Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01702

 

 

 

 

 

 

 

2022 09 12 210/МА2022/01702

 

 

 

У ХХК, О ХХК-уудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01971 дугаар шийдвэртэй

У ХХК, О ХХК-уудын нэхэмжлэлтэй Т ХХК, Т к ХХК-уудад холбогдох

нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Т ХХК-аас гэрээний үүрэгт 321,559,688 төгрөг, Т к ХХК-аас алданги 160,779,844 төгрөг гаргуулах,

нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч Т ХХК-аас 76,483,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О , түүний өмгөөлөгч Ж.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: О ХХК нь 2017 оноос хойш Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Далангийн нүүрсний уурхай буюу Фриендшип ресурсис ХХК-ийн эзэмшлийн уурхайн үйл ажиллагааг инженерийн багаар удирдсан.

Нүүрс олборлолтын онцлогоос хамаараад нүүрсний чанарыг сайжруулах зорилгоор өөрийн эзэмшлийн У ХХК-аар нүүрсийг 2018 оноос нүүрсийг том, жижиг ширхэгээр нь ангилж ялгаад түүнээс экспортлох болон дотоодын хэрэглэгчид, үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн. Энэ явцад Т ХХК-ийн захирал Г.Н нүүрс авъя, бусад уурхайнуудын нүүрсний чанар муу байна, таны нүүрс өдөр болгон лабораториор хянагддаг, чанар сайтай учраас бусад муу нүүрстэйгээ хольж борлуулъя гэдэг санал тавьсныг хүлээн авч 2018 оны 10 дугаар сараас эхлэн гэрээгүйгээр тус компани нүүрс авч эхэлсэн.

1.1. 2018 оны 12 дугаар сарын 17-нд бид Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж тодорхой хэмжээний нүүрсийг бартераар, тодорхой хэмжээний нүүрсийг бэлэн мөнгөөр авахаар тохиролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдал хотхонд байрлах, 242-14 болон 242-15 тоот твин хаусуудыг 800 м.кв талбайтай газрын хамтаар нэр дээр нь шилжүүлж өгөхөөр Ч.О той орон сууц захиалах гэрээг байгуулсан.

Бид авах төлбөрийн 20-30 хувьд тооцож хуучин машин, техник, ковшуудыг бартераар авсан. Нүүрс нь олон янзын чанартай, ширхэгшилтэй гардаг бөгөөд бүхэл буюу өндөр чанартай нүүрснийг аман тохиролцоогоор 35,000-55,000 төгрөгөөр тооцож байсан.

Дулааны станцын гэж нэрлээд байгаа нүүрсийг бид нар 26,000 төгрөгөөр тооцсон, уг нүүрс нь Багануурын нүүрстэй ижил чанартай.

Г.Н ийн нүүрсний үнийг хямдруулах хүсэлт гаргасны дагуу 26,000 төгрөгөөр хамгийн бага үнийг тогтоосон ба энэ үнийг би байшингийн 1 м.кв-ын үнэ, гэрээн дээр байгаа үнэтэйгээ 26,000 төгрөгөөр тооцоход дүйцнэ.

У ХХК нь 20,136.9 тонн нүүрсийг Т ХХК-д өгсөн нь дотроо чанарын ялгаатай ба нунтаг 9,186.08 тонн 3,500 к.калоритой нүүрс, шагай буюу нийт 2,293.07 тонн, 4,000 к.калоритой нүүрсийг 1 тонныг тус бүр 26,000 төгрөгөөр тооцож өгсөн.

Монцементийн нүүрс буюу 3,895 тонн, 5,000 к.кал түүнээс илчлэгтэй нүүрсийг 1 тонныг 40,000 төгрөгөөр, бүхэл К4, 2,101.3 тонн, 5,000 к.кал түүнээс дээш илчлэгтэй нүүрсийг 1 тонныг 43,750 төгрөгөөр, мөн К4, чулуутай 497.7 тонн, 4,500 к.кал илчлэгтэй нүүрсийг 1 тонныг нь 35,000 төгрөгөөр, бүхэл буюу К1, 2,161.5 тонн 5,000 к.кал илчлэгтэй нүүрсийг 1 тонныг 44,000 төгрөгөөр гэх мэт нийт 6 ангиллын нийт 20,136.9 тонн нүүрс нийлүүлсэн.

Нийт нүүрсний үнэд 658,751,688 төгрөгийг хариуцагчаас авах ёстой ба хариуцагч бэлнээр 145,000,000 төгрөг, бартериар 192,192,000 төгрөгт 2 ширхэг ковш, нийт 337,192,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 321,559,688 төгрөгийг Т ХХК-аас гаргуулж У ХХК-д олгуулна.

1.2. Мөн О ХХК нь 2019 оны 6 дугаар сараас П ХХК-ийн нүүрсний уурхайд инженерийн удирдлагыг давхар хийж, ажлын хөлсөнд тус компаниас нүүрс авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Уг нүүрсээ Т ХХК-д худалдсан бөгөөд хариуцагч нүүрсээ түрүүлж аваад төлбөрийг нь дутуу төлдөг байсан.

О ХХК нь П ХХК-ийн уурхайгаас олборлосон нийт 4,369.6 тонн нүүрсийг Т ХХК-д борлуулсны төлбөрт 218,483,600 төгрөг болсноос О ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 142,000,000 төгрөгийг Т ХХК-аас хүлээж авсан.

Уг нүүрсний 1 тонныг нь 50,000 төгрөгөөр тооцсон ба дунджаар 6,000 к.кал илчлэгтэй сайн чанарын нүүрс бөгөөд анх 55,000 төгрөгийн үнэтэй байсан ч Т ХХК-ийн саналаар 50,000 төгрөгөөр тооцсон. Уг нүүрсний нийт үнэ 218,483,600 төгрөгөөс Т ХХК-ийн өгсөн 142,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл нь 76,483,600 төгрөгийг гаргуулж О ХХК-д олгуулна.

1.3. Гэрээний хугацаа дуусгавар болж олон жил үргэлжилж байгаа, шилжүүлнэ гэсэн 2 орон сууцаа өгөөгүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 06-нд сингл хаусыг 320,000,000 төгрөгт тооцож өгнө гэсэн албан бичгийг манайд хүргүүлсэн. Энэ саналыг манай компани хүлээн авсан боловч мөн өгөөгүй.

Орон сууцны талаар 2 гэрээнд аль алинд нь заасан байгаа тул бид амины орон сууц захиалах гэрээний 6.3, хуульд заасны дагуу У ХХК-д төлөгдөөгүй нүүрсний үнэ 321,559,688 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 160,779,844 төгрөгийг Т к ХХК-аас гаргуулна.

Иймд Т ХХК-аас 321,559,688 төгрөгийг гаргуулж У ХХК-д, 76,483,600 төгрөгийг гаргуулж О ХХК-д, Т к ХХК-аас алданги 160,779,844 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. О ХХК нь Т ХХК болон Т к ХХК-уудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул шаардах эрхгүй. О ХХК чанартай нүүрс өгсөн гэж байгаа ч Т ХХК болон Т к ХХК-д нүүрс өгсөн баримтгүй. 4,369.6 тонн чанартай нүүрс байсан учир 50,000 төгрөгөөр авсан талаар маргахгүй.

2.2. Амины орон сууц өгөх гэрээг нэхэмжлэгч компанийн захирал Ч.О иргэний хувьд байгуулсан учраас түүнд гаргуулж өгөхөөр тайлбарласан боловч У ХХК шаардаж байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй байна.

Мөн хамтран нэхэмжлэгчээр Ч.О ыг татан оролцуулах талаар хүсэлт гараагүй. Энэ гэрээнд Т к ХХК-ийн төлөөлөгч захирал Г.Н гэсэн боловч тэрээр энэ хугацаанд тухайн компанийн гүйцэтгэх захирал байгаагүй. Үүнийг улсын бүртгэлийн лавлагаанаас харж болно. Мөн энэ гэрээг нөхөн хийсэн гэдэг нь харагдана.

2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд мөн оны 12 дугаар сард хийгдсэн гэрээний дугаарыг иш татсан байдаг. 7 дугаар сард гэрээ хийхдээ 12 дугаар сард хийгдсэн гэрээний он сарыг мэдэх боломжгүй.

Нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу нүүрс нийлүүлээгүй учир энэ гэрээний дагуу алданги шаардах боломжгүй. Нүүрс нийлүүлэх хэмжээг Нүүрс худалдах худалдан авах гэрээнд заасан.

2.2. У ХХК үлдэгдэл төлбөр 321,000,000 төгрөгийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Худалдаж авсан тонн хэмжээнд маргахгүй. Нүүрс худалдах худалдан авах гэрээнд өөр, өөр төрлийн үнэтэй байна гэсэн зүйл анхны гэрээнд байхгүй. 18,000 тонн нүүрс нийлүүлвэл 2 ширхэг твин хаусыг өгнө гэх тохиролцоотой учраас талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан. Хаусны зах зээлийн үнээр тохирч болох тохиролцоотой байсан. Байрны үнийг тогтоовол нүүрсний үнэ нь гараад ирэх юм байна гээд үүний дагуу шинжээч томилж үнэлүүлсэн. Иймд 18,000 тонн нүүрс нь 209,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэж ойлгож болно. 2,136 тонн нүүрсийг 15,000 төгрөгөөр тооцож авсан. 18,000 тонн нүүрсийг 209,468,000 төгрөг гэж үзвэл нийт 241,524,468 төгрөгийн нүүрс авсан. 4,369.6 тонн 50,000 төгрөгийн нүүрс нь 218,480,000 төгрөг болно. Нийт 460,004,468 төгрөгийн нүүрс авснаас 135,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 192,192,000 төгрөгт тооцож 2 ширхэг ковшийг өгсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т ХХК-аас 106,281,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК болон О ХХК-уудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 452,542,032 төгрөгт болон Т к ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,140,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 689,355.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар авсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2021/01414 дугаартай хүсэлт шийдвэрлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Т ХХК-ийн гаргаж өгсөн манай компанид ирүүлсэн бичгийн нотлох баримт, тооцоо судалгаанд үндэслэн нэхэмжлэл гаргасан боловч шүүх тус баримтуудыг анхаарч үзээгүй. Хоёр компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлж, 321,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нүүрсний өглөг авлагын тооцоо, 2019 оны 06 дугаар сарын 12, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдийн Т ХХК-ийн захирлаас ирсэн и.мэйл, түүний хавсралтууд, гар утаснаас нь ирсэн мессежүүд, албан бичиг зэргийг шүүх буруу үнэлсэн.

Талууд нүүрсний илчлэгээс шалтгаалан тонн тутмын үнийг тухайн үедээ өөр өөрөөр тохирч, нүүрс худалдаж, худалдан авч байсан учраас хоёр компанийн нягтлан бодогч нар ангилал тус бүрд нэгжийн үнийг бичиж, тооцоо нийлсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д зааснаар нягтлан бодогчийн хийсэн тооцооны актыг үгүйсгэх үндэслэлгүй.

4.2. П уурхайгаас нийлүүлсэн нүүрсийг тонн тутмын үнийг 55,000 төгрөгөөр тооцож байсныг 50,000 төгрөг болгон хямдруулан тооцоо хийхийг зөвшөөрч нүүрсний үлдэгдэл төлбөрийг 102,000,000 төгрөгөөс 76,000,000 төгрөг болгосон.

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн бичгийн гэрээ хийгдэхээс өмнө мөн оны 10 дугаар сараас эхлэн аман хэлцлээр нүүрс худалдаж, худалдан авч байсан нь талууд нүүрсний нэгжийн үнийг амаар тохиролцсоныг илтгэх ба энэ үнээр тооцоо нийлсэн.

4.3. Хоёр компанийн нягтлан бодогч нарын тооцоо үнэн зөв болохыг Т ХХК-йн албан ёсны и-мэйл хаягаас У ХХК-ийн и-мэйл хаягаар 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ирсэн Содоо ахаа тооцоо явууллаа гэсэн захидлын 2 дугаар хавсралтаар давхар нотлогдож байгааг үнэлж үзсэнгүй.

Энэ и-мэйлийн хавсралтад 13,090 тонн нүүрсийг 320,000,000 төгрөгийн 1 ширхэг сингл хаус болгож өөрчилж өгөхдөө захирал Г.Н зөвшөөрч тооцооллоо явуулсан. Шүүх хавсралтын төлбөрийн тооцоолол гэсэн хэсэгт 1 ширхэг сингл хаусыг 320,000,000 төгрөгөөр үнэлж, 13,090 тонн бүхэл болон нунтаг нүүрсний төлбөрт тооцож өгөхөө хүлээн зөвшөөрсөн хэсгийг шүүх орхигдуулсан. Үлдэх 7,090 тонн нүүрс нь тооцоо хийсэн тохиролцсон үнээр үнэлэгдэх ёстой.

320,000,000 төгрөгийн хаус, 4,369 тонн нүүрсний үнэ 237,000,000 төгрөг, зөрүү 2,136 тонн нүүрсний 46,900,000 төгрөг бүгд 585,500,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой байсан гэж 603,900,000 төгрөг болж байхад буруу тооцож илэрхий алдаа гаргасан.

4.4. П уурхайгаас нийлүүлсэн нүүрсний хэмжээ, нэгжийн үнэ төлбөрийн талаар хариуцагч маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг ба энэ шаардлагыг шүүх хангасан. Гэхдээ 2 компанийн авлагыг нэгтгэж тооцсон ба энэ 76,000,000 төгрөгийг хасвал Унивресаргео ХХК-ийн 321,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс 30,000,0000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. П ын уурхайгаас нийлүүлсэн нүүрсний үнийг тонн тутмыг 55,000 төгрөгөөр тохиролцсоныг 50,000 рөгрөг болгож буулгасан. Бусад нүүрсний үнийн тухайд үнэ буулгахыг зөвшөөрөөгүй.

4.5. Нүүрсний үнэд 320,000,000 төгрөгийн хаус өгнө гэсэн боловч өгөөгүй, гэрээндээ алданги төлөхөөр заасан тул алданги нэхэмжилсэн. Амины орон сууц захиалах гэрээ нь нүүрс нийлүүлэх гэрээний төлбөр болох нөхцөлийг тодорхой болгож баталгаажуулсан учраас энэ 2 гэрээ салшгүй холбоотой. Түүнчлэн алдангийг компаниар нэхэмжилснийг Ч.О ын нэрээр өөрчилж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүй орхисон. Иймд алдангийг төлүүлэх ёстой гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч У ХХК нь Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 321,559,688 төгрөг, нэхэмжлэгч О ХХК нь Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 76,483,600 төгрөг, У ХХК болон О ХХК-ууд нь Т к ХХК-д холбогдуулан алданги 160,779,844 төгрөг нийт 558,823,132 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. У ХХК нь Т ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18/12/01 тоот нүүрс худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч У ХХК нь 18,000 тонн нүүрс нийлүүлэх, худалдан авагч Т ХХК нь нүүрсний үнэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдал хотхон Френдшип таун /Friendship town/-д байрлах Твин хаусны 000-00, 000-00 тоот, тус бүр 122 м.кв талбайтай, 800 м.кв талбай бүхий газартай байшинг бүрэн ашиглалтад оруулан, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хамт Ч.О од шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. /хэргийн 1 дүгээр хавтасны 16-18 дахь тал/

 

3.б. Мөн Ч.О /У ХХК-ийн захирал/, Т к ХХК-уудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Амины орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ТЭЗҮ контсракшн ХХК нь дээрх гэрээнд дурдсан амины орон сууцыг 2018 оны 12 дугаар сард багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Ч.О нь 18/12/01 тоот гэрээг үндэслэн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 12-13 дахь тал/

 

3.в. Дээрх гэрээг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон боловч гэрээгээр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон 2 ширхэг амины орон сууцыг талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 18/12/01 тоот худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон үйл баримтыг талуудын тайлбар болон хэрэгт авагдсан амины орон сууц захиалан бариулах гэрээ зэргийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

3.г. 18/12/01 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу У ХХК нь Ф р ХХК-ийн далангийн уурхайгаас Т ХХК-д нийт 20,136.05 тонн нүүрсийг нийлүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Фриендшип ресурс ХХК-ийн далангийн уурхайгаас Т ХХК-д ачуулсан нүүрсний өглөг, авлагын тооцооны баримтад У ХХК нь Т ХХК-д нунтаг нүүрс 9186,85 тонн, шагай нүүрс 2293,7 тонн, Монцемент 3895 тонн, бүхэл К-4 нүүрс 2101,25 тонн, чулуутай К-4 нүрс 497.7 тонн, бүхэл К-1 тонн нүүрс 2161.65 тонн нийт 20,136.05 тонн нүүрс нийлүүлсэн гэж, Т ХХК-ийн нягтлан бодогч Ц.Д жин тонн нь таарсан ба нэгжийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тэмдэглэжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 28 дахь тал/

 

3.д. Энэ баримтыг үндэслэн хариуцагч Т ХХК-д нийт 658,751,688 төгрөгийн үнэ бүхий нүүрс нийлүүлж, бэлнээр 145,000,000 төгрөг, 2 ширхэг ковшийг 192,192,000 төгрөгт тооцон тус тус авсан тул үлдэх 321,559,688 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

Хариуцагч Т ХХК нь татгалзлын үндэслэлээ 18,000 тонн нүүрсний үнэд 2 ширхэг твин хаус өгөх гэрээ байгуулсан, нүүрсний үнийг хаусны зах зээлийн үнээр тохиролцсон, шинжээч хаусыг 209,000,000 төгрөгөөр үнэлсэн тул нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

4.а. Шүүх Т ХХК-ийн захирал Т.Н , У ХХК-ийн захирал Ч.О нарын цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэлийг үнэлж 18,000 тонн нүүрсний үнийг 320,000,000 төгрөг, өндөр илчлэг бүхий 4,369.6 тонн нүүрсийг 237,000,000 төгрөг, зөрүү 2,136.5 тонн нүүрсийг 46,993,100 төгрөг нийт 585,473,100 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна. /хэргийн 4 дүгээр хавтасны 31-44 дэх тал/

 

4.б. У ХХК, Т ХХК-уудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 18/12/01 тоот нүүрс худалдах-худалдан авах гэрээгээр 18,000 тонн нүүрсний үнэд Т к ХХК-ийн барьсан хоёр ширхэг амины орон сууцыг газрын хамт У ХХК-ийн захирал Ч.О од шилжүүлэн өгөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрх нөхцөлийг өөрчилж, хоёр ширхэг твин хаусын оронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол аманд байрлах Френдшип таун /Friendship town/ хотхоны 19 тоотод байрлах 320,000,000 төгрөгийн үнэ бүхий сингл хаусыг 13,090 тонн нүүрсний үнэд тооцож өгөхөөр талууд харилцан тохиролцсон, энэ үүргээ хариуцагч Т ХХК биелүүлээгүй байна.

 

Т ХХК-ийн _____ хаягаас У ХХК-ийн захирал Ч.О ын ______ хаягт 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр илгээсэн цахим захидалд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, Т ХХК-аас У ХХК-ийн захирал Ч.О од тус компаниас худалдан авсан нүүрсний төлбөрийн тооцооны баримтыг явуулсан байна. Тус баримтад У ХХК-аас нийт 20,136,05 тонн нүүрсийг Т ХХК-д нийлүүлснээс 13,090,45 тонн нүүрсний үнэд 320,000,000 төгрөгт / сингл хаус/, үлдэх 7,045,6 тонн нүүрсийг бэлэн мөнгөөр болон 2 ширхэг ковшийн 192,200,000 төгрөгийн хамт 289,221,129.80 төгрөгт тус тус тооцжээ. /хэргийн 2 дугаар хавтасны 221-226 дахь тал/

 

4.в. Нэхэмжлэгч нь 2 ширхэг ковшийг 192,192,000 төгрөгт тооцож авсан гэх тайлбар гаргасан боловч дээрх талуудын цахим захидлаар тооцоо нийлсэн баримтад 2 ширхэг ковшийг 192,200,000 төгрөгт тооцсон байна. Түүнчлэн, У ХХК нь нүүрсний үнэд 145,000,000 төгрөгийг Т ХХК-аас бэлнээр хүлээн авсан талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Хэргийн баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч У ХХК нь /320,000,000+289,221,129.80/ нийт 609,221,129 төгрөгийн үнэ бүхий 20,136,05 тонн нүүрсийг хариуцагч Т ХХК-д нийлүүлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч талын хэрэгт авагдсан тооцоо нийлсэн цахим захидлыг шүүх бүрэн үнэлээгүй гэх гомдол үндэслэлтэй тул хангав.

 

Хариуцагч Т ХХК нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч У ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн ба 609,221,129 төгрөгөөс хариуцагч Т ХХК-ийн бэлнээр төлсөн 145,000,000 төгрөг, 2 ширхэг ковшийн үнэ 192,200,000 төгрөгийг нийт 337,200,000 төгрөгийг хасаж үлдэх 272,021,129 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч У ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

4.г. Иймд хариуцагч Т ХХК-аас 272,021,129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгох нь 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

5.а. Нэхэмжлэгч О ХХК нь П ХХК-ийн уурхайгаас 4,369.67 тонн сайн чанарын нүүрсийг 1 тонны нүүрсийг 50,000 төгрөгөөр тооцож Т ХХК-д нийлүүлсэн, энэ хэмжээний нүүрс өгсөн, авсан талаар талууд маргаагүй.

 

Уг нүүрсний үнэ 218,483,500 төгрөгөөс 142,000,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас нэхэмжлэгч О ХХК-д бэлнээр төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Т ХХКийн нягтлан бодогч Ц.Д ын Хаан банк ХХК дахь депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 159-176 дахь тал/

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Т ХХК-д нийлүүлсэн сайн чанарын 4,369.67 тонн нүүрсний үлдэх үнэ 76,483,500 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

5.б. Хэрэгт авагдсан Ч.О , Г.Н нарын цахим захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хариуцагч Т ХХК-аас нэхэмжлэгч О ХХК-д 4,369.67 тонн сайн чанарын нүүрсний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчил гарсан тул хариуцагч Т ХХК-аас 76,483,500 төгрөг гаргуулж Оюурсөүрвэй ХХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6.а. Нэхэмжлэгч У ХХК, О ХХК-ууд нь алданги 160,779,844 төгрөгийг 18/12/01 тоот гэрээний дагуу хариуцагч Т к ХХК-аас шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.О од олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч У ХХК, О ХХК-ууд нь хариуцагч Т к ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 18/12/01 тоот гэрээний дагуу алданги шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Учир нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18/12/01 тоот нүүрс худалдах-худалдан авах гэрээгээр талууд алдангийн талаар харилцан тохиролцоогүй ба Ч.О нь хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Иймд нэхэмжлэгч нарын Т к ХХК-аас алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01971 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 272,021,129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д, 76,483,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 210,318,503 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...689,355.5 гэснийг ...1,900,473 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,420,660 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ