Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 55

 

О.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогч Г.Болорчимэг, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч О.Цолмонбаярын өмгөөлөгч Д.Барсүрэн, Б.Наранцэцэг,

шүүгдэгч Г.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Ням,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 789 дүгээр магадлалтай, О.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нарт холбогдох эрүүгийн 201624000498 дугаартай хэргийг шүүгдэгч О.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Ч.Ням, Б.Наранцэцэг нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Адуучин овогт Отгонбаатарын Цолмонбаяр нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дум овогт Готовын Эрдэнэчимэг нь Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан “Жолоогоо бусдад шилжүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар прокуророос Г.Эрдэнэчимэгт Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Цолмонбаярыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар О.Цолмонбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Цолмонбаяраас оршуулгын зардал 16.442.380 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчимэгт олгож, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү нэг хүүхдэд 137.000 төгрөгөөр тооцож, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Тэмүүн, 2015 оны 04 дүгээр сарын 22-нд төрсөн охин Б.Эгшиглэн нарт сар бүр 274.000 төгрөг гаргуулж 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тооцон олгуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, О.Цолмонбаярын хадгаламжийн дансны гүйлгээг захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг дурдаж, Г.Эрдэнэчимэгийн В ангиллын 842370 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Цолмонбаяраас 7.221.190 төгрөгийг, иргэний хариуцагч Г.Эрдэнэчимэгээс 7.221.190 төгрөгийг тус тус гаргуулан нийт 14.442.380 төгрөгийг…” гэж,

тогтоох хэсгийн 10 дахь заалтыг “Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Ч.Ням нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Цолмонбаярын өмгөөлөгч Б.Наранцэцэгийн давж заалдсан гомдлын 2 дахь үндэслэлийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч О.Цолмонбаярын өмгөөлөгч Д.Барсүрэн, Б.Наранцэцэг, шүүгдэгч Г.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Ням, хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Цолмонбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… Г.Эрдэнэчимэгт холбогдох Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан хэргийг дахин шалгуулж, уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж үнэн зөвөөр нь дахин шалгаж өгөхийг хүсэж байна. Осолд орсон мотоциклийг шалгахад энэ нь техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй, техникийн хувьд гэмтэлтэй, 30 жил орчим болсон замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байдал харагдаж байгаа бөгөөд энэ мотоциклийг эзэмшигч гэм хорын хохирлоос чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Осол болсноос хойш 6 дугаар сарын 16-нд мотоциклд эзэмшлийн гэрчилгээ, дугаар авсан байдал /өнгө үзэмж дуу чимээ, жолооны механизм, тормос, утаа, гэрэл/ зэргээр замын хөдөлгөөнд тэнцэхгүй тээврийн хэрэгсэлд гэрчилгээ олгосон нь мөн хууль бус үйлдэл гэж бодож байна. Гэтэл шинжээч С.Батзориг үүнийг орхигдуулсан. Осол гарах үед тухайн мотоциклийг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй гэж үзсэн байдаг. Миний хувьд уг мотоциклийг хэдэн км/цагийн хурдтай явсныг тогтоох бүрэн боломжтой гэж бодож байна. Үүнд: Мотоцикл, машин хоёрын анх мөргөлдсөн цэг дээрх энергийн хүчийг үндэслэн уг мотоциклийн нийт жинг тулгуурлан уг мотоциклийн хурдыг тодорхойлох боломжтой гэж үзэж байна. Мөн хохирогчийг мөргөсөн бол хохирогч машин дээгүүр давж шидэгдэж унах буюу машин ирсэн зүгт унах боломжтой юм. Гэтэл хохирогч нь явж байсан чиглэлийнхээ дагуу машины баруун шанаа руу мөргөж машины хамар давж баруунаас зүүн тийш шидэгдэж унасан байдаг. Уг дүгнэлтийг мэргэжлийн шинжээч нарыг оролцуулан дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд маш их харамсаж байна. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд бүх талаас шалгаагүйгээс хэт нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн материалаар хүний хувь заяаг шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Ням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 4, 5, 6 дугаар заалтууд буюу О.Цолмонбаярт холбогдох заалтууд, мөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Цолмонбаярын 2 өмгөөлөгч гомдол гаргасан. Шүүгдэгч О.Цолмонбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тахир соёотын хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд дээрх хорих ангид шүүгдэгчтэй очиж уулзахад шүүгдэгчийн зүгээс “Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Дээд шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй” гэж хэлдэг. Мөн өөрийн гэр бүлийн хүн болох Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байхад үндэслэлгүйгээр чөлөөллөө гэсэн утгатай гомдол огт гаргаагүй байхад миний гарын үсэгтэй гомдол Улсын Дээд шүүхэд очсон байгааг ойлгохгүй байна гэсэн саналыг удаа дараа надад хэлж байсан. Шүүгдэгч О.Цолмонбаярын гаргасан гэж байгаа гомдол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангийн дардастай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бичигдсэн гомдол байдаг. Харин шүүгдэгч О.Цолмонбаярын зүгээс дээрх гомдлыг би гаргаагүй гэсэн тайлбарыг өгдөг. Мөн шүүгдэгч О.Цолмонбаярын гаргасан гэх гомдол дээр дарагдсан хорих 461 дүгээр ангийн тамга, тэмдэглэгээ нь канондсон байж болохоор харагдаж байгаа юм. Өмгөөлөгч бидний зүгээс Улсын Дээд шүүхэд гэр бүлийн 2 хүнийг тус тусад нь өмгөөлж, дээрх 2 хүний эрх зүйн байдлыг дордуулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогч, шүүгдэгч нарын талаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй. Шүүгдэгч О.Цолмонбаярыг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 7.9, дэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгэвэл зохих асуудлууд бүрэн хийгдээгүй байхад ганцхан шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мандах гэдэг гэрч мэдүүлэхдээ “Бид нар Шар хаднаас урагшаа явсан замаар явж байхдаа 1 дүгээр урсгалаас 2 дугаар урсгал руу орохдоо 2 дугаар урсгалд явж байсан тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөж ороод буцаад 1 дүгээр урсгалруу орж байхад офицерийн тойргоос маш хурдтай 2 мотоцикл ирээд эхний мотоцикл шууд мөргөсөн” гэж мэдүүлдэг. Хохирогчийн унаж явсан мотоцикл нь 30 гаран жил болсон, улсын дугаар байхгүй, явах эд анги нь гэмтэлтэй, тормос нь барьдаггүй мотоцикл унаж яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлтэнд “Шүүгдэгч нь чигээрээ явж байсан мотоциклийг 2 дугаар эгнээнээс орж ирж мөргөсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлаас үүдээд өмгөөлөгч Д.Барсүрэн болон Г.Алтанчимэг нар мэргэжлийн шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч прокурорын шатанд хүсэлтэнд дурдагдсан дээрх ажиллагаа огт хийгдээгүй. Үүнээс харахад шүүгдэгчид үндэслэлгүйгээр ял халдаасан ийм л нөхцөл байдал үүсч байна. Давж заалдах шатны шүүх гэм хорын хохирлыг шууд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Цолмонбаярын өмгөөлөгч Б.Наранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч О.Цолмонбаяртай уулзахад ашиг сонирхлын зөрчилтэй байсан бөгөөд зөрчил байсаар байтал 2 шүүгдэгчийг 1 өмгөөлөгч өмгөөлөөд яваад байгаа юм. Шүүгдэгч нар нь гэр бүл биш хамтран амьдраад 3 жил болж байгаа хүмүүс. Гэтэл хүний амь нас хохирчихоод байхад хохирол төлбөр огт төлөгдөөгүй давж заалдах шатны шүүх хурал дээр орж ирж байсан. Г.Эрдэнэчимэг нь Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай бөгөөд анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Г.Эрдэнэчимэг нь машины эзэмшигч учраас гэм хорын хохирлоос огт чөлөөлөгдөхгүй. Гэтэл Г.Эрдэнэчимэгийн талаас хохирогч талд огт төлбөр төлөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн шатанд би шүүгдэгч О.Цолмонбаяраар хохирогч талд 2.500.000 төгрөг төлүүлсэн. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Эрдэнэчимэг гэдэг хүнийг энэ хэрэгт татаж оролцуулах ёстой байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ хэрэгт мотоциклийн буруу бас байдаг бөгөөд үүнийг шинжээч Батбаяр маш нарийн оруулах ёстой байсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэдэг тал дээр миний байр суурь мөн ижил байна. Хамгийн гол нь шинжээч мотоциклийн хурдын огт тодорхойлоогүй бөгөөд тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэтэл мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр мотоциклийн хурдыг тогтоох боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ талаар шинжээч Батбаярт хэлэхэд “би мэдэхгүй, шүүх шинжилгээний байгууллага тогтоодог” гэсэн хариултыг өгсөн. Иймд дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй” гэв.

Шүүгдэгч О.Цолмонбаярын өмгөөлөгч Д.Барсүрэн хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа “... хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа анхнаасаа хууль бус аргаар явсан. Тэр талаар би холбогдох байгууллагад удаа дараа хүсэлтээ гаргаж байсан боловч хүлээн авч шийдэж байгаагүй юм. Шинжээч ямар ч дүгнэлт гаргасан прокурор, мөрдөн байцаагч шууд автоматаар дагадаг байдлаас үүдэн миний үйлчлүүлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг шууд зөрчигдөж байна. Камерын бичлэгээс харахад мотоциклийн жолооч маш их хурдтай явж ирээд шууд мөргөсөн гэдэг нь тодорхой харагдаж байгаа бөгөөд үүнээс харахад дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “жолооч хүн замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл, үзэгдэх орчин зэргийг маш сайн тооцоолж байх ёстой” байдаг. Мөрдөн байцаалтын шатанд мотоциклийн жолоочийг хариуцагчаар татах ёстой бөгөөд үүрэгтэй байсан боловч дээрх үүргийг огт биелүүлээгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг мотоциклийн жолоочоор төлүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд мотоциклийн жолоочийг иргэний хариуцагчаар татах хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Г.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа “... Г.Эрдэнэчимэг нь энэ хэрэгт анх иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч, дараа нь яллагдагчаар татагдсан. Анхан шатны шүүх Г.Эрдэнэчимэгийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Г.Эрдэнэчимэгийг иргэний хариуцагч мөн байна гэж дүгнээд хохирол төлбөрийн 50 хувийг гаргуулахаар магадлалдаа тусгаж өгсөн. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхэлж техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч хүлээн авч шийдвэрлэж өгөөгүй юм. Дээрх зам тээврийн осол хэний буруугаас үүдэн гарсан гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас байцаалт авахдаа өмгөөлөгчөөр Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нарыг байцуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан байцаалтын тэмдэглэлээс харагдаж байна. Яллагдагчаар татахдаа эрх үүргийг нь тайлбарлан өгч яллагдагчаар татсан байгаа. Шүүгдэгч О.Цолмонбаяр нь бага боловсролтой хэдий ч уншиж бичиж чаддаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Г.Эрдэнэчимэг, О.Цолмонбаяр нар нь хамтран амьдрагч байсан бөгөөд осол гаргасан тээврийн хэрэгслийг гэр бүлийн хэрэгцээндээ ашиглаж байсан. Осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийг О.Цолмонбаяр өөрийн санаачлагаар барьж явсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч О.Цолмонбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 17 цагийн үед “Suzuki swift” загварын 02-56 ӨМӨ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 4 эгнээ эсрэг урсгалтай зам дээр баруун гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ явсан “Honda CBR” загварын мотоцикльд зам тавьж өнгөрүүлээгүйн улмаас мөргөлдөж, мотоциклийг жолоодож явсан С.Бат-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Цолмонбаярын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигт тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний үндсэн ба нэмэгдэл ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Цолмонбаяр нь өөрийн хамтран амьдрагч Г.Эрдэнэчимэгт “толгой чинь өвдөөд машин барьж чадахгүй байна” гээд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргасан бөгөөд Г.Эрдэнэчимэгийг жолоогоо бусдад шилжүүлсэн гэж буруутгах боломжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж тогтоогдохгүй байна гэж хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд Г.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож ял завшуулж байна гэсэн шүүгдэгч О.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Г.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа хэрэгт холбогдсон этгээдийг цагаатгаж шийдвэрлээгүй нь буруу байх тул тогтоол, магадлалд нэмэлт оруулах замаар зөвтгөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Цолмонбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхийн үнэмлэхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож үзэгдэх орчин чөлөөтэй, 4 эгнээ эсрэг хөдөлгөөнтэй зам дээр зүүн гар тийш эргэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-д заасныг зөрчиж өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гаргасан нь техникийн шинжээчийн дүгнэлт болон хяналтын камерын бичлэг, гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон болно.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зам тавьж өгөх гэдэг нь хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлэх бөгөөд давуу эрхтэй гэдэг нь бусад замын хөдөлгөөнд оролцогчоос урьтан хөдөлгөөн хийх эрхийг ойлгодог тул дахин шинжээч томилж мотоциклийн хурдыг тогтоох, мотоцикль тээврийн хэрэгслийг ирж мөргөсөн эсэхийг тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх зам тээврийн ослын үр дагаварыг нэмэгдүүлэхэд амь хохирогч С.Бат-Эрдэнийн хэт болгоомжгүй үйл ажиллагаа буюу хамгаалах малгай өмсөөгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэж, шүүгдэгчийн хариуцах гэм хорын хэмжээнээс 2 сая төгрөг хасахаар тодорхойлсон атлаа 3 сая төгрөг гэж тогтоон тооцооллын алдаа гаргасан байх тул өөрчлөлт оруулж зөвтгөх зүйтэй.

Харин тээврийн хэрэгслийн эзэмшигч болон гэмт хэрэг үйлдсэн этгээд нараар гэм хорын хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Амь хохирогч нь хуурамч улсын дугаартай мотоцикль унаж явсан нь зам тээврийн ослын шалтгаан биш бөгөөд өмгөөлөгчгүй байцаалт өгөхөөс татгалзсан учир хувийн байдлыг нь тодруулсан явдлыг яллагдагчийн эрхийг хязгаарлаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх боломжгүйг тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Г.Эрдэнэчимэгийг цагаатгасугай” гэсэн нэмэлт оруулж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 789 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “... хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 3 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “2 сая төгрөг” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Ч.Ням нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

          ШҮҮГЧ                                                                 Б.ЦОГТ