Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0418

 

П.*******гийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид: М.Батсуурь

Х.Батсүрэн

Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0384 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 529 дүгээр магадлалтай,

 

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, Н.Анхбаяр нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваагийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0384 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.*******г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 529 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... давж заалдах шатны шүүхээс ...маргаан бүхий актын үндэслэлийг шалгаж, нэхэмжлэлийн болон захиргааны актын үндэслэлд тус бүрд дүгнэлт хийгээгүй... гэж буруутгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлхээр буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн П.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/61 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгийг үндэслэл болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

5. Анхан шатны шүүх талуудын маргаж байгаа маргаан бүхий актыг гаргах үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг хариуцагч хэрхэн зөрчсөн талаар тодорхой дүгнэлт хийж, маргааны хүрээнд хэргийг бүрэн дүгнэж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй гэж дүгнэсэн нь ойгомжгүй байна. Тухайбал:

6. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Дээрх заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзаж байж сахилгын хамгийн хөнгөн эсхүл хамгийн хүнд төрлийг сонгож шийдвэрлэхээр зохицуулжээ.

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч П.*******д 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл болох албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан гэдэг. Гэтэл ийм арга хэмжээ авсан Ерөнхий аудиторын шийдвэр, тушаал гараагүй, баталгаажуулаагүй. Харин 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сануулах арга хэмжээ авсан боловч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хариуцагч хариу тайлбардаа ч нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан, анх биш гэх мэтээр буруутгадаг.

8. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно... гэж заасан. П.******* 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр арга хэмжээ авсан бол дээрх заалтын дагуу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Хэрэв энэ хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг давтан үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусгавар болсон байхад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өмнө сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлийг барьж 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр авсан арга хэмжээг давтан гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

9. П.*******д сахилгын арга хэмжээ авахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь заалтуудыг үндэслэл болгожээ.

10. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх заалтын тухайд: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм батлах тухай А/210 дугаар тушаалаар төрийн аудитын байгууллага, түүний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зохицуулжээ. Мөн тус ёс зүйн хэм хэмжээний 4.1-д төрийн аудитын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дагаж мөрдвөл зохих зан үйл, хэм хэмжээний нийлбэр цогцыг төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн хэм хэмжээ... гэж тодорхойлсон байна.

11. Уг ёс зүйн дүрмийн 1.5-д төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй... гэж заасан. Хэрэв П.*******г шүүхийн шийдвэр биелүүлээгүй, санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй... гэж буруутгаж байгаа бол энэ нь ёс зүйн зөрчил бус мэргэжлийн алдаа байж болно. Энэхүү мэргэжлийн алдааг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг баримтлаж, Аудитын байгууллагын ёс зүйн хэм хэмжээний 4.2.2, 4.2.7, 4.2.10-д заасан ерөнхий заалтуудыг баримтлан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь алдаатай болжээ.

12. Түүнийг буруутгаж байгаа дээрх зөрчил нь ёс зүйн зөрчил бус, мэргэжлийн алдаа, дутагдал байж болох бөгөөд мэргэжлийн алдаа, дутагдал нь ёс зүйн зөрчилд тооцохгүй болохыг тодорхой зохицуулсан байна. Иймд П.*******г Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тэрээр ёс зүйн болоод байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн, албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ үл биелүүлсэн зөрчил гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

13. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх заалтыг зөрчсөн тухайд: Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор П.*******гийн 2019 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт, илтгэх хуудсын 3.1-д гэрээний биелэлтийн үнэлгээ 80,1 буюу 3.2-д заасны дагуу В буюу сайн үнэлгээг авсан байна. Өөрөөр хэлбэл 2019 оны түүний үр дүнгийн гэрээний үнэлгээ сайн үнэлгээ авсан албан хаагчийг түүнийг хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг баримтлан ажлаас халсан нь хууль зүйн хувьд ноцтой зөрчил байна. Хэрэв түүний үр дүнгийн гэрээний биелэлт 50 хувьдаа хүрээгүй, F үнэлгээ авсан бол Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасныг баримтлаж буруутгаж болно. Гэтэл нэхэмжлэгч С буюу дунд биш, сайн үнэлгээ авсан хүнийг муу гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

14. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй тухайд: /Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3/ нэхэмжлэгчийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутгасан. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх Гэрэлтэх бүртгэл Аудит ХХК Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан ...Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 79 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл-д тусгасан 84,0 хувийн оноотой В үнэлгээг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах, мөн аймгийн Төрийн аудитын газартай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай хамтран ажиллах гэрээг сунгаж, ажлаа үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, аудитын төлбөрийн үлдэгдэл 4,572,400 төгрөгийг Өмнөговь аймгийн Төрийн аудитын газраас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг маргааныг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 171 дүгээр тогтоолын Тогтоох хэсгээр нэхэмжлэгчийн зөвхөн ... Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл-ийг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний нэгтгэлийг хянаж баталгаажуулахыг даалгаж, үлдсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хариуцагч П.******* шүүхийн маргаанд 100 хувь буруутай буюу ялагдсан зүйл байхгүй, хариуцагч П.*******гийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

15. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь хэсгийг зөрчиж, хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

16. Тухайн үед шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хугацаа алдсан, энэ нь П.*******гаас үл шалтгаалсан, шүүхийн шийдвэр биелүүлэхэд гол баримт болох 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний дүн болох Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл-ийг материалыг Өмнөговь аймгийн аудитын газар ажиллаж байсан аудитор Ш.Наран авч явсан, уг материалыг ирүүлээгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж шүүхийн шийдвэр биелүүлэх боломж бололцоо байхгүй байсан талаарх тайлбарыг хариуцагчид хүргүүлж байсан болно. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд нэхэмжлэгч тухайн үед тушаал шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад гомдол, хүсэлтийг гаргаж байсан болно. Энэ талаарх баримт хэргийн материалд байгаа.

17. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн П.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/61 дүгээр тушаалаар П.*******д сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэж гаргасан.

18. Төрийн аудитын тухай хуулийн дээрх заалт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын эрх болох тушаал шийдвэр гаргах, чиглэл өгөх, ажилтныг чөлөөлөх, томилох зэрэг ерөнхий заалт байна. Монгол Улсын Ерөнхий аудитор нь тэргүүлэх аудиторыг ямар тохиолдолд ажлаас чөлөөлөх, халах зохицуулалт төрийн аудитын тухай хуульд байхгүй тул Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлийн дагуу ажлаас чөлөөлөх шийдвэр үйлчилнэ.

19. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.1 хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 47.1.2 гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, 47.1.3 Монгол Улсын харьяатаас гарсан, 47.1.4 энэ хуульд заасан бусад үндэслэл байгаа тохиолдолд ажлаас халах-аар байна. Гэвч П.*******г ажлаас халах дээрх зөрчил дутагдал гаргаагүй, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, түүнийг тогтоосон зүйл байхгүй билээ.

20. Шүүхийн шийдвэрийг зохих хэмжээгээр биелүүлээгүй нөхцөл байдал нь П.*******гаас үл шалтгаалсан нөхцөл байдал байгаа бөгөөд хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-д заасан хамгийн хүнд шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д хэрэв шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж буруутгаж байгаа бол шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчилтэй нь холбогдуулан хохирлын үр дагавар, санаатай үйлдсэн эсэх, давтан үйлдсэн эсэхийг харгалзан шийдвэрлэх боломжтой байтал үүнийг огт харгалзан үзээгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

21. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаал болох 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ыг баталсан бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд дээрх журмыг Төрийн захиргааны байгууллага баримтлах үүрэгтэй билээ. Нэхэмжлэгч П.******* нь төрийн тусгай албан хаагч бөгөөд түүнд хариуцагч сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх журмыг огт баримтлаагүй нь мөн ноцтой алдаа билээ. Анхан шатны шүүх дээрх журмыг хэрэглэх байсан талаар дүгнэлт хийсэн бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь нэгэнт хууль бус тул хүчингүй болгох нь зүйн хэрэг билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс маргааны агуулгаас хальж үндэслэлгүй дүгнэлт хийж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан нь үндэслэлгүй байна.

22. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 529 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

23. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

24. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар нэхэмжлэгч П.*******г Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/210 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм-ийн 4.2.2, 4.2.7, 4.2.10-т заасныг зөрчсөн, мөн Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгчээс уг актыг ... үндэслэлгүй гарсан, ... хууль бус гэж маргасан, анхан шүүх маргаан бүхий захиргааны актын хууль ёсны эсэх-ийг хянахдаа уг актын үндэслэл болсон маргааны үйл баримтуудад нэгбүрчлэн дүгнэлт хийх шаардлагатай.

25. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ захиргааны актын үндэслэлд дурдсан зөрчлүүдэд холбогдуулж дүгнэлт хийгээгүй, ... зөрчлийг хэрхэн тогтоосон болохоо тодорхойлж, нотолж чадаагүй, ...П.*******г Санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй гэж буруутгаж байгаа бол энэ нь ёс зүйн зөрчил бус мэргэжлийн алдаа байж болохоор байхад түүнийг шууд Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, ... ёс зүйн зөвлөлийн санал, дүгнэлтийг нэхэмжлэгч П.*******д танилцуулаагүй, гардуулж өгөөгүй гэх зэрэг дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 107 дугаар зүйлийн 107.4-д ... /шийдвэрийн/ үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасантай тус тус нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

26. Тодруулбал, анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдагдсан Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэх зөрчлүүдэд, түүнчлэн, мөн актын үндэслэлд заасан Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар тогтоогдсон гэх зөрчил тус бүрт холбогдуулж дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс уг асуудлаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваагийн ... анхан шатны шүүх ... Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг хариуцагч хэрхэн зөрчсөн талаар тодорхой дүгнэлт хийж, маргааны хүрээнд хэргийг бүрэн дүгнэж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ... П.******* нь ... зөрчил гаргаагүй, ... /зөрчил гаргасан талаар/ баримт хэрэгт байхгүй гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

27. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 529 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА