Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01765

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01765

 

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01982 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.М-д холбогдох,

98,223,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч С.М-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд С.Т- нь С.М-гийн Хаан банкин дахь 5077184833 дугаартай дансруу удаа дараагийн гүйлгээгээр нийт 245,377,150 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс С.М- 148,714,000 төгрөг төлсөн ч үлдэх 96,663,150 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 96,663,150 төгрөгийг гаргуулна.

Гэвч нэхэмжлэгч нь С.М-д 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5 граммын 350,000 төгрөгийн үнэтэй урт монетон гинж, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 850,000 төгрөгийн үнэтэй iPhone 6 plus загварын гар утас, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөгийн үнэтэй Samsung note8 загварын гар утас, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 400,000 төгрөгийн үнэтэй хос алтан ээмэг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 440,000 төгрөгийн үнэтэй хос алтан ээмэг, 510,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, 290,000 төгрөгийн үнэ бүхий алтан гинж, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн үнэтэй матрын арьсан цүнх, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,900,000 төгрөгийн үнэтэй ноолууран польто, 120,000 төгрөгийн үнэтэй ноолууран ороолт, 300,000 төгрөгийн үнэтэй цамц, 350,000 төгрөгийн үнэтэй загасны арьсан цүнх, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 250,000 төгрөгийн үнэтэй үүргэвч, 1,800,000 төгрөгийн үнэтэй булган шуб, нийт 10,560,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг тус тус өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа зээлдүүлсэн 15,000,000 төгрөг, эд хөрөнгийг үндэслэлгүй авсан 10,560,000, нийт 25,560,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Мөн С.М- нь надад мөнгө зээлдүүлсэн хэдий ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү авах эрхгүй атлаа хүү авч, нөхөр Ё.Г-оос зээл авч өгсний төлбөр авч үндэслэлгүй хөрөнгижсөн байна. Иймд анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 96,663,150 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг зээлийн хүү, бусдаас зээл авахад зуучилсны хөлсөнд авсан 96,663,150 төгрөг гаргуулах гэж өөрчилж байна. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 24,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 98,223,150 төгрөг болгон багасгаж байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Би С.Т-аас мөнгө зээлэх шаардлага байхгүй. Нэхэмжлэгч С.Т- нь манай нөхөр Ё.Г- болон надаас барилгын компанид мөнгө хэрэгтэй байна гэж зээл аваад эргүүлээд төлдөг байсан. Зээлийн гэрээг бичгээр ч байгуулж байсан, амаар ч байгуулж байсан. С.Т- зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүйгээс манай гэр бүлийн хүн Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргаж, шалгуулж байгаа. Мөн надаас авсан мөнгөө өгөөгүй байгаа. С.Т- нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд багадаа 200,000 төгрөг, ихдээ 27,500,000 төгрөгийг удаа дараа зээлж авсан. Зээлийн төлбөрөө эргүүлээд шилжүүлэхдээ Хаан банкин дахь миний 5077184833 тоот дансанд орлого гэж хийдэг байсан. Тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хамт дэлгүүрээр явж байгаад 480,000 төгрөг зээлж гутал авчихаад эргүүлээд орлого гэж миний данс руу шилжүүлсэн, манай ломбарднаас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 3,500,000 төгрөг зээлчихээд төлөөгүй, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний найз Д.Эрдэнэшагайгаас 1 сарын хугацаатай 1,000,000 төгрөг зээлээд 2017 оны 06 дугаар сарын 10-нд 1,200,000 төгрөгийг миний данс руу орлого гэж хийснийг би Д.Эрдэнэшагайд өгсөн, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний өөрийн дээлийг 1,800,000 төгрөгөөр худалдаж аваад төлбөрийг нь орлого нэрээр шилжүүлсэн, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний найз Хүнбишээс итали гутал зээлээр аваад төлбөрийг нь миний данс руу орлого гэж хийснийг би Хүнбишид өгсөн. 2018 оны 04 дүгээр сард манай нөхөр Ё.Г-оос 24,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25,500,000 төгрөгийг тус тус зээлж аваад эрүүлж төлөхдөө миний Хаан банкин дахь данс руу орлого гэж шилжүүлсэн, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5,500,000 төгрөг зээлж гэж авчихаад буцаагаад миний данс руу орлого гэж хийсэн, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад 100,000 төгрөгийг хоолонд ороорой гэж шилжүүлсэн, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай нөхрөөс түр зээлээч үдээс хойш буцаагаад өгчихье гэж 27,500,000 төгрөг зээлж аваад эргүүлээд миний данс руу орлого гэж хийсэн, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр С.Т-ийн нөхөр С.М-од матрын арьсан цүнх захиалсныг нь би өөрийн мөнгөөр авч өгсөн ба С.Т- миний данс руу энэ мөнгийг орлого гэж шилжүүлсэн. Нэхэмжлэгч С.Т- эхлээд надад мөнгө зээлдүүлээд намайг зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж нэхэмжлэл гаргачихаад одоо болохоор надаас зээлсэн мөнгөө эргүүлж төлөхдөө төлөх ёсгүй хүү төлсөн байна, үүнийгээ буцааж авна гэж учир нь олдохгүй зүйл нэхэмжилж байна. Би С.Т-т хүүгүйгээр зээл өгсөн, хүү аваагүй. Харин ломбарднаасаа 2-3 удаа мөнгө зээлдүүлээд бичгээр гэрээ хийсэн, үүнийхээ хүүг бол авсан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн агуулга, шаардлага, үндэслэлээ нотолж чадсангүй. Нэхэмжлэгч эрүүгийн хэргийг яаж удаашруулах уу, Ё.Г-оос авсан 155,000,000 төгрөгтэй яаж дүйцүүлэх үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нөхрөөс нь мөнгө авчихаад эхнэрт нь мөнгө шилжүүлж, итгэл авч мөнгө эргэлдүүлэн амьдралын болон санхүүгийн эх үүсвэрээ бий болгож байсан. С.М-д С.Т-аас мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 410 дугаар зүйлийн 410.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Т-т холбогдуулан гаргасан 98,223,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд,

Нэхэмжлэгч өгөх ёсгүй мөнгө өгсөн хэмээн тайлбарлаж байгаа. Хариуцагч тухайн мөнгийг авах ёстой байсан гэдгээ нотлоогүй тул түүний авсан мөнгө нь үндэслэлгүйгээр авсан мөнгө.

Хариуцагч эд зүйлийг бэлгэнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул үнийг нь гаргуулахаар шаардсан. Түүнийг хангаж шийдсэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно.

Хариуцагч нэхэмжлэгчийн хооронд зээлийн харилцаа үүссэн. Гэвч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй, мөн зуучлалын гэрээ байгуулаагүй тул зуучлалын хөлс авах эрхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэл нь тодорхойгүй үйл явдлыг 3 жилийн хугацаанд шүүхээр шийдвэрлүүлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч С.М-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 98,223,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч надаас болон нөхөр Ё.Г-оос удаа дараа бэлнээр зээл авч буцаан төлж байсан, бусдаас худалдаж авсан барааныхаа үнийг надаар төлүүлээд мөнгөө надад шилжүүлдэг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Т-, хариуцагч С.М- нарын Хаан банкин дахь дансны хуулгуудаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2018 оны 08 дугаар сарын хооронд 235,840,650 төгрөгийг орлого гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд шилжүүлж, уг мөнгийг зээлийн төлбөр, зээлийн хүү, зээл зуучилж өгсний хөлсөнд төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлажээ. /хх 5-64, 75-101/

 

3. Гэвч нэхэмжлэгчээс шилжүүлсэн дээрх 235,840,650 төгрөгийн мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн дансанд 148,214,000 төгрөгийн шилжүүлсэн гүйлгээнүүд тус бүрийг хэзээ, ямар хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн тохиролцоо буюу хэлцлийн улмаас хийгдсэн болохыг нягтлан үзэхгүйгээр бүхэлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байна. Тодруулбал, 98,223,150 төгрөгийн зөрүүг гаргах шаардлагын хэдэн төгрөг нь зээлийн хүүд, хэдэн төгрөг нь зээл зуучилсны хөлсөнд гэж төлсөн гэх үндэслэл, шаардлагаа нэхэмжлэгч өөрөө зааглан тодорхойлоогүй байна. Нэхэмжлэгчийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгаа талаар Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01569 дугаар тогтоолд С.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, талууд ямар хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хэдэн удаа дансаар мөнгө шилжүүлсэн, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг хэрхэн тодорхойлсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүй дансны зөрүүг арилгах замаар буюу мөнгө харилцан шилжүүлсэн баримтын үндсэн дээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэснийг анхан шатны шүүх анхаараагүй, уг зөрчил хэвээр байна.

 

4. Нөгөө талаар хариуцагч С.М- нь Ё.Г-оос авсан зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч С.Т- нь миний дансаар төлж байсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Ё.Г-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч С.Т-т холбогдох зээлийн маргаантай холбоотой байх боломжтой байх тул уг хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг анхан шатны шүүх дүгнэх учиртай. Ё.Г-оос авсан зээлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэснээр нэхэмжлэгч С.Т-ийн авсан зээл, түүний буцаан төлөлттэй холбоотой маргаантай дансны гүйлгээнүүд буюу хариуцагч С.М-д холбогдох шилжүүлгийн зарим баримтууд хэнд хамаарах гүйлгээний баримтууд болохыг тодорхой болгох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

5. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ...иргэний...хэрэг хянан шийдвэрлэх ...өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба дээрх ажиллагаануудыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649,065 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ