| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 186/2020/0036/Э |
| Дугаар | 533 |
| Огноо | 2020-10-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 533
О.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 662 дугаар магадлалтай О.Б-т холбогдох эрүүгийн 1911023230959 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах, Ц.Энхбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэгдэж байсан Б овогт Оын Б
О.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 03 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хобби” төвийн 8 тоот ажлын өрөөндөө хамт архи ууж байсан Д.С-ыг “морин хуурын толгойг онцгүй хийсэн байна” гэж хэлсний төлөө маргалдан зодож гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 143 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 10,491,940 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Luna” загварын гар утас, сим карт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Б-т буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 662 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ц.Энхбаяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах, Ц.Энхбаяр нар хамтран гаргасан гомдол болон Ц.Энхбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт “О.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны 03 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо “Хобби” төвийн 2 давхрын 8 тоот өрөөнд Д.С-тай маргалдсаны улмаас зодож алсан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй гэж 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тухай тогтоол гаргасан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаар прокурорын тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1930 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “морин хуурын толгой сонин хийсэн байна” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож гавал тархины битүү гэмтэл учруулан алсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Яллагдагчийн хувьд амь хохирогчтой морин хуурын толгой сонин хийсэн шалтгаанаар маргалдаагүй бөгөөд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Баттулга гэх хүний хэлсэн морин хуурын толгой сонин хийсэн гэсэн үгийг яллах дүгнэлтэд бичсэн нь ойлгомжгүй байсан талаар өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн ч шүүх хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болсон ч энэ тухай шийтгэх тогтоолд огт дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг болон өмгөөлөгчид өгч байгаа тайлбар, бусад нотлох баримтуудаас харахад хохирогч нь “сийлбэрийн хутгаар яллагдагчийн нүдийг сохолно шүү” хэмээн түүний дух хэсэгт хатгасан, мөн “би буриад хүн учраас хутгална шүү” хэмээн түүн рүү дайрсан, үг үйлдлээр дарамталсан, сэтгэл санааны хувьд хүнд нөхцөл байдалд оруулсан зэрэг үйл байдал тогтоогдож байгаа, О.Б нь өөрийгөө хамгаалахын тулд гадны дайралтыг няцаах зорилгоор хохирогчийг цохисон үйлдэл үзүүлсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд хамааралтай шалтгаант холбоотой гэж үзэж байгаа тул О.Б-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, уг зүйл ангид хамаарч байгаа гэж үзэж байгаа бөгөөд О.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10770 дугаартай дүгнэлтээр:
1.О.Б-ын биед духанд шарх, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тус тус тогтоогдсон.
Яллагдагчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь амь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд хамааралтай байгааг шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчдоос үндэслэл бүхий байдлаар маргаж, хүсэлт гаргаж байхад шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй.
Шийтгэх тогтоолоор “Шүүгдэгч О.Б-т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан хувийн байдлыг тус тус харгалзан үзэж 10 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв” гэж дурджээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийг урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан гэх нөхцөл байдлыг үндэслэсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх заалтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс асуусан, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д санаатай гэх үг байхгүй атал давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг санаатай хүний амь хохироосон мэтээр үзэж шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж, түүнд оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа, мөн урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан бөгөөд тухайн үйлдэлд хамаарах ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн, шинээр гэмт хэрэг үйлдсэн байгааг шүүх анхааралгүй хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж гарсан гэж үзэж байгаа тул О.Б-т холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: О.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, энэ зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө хохирогч Д.С-ыг толгойн тус газар нь цохиж, тархины битүү гэмтлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тархины битүү гэмтэл гэсэн ерөнхий нэр томьёо дотор чамархайн хэсгийн цөмөрсөн хугарал, баруун талын чамархайн цөмөрсөн хугарал зүүн тал руугаа шилжиж, үргэлжилсэн. Шинжээчийн мэдүүлэгт чамархайн хэсгийн цөмөрсөн хугарал унахад үүсэхгүй, хатуу мохоо зүйл, цохилтоос үүссэн байх үндэслэлтэй гэсэн байдаг. Шүүгдэгчийн утсанд үзлэг хийсэн бөгөөд амь хохирогчийн хурхирч байгаа дуу, шүүгдэгчийн хөөе бос, худлаа унтаж байна сэргэ, хохирогчийн хамар, амнаас цус гарсан байдалтай байгаа зураг бичигдсэн. Хэргийн газрын үзлэг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цагаас 06 цагийн хооронд хийгдсэн. Үзлэгээр хохирогчийн хамар, амны цус арилсан байдалтай байсан. Шүүгдэгч нь зураач Ч.Б-тай нойлын өрөөнд зодолдсон асуудал хэргийн нөхцөл байдлаар тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр Ч.Б-ын биед хүзүү, хоёр суганд зулгаралт гэмтэл тогтоогдсон, мөн О.Б-ын биед духанд шарх, хамрын нуруунд цус хуралт, баруун, зүүн тохой зулгаралт гэмтэл тогтоогдсон. О.Б-ын биед учирсан гэмтэл, Ч.Б-тай нойлын өрөөнд зодолдох үед үүссэн байхаар нөхцөл байдал тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2019 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хобби” төвийн 8 тоот өрөөнд Д.С нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч, уг асуудалд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.
Эдгээр нотлох баримтуудыг хоёр шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд харьцуулан судалж, нягтлан шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн үйлдсэн, үүнд О.Б гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангинд заасан ямар гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа эсэх талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, учирсан хор уршиг шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эдлүүлэх дэглэм зэргийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэний зэрэгцээ шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Амь хохирогчийн зүгээс гэмт этгээд болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодийн хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх зэрэг хууль бус бусад үйлдэл хийсэн нь санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед хүнийг алах (Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл) гэмт хэргийн үндсэн шинж билээ.
Тэгвэл 2019 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө амь хохирогч, шүүгдэгч нарын хооронд болсон үйл явдлыг сэргээн тогтоосон нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогчийн зүгээс хүчээр дарласан, хүндээр доромжилсон болон хууль бус бусад ямар үйлдэл хийсэн, эдгээрийн улмаас гэм буруутай этгээдэд өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст ямар хор уршиг учирсан эсхүл учирч болох байсныг нотолсон баримтат мэдээлэл байхгүйн дээр хохирогчийн зүгээс гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочрон давчдахад хүргэсэн хууль бус зан үйл, өдөөн хатгалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүний амь хохироосон шүүгдэгчийн үйлдлийг санаа сэтгэлийг цочрон давчдалтай холбон үзэх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Хохирогч, шүүгдэгч хоёул согтуурхаж маргалдсанаар бие биендээ хүч хэрэглэн халдсан нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, хэн аль руугаа довтлох замаар харилцан зодолдсон шинжтэй байх тул бусад нотлох баримтаар батлагдаагүй шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.
Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 662 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах, Ц.Энхбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН