Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 136/2016/0060/э |
Дугаар | 71 |
Огноо | 2016-11-18 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 71
С.Б, Б.Б, М.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Н.Болормаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
прокурор Д.Д,
шүүгдэгч С.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 71/А дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Б, Б.Б, М.Э нарт холбогдох 201610000094 дугаартай, 2 хавтас, 566 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У нарын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б,
Б /,
Э нарт холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч С.Б нь 2015 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Он өвөлжөөний эд зүйлээ хадгалдаг амбаарт машин механизм ашиглан очиж, цоожийг нь эвдлэн нэвтэрч эд зүйл хулгайлан авч 950,000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 10 дугаар сард мөн машин механизм ашиглан очиж, цоожийг нь эвдлэн хууль бус аргаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 45 дугаар байрны гадна зогсоолд зогсож байсан иргэн Ц.Мын *** ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бус аргаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нарлаг Шанд хорооллын 32 дугаар байрны хойд талын зогсоолд байсан иргэн Ж.Бийн *** ДГА улсын дугаартай супер УАЗ 469 маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 790,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр 80 айлын гадна талын зогсоолд тавьсан байсан иргэн Ш.Бийн ***ДГА улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 283,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Бын ***ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн машинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 351,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Б, Б.Б нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Бын ***УНӨ улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 351,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 4-58 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Сгийн УАЗ 469 маркийн ***ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлан авч 820,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдран суух иргэн Б.Оийн гэрт машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Б, М.Э нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр нефтийн 8 айлын байрны урд цонхон доор байсан иргэн М.Бын цэнхэр өнгөтэй, Даюун маркийн улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклийг хулгайлан авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 12-ны 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, холбооны байрны гаднаас машин механизм ашиглан очиж иргэн Б.Жгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Быг ганцаараа болон бусадтай бүлэглэж машин механизм хэрэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Б.Б, М.Э нарыг бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Б.Бт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, шүүгдэгч М.Эт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Б, М.Э нарт оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бы цагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон 60 хоногийг, Б.Бын цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 1425000 төгрөгийг шүүгдэгч С.Баас, 700000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас, 625000 төгрөгийг шүүгдэгч М.Эаас тус тус гаргуулж улсын орлого болгож,
Шүүгдэгч Б.Б, С.Б, М.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Э нарт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг тус бүр 2 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, М.Э нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэрийн маань бие муу байгаа. Ар гэртээ маш их санаа зовж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний эрүүл мэнд, ар гэрийн минь байдлыг харгалзан надад ганц удаа боломж олгож, тэнсэж хянан харгалзаж өгнө үү, цаашид хулгай хийхгүй амьдарна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн гомдол байхгүй ба С.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, уг хэргийн улмаас учирсан бүх хохирлыг анхан шатны шүүх хурлаас өмнө бүрэн барагдуулж, хохирол гомдол саналгүй болсон ба өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа юм. С.Б нь ам бүл 4-үүл, эхнэр, 0-2 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, биеийн эрүүл мэндийн хувьд урьд нь осолд орсоны улмаас хөдөлмөрийн чадвар 50 хувиар алдагдаж, эрүүл мэндийн байгууллагын байнгын хяналтанд, байнгын эмийн хэрэглээтэй байдаг юм. Анхан шатны шүүхээс С.Бд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний ар гэрийн болон биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү гэв.
Прокурор Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Б нь 11 удаагийн давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа тул тэнсэж хянан харгалзах боломжгүй тул шүүгдэгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1, 308.2-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч С.Болдсайхныг ганцаараа болон бусадтай бүлэглэж, шүүгдэгч Б.Б, М.Э нарыг бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Тодруулбал 1/шүүгдэгч С.Б ганцаараа буюу 2015 оны 9 дүгээр сард өөрийн эзэмшлийн Бений маркийн мотоциклийг ашиглан Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Он өвөлжөөний эд зүйлээ хадгалдаг амбаарт нэвтрэн орж эд зүйл хулгайлан 950000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн Бений маркийн мотоциклийг ашиглан иргэн Б.Он өвөлжөөний амбаарт нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 210000 төгрөгийг хохирол учруулсан,
иргэн Б.Жгийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг ашиглан 2016 оны 2 сарын 16-аас 17-нд шилжих шөнө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нарлаг шанд хорооллын 32 дугаар байрны хойд талын зогсоолд байсан иргэн Ж.Бийн *** ДГА улсын дугаартай супер УАЗ 469 маркийн автомашинд нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлан 790000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 1 дүгээр 80 айлын гадна талын зогсоолд тавьсан байсан иргэн Ш.Бийн ***ДГА улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашинд нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж 283000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 сарын 22-оос 23-нд шилжих шөнө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Бын ***ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн машинд нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж, 351000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 сарын 23-аас 24-нд шилжих шөнө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 45 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ц.Мын *** ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ пургон автомшинд нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,
2/шүүгдэгч С.Б, Б.Б нар бүлэглэж буюу иргэн Б.Жгийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг ашиглан 2016 оны 2 сарын 20-оос 21-нд шилжих шөнө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Бын ***УНӨ улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон маркийн автомашинд нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж, 351000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 4-58 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Сгийн УАЗ 469 маркийн ***ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтрэн эд зүйлсийг хулгайлан авч 820000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Б.Оийн гэрт нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлан авч 380000 төгрөгийн хохирол учруулсан,
3/шүүгдэгч С.Б, М.Э нар бүлэглэж 2016 оны 1 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, нефтийн 8 айлын байрны урд цонхон дор байсан иргэн М.Бын цэнхэр өнгөтэй, Даюун маркийн улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклийг хулгайлж, 1250000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 12-ны 19 цагийн орчимд хохирогч М.Бын Даюун мотоциклийг ашиглан, Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, холбооны байрын гаднаас иргэн Б.Жгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж, 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О, Ц.М, Ж.Б, Ш.Баттөр, Б.Б, Б.С, Б.О, М.Б, Б.Ж нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өөрсдийн гэм бурууг хүлээсэн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдаж байх ба хохирогч нар хэргийн талаар мэдүүлэхдээ мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Гэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Болдсайхны хулгайн гэмт хэрэг давтан үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй” гэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэхэд шүүгдэгч С.Б нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх ба тэрээр 2014 онд автомашины осолд орж, гэмтэл авсны улмаас Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн хяналтанд байж, эмчлүүлдэг болох нь тус эмнэлгийн 2016-3-10-ны өдрийн комиссын шийдвэр, хуралдааны болон эмчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний хувийн байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Т.У нарын гаргасан “...оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх хүртэл шүүгдэгч С.Болдсайхны нийт 160 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоолын холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 71/А дугаар шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч С.Бы цагдан хоригдсон хоногийг “103 хоног” гэснийг “...160 хоног” гэж өөрчилж, 7 дахь заалтад “шүүгдэгч С.Б” гэж нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА