| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/02772/И |
| Дугаар | 210/МА2022/01787 |
| Огноо | 2022-09-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/01787
2022 09 23 210/МА2022/01799
Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02059 дугаар шийдвэртэй
Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй
Г ХХК, Ш.О нарт холбогдох
230,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, Э.Чимэддагва, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Ш.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Ц ХХК нь Г ХХК-ийн эзэмшдэг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Х 1 дүгээр давхрын баруун урд хэсэгт байрлах 207 м.кв үйлчилгээний талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэж байсан.
1.2. Ц ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Ц нь Б.Б тай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн 100 хувийн хувьцааг С рестораны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт 230,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Б.Б нь тус компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч болсон.
Улмаар Ц ХХК-ийг төлөөлж Б.Б нь Г ХХК-тай мөн өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан.
1.3. Түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түрээсийн талбайг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөр 12,000,000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр хариуцагчид шилжүүлж байсан. Г ХХК нь 2020 он гараад түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжийг хязгаарлан, талбайг чөлөөлөхийг шаардаж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
1.4. Тус газарт 4 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулна гэж итгээд С рестораныг дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт худалдсан авсан ба тухайн зүйлсийг өөр газар ашиглах боломжгүй, түрээсийн талбайд зориулан хийж гүйцэтгэсэн тул түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230,000,000 төгрөгийг манай компанид төлөхөөр хариуцагчтай тохиролцож, эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл С рестораны үйл ажиллагааг явуулж, ашиг олж байгаа боловч худалдан авсан үнийг төлөөгүй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 230,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х 1 давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 207 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшдэг.
2.2. Г ХХК нь Ц ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж тус үл хөдлөх эд хөрөнгийг рестораны зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцож, түрээслэгч нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг С рестораны зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулж, сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу тогтмол төлсөөр ирсэн.
2.3. Ц ХХК-ийн захирал Т.Ц нь түрээсийн гэрээний хугацаанд иргэн Б.Б тай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ц ХХК-ийн хувьцаа болон С рестораны дотор агуулагдах биет зүйлсийг худалдах, худалдан авахаар болж, ресторан, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийт 230,000,000 төгрөгөөр худалдсан.
2.4. Б.Б нь Ц ХХК-ийг худалдан авахдаа түрээслүүлэгч талаас түрээсийн гэрээг үргэлжлүүлэн түрээслүүлэх эсэх талаар тодруулахад Ц ХХК-тай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан тул үргэлжлүүлэн түрээслэх боломжтой талаар хэлж 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 4 жилийн хугацаатай түрээсийн гэрээг Ц ХХК-ийн захирал Б.Б тай дахин байгуулсан.
2.5. Энэ хугацаанд түрээслэгч нь гэрээнд заасан сар бүр төлөх түрээсийн төлбөрийг хэсэгчлэн төлж байсан ба 2020 оны 01 дүгээр сараас ...цаашид түрээслэх боломжгүй боллоо, хүн орохгүй, ашиг орлого муу байна гэж амаар болон бичгээр мэдэгдэж эхэлсэн. Улмаар гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэхээ больсон.
2.6. Ингэхдээ Ц ХХК нь өөрсдийн өмч хөрөнгө болох тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг авахгүйгээр түрээсийн талбайд орхисон. Г ХХК нь Ц ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор талбайг чөлөөлөх талаар утсаар болон бичгээр мэдэгдсэн боловч түрээсийн талбайг чөлөөлж өгөөгүй тул Ц ХХК-ийн рестораны тавилга, эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг өөрийн складанд хадгалж байгаа ба эдгээрийг нэхэмжлэгчид өгөхөд татгалзах зүйлгүй.
2.7. Харин нэхэмжлэгчийн ...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 230,000,000 төгрөгөөр худалдан авсан С ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөөд гарсан, хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ 230,000,000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон... гэх агуулгатай тайлбар нь худал, актад зурагдсан гарын үсэг нь Ш.О ийн гарын үсэг биш.
2.8. Бидний хооронд дээрх агуулга бүхий тохиролцоо хийгдээгүй, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дахь хэсэгт зааснаар Ц ХХК-ийн захирал Т.Ц үүргээс чөлөөлөгдөж тус компанийг худалдан авсан Б.Б үргэлжлүүлэн түрээсийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сар хүртэл төлсөн.
Түрээслэгч Ц ХХК нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг дуусгавар болгосон 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн талбайг түрээслүүлэгч Г ХХК-д анх хүлээн авсан байдлаар буцаан өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ш.О ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Ц ХХК нь Ш.О т холбогдуулаад хэдэн төгрөгийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй тул тавин хувийг Ш.О ээс гаргуулахаар шаардаж байна гэж ойлголоо. Түрээсийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд түрээслэгч нь түрээслүүлэгчээс засан сайжруулалттай холбоотой ямар нэгэн зүйл шаардах эрхгүй.
3.2. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн акт дахь үнийн дүн нэхэмжлэлийн шаардлагад хүрэхгүй байна. Мөн Б.Б , Т.Ц нарын хооронд 230,000,000 төгрөгийн гэрээ хийгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай.
3.3. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэгч Б.Б нь ...бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй боллоо, бид тодорхой судалгаагүй ирсэн байна гээд түрээсийн гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгөө хүлээлгэн өгч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг. Хэрэв ийм тохиролцоо болсон бол Г ХХК гуравдагч этгээдэд түрээслэх шаардлагагүй байсан.
3.4. С рестораны бүх халбага хэрэгсэл дээр хариуцагчийн брэндийн тэмдэг байдаг. Т.Ц нь бургерийн үйл ажиллагаа явуулж, энэ зориулалтаар түрээсийн талбайг тохижуулсан. Бургерийн үйл ажиллагаа явуулах эд зүйлийг рестораны үйл ажиллагаанд ашиглах боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд зүйлсийг агуулахдаа хадгалсан тул нэмэлт зардал гаргахыг хүсэхгүй байгаа тул компанийн нэр хаяг, шошготой холбоотой зүйлс нь байгаа юм.
3.5. Талууд гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцдог ба худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй атлаа 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн актад үндэслэн шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-аас 107,287,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 122,712,930 төгрөг болон хариуцагч Ш.О т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,308,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас 694,385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Шүүх Э ХХК-ийн тодорхойлолт, А ХХК-ийн менежерийн тодорхойлолт, хариуцагч талаас мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг зэргийг буруу үнэлсэн.
5.2. Хэргийн 28 дахь талд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноотой рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт гэсэн бичвэртэй баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг актад Г ХХК-ийн ерөнхий менежер Ш.О гарын үсэг зурсан гэх боловч түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоох боломжгүй талаар дүгнэлт гарсан.
Иймд уг баримтыг үнэлэх боломжгүй ба Г ХХК-ийн захирлаар Ш.О бүртгэлтэй ба тус актыг компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэл зориг гэж үзэхэд хангалтгүй байгааг шүүх анхаараагүй.
Хэргийн 29 дэх талд Б.Б гэсэн гарын үсэгтэй, хүлээн авсан хэсэгт хэн нэгэн этгээдийн ямар нэгэн гарын үсэггүй баримт авагдсан. Шүүх хуралдаанд хариуцагч талаас энэ баримтыг шинжлэн судлуулсан ба шүүх ямар баримтыг үндэслэн 107,287,070 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байна.
Хариуцагч талд хүлээлгэн өгсөн гэх актын 1,2,3 дугаар хавсралт нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
5.3. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Г ХХК-аас нэхэмжлэгчийн рестораны дотоод засал чимэглэл, ширээ, сандал тоног төхөөрөмж, техник хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн авсан тодорхой үйлдэл хийгээгүй тул бодит үйлдлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхгүй.
Шүүхийн журмаар хийсэн үзлэгээр Т.Ц аас Б.Б гийн худалдан авсан гэх рестораны ширээ сандал, буйдан, хундага, аяга таваг, сэрээ, хутга, бокал зэргийг Г ХХК өөрийн агуулах, бусдын зуслангийн байшинд хадгалж байгаа үйл баримт нотлогдсон.
Бэлэн бизнес худалдах-худалдан авах гэрээгээр Б.Б нь Ц ХХК-ийн хувьцаа болон рестораныг 230,000,000 төгрөгөөр худалдан авсан атлаа ямар үндэслэлээр Г ХХК-аас энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Хэрэв Б.Б хохирсон гэж үзэж байгаа бол Т.Ц аас шаардах ёстой.
5.4. Дараагийн түрээслэгч Э ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 15-нд талбайг түрээсэлсэн бөгөөд засвар хийх шаардлагатай болсон. Хурд ХХК-тай байгуулсан гэрээнд шал, цахилгааны сантехникийг гүйцэтгэгч хийж өгөхөөр тохиролцсон байхад тус компанийн хийсэн шал, цахилгааныг өөрсдөө хийсэн мэтээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Г ХХК нь нэхэмжлэгчийн үлдээсэн эд хөрөнгийг 2 жил гаруй хугацаанд сард 200,000 төгрөгөөр нийт 5,000,000 төгрөгийн хадгалалтын зардал төлж, хохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдах-худалдан авах гэрээ заавал бичгээр байгуулагдсан байхыг шаарддаггүй. Мөн тодорхой үйлдэл хийснээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцно гэх эрх зүйн зохицуулалттай.
6.2. Хэргийн 28-29 дэх талд эд хөрөнгө хүлээлцсэн акт, хүснэгт авагдсан бөгөөд нийт үнийн дүн 107,287,070 төгрөг байна. Хариуцагч талын хүсэлтийн дагуу хийгдсэн үзлэгийн тэмдэглэл хэргийн 158 дахь талд авагдсан ба тухайн хөрөнгүүдийг хариуцагчийн зуслангийн байшинд үлдээсэн.
6.3. Хэргийн 28-29 дэх талд авагдсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан.
6.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс хууль сануулж мэдүүлэг авсан тул худал мэдүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ. Гэрчийн мэдүүлгээр худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан болох нь нотлогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Г ХХК, Ш.О нарт холбогдуулан 230,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Г ХХК нь Ц ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Г ХХК нь түрээслэгч Ц ХХК-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Х 1 дүгээр давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбайг түрээслүүлсэн.
4. Үүний дараа Ц ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Ц нь иргэн Б.Б тай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бэлэн бизнес худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Б нь Ц ХХК-ийн 100 хувийн хувьцааг, San-Francisco Restaurant & Brew Pub нэрийг ашиглах эрх болон С рестораны тохижилт болон эд хөрөнгийг нийт 230,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 8-9 дэх тал/
5. Мөн өдрөө Ц ХХК-ийг төлөөлж Б.Б нь Г ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Г ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Х 1 дүгээр давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбайг сарын 12,000,000 төгрөгийн төлбөртэйгээр 5 жилийн хугацаанд түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 5-6 дахь тал/
6. Ц ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш рестораныг ажиллуулаагүй талаар талууд маргаагүй.
6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд 230,000,000 төгрөгийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж дүгнэхдээ гэрээний зүйл юу болох, хэрхэн нотлогдож байгаа талаар дүгнэлт өгөөгүй байна.
6.2. Анхан шатны шүүхийн үндэслэл болгож байгаа хэргийн 1 дүгээр хавтасны 29 дэх талд авагдсан 4.хундага, аяга таваг гэсэн баримтад жагсаасан эд хөрөнгө, түүний үнийн дүн 107,287,070 төгрөг болохгүй байгааг шүүх анхаараагүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээгүй гэж дүгнэнэ.
6.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 230,000,000 төгрөгийн эд хөрөнгөд ямар зүйл, ямар үнэтэй байсан нь тодорхойгүй байхад ямар үндэслэлээр 107,287,070 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь тодорхой бус болжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Иймд хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн актын 1,2,3 дугаар хавсралт нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02059 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694,390 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ