Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01938

 

 

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01938

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/0**99 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.А-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ** дугаар байрыг н.Оюунчимэгийн захиалгаар 7 автомашины зогсоолтой, үйлчилгээний талбайтай, 44 айлын орон сууцыг холбогдох туслан гүйцэтгэгч байгууллагуудын хамтаар гүйцэтгэснийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 66/2017 дугаартай актаар улсын комисс хүлээн авсан. Энэхүү орон сууцнаас *** тоотод байрлах 8 м.кв талбайтай объектыг өөрсдөө барьсан тул худалдан борлуулаагүй бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А ХХК хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл тус орон сууцыг хариуцуулж өгсөн хүнээс Д.А- гэгч нь түлхүүрийг аваад цоожны голыг солиод одоог хүртэл хууль бусаар эзэмшиж байна. Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ** дугаар байрны *** тоотод байрлах 8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220411**06 дугаартай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.А-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.А- нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй. Уг орон сууцанд жижүүр, үйлчилгээний ажил эрхэлдэг. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа сууцнаас албадан гаргах тухай нэхэмжлэл нь хууль бус юм. Нэхэмжлэлд дурдсан 8 м.кв жижүүрийн өрөөг тус компани анх улсын комисст хүлээлгэж өгсөн. СӨХ уг өрөөг засан сэргээж, байрны камер, тогны пускатель зэрэг орон сууцанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулсан байдаг. Тус жижүүрийн өрөө болон техникийн өрөөнүүдийг мэргэжлийн хяналтын зохих байгууллага компани болон СӨХ өмчлөгч байж болохгүй гэж дүгнэсэн. Гэтэл А ХХК ямар үндэслэлээр гэрчилгээ гаргуулсан нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүргэд овгийн Дугаржавын Алимаа /ЙЭ63101407/-г, нэхэмжлэгч А ХХК /6493254/-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, ** байрны *** тоотод орших 8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220411**06 дугаар бүхий, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.А-гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/0**99 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 276 дугаар магадлалын хянавал хэсэгт дурдсаныг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2022 оны хуульчийн сонгон шалгаруулах шалгалтад оролцохоор бэлтгэж байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сургалтад сууж байсан талаарх баримтын хамт шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, мэтгэлцэх эрхээр хангаагүйд гомдолтой байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тухайн өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй. Тухайн үед шүүх хурал дээр хэд хэдэн удаа утсаар залгасан боловч утсаа авахгүй алга болсон. Үүний дагуу миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу эзгүйд нь шийдвэрлэх хүсэлт гаргаж, хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ** дугаар байрны *** тоотод байрлах 8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220411**06 дугаартай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах баримтууд авагджээ.

3.а. Нэхэмжлэгч А ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, дандарбаатарын гудамжны ** дугаар байрны *** тоотод байрлах 8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220411**06 дугаартай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ./хх 7/

 

3.б. Талууд *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.А- нь гэр бүлийн хэрэгцээнд байнга амьдрах зорилгоор бус Алдар-** СӨХ-ны жижүүрийн ажлын байрны зориулалтаар эзэмшиж байгаа талаар тайлбарлажээ.

 

4. Зохигч *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.А- нь хууль бусаар эзэмшиж байгаа эсэхэд маргаантай байна.

 

4.а. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахад хариуцагч хөрөнгийг бодитойгоор эзэмшиж байхаас гадна түүний эзэмшил хууль бус байх ёстой юм.

 

Алдар-** Сууц өмчлөгчдийн холбоо нь маргааны зүйл болох өрөөг засан сэргээж, байрны камер, тогны пускатель зэрэг орон сууцанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулсан, тэнд жижүүр суудаг гэх тайлбараас үзэхэд Д.А- нь Алдар-** Сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрөл, гэрээгээр тэнд сууж байгаа эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой үйл баримт байна.

 

Дээрх үйл баримтыг тогтоох нь Д.А- тухайн хэргийн хариуцагч мөн эсэхийг тогтооход ач холбогдолтой байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн өмчлөгч байснаар шаардах эрх үүсэхгүй юм.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 276 тоот магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Уг магадлалд дээрх *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтын талаарх баримтыг гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой талаар, Сууц өмчлөгчдийн холбооны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар үндэслэл заасан. /хх 93-96/

 

Хэргийн баримтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буцаан хүргүүлснээс хойш 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буюу шүүх хуралдаан товлосон өдрийг хүртэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээдэд мэдэгдэх, талуудын эрх үүргийг тайлбарлах, мэтгэлцээнийг чиглүүлэх арга хэмжээ авсан гэх баримтгүй байна.

 

4.б. Хэрэгт сиди бичлэгт үзлэг хийсэн баримт авагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар дүрс дууны бичлэг нотолгооны хэрэгсэлд хамаарч болох боловч уг бичлэгийг цуглуулсан, олж авсан арга замыг тодруулах нь зүйтэй юм.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэх гомдол баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх үндэслэлээр хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, нотлох баримт авагдаагүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Дээр дүгнэсэн хэргийн үйл баримт, хэрэгт хийвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн тогтоох, гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/0**99 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД