Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00527

 

Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06900 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 492 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Лосолд холбогдох,

Гэм хорын хохиролд 1 606 337 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Лосол нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны оройн 23:40 цагт Сансарын бензин түгээгүүрийн автобусны буудлын хойно байрлах туслах замд 35-48 УНД улсын дугаартай автомашинаар ухрах үйлдэл хийх гэж байхдаа намайг мөргөж, гэмтэл учруулсан. Энэ мөргөлтийн улмаас би хойшоо 2,7 метр шидэгдэж, замын шон мөргөж, толгойдоо гэмтэл авсан ба түргэнээр эмнэлэгт хүргэгдэж, үзүүлэхэд хуйхны зөөлөн эдийн няцралттай байсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр толгойд цус хурсан, цууралттай хэмээн урьдчилсан дүгнэлт гарсан.

Тээврийн прокурорын газраас Ч.Лосолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, шүүх эмнэлгийн дүгнэлтээр толгойн хуйхны зөөлөн эдийн гэмтэлтэй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй гэж дүгнэж, гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн. Осол болсон өдрөөс хойш толгой байнга өвдөх, нүд харанхуйлах, толгой эргэх, шилэн хүзүү татах зовиурууд илэрч, өөрийн зардлаар эмнэлэгт үзүүлж, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног эмчлүүлж, бариачаар толгойгоо байнга бариулж, ажилдаа яваагүйгээс авах ёстой цалингаа авч чадаагүй, түрээсийн байрнаасаа гарах нөхцөл байдал үүссэн Ч.Лосолоос Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн томографын шинжилгээний төлбөр 310 000 төгрөгийг төлснөөс хойш ямар ч тусламж үзүүлээгүй тул ор хоногийн мөнгө 280 000 төгрөг, физик эмчилгээ 5 000 төгрөг, эхо, зүрхний бичлэг хийлгэхэд 40 000 төгрөг, хүзүүний зургийн төлбөр 20 000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд ахуйн хэрэгцээнд 5 746 төгрөг, унааны зардал 58 000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын 10 хувь 25 521 төгрөг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэхэд хэрэглэсэн эмийн мөнгө 59 340 төгрөг, 2016 оны 7, 8 сарын цалин 791 000 төгрөг, ажилд ирэх унааны зардал 110 000 төгрөг, “Зүрх баян” ХХК-иас эм худалдаж авсан эм 149 400 төгрөг Прокурорын байгууллагаас баримт хуулбарлахад гарсан 12 600 төгрөг, бариа засал хийлгэхэд гарсан 50 000 төгрөг, нийт 1 606 337 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн орой 23:00 цагийн үед Сансарын бензин түгээгүүрийн хойно байрлах туслах зам дээр ухрах үйлдэл хийхдээ иргэн Ц.Нарантуяаг мөргөж, осол гаргасан нь үнэн бөгөөд түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэж шаардлагатай арга хэмжээг авсан. Цагдаагийн байгууллага болон эмнэлгийн зүгээс яаралтай үйлчилгээ үзүүлж биеийн байдал гайгүй байсан учраас өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэж толгойн зураг авахуулахад 310 000 төгрөг гарсныг төлсөн. Тээврийн прокурорын газраас хэргийг шалгаж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад дахин ийнхүү мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ослоос шалтгаалан нэхэмжлэгч тал ийм хэмжээний зардал зайлшгүй гаргах шаардлагатай байсан эсэх нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл осол болсон өдөр хариуцагч Ч.Лосол машинаараа хохирогчийг эмнэлэгт хүргэж, толгойн МRI зураг авахуулахад ямар нэгэн гэмтэл байхгүй байсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр зөөлөн эдийн гэмтэл, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч Ц.Нарантуяа өөрөө эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх зэргээр зардал гаргасан нь үнэхээр шаардлагатай байсан эсэх, тухайн осолтой шууд холбогдож байгаа зэрэг үйл баримтууд тодорхой бус учраас хүлээн зөвшөөрөхгүй. Бид эмчилгээтэй холбоотой буюу хүзүүний зураг, эм тариатай холбоотой болон ор хоногийн гарсан зардлын хувьд төлж, эвлэрэх хүсэлттэй байсан хэдий ч нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн зүгээс эвлэрэхгүй гэсэн учраас уг саналаасаа татгалзаж байна. Хэдийгээр 35-48 УНД улсын дугаартай автомашин Ц.Намуунцэцэгийн эзэмшил боловч нэхэмжлэгч тал түүнийг хариуцагчаар татаагүй, бид энэ талаар маргахгүй байгаа ба Ч.Лосол тухайн үед эзэмшиж, ашиглаж явсан талаар маргаан байхгүй.

Нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн хувьд гэм хорыг арилгахаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй боловч хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгээ баримтаар нотлохгүй байх тул хөдөлмөрийн чадамжаа алдаагүй байна гэж ойлгож байна. Хоол, унааны мөнгөтэй холбоотой нотлох баримт байхгүй, цалингийн хувьд хамааралгүй баримт бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг хэрэгт өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06900 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Ч.Лосолоос 454 591,00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 151 746 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лосолоос 14 288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 492 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд гэм хор учруулагч нь хохирогчид ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байх тул хохирогч эмнэлэгт хэвтээд ажиллаагүй, биеэ эмчлүүлсэн хугацааны цалин хөлсийг гэм хор учруулагч нь төлөх үүрэгтэй байхаар заасан байна. Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж зааснаас харахад хохирогч гэм хор учруулсан этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй нь харагдаж байна. Энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан. Нэхэмжлэгч уг ослоос болж толгойд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирснаас үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажлаа хийж чадаагүй, эм тариа, бариа гэх мэт зардал гарсан. Энэ хугацаанд ажлаа хийгээгүй, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй.

Дээрх эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдсан. Гэтэл шүүх зарим баримтуудыг хасаж дүгнэсэнд гомдолтой байна. Ослын улмаас их хэмжээний эм, тариа авсан бөгөөд эдгээр эм тариа нь эмчийн заавраар бичигдсэн, зайлшгүй хэрэглэх ёстой эмчилгээний баримт юм. Зүрт баян ХХК-ийн улаан тамгатай баримт эх хувиараа хэрэгт авагдсан бөгөөд зарлагын баримтыг зөвхөн хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн этгээдүүдийн нэр тодорхойгүй байна гэх үндэслэлээр уг баримтыг үнэлээгүй. Уг баримт нь ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан баримт юм. Мөн үзлэг, бичлэг, эхо шинжилгээний баримт нь хуулийн шаардлага хангасан, хэн үзүүлсэн, хэн үзсэн нь нэр, тамгатайгаа байхад шүүхээс үнэлээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нийт 1 216 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулснаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2.-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон л тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. 

Хариуцагч Ч.Лосол нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сансрын тунелийн урд замд бусдын эзэмшлийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Ц.Нарантуяаг мөргөж, осол гаргасан нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1852 дугаар тогтоол, зам ослын акт, схем зураг зэрэг баримтаар тогтоогдсон ба хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй байна. Уг ослын улмаас нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн биед гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэг тогтоох хэмжээний гэмтэл учраагүй болохыг прокурорын тогтоол, эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.

Нэхэмжлэгч нь учирсан гэмтлийн улмаас эмчилгээний болон бусад зардалд 1 606 337  төгрөг зарцуулсан гэж, уг хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн ба шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан хариуцагчийн төлсөн 310 000 төгрөгийг хасч, нотлогдсон зардал 454 591 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д нийцсэн байна.

Гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой байна. 

Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах өгөхийг хүссэн” гомдлыг хангах  үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06900 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 492 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА