Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 218/МА2022/00019

 

*******ы нэхэмжлэлтэй 
иргэний хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2022/00287 тоот шийдвэртэй, 
Нэхэмжлэгч *******
Хариуцагч Дундговь аймгийн *******,*******т холбогдох 
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн *******, ******* хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 3, 4, 5 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин 2976474 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Би 2014 оны 10 дугаар сараас хойш Дундговь аймгийн стандарт,*******т стандартын салбар сан, бичиг хэргийн ажилтнаар хавсран ажиллаж ирсэн. Гэтэл намайг *******, ******* хэлтсийн дарга ******* нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тэрээр тушаалдаа хуульд байхгүй, хамааралгүй заалтуудыг үндэслэл болгожээ. Надтай 2017, 2020 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, дахин шинэчлэн байгуулаагүй, дахин тушаал гаргаагүй, би ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн төрийн үйлчилгээний албан хаагч юм. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй, шийтгэл хүлээж байгаагүй. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Мөнх-Одыг төрүүлсэн ба намайг 2021 оны 1 дүгээр сараас 11 дүгээр cap хүртэл жирэмсний болон амаржсаны хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд миний хавсран гүйцэтгэж байсан салбар сан хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлачхаад харин архив бичиг хэргийн ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаагүй, орон тоо хасагдаагүй байхад намайг хөдөлмөрийн хуулийг зөрчин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. ******* ******* газрын даргын 2021.09.15-ны өдрийн А/118 тоот тушаалаар манай байгууллага 13 ажилтны орон тоо батлагдсан ба миний эрхэлж байсан ажил салангид 2 орон тоо байдаг. Дээрх шийдвэрээ эргэн харж ядаж бичиг хэргийн ажилтнаар ажиллуулж өгөөч хэмээн даргадаа өргөдөл гаргасан боловч ямар нэгэн хариу өгч шийдээгүй. Иймд урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2022.03.01-2022.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны олговорт 2976474 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Би Дундговь аймгийн ******* ******* хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 
           2.Хариуцагч талын тайлбар, агуулга: 
2.а Хариуцагч Дундговь аймгийн *******, ******* хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б/05 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.2.1, 2.2 дахь заалтууд, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 7, 2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 17 дугаар тогтоолыг үндэслэн тус байгууллагаас зарласан сургалт мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтын болзол хангаагүй тул стандарт салбар сан, бичиг хэргийн ажилтан *******ыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч ******* нь тус хэлтэст стандарт салбар сан. бичиг хэргийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээр төрийн үйлчилгээний албан тушаал дээр 2014 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байсан нь үнэн бөгөөд стандарт ******* газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 тоот Аймгийн стандарт ******* хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар сургалт мэдээлэл салбар сан хариуцсан мэргэжилтэн нь ТЗ-5 зэрэглэлээр, дэс түшмэлийн ангилалд хамруулах шийдвэр ирсний дагуу уг албаны тушаалд төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн ажиллаж байсан Б.Бямба- Оюуныг шалгалтад оролцуулж шалгалт өгүүлсэн боловч шалгалтын авбал зохих онооны шаардлага хангаагүй, Т.Төрбат гэгч тус шалгалтад өндөр оноо авч тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот тогтоол, *******, ******* хэлтсийн салбар сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлсэн Т.Төрбатын тухай дүгнэлт зэргийг харгалзан хууль тогтоомжийн дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. ******* салбар сангийн мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан ч архив бичиг хэргийн ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаагүй, орон тоо хасагдаагүй гэж маргаж байгаа боловч бичиг хэргийн ажилтны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй, өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай хуулийн зохицуулалт байдаггүй тул дээрх ажлыг стандартын салбар сан хариуцсан ажилтан одоо ч хавсран гүйцэтгэж байгаа болно. Нэхэмжлэгч *******, ******* газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 тоот тушаалаар 13 ажилтны орон тоо батлагдсан байсан гэж маргадаг боловч *******, ******* газраас “Төсвийн хэмнэлтийн тухай” Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2-т “...шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр настны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалын орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасан хууль тогтоомжийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл ирүүлсэн. Мөн *******, ******* газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 тоот тушаал нь орон нутгийн хэлтсүүдийг газар болгон өргөтгөх талаар жишиг төлөвлөгөө хийгдэж 13 орон тоотой болгохоор шийдвэрлэж байсан боловч Засгийн газраас “Төсвийн хэмнэлтийн зарим арга хэмжээ”-ний тогтоолтой холбогдуулан 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тоот “Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө, зарлагын санхүүжилтийн сарын хуваарь батлах тухай” ******* ******* газрын даргын баталсан тушаалд нийцүүлэн аймгийн *******,*******т 11 орон тоонд багтаан ажиллуулах шийдвэрийн дагуу Дундговь аймгийн ******* ******* хэлтсийн даргын зүгээс 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Ө/01 тоот “Бүтэц орон тоо, цалин хөлс шинэчлэн тогтоох” тухай тушаал гарган хэрэгжүүлж ажиллаж байгаа болно. ...ажил олгогчийн зүгээс *******ыг ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, сахилга ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөөгүй, түүний ажиллаж байсан ажил, албан тушаал нь төрийн захиргааны албаны ангилал, зэрэглэлд хамаарах болж улмаар уг албан тушаалын сул орон тоон дээр Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлагдаж *******ыг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэн сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй тул хуулийн дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би удаа дараа *******ыг ажилтай болгох талаар өөрийн дээд удирдлага болох *******, ******* газар, Аймгийн Засаг даргад хандсан боловч ******* нь Засаг даргатай уулзаагүй тул цаашид өөр арга хэмжээ авах боломжгүй байгаа болно” гэжээ.
2.б Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* хэлтсийн даргын тушаалаар 2014 онд *******ыг тус хэлтэст салбар сан, бичиг хэргийн ажилтны орон тоон дээр авч ажиллуулсан. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б/05 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, чөлөөлсөн үндэслэл нь *******ы өөрийнх нь стандарт салбар, сан хариуцсан орон тоо нь төрийн захиргаа албан хаагчийн орон тоо болж төрийн захиргааны ажилтан болгох шийдвэр стандарт ******* газраас ирсэн. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 26-ний өдөр *******ыг Төрийн албаны тухай хуулийн дагуу Аймгийн стандарт ******* хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрийн албаны салбар зөвлөл стандарт салбарласан сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний сул орон тооны захиалгыг авч сонгон шалгаруулалт авъя гэж захиалга өгсөн. Захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс захиалга явуулдаг. Сонгон шалгаруулалт явуулахын тулд ******* өөрийнх нь өмнө нь ажиллаж байсан албан тушаал сул орон тоон дээр төрийн захиргааны албан тушаал дээр шалгалт өгсөн. Сонгон шалгаруулалтаар 63.3 оноо аваад хамт шалгалт өгсөн н.Төрбат гэгч нь 75 оноо авсан байсан. ******* нь сонгон шалгаруулалтад тэнцээгүй учир түүнээс дээгүүр оноо авсан н.Төрбат гэдэг хүнийг энэ ажилд тэнцэнэ гээд Төрийн албаны салбар зөвлөлөөс 17 тоот дүгнэлт гаргаад уг дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллахаар **************т материалыг ирүүлсэн байдаг. Үүний дагуу *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. *******ы хувьд ямар нэгэн сахилгын зөрчил гаргасан юм байхгүй ер нь хувь хүний хувьд сайн хүн сайн байсан. 3 нас хүрээгүй хүүхэдтэй гэж тайлбарлаж байна. Мэдээж 3 настай ээжүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй байх хуулийн заалт Хөдөлмөрийн тухай хуульд байгаа. Энэ албан тушаалыг Хөдөлмөрийн хуулиар биш Төрийн албаны хуулиар зохицуулж байгаа шүү гэж хэлэх ёстой. Нэхэмжлэгч салбар сан хариуцсан мэргэжилтний орон тооны цаана нь архив, бичиг хэргийн орон тоо үлдээд байна гээд асуудал тавиад байсан байна билээ. Тэр нэхэмжлэлийн шаардлагатай нь танилцсан. Одоо нэхэмжлэгчийн хэлээд байгаа архив, бичиг хэргийн орон тоо байхгүй болсон, одоо ажиллаж байгаа албан тушаалтан нь түүнийг хавсран гүйцэтгэж байгаа юм. Гэхдээ ******* хэмжилзүйн газраас ирүүлсэн орон тооны цалингийн фондод тааруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 13 хүний орон тоотой байна гэж заасан албан тоот ******* хэмжилзүйн газраас ирсэн байсан. Уг албан бичгээс харвал түүний агуулга нь газар болгож өргөтгөхөөр тооцоолж байсан. Гэтэл корона өвчинтэй холбоотойгоор энэ үйл ажиллагааг зогсоосон талаар Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаад орон тооны цомхотгол хийхгүй шүү гэсэн тушаал ирсэн. 2021 оны төсөв хэлэлцэгдэж байгаа түүнд 11 хүний орон тоотой, цалингийн фондтой орж ирсэн тэгээд 11 хүний орон тоотой явж байгаа. Дахиад 13 болох боломжгүй энэ асуудлаар дахиад ******* өөрөө асуудал тавиад байгаа учраас хэлтсийн дарга нь орон тоо нэмүүлэх талаар ******* хэмжилзүйн газартаа хүсэлт гаргасан байсан. Газраас боломж байхгүй, 11 хүний орон тоотой түүндээ нийцүүлж ажилла гэсэн чиглэл өгсөн. Ийм учир *******ыг архив, бичиг хэргийн орон тоонд ажиллуулах боломжгүй байна. *******д өөрт нь асуудал байна. Аймгийн Засаг даргад хэлтсийн дарга нь ажилд оруулах талаар асуудал тавьсан байхад өөрөө очоогүй, дараа нь дахиад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт орон тоо гарсан байна гээд ярьсан ажлын санал тавьсан, мөн өөрөө очоогүй байсан. Уг ирж байгаа саналууд дээр нь ирээд шалгалт өгөөд ажилд орох боломж байсан энэ боломжийг яагаад ашиглаагүй юм бэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэжээ.
             3. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хууль 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар *******ыг Дундговь аймгийн *******, ******* хэлтсийн стандарт салбар сан, бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоож,
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Дундговь аймгийн *******, ******* хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.976.474 /хоёр сая есөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж *******д олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.574 /жаран хоёр мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.574 /жаран хоёр мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Миний бие анхан шатны шүүхийн 139/ШШ2022/0087 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161-р зүйлийн 161.1-д заасныг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.1-д” ...шүүх өөр хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Үүнд:
Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн **************т стандартын салбар сан, бичиг хэргийн ажилтнаар 2014 оны 10 сараас ажиллаж байсан нь үнэн боловч, ******* ******* газрын даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 118-р тушаалын 1-р хавсралтад заасан: “...Аймгийн ******* ******* хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ээр *******ы эрхэлж байсан ажил, албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах болж, тэрээр Аймгийн ******* ******* хэлтсийн стандарт салбар сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллан, улмаар Аймгийн ******* ******* хэлтсээс 2021.10.26-ны өдөр 12 тоотоор “ Аймгийн ******* ******* хэлтсийн ******* салбар сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүргүүлж, тус хэлтсийн дарга ******* нь мэргэжилтэн *******ыг төрийн албаны тусгай шалгалтад амжилттай оролцох талаар удаа дараа сануулж, тэр өөрөө ч шалгалтад хамрагдахаа зөвшөөрч 2022 оны 2 сард төрийн албаны тусгай шалгалт өгч 2-р байранд шалгарснаар 1-р байранд шалгарсан Т.Төрбат гэгчийг Төрийн албаны Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2022.02.17-ны өдрийн 17-р тогтоолоор Аймгийн ******* ******* хэлтсийн ******* салбар сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах талаар тогтоол, дүгнэлт ирүүлсний дагуу Аймгийн ******* ******* хэлтсийн дарга ******* нь 2022.03.01-ний өдөр Б/05-p тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.3, 33-р зүйлийн 33.2.1, 2.2, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14-р тогтоолын 1-р хавсралтын 7.2 дахь заалт, Төрийн албаны Зөвлөлийн Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 2-р сарын 17-р тогтоолыг үндэслэн *******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны байтал, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 1.1 -д:“ ...энэ хуулийн 13-р зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13-р зүйлийн 4-д: ’’...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж, улмаар *******ы гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд гомдоллож байна.
Хариуцагч Аймгийн ************** нь Захиргааны Ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1-д:”...Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, мөн энэ хуулийн 5-р зүйлийн 5.1.2-д:”...хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”-д хамаарч байгаа болон тус хэлтсийн дарга ******* нь төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтны хувьд гаргасан Б/05 дугаар тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1-д заасан: “...Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэсэн заалтад хамаарах захиргааны акт байсаар байтал Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг мэтээр Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байх тул Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 139/ШШ2022/0087 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна гэв. 
5. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхийн шийдвэрийг ав гэж ярихаар нь би эмнэлэгт байсан учраас өмгөөлөгчид өгчих гэж хэлсэн. Би өмгөөлөгчид хэзээ шийдвэр ирснийг мэдэхгүй 07 сарын 24-нд авсан гэж худлаа. Би гар дээрээ шүүхийн шийдвэрийг аваагүй. Манай өмгөөлөгчийн хаягийн 12-р хороог 22-р хороо гээд баахан төөрч яваад 08 сарын 02-ны өдөр гардуулж өгсөн байсан. Байгууллагын шийдвэр, Төрийн албаны тухай хуулийн дагуу тушаал гаргасан. ******* төрийн албаны шалгалтад унасан асуудал болоод ажлаас чөлөөлөгдсөн. Бусдаар ажилдаа алдаа гаргадаггүй, хариуцлагатай хүн байгаа юм. Би шалгалтдаа сайн бэлд гэж удаа дараа хэлсэн. 21 хоногийн дотор сул орон тоогоо зарла гэхээр нь зарласан. Төрийн албаны зөвлөлийн дарга Хулан хүртэл Төрбат шалгалтад сайн бэлдэж байгаа, чи сайн бэлдээрэй гэж хэлж байсан. Ажлаас чөлөөлснийхөө дараа би дээд газрын даргад хандсан. Тэгсэн нэмэлт орон тоо гаргах боломжгүй 11 хүний орон тоотой ажиллана гэсэн бичиг ирсэн. ******* надад орон тоо гаргаж өгөөч гэж хүсэлт гаргаагүй, би харин ч ажилд авах гэж хичээж байсан. Бид орон тоо, цалинд тусгагдаж ажилладаг, үүнийг би нэмэх эрх байхгүй. Би дур мэдэж тушаал гаргаагүй. Төрийн албаны шалгалт хуулийн дагуу явж байгаа учраас хуулийн дагуу шийдвэр гаргасан гэв.
     6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн гомдлыг хугацаа хэтрүүлэн гаргасан. Миний бие 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* ******* хэлтсийн дарга *******тэй уулзахад шүүхийн шийдвэрийг манай өмгөөлөгч С.Төмөрбаатар авсан гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ. 
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 287 дугаартай шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангасан тул хариуцагчийн гомдлыг хангахаас татгалзаж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч гомдлоо хугацаа хэтрүүлж гаргасан байдаг. 07 сарын 25-нд ******* ажилдаа ормоор байна гэж ярьж очиход өмгөөлөгч шийдвэр авсан байгаа, ажилд буцааж авах мэтээр ярьсан байдаг. Гомдолдоо хариуцагч харьяаллын бус гэж дурдсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил нь төрийн үйлчилгээний албан тушаал гэдгийг нотолсон баримт хангалттай авагдсан байдаг. Үүнд хариуцагчийн төлөөлөгч маргадаггүй. Хэрэгт авагдсан тушаал, ажлын байрны дээд газраас баталсан орон тооны албан бичигт төрийн үйлчилгээний албан тушаал гэж нотлогддог. Төрийн албаны тухай хуулийн 4.3-т үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль болон бусад хуулиар зохицуулна, тогтооно гэж тодорхойлсон. Төрийн албаны тухай хуулийн 4.4-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг бусад хуулиар зохицуулна гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүссэн харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа учраас хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлаагүй байдаг. Хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлээс 1.6 дахь хэсэг хүртэлх заалтыг заавал барих ёстой, мөн хуулийн 80.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцлах асуудлыг 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх ёстой. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглосон зохицуулалт байгаа. Хэргийн 8 дугаар талд 2021 оны 03 сарын 19-ний өдөр ******* нь хүү төрүүлсэн буюу 3 хүртэлх насны хүүхэдтэй болох нь нотлогдсон байгаа. Орон тооны хувьд 2021 оны 09 сарын 15-ны өдрийн ******* ******* хэлтсийн даргын баталсан 13 хүний орон тоотой баримт хэрэгт авагдсан. үүгээр *******ы хавсран гүйцэтгэж байсан 2 албан тушаал нь тус бүртээ 1, 1 орон тоо байгааг баталсан байдаг. Орон тоо байхгүй гэж байгаа боловч 2 орон тоо нь хавсралтаар батлагдсан нь хэргийн 27-рт авагдсан. Энэ баримтын 7-рт Дундговь аймгийн *******, ******* хэлтсийн бүтэц орон тоог тусгасан байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан шийдвэр юм. Тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.     

ХЯНАВАЛ:

     Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******,******* /дарга *******/-т холбогдох Дундговь аймгийн *******, ******* хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 3, 4, 5 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин 2976474 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд гаргасан сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2022/00287 тоот шийдвэрийг хариуцагч талын давж заалдсан гомдлын дагуу хянан үзэв. 
    *******,******* түүний удирдлагын зүгээс төрийн албаны шалгалтад тэнцээгүй үндэслэлээр *******ыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот тушаалаар *******ын салбар сан, бичиг хэргийн ажилтны ажлаас чөлөөлжээ. 
    Нэхэмжлэгч ******* нь дээрх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шаардсан бөгөөд шаардлагын гол үндэслэл нь ******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан учир энэхүү чөлөөлж буй үйл ажиллагаа хууль бус болсон гэх үндэслэлээр шүүхэд хандсаныг шүүх хянаад *******ы эрхэлж байсан үндсэн үүрэгт ажил нь бичиг хэрэг архивын ажилтан байсан бөгөөд энэ нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарч байх тул стандарт ******* хэлтсийн даргын Б/05 тоот тушаал үндэслэлгүй болжээ гэж дүгнэжээ. ******* салбар сан хариуцсан ажлын байр нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаардаг учир төрийн албаны шалгалт өгөх зэрэг эрх зүйн үр дагаврууд бий болох нь үндэстэй ч ******* нь бичиг хэргийн ажилтнаар ажиллаж, дээрх албан тушаалыг хавсран ажиллаж байсан учир бичиг хэргийн ажилтан гэх төрийн үйлчилгээний албан тушаалаас халсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэжээ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт үндэслэл бүхий байна. 
    Хариуцагч талын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийн харьяалан шийдвэрлэх журам зөрчсөн гэх буюу төрийн захиргааны албан хаагчдын хооронд үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зарчимтай гэсэн үндэслэлээр давах гомдол гаргажээ. 
    ******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд үүнд үндэслэн анхан шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэжээ. 
    Харин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч *******ы ажлын байр нь зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөний улмаас халагдсан бөгөөд үүнийг илэрхийлэх нотлох баримт болох стандарт ******* хэлтсийн даргын тушаалыг шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч энэ баримт хэргээс алга болсон гэж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарлажээ. Эдгээрт дурдагдсан байдлын дагуу хэргийн материалыг судлахад хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудсанд хариуцагч талын зүгээс гаргасан хариу тайлбар байх бөгөөд энэхүү тайлбарын 3 дугаар хуудас /хх-ийн 20-р тал/ -д хавсаргасан нотлох баримтын тухай тэмдэглэсэн хэсгийн 4-р зүйлд ...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар гэж заажээ. 
    Шүүхэд энэхүү баримтыг ирүүлсэн, шүүх хүлээн авсан гэж өмгөөлөгч тайлбарлаж байгаа учир үүссэн энэхүү нөхцөл байдлыг шүүхээр шалгаж тогтоолгох шаардлага үүсэж байна. 
    Хавтаст хэргийн 42 дугаар талд байгаа хэрэг танилцуулсан талаарх шүүхийн баримтад зохигч талуудад 42 хуудас баримтыг танилцуулсан тухай шүүгчийн туслах баталгаажуулсан байдлаас үзэхэд бичгийн нотлох баримтын талаар эргэлзээ үүсэхэд хүргэж байна. 
    Энэ нөхцөлд дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйл хэсэгт заасан оролцогчдын эрх ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал үүссэн эсэхийг анхан шатны шүүхээр шалган тогтоолгох шаардлага бүхий байна гэсэн үндэслэлээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 
    Хариуцагч талын зүгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62524 төгрөгийг магадлал хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов. 
     
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2022/00287 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62524 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай. 
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


                              ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                  ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА 

                                                                                 Ш.ТӨМӨРБААТАР