Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Оч |
Хэргийн индекс | 105/2016/0165/Э |
Дугаар | 789 |
Огноо | 2016-11-08 |
Зүйл хэсэг | 215.3., 222.2., |
Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 789
О.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Мөнхжаргал,
ялтан О.Цолмонбаяр, шүүгдэгч Г.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Ч.Ням,
ялтан О.Цолмонбаярын өмгөөлөгч Д.Барсүрэн, Б.Наранцэцэг,
шүүгдэгч Г.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчимэг, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Ч.Ням, Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нарт холбогдох 201624000498 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Адуучин овгийн Отгонбаатарын Цолмонбаяр, 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар байрны 36 б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: КК81061011/,
2. Дум овгийн Готовын Эрдэнэчимэг, 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар байрны 36 б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: КД80072900/,
О.Цолмонбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 17.30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуарангийн замд 02-56 ӨМӨ улсын дугаартай “Сузуки Свифт” загварын тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон явахдаа мөн дүрмийн “7.9.Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино”, “7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж С.Бат-Эрдэнийн жолоодон явсан тухайн үедээ улсын дугаар олгогдоогүй байсан “Хонда СБР” загварын мотоциклыг мөргөж С.Бат-Эрдэнийн амь насыг хохироосон,
Г.Эрдэнэчимэг нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 02-56 ӨМӨ улсын дугаартай “Сузуки Свифт” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй О.Цолмонбаярт жолоогоо шилжүүлсний улмаас С.Бат-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: О.Цолмонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, Г.Эрдэнэчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэчимэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Адуучин овогт Отгонбаатарын Цолмонбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар О.Цолмонбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Цолмонбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
шүүгдэгч О.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Цолмонбаяраас оршуулгын зардал 16.442.380 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчимэгт олгож, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү нэг хүүхдэд 137.000 төгрөгөөр тооцож, 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төрсөн хүү Б.Тэмүүн, 2015 оны 4 дүгээр сарын 22-нд төрсөн охин Б.Эгшиглэн нарт сар бүр 274.000 төгрөг гаргуулж 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тооцож олгуулж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
О.Цолмонбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,
Г.Эрдэнэчимэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
О.Цолмонбаярын хадгаламжийн дансны гүйлгээг захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг дурдаж,
Г.Эрдэнэчимэгийн В ангиллын 842370 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэжээ.
Ялтан О.Цолмонбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...би зүүн гар тал руугаа эргэх гээд замын цагаан зурвас давж орон эсрэг урсгалын нэгдүгээр эгнээ рүү орох явцад офицерийн тойргийн чиглэлээс 2 ширхэг мотоциклтой залуучууд маш өндөр хурдтай гарч ирж, ямар ч хурд сааруулах болон тормозгүйгээр эхэнд явж байсан цэнхэр өнгийн мотоцикл манай автомашиныг баруун урд хажуу талаас хүчтэй мөргөн унаж, жолооч нь явж байсан чиглэлдээ хол шидэгдэн толгойгоороо унах үедээ хамгаалах хэрэгсэлгүй байснаас тархиндаа хүнд гэмтэл авч хагалгаанд орсон боловч нас барсан. Хохирогч С.Бат-Эрдэнийн жолоодож явсан Хонда СБР загварын мотоцикл осол гарсан өдөр улсын дугаар аваагүй, гэрчилгээгүй, техникийн гэмтэлтэй, улсын үзлэг, оношилгоонд ороогүй зэрэг зөрчилтэй байсан. Уг Хонда СБР загварын мотоциклын хурдыг тогтоох боломжтой гэж үзэж байна. Автомашин, мотоциклын техникийн ослын шинжилгээг хийхдээ нэг талыг барьж, санаатай гуйвуулан “автомашин нь мотоциклыг хажуугаас нь мөргөсөн” болгож шинжилгээ хийсэн. Автомашин, мотоцикл хоёрын харилцан үйлчлэлээр автомашинд их хэмжээний гэмтэл учирсан байхад гүйцэт тусгаагүй. Зөвхөн мотоцикл мөргөгдсөн тал буюу баруун талдаа ихээр гэмтсэн мэтээр зохиомлоор бичсэн. Автомашин, мотоцикл хоёрын анх мөргөлдсөн цэгийг үнэн зөв олж тодорхойлон хохирогч, хэрэгтэн хоёрын аль нь мөргөсөн болохыг дахин нарийвчлан шалгаж тогтоож өгнө үү. Миний бие осол гарах үед өөрийн “80671107”, эгчийн “99076828” дугааруудаас 102, 103 дугаарын утсанд дуудлага өгч цаг тухайд нь тусламж үзүүлж иргэний хариуцлагаа ухамсарлан биелүүлсэн байхад “дуудлага өгөөгүй” гэж худал хэлдэг. Мөрдөн байцаалтын шатанд М.Жамсран гэх гэрч гарч ирсэн бөгөөд уг гэрчийг яагаад мэдүүлэг өгөх болсон талаар мэдэх хэрэгтэй байна. Уг гэрчийн ярьж хэлж байгаагаар “цэнхэр” өнгийн мотоциклыг “улаан” гэж мэдүүлэг өгсөн нь миний хувийн байдлыг дордуулж байна. Миний эхнэр огт автомашин барьдаггүй байхад эхнэрийг минь дарамталж, тулгаж мэдүүлэг авсан. Мөн намайг бичиг үсэг мэддэггүй байхад өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан. Мөн камерын бичлэгт нэмэлт засвар орсон байдаг. Осол гарсан өдөр хохирогчийн найз Ц.Буянбадрах нь авто засварын газраас камерын бичлэгийг утсан дээрээ буулган хуулж авсан байдаг. Гэтэл хавтаст хэргийн материалд авагдсан флаш дискэнд хуулбарлан авсан бичлэгийн файл нь “6 дугаар сарын 4” гэж тэмдэглэгдэн орсон байдаг. Осол гарсан өдөр миний эхнэр Г.Эрдэнэчимэг нь тус авто засварын газраас камерын бичлэгийг хуулж авах гэсэн боловч өгөөгүй байдаг. Миний бодлоор орчин үеийн техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар уг засвар орсон бичлэгийн учрыг тайлж нотлох боломжтой гэж үзэж байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй учир дээрх зүйлсийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.
Ялтан О.Цолмонбаяр, шүүгдэгч Г.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Ч.Ням гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс О.Цолмонбаярыг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 16-р хороо, Улаанхуарангийн замд 02-76 ӨМӨ улсын дугаартай Сузуки Свифт загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 7.9, 7.12 заалтуудыг зөрчин С.Бат-Эрдэнийн жолоодон явсан улсын дугаар олгогдоогүй, Хонда СБР загварын мотоциклийг мөргөж, С.Бат-Эрдэнийн амь нас хохироосон нь нотлох баримтуудаар нотлогдож, гэм буруутай байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж шийтгэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тал бүрээс нь үнэн зөв бодитой дүгнэлт өгөөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдааг хяналгүй орхигдуулсан, нэг талын барьсан шинжээч дүгнэлтүүдийг бодитой гаргасан дүгнэлт байна гэж үзсэн, зарим шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчийн мэдүүлгийн үг үсэг, үйл явдлын илт зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлсэнээс гадна, амь хохирогчийн унаж явсан мотоциклийн бүрэн бус байдал, мотоциклийн жолоочийн замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хуурамч улсын дугаартай, хамгаалах малгайгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, илт хурдтай явсан байж болох буруутай үйлдлүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдсаар байхад шүүх үнэлж үзээгүйгээс гадна Сузуки Свифт загварын тээврийн хэрэгсэлийн жолооч О.Цолмонбаярыг Хонда СБР загварын мотоциклийг чигээрээ явж байхад нь эсрэг урсгал руу орж, хажуугаас нь очиж мөргөсөн мэтээр буруутгаж ял шийтгэл оногдуулсан болно. Бодит байдал дээр 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 17 цаг 30 минутын үед болсон энэхүү ослын болсон үйл явдал, тухайн автозамын хөдөлгөөний чиглэл, үзэгдэх орчин чөлөөтэй байснаас гадна офицерын уулзварын тойрох хөдөлгөөнөөс чигээрээ явах замын хэмжээ, осол болсон “А” цэг дээр хоёр тээврийн хэрэгсэл уулзсан, мөргөлдөхдөө чухам аль нь алийнийгээ мөргөж, осол гаргасан, мөн тойрох хөдөлгөөн маш хурдтай хийж зэрэгцэн явж байсан хоёр мотоциклийн хурдны талаарх нөхцөл байдлуудыг бүрэн дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх шалтаан нөхцөлүүдийг тодорхойлж байгаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Г.Мандах, Л.Ган-Эрдэнэ, С.Буянбадрах, Н.Жамсран нарын мэдүүлэг байдаг. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын удирдлагын шуурхай төвийн техникийн шинжээч ахмад Батбаярын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 450 тоот шинжээчийн дүгнэлтэнд “02-56 ӨМӨ улсын дугаартай Сузуки Свифт загварын тээврийн хэрэгсэл жолооч О.Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 7.12-т заасан заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн үедээ улсын дугаар олгогдоогүй байсан нь Хонда СБР загварын мотоциклийн жолооч Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан заалтыг зөрчсөн байна” гэжээ. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 471 тоот шинжээчийн дүгнэлтэд хэргийн газрын үзлэгээр С.Бат-Эрдэнийн жолоодож явсан улсын дугаар олгогдоогүй байсан, одоо 76-68 УБ улсын дугаартай Хонда СБР загварын мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн шинжээч Ц.Батзориг үндсэн болон нэмэлт дүгнэлтүүдийг 2 удаа гаргахдаа авто ослын талаарх автомашин мотоциклийн хурд замын үзэгдэх нөхцөл, осол гарсан газрын хэмжээ, хязгаар офицерын тойрог эргэх хөдөлгөөнөөс чигээрээ явах замд шилжсэн А цэг хүртэлх хугацаа зайг бүрэн тогтоож шийдвэрлээгүй, мөргөлт автомашин нь мотоциклыг мөргөсөн үү, мотоцикл нь автомашиныг мөргөсөн эсэх талаар асар их эргэлзээтэй байхад дээрх асуудалд бүрэн төгс дүгнэлт гаргаж чадаагүй байдаг бөгөөд Хонда СБР загварын тоормозын гишгүүр байхгүй, чөмөг хугарсан зэрэг зогсоох механикм ажиллагаагүй байсныг шинжээчийн дүгнэлтэнд оруулж, энэ талаар дүгнэлт гаргаагүй байгаагаас гадна мотоциклийн жолооч хурд хэтрүүлсэн байж болзошгүй байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай байхад энэ талаар дүгнэлт мөн гаргаагүй байна. Энэхүү дээрх асуудлуудын талаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах талаар мөрдөн байцаалт прокурорын шатанд өмгөөлөгч нараас гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг хангаагүй байдаг. Энэ хэргийг шалгасан мөрдөн байцаагч, хяналт тавьсан прокурор нь энэхүү эргэлзээтэй техникийн ослын талаар асар их алдаатай бүрэн төгс гараагүй дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт болгож Сузуки Свифт загварын автомашины жолооч О.Цолмонбаярыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, мотоциклийг мөргөсөн гэж таамаглаж, үг өгүүлбэрийн үндэслэлгүй шинжээчийн бичиглэлийг үнэлж хуулийг буруу хэрэглэн, шүүхэд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлж байцаан шийтгэх ажиллагаа зөрчсөн байна. Үүнээс гадна ялтан О.Цолмонбаяр нь бичиг үсэг мэдэхгүй, ямар нэгэн боловсролгүй гэж хэлсээр байхад О.Цолмонбаярыг яллагдагчаар татаж мэдүүлэг тайлбар авахдаа өмгөөлөгчөөр хангаагүй, тухайн үед гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг өмгөөлөгчгүйгээр танилцуулж, гарын үсэг зуруулсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, нэг талыг барьсан гэж үзэх үндэстэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолын 3, 4, 6 дах заалтуудыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.
Ялтан О.Цолмонбаярын өмгөөлөгч Б.Наранцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Цолмонбаярыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэжээ. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад хохирогчид учирсан гэм хорын хохирлыг 16.442.380 төгрөгийг О. Цолмонбаяраар дангаар төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иймд:
1. Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтээр О.Цолмонбаярыг Замын хөдөлгөөний дүрмийн 7.9, 7.12 гэсэн заалтаар гэм буруутай. Энэ нь осол гарахад нөлөөлсөн. Харин энэ ослын нөгөө тал болох мотоциклтэй явж байгаад нас барсан С.Бат-Эрдэнийг мотоцикл жолоодохдоо малгай /каск/ өмсөөгүй явсан буруутай боловч энэ нь осол гарахад нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ. Хавтаст хэргийн материалаас харахад шинжээч Б.Батзоригийн гаргасан энэ дүгнэлт нь хэргийн бусад нотлох баримт автомашин болон мотоциклийн эвдрэлийг тогтоосон техникийн шинжээчийн дүгнэлтүүд, зарим гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, зураг, шинжээчийн анхан шатны шүүхэд дүгнэлтээ тайлбарласан мэдүүлэг зэргээс харахад энэ дүгнэлт нь эргэлзээтэй, нэг талыг барьсан, мотоциклтой явсан талийгаач С.Бат-Эрдэнийн замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдлыг дүгнэлтэдээ тусгаагүй, “мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй” гэсэн мөртлөө шүүх хурал дээр “Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тогтоодог юм” гэсэн мэдүүлэг өгч байгаа нь туйлын хангалтгүй байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн нотловол зохих зүйл болох гэмт хэргийн шалтгаан нөхцөл гэм буруугийн асуудпыг бүрэн шалгаж тоггоогоогүй учраас /автын мэргэжлийн шинжээч/ нарыг оролцуулан дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.
Ялтан О.Цолмонбаярын өмгөөлөгч Д.Барсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ч.Нямын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа нь осол гарахад нөлөөлсөн нь тогтоогдсон. Мотоциклын жолооч Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хамгаалах малгайтай байх ёстой. Гэтэл хамгаалах малгай байгаагүй учраас толгойдоо гэмтэл авч, нас барахад нөлөөлсөн. Хэрвээ хамгаалах малгайтай байсан бол амь аврагдах үндэслэлтэй байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд мөрдөн байцаагч шинжээч томилсон тогтоолоо яллагдагч болон түүний өмгөөлөгч нарт танилцуулах үүргээ зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа санал, хүсэлт авах ёстой хуулийн заалтыг зөрчсөн. Энэ талаар асуудал гаргах байсан. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед үүссэн гэмтлийг тодорхойлоогүй. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлын шинжээчид хамаарлын талаар санал хүсэлт гаргах байсан ч боломж олдоогүй. Замын цагдаа, мөрдөн байцаагч, шинжээч нар нэг бүлийн хүмүүс юм шиг байсан. Шинжээч худал дүгнэлт гаргасан талаар Цагдаагийн Ерөнхий газрын дотоод аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргасан ч асуудалд зарчимч бусаар хандаж ямарч шалгалт хийгээгүй. Хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-3 дахь заалтуудыг зөрчсөн. Замын цагдаагийн байцаагч Замын хөдөлгөөний дүрмээ мэддэггүй. Хууль Сахиулахын Их сургуулийн багш нар эвдрэлийн онцлог, гарсан ослын онцлог байдлыг харгалзан кодикийн аргаар мотоциклын хурд, гэмтлийг тодорхойлж болох байсан. Үүнийг үгчлэн бичээд мөрдөн байцаагчид өгөхөөр ойлгодоггүй. Тийм учраас зайлшгүй Хууль Сахиулахын Их сургуулийн багш нарыг томилох ёстой байсан ч шүүх анхаараагүй. О.Цолмонбаяр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орсон гэдэг ч эсрэг урсгалд орохыг дүрмээр зөвшөөрсөн. Гүйцэд түрүүлэх гэж байгаа бол эсрэг урсгалд орох эрхтэй. О.Цолмонбаяр Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн учраас осол гарсан гэх шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй.” гэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Г.Эрдэнэчимэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж Г.Эрдэнэчимэгт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байсан. Шүүгдэгч Г.Эрдэнэчимэг, О.Цолмонбаяр нар хамтын амьдралтай, нэг гэрт амьдардаг хүмүүс байсан болохоор зам тээврийн ослыг хэн гаргасан талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай. “Зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээд нь тогтоогдох юм бол Г.Эрдэнэчимэг, О.Цолмонбаяр нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлөх үү эсвэл хохирогч гэм буруутай юу гэдгийг нарийн сайн тогтоох” гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах саналтай байсан ч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Хэргийн газрын зураг, ослын актад “02-56 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тухайн осол гарах үед нэг зорчигчтой явж байсан” гэдэг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт О.Цолмонбаяр “осол гарах үед миний автомашинд эхнэрийн эгч Г.Мандах, эхнэр Г.Эрдэнэчимэг, хадам ахын охин Чимэд гэх 3 зорчигчтой явсан” гэж мэдүүлэг өгөөд байхад хэргийн газар очсон мөрдөн байцаагч 1 зорчигчтой байсан гэдэг нь мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийгдсэн нь харагдаж байгаа юм. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас өмгөөлөгч нарын гаргаж байгаа шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Эрдэнэчимэгийг иргэний хариуцагчаар, мөн иргэний нэхэмжлэгчээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар татаж байцаасан. Яллагдагчаар татсан тогтоолыг өмгөөлөгчгүй танилцуулсан. Г.Эрдэнэчимэг “боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй” гэж хэлдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн үйлдэл учраас мөрдөн байцаалтад буцаагаад засах шаардлагатай байгаа учраас мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргасан. Энэ хэргийг хэн үйлдсэн, гэм буруутай этгээд нь хэн бэ гэдгийг тогтоох шаардлагатай.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 6 сарын хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулахгүй, хүн чанаргүй байдал гаргаж байгаад гомдолтой байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчимэгийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарсан өдрөөс хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Байцаан шийтгэх ажиллагаагаар нотолбол зохих асуудлуудыг нотлож тогтоосон учраас мөрдөн байцаалтад буцаах ямар ч шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. О.Цолмонбаяр өөрийгөө буруугүй гэж үздэг, анхан шатны шүүх хуралдаанд бас тэгж хэлсэн. Тийм учраас өнөөдрийг хүртэл хохирлыг төлөхгүй явсан байна. Өмгөөлөгч нарын ярьсан зүйлүүд үндэслэлгүй. Үүнийг нотлох зүйл нь хуйвалдаад техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан байна гэж бодоход камерын бичлэгээр 2 дугаар эгнээнээс эсрэг урсгалд ороод мотоциклтой хүний мөргөсөн. Замын хөдөлгөөний дүрмээр эсрэг урсгалд орсон бол шууд буруутай гэж үздэг. Дахин шинжээчийн дүгнэлт гаргасан ч энэ дүгнэлт өөрчлөгдөхгүй. Тормосны мөр байхгүй учраас хурдыг тогтоох боломжгүй. Мотоцикл зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан. О.Цолмонбаярын буруутай үйлдлээс хүний амь нас хохирсон. Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй гэж яриад байна. Техникийн шинжээч үүнээс болж осол гараагүй гэж хэлсэн. Мотоцикл автомашиныг мөргөсөн гэж яриад байна. Г.Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Гэтэл хэрэг шүүхэд ирэхэд “би нэг ч удаа автомашин барьдаггүй. О.Цолмонбаяр барьдаг” гэж мэдүүлгээ өөрчилсөн. Үүнээс болоод анхан шатны шүүх Г.Эрдэнэчимэгт холбогдох хэсгийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгосон гэж бодож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчимэг 2 бага насны хүүхэдтэйгээ үлдсэн. Өмгөөлөгч Б.Наранцэцэг 2.500.000 төгрөг гаргаж өгсөн нь оршуулгын зардлын нэг хэсэг юм шиг байна. Түүнээс биш хохирол төлөх талаар санаачилга гаргадаггүй. О.Цолмонбаяр жолооч биш, хуулийн хүн биш учраас гэм буруугаа ойлгохгүй байж болно. Харин энэ олон өмгөөлөгч нар нь гэм буруугийнх асуудлыг яагаад ойлгуулахгүй өнөөдрийг хүргэсэн бэ. Хохирлыг баримтын дагуу гаргаж өгсөн. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор Ц.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих ажиллагааг бүрэн гүйцэд шалгасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд заасан Бичиг үсэг мэдэхгүй хүнээс өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан, бүрэн бус мотоциклыг шинжээчийн дүгнэлтээр бүрэн шалгаж тогтоогоогүй, техникийн шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэх нөхцөл байдлуудыг өмгөөлөгч нар ярьж байна. Тухайн хүмүүс бичиг үсэг мэддэг нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай тогтоогдсон. О.Цолмонбаярын хувьд бүрэн дунд боловсролтой гэж мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “хэргийн материалтай танилцлаа О.Цолмонбаяр” гэсэн өөрийнхөө гараар бичсэн үг өгүүлбэр байдаг. Г.Эрдэнэчимэгийн хувьд жолооны курст төгссөн учраас бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй байх боломжгүй. “Хэргийн материалтай танилцлаа Г.Эрдэнэчимэг” гэж үг үсгийн алдаагүй бичсэн нь хавтаст хэрэгт байгаа. Мотоциклын бүрэн бүтэн байдлын талаар шалгаж тогтоогоогүй байна гэсэн. Мотоциклын бүрэн бүтэн байдалд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч “Уг мотоциклд ослын өмнө болон дараа нь ямар гэмтэл учирсан бэ. Уг гэмтлүүд нь осол гарахад нөлөөлөх талаар тодорхой тайлбар өгөхдөө тухайн эвдэрсэн гэмтлүүд ослын дараа үүссэн бөгөөд осол гарахад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Мөн техникийн шинжээчийн дүгнэлтээр жолооч О.Цолмонбаяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 7.9, 7.12-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Энэ зөрчсөн үйлдэл нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай нотлогдсон. Болсон үйл явдлыг дүрсэлж үлдээсэн ганц нотлох баримт бол камерын бичлэг байдаг. Тухайн бичлэгээс үзэхэд Сузуки Свифт загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Цолмонбаяр нь үзэгдэх орчин чөлөөтэй, ямар нэгэн халхалсан зүйл харагддаггүй. 2 дугаар эгнээнээс шууд 1 дүгээр эгнээ рүү давж эргэх гэж байгаа үйлдэл харагддаг. Талийгаачийн хувьд 1 дүгээр эгнээгээр шулуун буюу давуу эрхээр замын хөдөлгөөнд оролцогч. Гэтэл “давуу эрхээр хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн урдуур хөдөлгөөн хийж зам тавьж өгөөгүйтэй холбоотойгоор зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөлийг О.Цолмонбаярын буруутай үйл ажиллагаатай холбоотой” нь бичлэгээр нотлогдож тогтоогддог. Осол гарсан үндсэн шалтгаанд Замын хөдөлгөөний дүрэмд хэн хөдөлгөөнөө бүтэн хийх ёстой вэ, хэн зам тавьж өгөх ёстой талаар тодорхой зааж өгдөг. Талийгаачийн хувьд төв зам буюу хөдөлгөөнд давуу эрхээр оролцох ёстой байсан. О.Цолмонбаяр төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч хөдөлгөөнийг аюулгүй болсны эцэст дээрх үйлдлийг хийх ёстой байсан. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байна гэсэн. Н.Жамсран тухайн үед зам тээврийн ослын талаар дуудлага өгсөн. Замын цагдаагийн газар дуудлага өгсөн лавлагаа нь хавтаст хэрэгт байгаа. Н.Жамсран нь хэн нэгний ашиг сонирхлоор биш, тухайн замд явж байсан, ослыг харсан гэрч байдаг. Мотоциклыг өнгөний хувьд зөрүүтэй мэдүүлдэг боловч гэрч өнгө ялгадаггүй байхыг үгүйсгэхгүй, зөвхөн өөрийнхөө харсан зүйлийг хэлсэн. Түүнээс биш хэргийн талаар ноцтой зүйл хэлсэн мэдүүлэг байхгүй. Прокуророос Г.Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн үндэслэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн. О.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нар албан ёсны гэр бүл биш, хамтран амьдрагч. Мөрдөн байцаалтын шатанд Г.Эрдэнэчимэг нь “Би нөхрийгөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг нь мэддэг. Тухайн үед автомашин барьж байхад миний толгой өвдөөд байсан учраас жолоогоо шилжүүлсэн” гэж удаа дараа мэдүүлдэг. Харин О.Цолмонбаярын хувьд “би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, тухайн үед манай эхнэрийн толгой нь өвдөөд байсан учраас би бариад авсан” гэж хэлдэг. Нэгэнт хуульд ингэж заасан учраас О.Цолмонбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхад нь жолоогоо шилжүүлсэн учраас шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт О.Цолмонбаяр нь би тээврийн хэрэгслийг өөрөө жолооддог. Бид хоёр дундаасаа малаа зарж байгаад тухайн автомашиныг худалдаж авсан. Тэгэхээр энэ автомашин бид хоёрын дундын өмч. Би энэ автомашиныг дандаа барьдаг. Тухайн өдөр Г.Эрдэнэчимэг жолоодож байгаад толгой нь өвдөөд байхаар нь надад шилжүүлсэн” гэж хэлсэн. Г.Эрдэнэчимэгийн хувьд “би бие муутай хүн. Уг автомашиныг огт барьдаггүй. Гэхдээ нөхрийгөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэддэг” гэж хэлсэн. Тухайн өдөр Г.Эрдэнэчимэг барьж байгаад болохгүй болохоор нь надад өгсөн гэдэг. О.Цолмонбаярын давж заалдах гомдолдоо “Би энэ автомашиныг дандаа барьдаг. Г.Эрдэнэчимэг тухайн үед бариагүй” талаар бичсэн байсан. Нотолгоо байхгүй, эхнэр нөхрийн асуудал байгаа учраас шүүх тухайн нөхцөл байдалд нь дүгнэлт хийгээд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Г.Эрдэнэчимэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон учраас эсэргүүцэл бичээгүй. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь нотлогдсон учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
О.Цолмонбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 17.30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуарангийн замд 02-56 ӨМӨ улсын дугаартай “Сузуки Свифт” загварын тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон явахдаа мөн дүрмийн “7.9.Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино”, “7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж С.Бат-Эрдэнийн жолоодон явсан тухайн үедээ улсын дугаар олгогдоогүй байсан Хонда СБР загварын мотоциклыг мөргөж С.Бат-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Ялтан О.Цолмонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...улмаар зүүн гар тийшээгээ эргэх гээд хөдлөөд цагаан зураас даваад ортол баруунаасаа зүүн чиглэлтэй цэнхэр өнгөтэй мотоцикл унасан хүн хурдтай орж ирээд автомашины баруун урд талыг мөргөсөн. Тэгтэл тухайн хүн нь шидэгдээд автомашины зүүн гар талд зам дээр унасан....Намайг эргэх гэж байхад тэр доор буюу 400 орчим метрийн зайд зүүнээсээ баруун чиглэлтэй ирж байгаа харагдсан. Тэр үед би хол зайтай байна, амжих болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг /хх1, х190/,
гэрч С.Саруултөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ойролцоогоор 17 цагийн үед Улаанхуарангийн замд төрсөн дүү С.Бат-Эрдэнийг зам тээврийн осолд орсон байхад нь таарсан ба цагдаа нар ирчихсэн байсан ба түргэн тусламж талийгаачийг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед би дүүгийнхээ унаж явсан мотоциклийг нь хараад таньсан. Ингээд би ар, гэрийнхэндээ хэл дуулгаад гэмтлийн эмнэлэг рүү очсон чинь сэхээн амьдруулах тасагт хүнд байдалтай эмчлэгдэж байгаад 2016 оны 6 дугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө 06 цаг 10 минутанд өөд болсон юм.” гэх мэдүүлэг /хх1, х80/,
гэрч Ц.Буянбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Бат-Эрдэнэ нь мотоциклоо унаад миний урд талд явсан ба би араас нь явж байсан. Осол болох үед бид хоёр аль аль нь зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байсан чинь эсрэг урсгалд зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байсан автомашин нь зүүн гар тал руугаа эргэхдээ манай найзыг мотоциклтой нь мөргөж, улмаар шидэгдээд зам дээр унасан юм. Тэгээд би гүйж очоод эмнэлэг дуудаарай гэж орилсон. Тэр үед яг хэн нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнийг нь сайн мэдэхгүй байна. Тэгтэл төд удалгүй цагдаа ирээд дараа нь түргэн тусламж ирж манай найзыг аваад явсан. Улмаар Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хэргийн газрын үзлэг хийгээд үлдсэн, харин би гэмтлийн эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх1, х83-83/,
гэрч Л.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Бат-Эрдэнэд зургаан давхарын цонхоор мотоциклийнхоо түлхүүрийг шидэж өгчихөөд “Каска аа яах юм бэ” гэж асуухад “Яараад байна, эргэж ирээд авъя” гэж хэлээд нэг найзтайгаа хамт тус тусдаа нэг мотоцикл унаад явсан. Тэгээд хоёр хоног таг болчихсон. Улмаар нэг найзаасаа миний мотоциклийг авч явсан өдрөө зам тээврийн осолд орж нас барсан талаар сонссон” гэх мэдүүлэг /хх1, х86-87/,
гэрч М.Жамсрангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Улаанхуарангийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт явж байсан. Тэгэхэд миний урд улаан өнгөтэй, мөн цэнхэр өнгөтэй хоёр мотоциклтой эрэгтэй явж байсан. Тэр улаан өнгийн мотоциклтой эрэгтэй нь нөгөөхөөсөө арай түрүүлээд урагшаа явсан ба араас нь харж байтал зүүнээс баруун чигт явж байсан хар өнгийн жижиг суудлын автомашин шууд зүүн гар тал руугаа жолоогоо эргүүлээд ороод ирсэн. Мөргөлт болсоны дараа мотоциклтой эрэгтэй машин давж зам дээр унасан. Харин цэнхэр мотоциклтой эрэгтэй нь газар унасан эрэгтэй дээрээ очсон. Би хажуугаар нь гарахдаа 102, 103 дугаар руу залгаж дуудлага өгөөд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан.” гэх мэдүүлэг /хх1, х109-110/,
гэрч Б.Баярчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...араас нь миний сууж явсан автомашин зүүн гар тал руугаа эргэсэн, хоёр тал руугаа хараад эргэх үед ямар нэгэн автомашин, хүн байгаагүй. Бид нарын автомашин эргээд явж байтал баруун гар талаас буюу жолоочийн талаас хоёр мотоциклтой хүн явж байгаад өмнө талынх нь мотоциклтой хүн нь ирж мөргөсөн байсан. Тэгээд автомашинаа зогсоогоод цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн. Автомашинаас буугаад ирэхэд миний сууж яьсан автомашиныг мөргөсөн мотоциклийн жолооч нь мотоциклоосоо нилээд зайтай газар шидэгдсэн байсан. Тэр жолооч нь толгойдоо дууллаггүй байсан.” гэх мэдүүлэг /хх2, х8/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачид баруун зулайн цөмөрсөн хугарал баруун сац, дунд хонхорын шугаман хугарал баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа, багана тархины хоёрдогч цус харвалтуул, баруун зулайн шарх, баруун хөмсөгний дээр, зүүн мөр, хэвлийн зүүн доор, зүүн сарвуунд олон тооны зулгаралтууд, баруун гуя өвдөгөнд, зүүн өвдөгөнд зулгаралт баруун гуяны шарх тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мөргөгдөн унах, үрэх шүргэгдэх үед үүснэ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь баруун зулайн хатуу хальс доорхи цусан хурааны улмаас тархи дарагдан багана тархинд цус харваж нас баржээ. ГССҮТ-д шингэн сэлбэх шээс хөөх эмчилгээ хийгдсэн учир этилийн спирт тогтоосонгүй. Цус нь 2 дугаар бүлэг байна.” гэх 1062 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х130-131/,
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын “...02-56 ӨМӨ улсын дугаартай Сузуки Свифт загварын тээврийн хэрэгслийн жолооч О.Цолмонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 7.9. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино”, 7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Гэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1.а дахь заалт нь тухайн зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нь болохгүй. Тухайн үедээ улсын дугаар олгогдоогүй байсан, одоо 76-68 УБ улсын дугаартай Хонда СБР загварын мотоциклын жолооч С.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Гэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.3.в” дэх заалт зөрчигдсөнөөс тухайн зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нь болохгүй” гэх 450 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х171/,
цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх1, х11/, цогцосны гадна үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х12-14/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х5/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х6-8/, Замын цагдаагийн газрын “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал”-ын хуудас /хх1, х9/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх1, х10/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
О.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Тээврийн Прокурорын газраас Г.Эрдэнэчимэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Учир нь Г.Эрдэнэчимэг, О.Цолмонбаяр нар нь хамтран амьдарч байх хугацаандаа гэр бүлийн дундын хэрэгцээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй Г.Эрдэнэчимэгийн нэр дээр “Сузуки Свифт” загварын 02-56ӨМӨ улсын дугаартай автомашиныг худалдан авсан улмаар уг тээврийн хэрэгслийг О.Цолмонбаяр нь жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд /хэргийн 1 дүгээр хавтасны 211, 219-220/, О.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, мөн зам тээврийн осол болсон өдөр ч О.Цолмонбаяр нь хамтран амьдрагч Г.Эрдэнэчимэгээс “Чиний толгой өвдөөд, машин барьж чадахгүй” гээд өөрөө жолоодож явсан нь тогтоодож байх тул Г.Эрдэнэчимэгийг жолоогоо бусдад шилжүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.
Хэрэгт цуглуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ялтан О.Цолмонбаярын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан буюу хэрэгт хийгдвэл зохих шинжээчийн дүгнэлтүүдийг хийж, холбогдох эд мөрийн баримт, зам тээврийн ослын бичлэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын бэхжүүлж хэрэгт хавсаргасан /хэргийн 2 дахь хавтасны 20 дахь тал/ бөгөөд ялтан Г.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Ч.Ням, Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин зам тээврийн осол болоход амь хохирогч С.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн энэхүү хэт болгоомжгүй үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор буюу гавал тархины битүү гэмтэл авч амь насаа алдах эрсдлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж дүгнэхээр байна. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл…нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу гэм буруутай этгээдээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчимэгт олгуулахаар заасан хохирол төлбөрөөс 2.000.000 төгрөгийг хасах нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хамтран хариуцаж, арилгах үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул гэм хорын хохирлыг О.Цолмонбаяр болон Г.Эрдэнэчимэг нараас хэн алинаас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын “…Г.Эрдэнэчимэгийг гэм хорын үүрэг хариуцлагаас чөлөөлж О.Цолмонбаяраар гэм хорыг дангаар төлүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолд энэхүү магадлалд заасан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Цолмонбаяраас оршуулгын зардал 16.442.380 төгрөгийг…” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Цолмонбаяраас 7.221.190 төгрөгийг, иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэгээс 7.221.190 төгрөгийг тус тус гаргуулан нийт 14.442.380 төгрөгийг…” гэж,
тогтоох хэсгийн 10 дахь заалтыг “Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Г.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Ч.Ням нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ялтан О.Цолмонбаярын өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын 2 дахь үндэслэлийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Ш.БАТ-ЭРДЭНЭ
Ц.ОЧ