Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01703

 

 

 

 

 

 

 

2022 09 12 210/МА2022/01703

 

 

 

К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02535 дугаар шийдвэртэй, К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.П ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н.П , Л.Г нар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.П , Л.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг барьцаалж, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

К ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь Н.П ийн эзэмшлийн 000000 тоот данс руу шилжүүлсэн.

Зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй. Зээлдэгч Л.Г нь зээлийн гэрээнээс гарсан тул зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, тус өдрийг хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийт 161,340,000 төгрөгийг Н.П нь хариуцан төлөхөө зөвшөөрч, мөн өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь 2015 оны зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан зээлийн нэг сарын хүү 3,200,000 төгрөг, 76 сарын хүүд 243,200,000 төгрөг төлөхөөр байсан боловч 2017 оны зээлийн гэрээ байгуулагдах өдөр хүртэл хугацаагаар зээлийн хүүг тооцож нэхэмжилсэн. Үүнд үндсэн зээл 80,000,000 төгрөг, 24 сарын зээлийн хүү 76,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,540,000 төгрөг, нийт 161,340,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Энэ мөнгийг төлөөгүй тохиолдолд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээг шинэчлэн байгуулах үед анх авсан зээлийн төлбөр огт төлөгдөөгүй, зээлийн хүүг 81,340,000 төгрөг болсон, барьцааны гэрээний огноо өөрчлөгдсөн болохоос барьцаа өөрчлөгдөөгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Н.П нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь дансандаа хүлээн авсан ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. 80,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүтэй холбоотой тооцоо үнэн.

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээтэй холбогдолгүй. Н.П болон К ББСБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон боловч энэ гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, түүнийгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

Анх нэхэмжлэл гаргахдаа хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөг зээлдүүлсэн гэж байсан боловч тайлбар нь өөрчлөгдөж 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

2015 онд байгуулагдсан гэрээний хугацаа 12 сараар байгуулагдсан ба гэрээнд зээлийн хүү 26,021,479 төгрөг байхаар заасан байхад 24 сарын хүү 76,800,000 төгрөгөөр тооцох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч 80,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2015 оны Зээлийн гэрээний үүрэг 2017 оны 9 дүгээр сард дуусгавар болж, барьцааны гэрээ дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүрэг дуусгавар болсон.

Зээлийн хүүг 81,340,000 төгрөг болсныг ойлгохгүй байна. Дуусгавар болсон үүргээ шаардсан нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох хугацаатай байсан.

Үүнээс хойш нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж, зээлийн төлбөрийг барагдуулахаар шүүхэд хандаж байсан баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н.П болон К ББСБ ХХК-ууд нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон.

Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.П , Л.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн.

К ББСБ ХХК нь уг зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд 161,340,000 төгрөгийн зээлийг шилжүүлж, зээлийг бодитоор олгоогүй болох нь зээлдэгчийн дансны хуулгаар нотлогдож байна. Зээлийн гэрээний дагуу зээлийг бодитоор олгоогүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн дээрх хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь хууль бус. Иймд эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, Барьцааны гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ байна. Хэдийгээр гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч хариуцагчид мөнгө олгогдоогүй учир дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Л.Г , Н.П нар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй ба зээлдэгч Л.Г нь зээлийн гэрээнээс гарах болсон учир зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нийт 161,340,000 төгрөгийг Н.П нь хариуцан төлөхөө зөвшөөрч зээл болон барьцааны гэрээг байгуулсан.

Тус зээлийн гэрээний дагуу зээл олгоогүй ч зээлийн төлбөрийн үнийн дүн дээр харилцан тохиролцсон, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгө бүртгэлтэй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээл, барьцааны гэрээг үндэслэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 82.1, 56.1.2, 56.1.10, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.П оос 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай К ББСБ ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, К ББСБ ХХК болон Н.П нарын байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Н.П ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,250 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,249 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагч Н.П нь зээлийн төлбөрийг төлөх талаар амаар удаа дараа илэрхийлж байсан төдийгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзах тохиолдолд зээлдэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, зээлдүүлэгч нь хохирч байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн атал хариуцагчийг гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй эсэхийг асууж тодруулаагүй, талуудын хооронд үүссэн энэхүү маргааныг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч нь татгалзах үндэслэлтэй гэж дүгнэсэн атал талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр барьцааны гэрээ, барьцааны зүйлийг хэрхэх талаар огт дүгнээгүй байна. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.120.249 төгрөгийг бүхэлд нь улсын төсвийн орлогод үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь 85,399 төгрөгийг илүү төлсөн бөгөөд уг мөнгийг буцаан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн гэж үзэхгүй. Хариуцагч нэхэмжлэгч байгууллагыг зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэхэд огт маргаагүй. Харин тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хуулийг баримтлах ёстой. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх иргэн, хуулийн этгээдэд хамааралтай. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй учир энэ зохицуулалт хамаарахгүй гэх агуулгаар тайлбарлах боломжгүй. Анхан шатны шүүх хуралд танайх шаардах эрхээ хэрэгжүүлж байсан уу, шаардах эрхээ хэрэгжүүлж байсантай холбоотой баримт байна уу гэхэд баримт байхгүй гэж тодорхой хариулсан. Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлж байснаа нотолж чадаагүй, мөн давж заалдах гомдолдоо шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрдөг. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлийг барьсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан гэж буруу тайлбарлаж байна. Хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхийг хэрэгжүүлээгүй атлаа шүүх хариуцагч талыг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн гэж тайлбарлах боломжгүй. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр тооцоход хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 онд дуусч байна. Гэтэл шүүхэд нэхэмжлэлийг 2022 онд гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдлыг нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар шаардлага, татгалзлыг хэргийн оролцогч нотолно. Нотлох баримтгүй талаар анхан шатны шүүх хуралаанд шүүгчийг асуухад хэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Н.П ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Л.Б ийн өмчлөлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.а. К ББСБ ХХК нь Н.П , Л.Г нартай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 80,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг хугацаа хоцроосон тохиолдолд сарын хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх39-42/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр К ББСБ ХХК, Н.П , Л.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Л.Б . Н.П нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 00 дугаар байр, 00 тоотод байрлах 000 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх 43/

 

3.б. К ББСБ ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Хаан банк ХХК дахь Н.П ийн эзэмшлийн 000000 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх37/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан үйл баримт, гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдсон эсэх талаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

 

4.а. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр К ББСБ ХХК Н.П нар нь үндсэн зээл 80,000,000 төгрөг, 24 сарын зээлийн хүү 76,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,540,000 төгрөг, нийт 161,340,000 төгрөгийн хэмжээнд шинэчилсэн зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 161,340,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь эргэн төлөлтийг хугацаа хоцроосон тохиолдолд зээлийн сарын хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх6-9/

 

Талууд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр байгуулсан барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгож, 2017 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр К ББСБ ХХК, Н.П , Л.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Л.Б , Н.П нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 00 дугаар байр, 00 тоотод байрлах 000 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх10-12/

 

4.б. Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Н.П ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 161,340,000 төгрөг гаргуулахаар шаардаж, сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Н.П нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулаагүй, тус гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдоогүй гэж маргасан.

 

4.в. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тус тус зээл болон барьцааны гэрээ зэргээс үзвэл 2015 оны зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Н.П ид шилжүүлэн өгсөн, зээлийг эргэн төлөөгүй, 2017 онд шинэчлэн байгуулсан гэрээг өмнөх гэрээний үргэлжлэл биш гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй байна.

 

Зээлдэгч Л.Г ийн хувьд талууд харилцан тохиролцож 2015 оны зээлийн гэрээгээр түүний хүлээсэн үүргийг дуусгавар болгож, зээлдэгч Н.П ийн хувьд тус гэрээгээр хүлээсэн үүргийг шинэчлэн К ББСБ ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ нэртэй гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг хариуцагчид үүссэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хүлээсэн өмнөх үүргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээр сольсон гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

5.а. Хариуцагч Н.П нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон ба энэ өдрөөс гэрээний үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал хариуцагчийг үүргээ гүйцэтгэхийг шаардсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан тул нэхэмжлэгчийн шаардах эрх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан..

Иймд хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн гэж анхан шатны шүүх дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5.б. Нэхэмжлэгч шүүх барьцааны гэрээний талаар дүгнээгүй гэх гомдол гаргасныг хангах үндэслэлгүй. Учир нь үндсэн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд нэмэлт гэрээ болох барьцааны гэрээний үүрэг дуусгавар болдог тул нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

6.а. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэх үндэслэлээр тус зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

6.б. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой заагаагүйг давж заалдах шатны шүүхээс найруулан өөрчлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзнэ.

 

7.а. Нэхэмжлэгч нь зээлийн үүрэгт 178,419,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны багасгаж 161,340,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй тул 85,000 төгрөгийн зөрүүг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02535 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.П оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161,340,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Н.П ийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,034,850 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ