Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01831

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01831

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/02502 дугаар шийдвэртэй,

Д.М-ын нэхэмжлэлтэй ЦЕГ-т холбогдох,

Төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг,

1.2. 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг,

1.3. Цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг,

1.4. Цэргийн алба хаагчийн тэтгэврийг шинэчилсэн мөнгөн дүнгээр тэтгэвэр тогтоолгох агуулгатай шаардлага гаргасан.

Д.М нь Цагдаагийн байгууллагад 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ийг хүртэл нийт 21 жил гаран тасралтгүй ажилласан. Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл 5 жил болсон. Цагдаагийн байгууллагад ажилласан бусад нэмэгдэл хугацааг нэмж тооцоход 26 жил 6 сар гаруй ажилласан. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон боловч надад хохиролтой байгаа. Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 99 дүгээр Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл өлгох журмын 1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаасан 5-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно гэж, мөн журмын 3 дахь хэсэгтТөрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам-ын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тухайлбал, 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид /10+15+20/ 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заасан байна. Гэтэл миний цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан хугацаа 2017 онд болсон ба төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл болох 20 хувийн нэмэгдэл олгоогүй, төрийн тусгай алба хаасан хугацааны 10 болон 15 хувийн нэмэгдлийг өгч байсан байна. Албан тушаалын үндсэн цалингийн нийт 45 хувь хүртэлх төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын төв байрны нэгжийн дарга, албан хаагчид, нэр бүхий 14 нэгжээс бусад цагдаагийн байгууллага, нэгжийн алба хаагчдад олгогдоогүй. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалласан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж тодорхойлно гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заажээ. Уг Засгийн газрын тогтоол болон

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмыг хэрэгжүүлж эхлэх хугацаа буюу 2015 онд миний бие Цагдаагийн байгууллагад тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх сүүлийн 5 жил 60 сард олгогдох байсан төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлээс надад олгох ёстой байсан зөрүүг бодож үзэхэд 8,269,574.2 төгрөгийн хохирол авах, мөн 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг бодож үзэхэд 5,364,438 төгрөгийн хохирол авах, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс цэргийн алба хаагчийн тэтгэврийн мөнгөн дүнг шинэчлэн зөрүүг бодож үзэхэд одоо олгож байгаа 1,373,999 нь ойролцоогоор 1,475,540.16 төгрөг болж өөрчлөгдөх, энэ хугацааны зөрүү нийт 1,832,151 төгрөгийн хохирол болж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэ) төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүт явуулах шаардлагыг хангасан байна гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, мөн зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тоо хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; гэж тус тус зохицуулсан. Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" 99 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдпийг нэмж тооцно. гэсний дагуу 18 ба түүнээс дзэш жил ажилласан алба хаагчид /10+15+20/ нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөл тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ахлагч бүрэлдэхүүн, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс офицер бүрэлдэхүүний төрий тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчий ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна. Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийг санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна." гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ: гээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11., 129.1.-д заасны дагуу хариуцагч ЦЕГт холбогдох төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөг гаргуулах тухай Б.Мөнхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 235,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Цагдаагийн Ерөний газрын төлөөлөгч Х.Наранбаатар нь ...цагдаагийн байгууллагаас төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг санаатайгаар бууруулсан, олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засаг, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан... гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тайлбар нь ЦЕГт төсөв байхгүйгээс нэмэгдэл хуваарилах боломжгүй байгаа гэсэн агуулгатай байх буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хохирсон нь илт тодорхой болсон миний нөхцөл байдлыг харгалзаж, хэргийг тал бүрээс нь дүгнэлгүй, хэт нэг талыг барьж, хариуцагчийн тайлбараар гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагад бүхий л залуу насаа зориулж, үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлэн ажиллаж байсны хувьд хуульд заасан авбал зохих цалингийн зөрүү, тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй байгаа нь харамсалтай байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахЬ хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч ЦЕГт холбогдуулан

1.1.Төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг,

1.2. 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг,

1.3. Цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг

1.4. Цэргийн алба хаагчийн тэтгэврийг шинэчилсэн мөнгөн дүнгээр тэтгэвэр тогтоолгох

1.5. нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх агуулгатай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

2.а. Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь 1999 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Цагдаагийн байгууллагад нийт 22 жил, 3 cap, 8 хоног ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан байна./хх 7-8, 9, 10/

 

2.б.Нэхэмжлэгчийг Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 99 тоот Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам, Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож журмыг баталжээ.

 

2.в. Дээрх тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/248 тоот Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай тушаалаар ...Нэмэгдэл, нэмэгдэл хөлс,болон цалин тогтоох /код 924/ журам-ыг баталсан байна.

 

Энэхүү журмын код 924-ийн 924.5.4-т Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо албан хаагчийн ажилласан жилийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох-оор зохицуулжээ. /хх 36-38, 39-42/

 

2.г. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч байсан бөгөөд түүнийг ажиллаж байх үед тодорхой хэмжээгээр цалин хөлс нэмэгдсэн, уг нэмэгдлийг хариуцагч аваагүй үйл баримтын хувьд талууд маргаангүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ийм зөрүү гарсан Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолоор олгогдох ёстой байсан мөнгийг тэр үед нь олгож чадаагүй гэдэгт манайх маргахгүй гэж тайлбарлажээ.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд маргасан байна.

 

3.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, талуудыг маргаантай асуудлаар бүрэн мэтгэлцүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага дутуу шийдвэрлэсэн байна. Тухайлвал нэхэмжлэгч нь хэргийн 2 дугаар хуудсанд нэхэмжлэлийн 5-6 төрлийн шаардлага гаргасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.М нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх төрийн тусгай алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн мөнгөн дүнг шинэчлэн тогтоох, зөрүү мөнгөн дүнг гаргуулан авах, мөн Цэргийн алба хаагчид олгох 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү мөнгөн дүнг бодож олгуулахыг Цагдаагийн газарт даалгах, мөн Нийгмийн даатгалын газарт 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс одоог хүртэлх Цэргийн алба хаагчийн тэтгэврийг шинэчилсэн мөнгөн дүнгээр олгох, тэтгэврийн зөрүүтэй хугацааны мөнгөн дүнгийн хохирлыг нөхөн олгуулах шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь ...Иймд цалингийн зөрүүг гарган, сүүлийн 5 жил буюу 60 сарын цалин хөлсийг дахин холбогдох хууль тогтоомжийн дагуу бодуулж, зөрүү болох мөнгөн дүнгийн шимтгэлийг 2017 оноос эхлэн ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөл зохих мөнгөн дүнг тус цагдаагийн газраас нэхэмжилж гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэжээ.

 

3.б. Нэхэмжлэгч нь үйл баримт, хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох бөгөөд хуулийн дагуу зүйлчлэх, хуулийг тайлбарлан хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

3.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

 

3.г. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад тодруулах нь шүүхийн үүрэг. Дээрх мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шаардлагаас тусдаа нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх байгаа эсэхийг тодруулах, нэхэмжлэлийг бичгээр гаргуулах, хариуцагчид гардуулах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийх нь зүйтэй байжээ.

 

3.д. Мөн аль шаардлага нь цалин хөлсний, аль шаардлага нь бусад шаардлага болохыг зааглан ялгах, хөөн хэлэлцэх хугацааны хувьд үндэслэлтэй дүгнэлт хийх нь зүйтэй байжээ.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/02502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,281 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД