| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 146/2019/0049/э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 21.12.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 124
Д.Чт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалтай, Д.Чт холбогдох 1831003960024 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Буриад овогт Д Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Чийг мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Чт оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Ч гаргасан гомдолдоо “Д.Ч миний бие ямар ба эрүүгийн хэрэг хүлээлгэхээр /Бүртгэл мэдээлэл, өргөдөл, гомдол авагдсан зүйлгүй/ бусдыг эрүүдэн шүүсэн асуудал байхгүй бөгөөд харин бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, надад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтаар шийдвэрлэх байсан гэж үзэж буй учраас гэм буруутай тооцсон зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг хэлсэн саналдаа “шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй, гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлд маргаж байгаа болохоос биш бороохойдож, бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объктив, субъектив тал Д.Чийн бороохойдсон үйлдэлд байхгүй. Тухайн гэмт хэргийн гол шинж нь төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон байна. Гэтэл Х.Чимэгсанаа 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр малын хулгайн талаар бичгээр гомдол гаргаж 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.Мөнхбаатар гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн учир хэрэг хүлээлгэх тухай ойлголт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хаалгаа түгжиж, хөшгөө хаасан үйлдэл нь сэтгэл санааг шаналган зовоосон гэж дүгнэсэн. Гэтэл гэрч н.Гантулга хаалга түгжиж, хөшиг хаагаагүй талаар мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлэг байнгын зөрүүтэй байхад сэтгэл санааг шаналган зовоосон гэж үзэх боломжгүй юм. Монгол улс 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид “эрүүдэн шүүх” гэж бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлэхээр заасан бөгөөд Д.Чийн бороохойдсон үйлдэл нь хөнгөн гэмтэл учруулсан. Иймд хүчтэй шаналган зовоосон гэж үзэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх ёстой. Хэргийн зүйлчлэл бодит байдалд тохирохгүй байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ч нь төрийн албан хаагчаар буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан өрөөндөө тус сумын иргэн М.Мөнхбаатарыг мал хулгайлсан хэрэг хүлээлгэхээр зүүн гуя, гарын булчин хэсэгт тус бүр 2 удаа резинэн бороохойгоор цохиж эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлд маргаагүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг мал хулгайлсан хэрэг хүлээлгэхээр бороохойгоор цохисон гэдэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэх байсан боловч прокуророос тухайн зүйл ангийг орхигдуулсан. Гэхдээ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж болохгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүх Д.Чт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Чийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Д.Ч нь төрийн албан хаагч буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан өрөөндөө М.Мөнхбаатарыг мал хулгайлсан хэрэг хүлээлгэхээр зүүн гуя, гарын булчин хэсэгт тус бүр 2 удаа рензинэн бороохойгоор цохиж эрүү шүүлт тулгасан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Чийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан төрийн албан хаагч хэрэг хүлээлгэхээр эрүү шүүлт тулгасан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянаж үзэхэд шүүгдэгч Д.Ч нь Х.Чимэгсанаагийн “1 үхэр бэлчээрээс алдсан, хажуу айлын М.Мөнхбаатарынд хүмүүс ирж үхэр янзлаад явсан байна шалгаад өгөөч” гэсний дагуу хохирогч М.Мөнхбаатарыг албан өрөөндөө дуудаж “айлын мал хулгайлсан байна” гэж албандаа ашигладаг бороохойгоор цохиулсны улмаас бие махбодид шаналал зовиур учирч тэнцвэр алдагдсан уг гэмтлийн улмаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эмнэлэгт үзүүлж, “Си Жи Эс” эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж биеийн байдал эргээд хэвийн болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Мөнхбаатар нь шүүгдэгч Д.Чийн бороохойгоор цохисон үйлдлийг тооны хувьд зөрүүтэй мэдүүлсэн боловч бороохойгоор цохиулсан, уг үйлдлийг шүүгдэгч Д.Ч хийсэн талаар зөрүүгүй мэдүүлсэн байна.
Хэдийгээр шүүгдэгч Д.Ч нь албан ёсны гомдол, мэдээлэл авагдаагүй байхад иргэн Х.Чимэгсанаагийн гомдлын дагуу хохирогч М.Мөнхбаатарыг өрөөндөө дуудаж авчран тайлбар аван бороохойгоор цохисон үйлдэл нь Монгол улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэсэн тодорхойлолтод хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН