Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2022/00017

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00296 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******

Хариуцагч ******* ХХК-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 7232956 төгрөг гаргуулах тухай

хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч “*******” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын Илрэл нэртэй газарт 1317,92 гектор талбай бүхий Х1/-017487 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан. Тус тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуусч байсан тул тус компанийн хувьцаа эзэмшигч ******* нь ******* надад хандаж, компанийн XV-017487 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ажлыг гүйцэтгүүлэхийг хүссэн. Улмаар миний бие “*******” ХХК-ийн XV-017487 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хандаж, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгуулсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6/179 дүгээр албан бичгээр “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилээр сунгагдсан тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. Дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахтай холбоотойгоор "*******" ХХК нь хугацаа сунгуулах хураамж, тайлан хянуулах төлбөр, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр, байгаль орчин хамгаалах санд төлөх төлбөр зэргийг төлөх зайлшгүй шаардлагатай байсан тул энэ талаар *******д хэлэхэд “та өөрөөсөө түр гаргаад төлж бай, би бөөнд нь танд өгнө” гэж хэлсний дагуу миний бие “*******” ХХК-ий өмнөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7232956 төгрөгийг төлөөд байна. Миний бие “*******” ХХК-д ажилладаггүй, огт хамааралгүй этгээд бөгөөд дээрх 7232956 төгрөгийг буцаан гаргуулахаар хандахад удахгүй өгнө гэж хэлээд өдийг хүрээд байна. Ийнхүү Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу Тогтох мандал ХХК-ийн өр төлбөрт төлсөн 7232956 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 7232956 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

           2.Хариуцагч талын тайлбар, агуулга:

...Манай компани анх 15489Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс авч холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулан, татвар хураамжаа төлж ирсэн болно. Бид талбайдаа 6 жилийн хугацаанд хайгуул хийж багагүй зардал гаргаж, санхүүгийн хувьд асуудалтай болсон бөгөөд эцэст нь үр дүн гарахгүй юм байна гэж үзээд болихоор болсон байсан юм. Тухайн үед манай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байсан бөгөөд цаашид хайгуул хийх боломжгүй учраас лицензээ сунгуулах шаардлагагүй гээд шийдчихсэн байсан. 2016 онд ******* өөрөө холбогдон танай тусгай зөвшөөрлийг би өөрөө хариуцаад хүн амьтанд санал болгоод зараад өгье гэхээр нь зөвшөөрсөн юм. Миний хувьд өөрөө ******* гэдэг хүнд хандаж байгаагүй, бас таних ч үгүй. Бас намайг хугацаагаа сунгуулахаар гуйсан гэж, намайг “та өөрөөсөө түр гаргаад төлж бай, би бөөнд нь өгнө гэж, мөн 7232956 төгрөгийг буцаан гаргуулахаар хандахад удахгүй өгнө гэж ор үндэсгүй, бодит байдалд нийцэхгүй зүйл бичжээ. Учир нь би *******гоос манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг танихгүй болохоор сунгуулаад өг гэж гуйгаагүй, асуугаа ч үгүй, ******* бидэнтэй холбогдож тусгай зөвшөөрөлтэй холбоотой би өөрөө хийгээд сунгуулаад бусдад зарж шилжүүлье гэж хэлээгүй бол бид хайгуулын тусгай зөвшөөрлөө цаашид сунгахгүй байсан, өөрөөр хэлбэл хуульд зааснаар дуусгавар болгох байсан, ******* нь өөрөө санаачилж хүсч төлбөр, хураамжийг төлье гэсэн, бидний хувьд түүнд даалгавар өгч, эсхүл хүсэлт тавьж, эсхүл эхлээд чи төлчих, дараа нь бид төлье гэсэн ямар ч зүйл яриагүй болно. Эцэст нь хэлэхэд манай тусгай зөвшөөрлийг зарж ашиг олж чадаагүйгээс болж өөрөөсөө гаргасан мөнгийг шаардаж байгааг бид үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******д Ягаанцэцэг гэдэг хүн ******* ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүн хайж байгаа гэж хэлж энэ хүмүүсийг хооронд нь холбож өгсөн байдаг. Улмаар ярьж тохиролцоод ******* нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах, гарсан зардлыг ******* ХХК нь хайгуулын зөвшөөрөлтэй газраа зараад өгөхөөр тохиролцсон байдаг. Гэвч аль 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ******* ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбогдон гарсан зардлыг *******д өгөхгүй байгаа учраас баримтаар нотлогдож байгаа дээрх мөнгийг ******* ХХК-аас нэхэмжлэгч *******д гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 онд дуусаж байсан. Уг тусгай зөвшөөрөлтэй газрыг анх авахдаа Ягаанцэцэгийн зөвлөгөөгөөр авч байсан учир би Ягаанцэцэгт манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байна, ашиг ч гарахгүй юм орхино гэж хэлж байсан. Гэтэл ******* гэж хүн яриад хайгуулын тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад газрыг чинь зараад танд өмнө гарсан зардлыг чинь өгье гэхээр нь өмнө гарсан зардлаа олоод авчихвал зүгээр юм даа гээд зөвшөөрсөн юм. Тэгээд ******* нь тусгай зөвшөөрлийг сунгуулсан байсан. Уг газрыг зарж чадаагүй болохоор өөрийнхөө гаргасан зардлыг нэхэж байх шиг байна. Хэрэв зараад ашиг олсон бол ингэхгүй байсан байх. Уг нь бидний тохироо ******* бүх зардлыг гаргаад тусгай зөвшөөрлийг сунгуулах, газрыг зарж манай компанид өмнө гарсан зардлыг өгөх байсан. Гэхдээ бичгээр хийсэн гэрээ тохиролцоо байхгүй гэжээ.

           5. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар ******* ХХК-аас 7232956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130678 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 130678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

6. хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх “Тогтох Мандал” ХХК болон *******гийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарладаг, харин хариуцагчийн зүгээс маргагч талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж мэтгэлцсэн боловч шүүх зөвхөн нэхэмжлэгч талын байр суурийг харгалзан шийдвэр гаргасан.

            Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хооронд төлсөн төлбөр дээр маргаагүй боловч түүнийг нэхэмжлэгч ямар зорилгоор төлсөн, ямар үр дүн хүсч байсан, яах гэж 3 жил тасралтгүй хайгуулын лицензтэй холбоотой төлбөрүүдийг төлөв, зардлаа энэ хугацаандаа яагаад шаардаагүй талаар тайлбарлаж маргасан ба энэ нь талуудын хувьд тохиролцоо байсан буюу нэхэмжлэгчийн шаардсан зардал нь гэрээний харилцааны үндсэн дээр үүссэн зардал гэж тодорхойлогдохоор байгаа юм. Нөгөө талаар шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тайлбарлахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ажлыг ******* өөрийн зардлаар гүйцэтгэсэн гэдэг бөгөөд үүгээрээ талуудын хооронд гэрээний харилцаа үүссэнийг хүлээн зөвшөөрсөн юм.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй" гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

            Гэрчийн мэдүүлгээр гэрч нь 2 талыг хооронд нь зуучилсан үйл баримтын талаар гэрчилдэг бөгөөд мэдүүлэгтээ ‘‘..Тэр үед хоорондоо яриад тохирсон байх..", “..******* гэдэг хүн нь энэ хайгуулын талаар мэддэг хүн учраас *******д туслахаар ярьж хэлсэн” гэж ярьснаас үзвэл маргагч талуудын хооронд ямар  нэгэн тохиролцоотой байсныг, өөрөөр хэлбэл, гэрээний харилцаатай байсан нь нотлогддог.

Эцэст нь ******* нь тусгай зөвшөөрлийг зарж, бусдад шилжүүлж ашиг олж чадаагүйгээс болж өөрөөсөө гаргасан мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа тул Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00296 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно ” гэж заасан боловч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх анхан шатны шийдвэрийг хэзээ гардаж авсан талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс шууданд хийсэн шүүхийн шийдвэрийг манай жижүүр 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зуран гардан авсан” гэж дурдаад Монгол шуудангийн тамга бүхий хүснэгтийн фото зургийг хавсаргасан байх боловч тус зурагт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар миний утасны дугаар /95100951/ болон ажлын хаягаар /Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Хэрлэн плаза, 403 тоот/ хүлээн авагч буюу нэхэмжлэгч *******д шуудан хүргэгдсэн талаар тодорхой тусгасан байна.

Ийнхүү хариуцагчийн өмгөөлөгч нь өөрийн оршин суугаа хаягаар анхан шатны шүүхийн шийдвэрийг шуудангаар дамжуулан гардан авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасны дагуу холбогдох баримтын эх хувь эсхүл, нотариатаар батлуулсан хувийг гомдолдоо хавсаргаж өгөх үүрэгтэй боловч тухайн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацааг хэтрүүлж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх тул тус давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00296 тоот шийдвэртэй *******гийн нэхэмжлэлтэй ******* ХХК-нд холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хянав.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандаж хариуцагч ******* ХХК-аас газрын төлбөрт төлсөн 7232956 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрлэлт нь хэрэглэх ёстой хуулийг үндэстэйгээр сонгон тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг зөв баримталсан ба хэргийн оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангажээ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан заалтад үндэслэн эдийн шинжтэй эрх ашгаа хамгаалуулахыг хүссэн бөгөөд шүүх энэ шаардлагыг тухайн хуулийн заалтад нийцсэн бөгөөд хууль ёсны үндэслэл бүхий байна гэж үзсэнийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн шаардлага, түүнд холбогдох нотлох баримтыг татгалзаж буй үндэслэл болон нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх үйл баримт тодорхойгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол тайлбар, түүнийгээ нотолж буй баримтыг шүүхэд ирүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан хууль тогтоомжид тодорхойлон заасан. Хариуцагч энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдсан тодорхой баримтгүй байна. 

Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна” гэж хуульчилсны дагуу газар эзэмшиж, ашигласны төлбөрийг эзэмшигч, ашиглагч төлөхөөр бөгөөд энэ үүргийг хуульд заасан субъект өөрөө эрхлэн гүйцэтгэх ёстой.

Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын хүлээх үүргийг даалгавар болон бусад хэлцлийн үндсэн дээр гүйцэтгэж болох нь нээлттэй. Энэ тухайд хуулиар хатуу хориглосон зүйлгүй ямар ч тохиолдолд өөрийн хүлээх үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн тохиолдолд дараагийн хүлээх үүрэг хариуцлагын талаар хуульд үндэслэсэн гэрээ хэлцэл байх нь зохимжтой. Хариуцагч талын зүгээс энэ төлбөрийг бусдаар төлүүлэх, түүний үр дагаврыг хэн, аль нь хариуцах эсэхийг тохиролцон тогтоох нь нээлттэй байжээ. Нэгэнт энэ талаарх нотолсон баримтгүй учир хариуцагч талын зүгээс гаргасан тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрлэлт үндэслэлтэй байна.

Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00296 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байх тул хариуцагч талаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс гомдлыг нэгэнт хүлээн авсан анхан шатны шүүхийн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч гомдлоо хуульд заасан хугацаандаа эрхээ эдлэн гаргасан байна гэж үзсэнийг тайлбарлах нь зүйтэй.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00296 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 130678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                 Ш.ТӨМӨРБААТАР