Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01825

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01825

 

 

П.Э-нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Э-нийн нэхэмжлэлтэй

Хариуцагч УХ ХХК-д холбогдох,

Бараа солилцоогоор худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 414,754,666.17 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Мерседес Бенз жи 500 4x4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг, мөн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг, нийт 156,993,491.6 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

П.Э-нэ нь УХ ХХК-д Мерседес Бенз 4х4 квадрат маркийн автомашиныг 300,000 еврогоор худалдах, УХ ХХК нь автомашины төлбөрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах авлагаас 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эрхийг олгох, 200,000 евротой тэнцэх хэмжээний үнийн дүнтэй 2017 оны ургацын улаанбуудайг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бараа солилцоогоор худалдах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу автомашиныг УХ ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгсөн. Хариуцагч нь тус гэрээний дагуу улаанбуудайг бүрэн нийлүүлээгүй тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 81,319.9 еврог 40,659.95 еврогийн алдангийн хамт нийт 121,979.85 еврог нэхэмжлэгчид шилжүүлэх өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн төлөх үүрэгтэй байна. Анх нэхэмжлэл гаргах үед еврогийн ханш 2,904.18 төгрөг байсан ба 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хаалтын ханш 3,400.19 төгрөг байна. Иймд УХ ХХК-ийн нэхэмжлэгчид төлөх төлбөр 121,979.85 еврог Монголбанкнаас зарласан 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хаалтын ханш 3,400.19 төгрөгөөр бодоход хариуцагчийн төлөх төлбөр нь 414,754,666.17 төгрөг болж байна. Иймд Бараа солилцоогоор худалдах гэрээний төлбөр УХ ХХК-аас 414,754,666.17 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Э-нэ болон УХ ХХК нь автомашиныг бараа солилцоогоор худалдах №17/17 тоот гэрээг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 300,000 еврогоор автомашиныг авсан. Мерседес Бенз 4х4 квадрат маркийн автомашиныг Брабус тоноглолтой гэж тохиролцсон. Жирийнх нь 180,000 еврогийн үнэтэй байдаг байна. П.Э-нэ жирийнхийг өндөр үнээр зарсан гэж цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Автомашинд нэмж тоноглол суурилуулсан, Брабус бүтэн биш байна гэсэн ба доголдолтой автомашин шилжүүлсэн ба одоо төлөөгүй үлдсэн хэсгийг төлөхгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

УХ ХХК, П.Э-нэ нар нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17/17 дугаар бараа солилцоогоор худалдах гэрээг байгуулж, гэрээний дагуу П.Э-нэ нь УХ ХХК-д Мерседес Бенз жи 500 4х4 маркийн автомашиныг 300,000 еврогоор худалдах, авто машины төлбөрт УХ ХХК нь 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэхэмжлэх эрх, 200,000 евротой тэнцэх хэмжээний үнийн дүнтэй 2017 оны ургацын улаан буудайг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон нийлүүлэхээр харилцан тохиролцсон. УХ ХХК нь автомашины төлбөрийг дараах байдлаар төлсөн. Үүнд, авлага нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 107,965.91 евротой тэнцэх хэмжээний улаан буудайг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 10,714.19 евротой тэнцэх хэмжээний улаан буудайг тус тус нийлүүлсэн. П.Э-нэ нь Мерседес Бенз жи 500 4х4 маркийн автомашиныг МСМ групп ХХК-аас худалдаж авсан үнэ нь 300,000 евро,бүтэн Брабус тоноглолтой гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад МСМ групп ХХК-аас П.Э-нэ нь Мерседес Бенз жи 500 4х4 маркийн автомашиныг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн V048/15 дугаар автомашин худалдах, худалдан авах гэрээгээр 180,000 еврогоор худалдаж авсан байсан.

П.Э-нэ нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/17 тоот Бараа солилцоогоор худалдах гэрээгээр автомашиныг шилжүүлэхдээ 1 жил 03 сар эдэлж хэрэглэсэн элэгдэл, хоригдлыг хасалгүйгээр автомашины үнэ дээр 120,000 еврогоор нэмж, 300,000 евро гэж өөрөө дур мэдэн тодорхойлсон үнээр худалдсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар санаатайгаар хууран мэхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бараа солилцоогоор худалдах гэрээний 1.3 дахь заалт буюу Мерседес Бенз жи 500 4х4 маркийн автомашины үнийг 300,000 еврогоор тогтоосныг хүчин төгөлдөр бусд тооцуулна. Автомашины үнэд нийт 218,680.1 евротой тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнээр эргэн төлөлт хийсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Автомашины үнэд төлсөн 218,680.1 евро, МСМ групп ХХК-аас худалдаж авсан үнэ 180,000 еврогийн зөрүү 38,680.1 еврог Монголбанкны 12 дугаар сарын 25-ны өдрийн ханш 1 еврог 3,032.13 төгрөгөөр тооцож үзэхэд 117,283,091.6 төгрөг болж байна. Нийт 661.84 тонн улаан буудайг П.Э-нэд өгсөн. П.Э-нэ нь энэ буудайг дотоодын гурилын үйлдвэр болон улсын нөөцийн салбарт нийлүүлсэн нь ойлгомжтой. Засгийн газрын 48 дугаар тогтоолоор 1 тонн тутамд олгох улаан буудайн урамшуулал 60,000 төгрөг, 661.84 тонн улаан буудайн урамшуулалд 39,710,400 төгрөгийг авсан гэж үзэж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/17 тоот гэрээний үндсэн зүйлүүд хэсгийн 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг, мөн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг нийт 156,993,491.6 төгрөгийг П.Э-нээс гаргуулж УХ ХХК-д олгож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 244 дүгээр зүйлд зааснаар үнийг тохиролцож болно гэж заасны дагуу гэрээг байгуулсан, албадсан зүйл байхгүй, хариуцагч өөрөө авъя гэсэн, холбогдон гарах зардал, бусад нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Германы Брабус компани руу тоноглолын үнэ 10,000 евро, 20,500 еврог шилжүүлсэн. Автомашиныг Брабус тоноглолгүй гэж үзэхгүй. Автомашиныг 1111 УБЗ улсын дугаартайгаар өгсөн. Улаан буудайны урамшууллын мөнгийг авсан. Гэвч автомашины үнэнд авсан улаан буудайны ашгийг бид хүртэх ёстой. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт баримтлан УХ ХХК-аас 236,167,627 төгрөгийг гаргуулж П.Э-нэд олгож, нэхэмжлэгчийн 178,587,039.17 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д баримтлан П.Э-нээс 39,710,400 төгрөг гаргуулж УХ ХХК-д олгож, УХ ХХК-ийн П.Э-нэтэй байгуулсан гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,338,788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 356,502 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,384,420 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,100872 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Нэхэмжлэгч, хариуцагч хооронд байгуулагдсан 2017 оны 05 сарын 01-ний өдрийн Бараа солилцоогоор худалдах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д ... Гэрээт бүтээгдэхүүнийг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, гэрээний төлбөрийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд хугацаа хоцорсон хоног тутамд биелүүлээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг буруутай тал төлнө... гэж гэрээгээр тус тус харилцан тохиролцсон.

Иргэний хуулийн 206 дугаар зүйл болон 208 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т заасны дагуу хариуцагч бараа нийлүүлэх хуваарийг зөрчсөн, мөн тус гэрээний үүргийг биелүүлээгүй байх тул гэрээгээр тохиролцсон алдангийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагчийг залилсан гэж үзэж шалгуулж байсан байх тул хариуцлага тооцох үндэслэлгүй хэмээн үзсэн нь гэрээгээр тохиролцсон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй холбогдсон алдангийг төлүүлэхтэй шалтгаант холбооны хувьд нийцээгүй.

Шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчаас нийлүүлсэн улаанбуудайн урамшуулалд 39,710,400 төгрөг авсан гэж үзэн тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан бараа солилцоогоор худалдах гэрээ нь талуудын тохиролцоо бөгөөд тулгасан, хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй.

Улаанбуудайг худалдан авагч тал өөрт шилжүүлэн авсны дараа түүнээс олох ашиг орлого үр шимийг худалдан авагч талд эгүүлэн өгөх талаар ямар ч тохиролцоо байгаагүй. Шүүхээс тус хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй үндэслэл бүхий эргэлзээтэй шийдвэр гаргасан. Гэрээний дагуу худалдагч нь гэрээний үнийн дүнд шилжүүлэн авсан улаанбуудайн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч бөгөөд тус хөрөнгийг хуульд заасны дагуу захиран зарцуулах түүнээс олох үр шим ашгийг хүртэх бүрэн эрхтэй. Хариуцагч нь гэрээний үнэд шилжүүлсэн улаанбуудайгаас олсон олсон ашиг орлого,үр шимийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.а. Анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим, шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Анх П.Э-нэ нь Мерседес Бенз жи 500 4х42 маркийн автомашиныг МСМ групп ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 180,000 еврогоор худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 10 өдөр Автомашин хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт үйлдэн авто машиныг хүлээн авсан. Бараа солилцоогоор худалдах 17/17 дугаар гэрээг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулан Мерседес Бенз жи 500 4х42 маркийн автомашиныг П.Э-нэ нь 300,000 еврогоор худалдах, УХ ХХК нь авто машины үнэд 100,000 еврогийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авлага нэхэмжлэх эрх, 200,000 еврогийн 2017 оны ургацын улаан буудайгаар авто машины үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээрх автомашиныг үйлдвэрийн бүтэн Брабус тоноглолтой гэж П.Э-нэ хэлсэн тул 300,000 еврогоор худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед тоноглолгүй энгийн загвар нь 160,000-180,000 еврогийн ханштай байсан.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т гаргасан зардлуудыг гэрээний зүйл болсон автомашинтай холбогдон гарсан зардал гэдэг нь тодорхойгүй байхад тус автомашинд хамаатуулан дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн тодорхойлолт зэргээс харахад бүтэн Брабус тоноглолгүй гэдэг нь тодорхойлогдох ба нэхэмжлэгч ч бүтэн Брабус тоноглолтой гэх нотлох баримтыг гаргаагүй. Автомашиныг худалдан авах үедээ бүтэн Брабус тоноглолтой гэж ойлгосон. Гэвч тухайн үед автомашин нь биет байдлын доголдолтой гэдэг нь тогтоогдсон. Өмчлөх эрхийг нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд одоо хүртэл шилжүүлээгүй.

Гэрээгээр автомашины үнийг 300,000 евро гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн автомашин нь биет байдлын доголдолтой, мөн анхны үнэ нь 180,000 евро гэдэг нь тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 236,167,627 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс 39,710,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 117,283,091.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс хариуцагчид олгож шийдвэрлэж өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулсан тухайн гэрээнээс үзэхэд Мерседес Бенз машины үнийн дүнд П.Э-нэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах нэхэмжлэлийн эрхийн үнийн дүн болон улаан буудайн үнийн дүн, гэрээний үнийн дүнг тус бүрд нь тодорхой бичсэнээс үзэхэд дээрх гэрээ нь ямар нэг үр дүнд хүргэхгүй болон дүр үзүүлэн хийсэн, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэх үзэх үндэслэлгүй. Тухайн машин нь Брабус тоноглолтой талаар Германы BRABUS GmbH-аас дээрх автомашинд Брабус тоноглол хийсэн тухай тодорхойлолтыг хэрэгт ирүүлжээ. Мөн нэхэмжлэгч нь автомашин захиалахдаа Брабус тоноглолд зориулж 10,000 евро, 20,500 еврог шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Мөн түүнчлэн тээврийн хөлсөнд 3,400 еврог төлсөн баримт хэрэгт авагдсан. Гэрээний гол нөхцөл болох үнийг 300,000 евро гэж тогтоосон бөгөөд талуудын хүсэл зоргын асуудал гэж үзэж байна. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн үнийг тогтооход автомашиныг бэлэн мөнгөөр бус бараагаар худалдсан, машины баталгаат засварын хугацаа дуусаагүй байсан. Мөн тухайн үед автомашин 1111 УБЗ улсын дугаартайгаар байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бусд тооцуулах, автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөгийг гаргуулах хариуцагчийн гомдол нь үндэслэлгүй.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг нотлох баримтын хүрээнд авч үзээгүй тул давж заалдах гомдол гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч П.Э-нэ нь хариуцагч УХ ХХК-д холбогдуулан, арилжааны гэрээний дагуу биелэгдээгүй хэсэгт 81,319.90 евро, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги 40,659.95 еврог одоогийн ханшаар тооцон, нийт 414,754,666.17 төгрөгийг нэхэмжилж байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, арилжааны гэрээний 1.3 буюу автомашины үнэ 300,000 евро гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөг, мөн нэхэмжлэгчийн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг, нийт 156,993,491.6 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж талууд маргажээ.

 

2. Нэхэмжлэгч П.Э-нэ нь хариуцагч УХ ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бараа солилцоогоор худалдах гэрээг байгуулж, П.Э-нэ Мерседес Бенз жи 4х4 квадрат маркийн автомашиныг 300,000 еврогоор худалдах, УХ ХХК нь автомашины үнэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах авлагаас 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эрхийг шилжүүлэх, 200,000 евротой тэнцэх хэмжээний үнэ бүхий 2017 оны ургацын улаанбуудайг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлэхээр тус тус харилцан тохиролцож, хариуцагч автомашины үнээс 100,000 евротой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг бусдаас нэхэмжлэх эрхээр, 118,680.1 еврогийн үнэ бүхий улаан буудайгаар төлсөн, нэхэмжлэгч гэрээний зүйл болох 1111 УБЗ улсын дугаартай автомашиныг хариуцагч талд шилжүүлэн өгсөн тухайд талууд маргаагүй байх ба, талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна. /1хх 8/

 

3. Нэхэмжлэгч, дээрх автомашиныг МСМ компаниар дамжуулан Герман улсаас авахаар 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захиалга хийж, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр МСМ компаниас 180,000 еврогоор худалдан авсан байна. /1хх 91-101/

 

Улмаар нэхэмжлэгч дээрх автомашинд нэмэлтээр Брабус тоноглол хийлгэхэд зориулж 2016 оны 02 дугаар сарын 17-нд 10,000 евро, 2016 оны 05 дугаар сарын 02-нд 20,500 евро, нийт 30,500 еврог Герман улсын BRABUS GmbH-д Хаан банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн байх ба BRABUS GmbH-ээс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дээр дурдсан Мерседес-Бенз жи 500 4х4-г Германы Bottrof-т манай үйлдвэр дээр анхдагч Брабус тоног төхөөрөмжөөр өөрчилсөн болохыг бид баталгаажуулж байна. Тээврийн хэрэгсэл нь 2016 оны 05 дугаар сард илгээгдсэн болно гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг ирүүлжээ. /2хх 4-5, 74-76/

 

4. Хариуцагч талаас арилжааны гэрээний 1.3 дахь заалт барааны үнэ гэсэн хэсгийн Мерседес Бенз жи 4х4 квадрат маркийн авто машины үнэ 300,000 евро гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх бөгөөд тухайн автомашиныг бүтэн Брабус тоноглолтой автомашин гэж ойлгон ноцтой төөрөгдсөн гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн автомашины гаднах байдлаас нь Брабус тоноглолтой байна гэж үзэж худалдан авсан гэх бөгөөд тухайн автомашин нь бүтэн Брабус тоноглолгүй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн 200500728 дугаартай хэргээс ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн гаргасан бичмэл нотлох баримтаар, мөн шүүхээс шинжээчээр томилогдсон Тэнцвэр эстимэйт ХХК тухайн автомашинд одоо хийгдсэн байгаа Брабус тоног нь хойд буфер, капод, урд их гэрэл, спойллер зэрэг байна гэсэн зэргээс үзэхэд тухайн автомашиныг бүтэн Брабус тоноглолтой автомашин гэж үзэх үндэслэлгүй байх тул автомашиныг худалдан авахдаа тохиролцсон 300,000 евро гэсэн гэрээний үнийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзлээ. /2хх 35-41, 3хх 28-31/

 

Хариуцагч нь мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн, мөн зүйлийн 58.3.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн болох нь тухайн худалдан авсан автомашин гадна талдаа Брабус тоноглолын тэмдэглэгээ болох В үсэгтэй байсан гэж тайлбарлаж байгаагаас, мөн Брабус тоноглолыг автомашины зөвхөн гадна тоноглолдоо хийлгэсэн байгаа байдал, нэхэмжлэгч уг автомашиныг 180,000 еврогоор худалдаж авсан байтал талууд автомашины үнийг 300,000 еврогоор тодорхойлсон зэргээс үзэхэд хариуцагчийг дээрх хуульд зааснаар төөрөгдөж, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч нь автомашиныг Герман улсаас авчрах тээврийн хөлсөнд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3,400 еврог Хаан банкны Ти Ай Ложистик ХХК-ийн дансанд, гаалийн татварт 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 44,920,006 төгрөгийг Голомт банк дахь Гаалийн ерөнхий газрын дансанд тус тус төлсөн тухай Ти Ай Ложистик ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 116/21 дугаартай албан бичиг, орлогын мэдүүлэг, мемориалын баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. /2хх 70-73/

 

5.а. Нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах баримтуудыг хариуцагч тал ирүүлж мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэгчийн автомашин худалдан авсан үнэ 180,000 евро буюу 485,784,000 төгрөг, машинд нэмэлт Брабус тоноглол хийлгэсэн хөлс 30,500 евро буюу 82,313,400 төгрөг, тээврийн хөлсөнд шилжүүлсэн 3,400 евро буюу 9,175,920 төгрөг, гаалийн татварт төлсөн 44,920,006 төгрөг, нийт 622,193,326 төгрөгөөр талуудын хооронд байгуулсан гэрээний үнийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн еврогоор гүйлгээ хийсэн төлбөрийн баримтуудын огноог үндэслэн тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцоог гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

5.б. Иймд хариуцагч талаас гэрээний үнэд нийт 605,903,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул 622,193,326 төгрөгөөс хасч тооцоход 16,289,526 төгрөгийг хариуцагч тал төлөх үүрэгтэй гэж үзэх бөгөөд гэрээний үнийн талаарх тохиролцоо хүчин төгөлдөр бус байх тул алданги нэхэмжилсэн хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Хариуцагч талаас гаргасан арилжааны гэрээний 1.3 буюу автомашины үнэ 300,000 евро гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх ба Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091.6 төгрөг, мөн нэхэмжлэгчийн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг, нийт 156,993,491.6 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ.

 

6.а. Тодруулбал, нэхэмжлэгчийн автомашиныг худалдан авахдаа гаргасан зардлуудыг нэмж тооцож тухайн автомашины үнийг тодорхойлсон бөгөөд хариуцагч талаас автомашины үнэтэй холбоотой өөрийн татгалзлын үндэслэлээ нотлоогүй тул Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашиныг 180,000 еврогоор буюу тухайн гэрээний үнийг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, улмаар илүү төлсөн гэх 117,283,091.6 төгрөгийн шаардлагыг мөн хангах боломжгүй юм.

 

6.б. Хариуцагчаас нийлүүлсэн улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч талаас автомашины үнийг бараа бүтээгдэхүүнээр төлөхөөр арилжааны гэрээ хийсэн тул түүний шилжүүлсэн улаан буудай нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл болсон байх ба уг улаан буудайг төрд худалдаж түүний урамшуулалд авсан 39,710,400 төгрөг нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлээ захиран зарцуулсны үр дүнд олж авсан эрхийн үр шим гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь арилжааны гэрээний дагуу авсан улаан буудайн өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй ба мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.2, 88.3 дахь хэсэгт зааснаар эд юмсын эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлого нь тухайн эрхийн үр шим байх ба энэхүү үр шимийг хууль ёсны эзэмшигч нь олж авах эрхтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдсан гомдлуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг баримтлан УХ ХХК-аас 16,289,526 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Э-нэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 398,465,140.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2, 89.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Э-нэ, хариуцагч УХ ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бараа солилцоогоор худалдах гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч УХ ХХК-ийн гаргасан Мерседес Бенз жи 500 4х4 загварын автомашины үнийг 180,000 еврогийн үнэтэй байсан болохыг тогтоолгох, автомашины үнэд илүү төлсөн 117,283,091.6 төгрөг, улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг, нийт 156,993,491.6 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 2,389,920 төгрөгөөс 2,231,723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 158,197 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас төлсөн 1,100,872 төгрөгөөс 1013,117 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 87,755 төгрөгийг буцаан олгож, хариуцагч УХ ХХК-аас 239,398 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Э-нэд, П.Э-нээс 70,200 төгрөг гаргуулж УХ ХХК-д тус тус олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,249,437 төгрөг, хариуцагч УХ ХХК-аас төлсөн 1,925,206 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ