Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/02535

 

 

2022 оны 07 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2022/02535 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 (нэг зуун жаран нэгэн сая гурван зуун дөчин мянган) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл,

... ББСБ ХХК болон Н.... нарын байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Н....ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э....,

Гэрч Б....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц..... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н...., Л.... нар 20156 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байрлах 114,96 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдүүлэгч талаас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээний дагуу 12 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөг, 12 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг Н....ийн ... дугаартай Хаан банкны дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нар зээл авсан өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, мөн зээлдэгч Л.... нь зээлийн гэрээнээс гарах болсон учир Зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийт 161,340,000 төгрөгийг Н.... нь хариуцан төлөхөө зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч нь 2015 оны ... дугаар зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөг авч, өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөгийн зээлийг төлөөгүй, зээлийн нэг сарын хүү 3,200,000 төгрөг бөгөөд өнөөдрийг хүртэлх хуагцаагаар тооцоход 76 сарын хүү 243,200,000 төгрөг төлөх тооцоо гарч байгаа. 2017 оны ... дугаартай зээлийн гэрээ байгуулагдах өдөр хүртэл хугацаагаар зээлийн хүүг тооцож нэхэмжилж байгаа тул үндсэн зээл 80,000,000 төгрөг, 24 сарын зээлийн хүү 76,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,540,000 төгрөг, нийт 161,340,000 төгрөгийг хариуцагчаар шаардаж байна. Энэ мөнгийг төлөөгүй тохиолдолд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээний дагуу бүртгүүлсэн Хан-Уул дүүргийн .... тоот хаягт байрлах 114,96 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээг шинэчлэн байгуулах үед анх авсан зээлийн төлбөр огт төлөгдөөгүй, зээлийн хүү нь 81,340,000 төгрөг болсон байсан. Хүү болон үндсэн зээлийг нэмж нэгтгээд 161,340,000 төгрөг болсон. Барьцааны гэрээний огноо өөрчлөгдсөн болохоос барьцаа өөрчлөгдөөгүй. Бид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Н....ийн ажил дээр нь очиж амаар шаарддаг, уулзалддаг байсан...гэв.

2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.... нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь дансанд хүлээн авсан ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. 80,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүтэй холбоотой тооцоотой нь үнэн. Харин 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээтэй холбогдолгүй ба энэ талаар нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа тодорхой бичсэн төдийгүй гэрээнд энэ талаар огт заагдаагүй байна. Н.... болон ... ББСБ ХХК нар нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... дугаар зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу огт мөнгө шилжүүлээгүй, түүнийгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Анх нэхэмжлэл гаргахдаа хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөг зээлдүүлсэн гэж байсан боловч тайлбар нь өөрчлөгдөж 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний төлбөрийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. 2015 онд байгуулагдсан гэрээний хугацаа 12 сараар байгуулагдсан ба гэрээнд зээлийн хүү 26,021,479 төгрөг байхаар заасан байхад 24 сарын хүү 76,800,000 төгрөгөөр тооцох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч 80,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны Зээлийн гэрээний үүрэг 2017 оны 9 дүгээр сард дуусгавар болж, барьцааны гэрэ дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгүүлчихснээр үүрэг дуусгавар болсон байгаа. Зээлийн хүүг яаж бодоод 81,340,000 төгрөгийн хүү тооцсоныг ойлгохгүй байна. Дуусгавар болсон үүргээ шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох хугацаатай байсан. Үүнээс хойш нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж, зээлийн төлбөрийг барагдуулахаар хууль, шүүхийн байгууллагад хандаж байсан баримт хэрэгт байхгүй байгаа учир Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байна...гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.... болон ... ББСБ ХХК нар нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөгийг 3 сарын хугцааатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр ... дугаартай барьцааны гэрээгээр Н...., Л.... нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн .... тоот хаягт байрлах 114,96 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалахаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн байна. Гэтэл ... ББСБ ХХК нь уг зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд 161,340,000 төгрөгийн зээлийг шилжүүлж, зээлийг бодитоор олгоогүй болох нь зээлдэгчийн дансны хуулгаар нотлогдож байна. Нэгэнт зээлийн гэрээний дагуу зээлийг бодитоор олгоогүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн дээрх хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна. Иймд эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ..... тоот хаягт байрлах 114,96 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2 зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, Барьцааны гэрээ нь 56.1.10 заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ байна. Хэдийгээр гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч хариуцагчид мөнгө олгогдоогүй учир дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно...гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Л...., Н.... нар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн .... тоот хаягт байрлах 114,96 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, ... дугаар барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нар зээл авсан өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй ба зээлдэгч Л.... нь зээлийн гэрээнээс гарах болсон учир зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нийт 161,340,000 төгрөгийг Н.... нь хариуцан төлөхөө зөвшөөрч ... дугаартайз ээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Хэдийгээр тус зээлийн гэрээний дагуу зээл олгоогүй ч зээлийн төлбөрийн үнийн дүн дээр харилцан тохиролцсон, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгө бүртгэлтэй байгаа, мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээл, барьцааны гэрээг үндэслэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар Зээлийн гэрээ /хх-5-8/, мөн өдрийн ... дугаар Барьцааны гэрээ /хх-9-11/, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-12/, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар Зээлийн гэрээ /хх-39-42/, мөн өдрийн ... дугаар Барьцааны гэрээ /хх-43-44/, ... ББСБ ХХК-ийн Хаан банк ХХК дахь 5122020126 тоот харилцах дансны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-45/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

6.Хариуцагч татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Хан-Уул дүүргийн .... тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-26, 78-79/, Н....ийн Хаан банк ХХК дахь ... тоот харилцах дансны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-27-28/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

7.Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн .... тоот захирамжаар Хаан банк ХХК-иас хариуцагч Н....ийн ... тоот харилцах дансны 2015 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулан /хх-36-37/, мөн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаар захирамжаар иргэн Б....ыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан.

Зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх ... ББСБ ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэл, хариуцагч Н....ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй учир талууд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэгтгэн тооцсоноор 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 80,000,000 төгрөг, уг хугацааны зээлийн хүү 76,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,540,000 төгрөг, нийт 161,340,000 төгрөгийг Н.... төлөхөө хүлээн зөвшөөрч гэрээг байгуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулснаар барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан учир энэ мөнгийг шаардах эрхтэй. Төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2015 онд талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж 80,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, уг гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй нь үнэн боловч 2017 оны Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 161,340,000 төгрөгийг бодитоор зээлдэгчид өгөөгүй, уг гэрээнд 2015 оны зээлийн гэрээг шинэчлэн байгуулж байгаа талаар тусгаагүй, 2015 онд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

4.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу гэрээнд заасан 161,340,000 төгрөгийг зээлдэгч талд бодитоор өгөөгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байна гэж тодорхойлсон байна.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2017 оны Зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийгээгүй, талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан учир хүчин төгөлдөр гэрээ юм гэж тайлбарласан.

6.Талууд 2017 онд байгуулагдсан Зээлийн болон Барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээгээр 2015 онд талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэсэн нэмэлт гэрээ мөн эсэх, тухайн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж байна. Харин 2015 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 80,000,000 төгрөг шилжүүлсэн, уг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, 2017 онд гэрээ хийгдсэн, барьцаалбар үйлдэгдсэн талаар хэн аль нь маргаагүй болно.

7.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, зохигчдын банк дахь дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, барьцааны зүйлийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

7.1.... ББСБ ХХК нь Л...., Н.... нартай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хоцроовол зээлдэгч үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн мөнгийг Н....ид шилжүүлсэн байна.

7.2.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н...., Н.... нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн .... тоотод байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

7.3.Талууд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин гэрээ хийсэн ба уг гэрээнд зээлдэгч Л.... хасагдаж, Н....той зээлдүүлэгч ... ББСБ ХХК нь ... тоот Зээлийн болон ... тоот Барьцааны гэрээ байгуулан, 161,340,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалттайгаар Н....ид зээлдүүлэх гэж гэрээг тодорхойлон байгуулсан байна.

7.4.2015 оны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр барьцааны гэрээг дуусгавар болгон чөлөөлж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр барьцаалбартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалсан байна.

8.2015 онд талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451, 452, 453, 156 дугаар зүйлүүдэд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Тухайн гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн бол зээлийг буцаан төлөх үүргээ зээлдэгч нар биелүүлээгүй.

9.Гэрээний хавсралтаар тохиролцсон график хуваарийн дагуу зээлийг төлсөн тохиолдолд ашигласан хугацааны хүү буюу нийт 26 сая төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байсан. Гэвч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 80,000,000 төгрөг, 12 сарын хугацааны үндсэн хүүгийн төлбөр 38,400,000 төгрөг төлөх, үүн дээр хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөх үүргийг зээлдэгч нар хүлээнэ.

10.Гэрээний хугацаанд төлбөр төлөх үүргээ зээлдэгч нар бүрэн биелүүлээгүй, үүнээс дахин 12 сарын хугацаа хэтэрсэн учир талууд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор 2015 оны гэрээний үүргийг дүгнэн дуусгавар болгож, энэ өдрөөс 161,340,000 төгрөгийг төлөхөөр зээлдэгч Н....той тохиролцсон нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

11.Харин тэдний хооронд хийгдсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж, мөн өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, тэдгээр гэрээнүүд хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Талуудын хооронд хийгдсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон байна. Уг хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байна.

13.Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь шүүхэд 2022 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч Н....оос гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардсан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,250 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,249 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 82.1, 56.1.2, 56.1.10, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н....оос 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ... ББСБ ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, ... ББСБ ХХК болон Н.... нарын байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Н....ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,250 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,249 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА