролцогч нарын хэргийн материалтай танилцах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2-т заасан эрхийг зөрчсөн гэж үзэх тул шүүгчийн 143/ШЗ2022/01089 дугаартай захирамж үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ. /хэргийн 2 дугаар хавтасны 274 дүгээр хуудас/

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхийг нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэх агуулгатай гомдол үндэслэлтэй.

 

    4. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн боловч хэргийн үйл баримт, эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийгээгүй, түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн боловч гэрээний шинжийг ямар үйл баримтаар хангасан гэж үзэж байгаа, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний аль заалтыг аль тал хэрхэн зөрчсөн гэж үзсэн тухай хууль зүйн дүгнэлтийг хийгээгүйг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

     

    5. Шүүхээс эрх зүйн харилцаа, маргааны зүйлийг тодруулж чадаагүй, нотлох баримт бүрдүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх болон эрх тэгш байх эрхийг, шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ба энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ий давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах үндэслэл болж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

    6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4,883,101 төгрөг төлсөн байхад шүүх ...1,880,101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж... гэж шийдвэрлэсэн байгааг магадлалд дурдах нь зүйтэй./ 1хх- 26,27,28 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ий давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 143/ШШ2022/00307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 143/ШЗ2022/01344 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Р.МӨНХ-ЭРДЭНЭ