Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01711

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01711

 

 

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01437 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ЦДҮС ТӨХК-д холбогдох,

ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,362,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С.Э- нь ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар салбарын захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр жинхэлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, журмын дагуу хариуцсан үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 2 хоног эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа очиж чадаагүй байхад гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны даргын ажил үүргээс чөлөөлж, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Өвчтэй байснаа нотолсон эмнэлгийн магадалгааг байгууллагад гаргаж өгөхөд хуурамчаар олгосон гэж Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж шалгуулсан боловч холбогдох хууль, дүрэм журам зааврын дагуу олгогдсон болох нь тогтоогдсон. Энэхүү тушаал гарсан ч эрүүл мэндийн шалтгаантай байгаа талаар албаны ажилтнууд болон хэлтсийн шинэ дарга болох М.Д мэдэгдсэн атал мөн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр эрүүл мэндийн байдлын улмаас чөлөө авах нь ажлаа тасалсанд тооцогдохгүй байхаас гадна би ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй бөгөөд сануулах, цалин бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан. Мөн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн Улаанбаатар салбарын даргын албан тушаал хашдаг Ч.М надтай 3 удаа уулзаж гүйцэтгэх захирал чамайг ажлаас гарах өргөдлөө өг гэж байна, чи өргөдлөө өг, арга хэмжээ авна гэх мэтээр ажлын байрны дарамт үзүүлсэн. Гэтэл түүнээс 6 хоногийн дараа албан тушаал бууруулж, дахин 4 хоногийн дараа ажлаас халах арга хэмжээ авсанд гомдолтой байна. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 7 өдрийн эмнэлгийн хуудсыг батлуулахаар тус байгууллагад өгсөн боловч баталж, нийгмийн даатгалд хүргүүлээгүй. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгох, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 36,362,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг тус тус хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн салбарын даргаар ажиллаж байсан С.Э- нь компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажлын 2 өдөр ажил тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй тул гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон. С.Э- нь 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд нэг ч удаа холбогдож, ажил гарсан эсвэл бие өвдсөн гэх мэт зүйлийг хэлээгүй. Манай байгууллага Даваа гариг бүр шуурхай хурал хийдэг, С.Э- ирээгүй. Ажилдаа ирээгүй шалтгааныг тодруулахад Хөвсгөл аймаг руу явсан. Амралтын газарт эхнэр ганцаараа байгаа учраас ажилдаа очиж чадаагүй гэх тайлбарыг хэлсэн, үүнийг шуурхайд орсон бүх хүмүүс сонссон. Иймд С.Э- нь 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаан буюу өвдсөний улмаас гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй, өвчтэй байсныг тодорхойлох нотлох баримт болох эмнэлгийн магадалгааг ажилдаа ирэхдээ салбарын захиргаанд огт өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажилдаа ирэх боломжгүй болсон бол тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.в заалтад заасан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй гэх үндэслэлээр, салбарын захиргааны аж ахуйн албанд дотоод ажлыг хариуцсан мэргэжилтнээр томилсон. Гэтэл С.Э-ыг үүнийг зөвшөөрөөгүй, мөн ажилдаа ирээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 05-ны хооронд өвчтэй байсан гэдэг боловч уг баримтаа гаргаж өгөөгүй. С.Э- нь холбогдох баримтуудыг хуурамчаар үйлдэж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ыг ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа удирдлагын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 23,860,032 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах, илүү нэхэмжилсэн цалин хөлс 12,501,968 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 277,250 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Тухайлбал, тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл байгаагүй, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан шууд ажлаас халах үндэслэлтэй байсан боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын хүрээнд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ажил олгогч нь ажлын байрыг шилжүүлээгүй, албан тушаал бууруулаагүй бөгөөд цар тахлын онцгой нөхцлийн үед залуу боловсон хүчнээ дэмжин түүнд дахин боломж олгож, ажлын байраар ханган мэргэжилтнээр томилсон. Мөн С.Э- нь эмнэлгийн магадлагааг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тушаал гарахаас өмнө хариуцагч байгууллагад хүргүүлсэн эсэхээ нотлоогүй. С.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3.в-т ...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж, шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй бол ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүхээс гарсан шийдвэр нь үндэслэл хэсэгтэйгээ бүрэн нийцээгүй, гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэл, агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй, илт үндэслэл муутай шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03041 дугаартай шүүхийн шийдвэрийн хуудасны дарааллыг алдаатай бичсэнээс Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00345 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Уг хугацаа өнгөрснөөс хойш хөдөлмөрийн маргааныг тус шүүхээс 01 жил 03 сарын дараа хуралдаж шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаанд шүүх хэргийг шийдвэрлээгүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03041 дугаартай шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч Д.М-д хэргийг дахин хуваарилсан. Энэ үйлдлээс шалтгаалан хугацаа алдаж, уг хэргийг үндэслэлгүй шийдвэрлэж байгаа нь төрийн өмчит компанийн удирдлагыг санхүүгийн өндөр эрсдэлд оруулж байна. С.Э-ыг шүүхээс зөрчил гаргасныг нь үндэслэл хэсэгт тогтоосон мөртлөө дээрх цалин хөлсийг тогтоож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн. Дээрх хугацаанд нэхэмжлэгч талаас шүүгчийг солих, шүүх хуралдааныг хойшлуулах, мөн гаргасан хүсэлт, шүүгчид гомдол гаргах зэргээр хугацаа авч шүүгчид нөлөөлөх оролдлогыг удаа дараа гаргасан. Энэ бүхнээс харахад шүүгч хараат бус байна гэсэнд халдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч С.Э-, хариуцагч ЦДҮС ТӨХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн Улаанбаатар салбарын захиргаа, аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,362,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгуулах зэрэг нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байх хугацаанд 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд 2 өдөр ажил тасалсан тул 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар өмнөх хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс мөн салбарын захиргаа, аж ахуйн албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч, мөн оны 7 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэлгүйгээр дахин 5 хоног ажил тасалсан тул 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 дугаартай тушаалаар мэргэжилтний ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч С.Э- тус компанийн Улаанбаатар салбарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Захиргаа, удирдлагын албаны даргын ажил, албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтын хугацаанд ажилласан байх ба, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн уг ажил, албан тушаалд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажилласан байна./хх 6-11, 55-60/

 

3. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот тушаалаар компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажлын 2 өдөр ажил тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ./хх 45-46/

 

3.а. Мөн компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2020 оны 7 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд ажлын 5 хоног ажил тасалж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж дотоод ажил хариуцсан мэргэжилтний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаал гаргасан байна./хх 4/

 

4. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/161 тоот тушаалаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах зорилгоор компанийн хэмжээнд 2020 оны 7 дугаар сарын 15 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хугацааг сунгасан байх ба мөн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/163 тоот тушаалаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл уг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан байна. Дээрх тушаалуудын 3 дахь заалтаар нийт ажилтнууд компани салбарын захирлын зөвшөөрөлгүйгээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд ажил, амралтын өдрүүдэд хот, хөдөө орон нутагт явахгүй байх, сонор сэрэмж, хариуцлага сахилга батыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг хэлтэс салбарын дарга нарт даалгасан байна./хх 31-32/

 

5. Хариуцагч талаас нэхэмжлэгч С.Э-ыг дээрх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасны дагуу ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байх тохиолдолд тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд заавал мэдэгдэх тухай үүргээ биелүүлээгүй, шалтгаангүйгээр 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажил тасалсан гэж үзэж түүнийг Захиргаа удирдлагын албаны даргын хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан байх боловч, хэрэгт түүний удирдах албан тушаалтан нь хэн болох тухай нотлох баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, түүний ажлын байрны тодорхойлолтыг ирүүлээгүйгээс түүний гаргасан гэх зөрчлийн талаар дүгнэлт хийх боломжгүй болжээ.

 

5.а. Мөн хэрэгт хариуцагч талаас ирүүлсэн Захиргаа аж ахуйн албаны дарга М.Д, хуулийн зөвлөх М.Т- нарын гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчилсэн тайлбарууд, салбарын дарга Ч.М-вийн тайлбар гэх баримтуудыг хариуцагч талаас хэрэгт гаргаж өгсөн учир шалтгааныг тодруулан талуудын хооронд уг асуудлаар мэтгэлцүүлээгүй, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангуулах арга хэмжээ аваагүй байх ба эдгээр тайлбар гаргасан гэх албан тушаалтнуудаас хэн нь нэхэмжлэгчийн удирдах албан тушаалтан болох нь тодорхойгүй байна./хх 27-30, 51-54/

 

6. Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14745 дугаартай захирамжийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ЦДҮС ТӨХК-ийн гаргасан гомдлыг шалгасан хөдөлмөр нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн н.Болормаагийн хяналт шалгалтын дүгнэлтийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байна./хх 78/

 

6.а. Мөн хэрэгт нэхэмжлэгчийг 2020 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд өвчтэй байсан тухай А эмнэлгийн магадлагаа хуулбараар авагдсан ба Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас А ХХК-ийн Марал эмнэлгийн баримт бичгүүдийг шалгаж хавсарган ирүүлсэн гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт зааснаар бичмэл баримтын эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлэх эсхүл тухайн ирүүлсэн төрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулах тухай шаардлагуудыг хангаагүй баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь байна./хх 48, 83-96/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277,250 төгрөгийг улсын төсвөөс шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ