Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/01280

 

 

                                             ****гийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Н.Баярмаа, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00296 дугаар шийдвэр, 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 218/МА2022/00017 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох 

7,232,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “ **** мандал” ХХК-ийн төлөөлөгч С.Өлзиймаагийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь Н.Уранчимэгт холбогдуулан 7,232,956 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00296 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “ **** ****” ХХК-аас 7,232,956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,678 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ **** ****” ХХК-аас 130,678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож шийдвэрлэсэн байна. 

3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 218/МА2022/00017 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 130,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

4. Хариуцагч “ **** мандах” ХХК-ийн төлөөлөгч С.Өлзиймаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан шаардах эрхээ, үндэслэлээ тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.05.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрчлөлт оруулж, тодруулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар хэрэглэснээрээ нэг асуудлын хууль зүйн үндэслэлийг зөрүүтэй байдлаар тайлбарлаж шийдвэрлэснийг харуулна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Анхан болон давж заалдах шүүх “ **** ****” ХХК болон ****гийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарладаг, харин хариуцагчийн зүгээс маргагч талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж мэтгэлцсэн боловч шүүх зөвхөн нэхэмжлэгч талын байр суурийг харгалзан шийдвэр гаргасан.

4.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.

4.2. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сараас 2018.02.09-ний өдрийн хооронд төлсөн төлбөр дээр маргаагүй боловч түүнийг нэхэмжлэгч ямар зорилгоор төлсөн, ямар үр дүн хүсэж байсан, яах гэж 3 жил тасралтгүй хайгуулын лицензтэй холбоотой төлбөрүүдийг төлөв, зардлаа энэ хугацаандаа яагаад шаардаагүй талаар тайлбарлаж маргасан ба энэ нь талуудын хувьд тохиролцоо байсан буюу нэхэмжлэгчийн шаардсан зардал нь гэрээний харилцааны үндсэн дээр үүссэн зардал гэж тодорхойлогдохоор байгаа юм. Нөгөө талаар шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тайлбарлахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ажлыг **** өөрийн зардлаар гүйцэтгэсэн гэдэг бөгөөд үүгээрээ талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг хүлээн зөвшөөрч, тайлбарладаг. Гэрчийн мэдүүлгээр гэрч нь 2 талыг хооронд нь зуучилсан үйл баримтын талаар гэрчилдэг бөгөөд мэдүүлэгтээ “..Тэр үед хоорондоо яриад тохирсон байх, ... **** гэдэг хүн нь энэ хайгуулын талаар мэддэг хүн учраас С.Өлзиймаад туслахаар ярьж хэлсэн” гэж ярьснаас үзвэл маргагч талуудын хооронд ямар нэгэн тохиролцоотой байсныг, өөрөөр хэлбэл, гэрээний харилцаатай байсан нь нотлогддог. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн гэрээний харилцааг зохицуулсан хэм хэмжээ, мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Хэргийн үйл баримт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн төлбөр төлсөн үйлдэл, үйл ажиллагаа зэргээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргасны дараа шүүх хуралдааны товыг утасдаж асуухад шүүгч нар ээлжийн амралттай байгаа учраас орж ирэхээр нь шүүх хуралдааны товыг хэлнэ гэсэн юм. Гэтэл давж заалдах шүүх гомдол хэлэлцэхдээ гомдол гаргасан хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь хариуцагчийн эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна. Эцэст нь **** нь тусгай зөвшөөрлийг зарж, бусдад шилжүүлж ашиг олж чадаагүйгээс болж өөрөөсөө гаргасан мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзиймаагийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлсэн байна. 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч “ **** мандах” ХХК-ийн төлөөлөгч С.Өлзиймаагийн гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.12.02-ны өдрийн 001/ШХТ2022/01381 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

ХЯНАВАЛ: 

7. Хариуцагч “ **** мандах” ХХК-ийн төлөөлөгч С.Өлзиймаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 4.3-т дурдсан “...давж заалдах шатны шүүх гомдол хэлэлцэхдээ гомдол гаргасан хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь хариуцагчийн эрхийг зөрчсөн...” гэсэн хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

9. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“ **** ****” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахад гарсан зардал 7,232,956 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсныг хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байсан бөгөөд цаашид хайгуул хийх боломжгүй учраас лицензээ сунгуулах шаардлагагүй гээд шийдчихсэн байсан, **** өөрөө хариуцаад хүн амьтанд санал болгоод зараад өгье гэхээр нь зөвшөөрсөн, тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар гуйгаагүй, өөрөө сунгуулж, газрыг зарж ашиг олох тохиролцоотой байсан...” гэсэн агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцжээ. 

10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, зохигчийн шүүх хуралдаанд биеэр оролцож мэтгэлцэх эрхийг хангаагүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” 165 дугаар зүйлийн 165.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасан хэдий ч давж заалдах шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хангах, зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдэх хуульд заасан нийтлэг журмыг баримтлах үүрэгтэй. Учир нь: 

12. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй” гэж заажээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг баталгаажуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж мэтгэлцэх зарчмын талаар, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “...шүүх хуралдаанд оролцох” эрхийг хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэхээр хуульчилсан. 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлдшүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, уг мэдэгдэх хуудсыг бичих шаардлага, түүнийг хүргүүлэх, мэдэгдэх хуудсыг зохигч хүлээн авахаас татгалзвал хэрхэн буцаах үндэслэл, журмыг тусгайлан зохицуулжээ. 

Эдгээр заалт нь императив буюу зайлшгүй дагаж мөрдөгдөх хэм хэмжээ бөгөөд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг зохигчдод мэдэгдэхийг давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон заалтууд юм. 

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх хуралдаанд оролцох, түүнчлэн зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. 

14. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ****гийн нэхэмжлэлтэй “ **** ****” ХХК-д холбогдох хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 169 дүгээр зүйлийн 169.1-д зааснаар магадлалыг хүчингүй болгох үндэслэл болж байна. 

15. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ **** мандах” ХХК-ийн төлөөлөгч С.Өлзиймаагийн хяналтын журмаар гаргасан гомдлын “...давж заалдах шүүх гомдол хэлэлцэхдээ гомдол гаргасан хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь хариуцагчийн эрхийг зөрчсөн...” гэсэн хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 218/МА2022/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                                   ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

  Г.БАНЗРАГЧ

             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

             Х.ЭРДЭНЭСУВД