Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0384

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.А

 Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Ерөнхий аудитор Д.З нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн б/61 дүгээр тушаал гаргаж, Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн үүргээ хэрэгжүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

          Энэхүү тушаалд дурдсан гаргасан гэх зөрчлүүд нь дараах үндэслэлээр хууль бус болно.

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үндэслэсэн нь ойлгомжгүй, яг ямар зөрчил нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарах нь тодорхойгүй байх бөгөөд “...Ерөнхий аудиторын зүгээс ямар нэгэн байдлаар зөрчил илрүүлж, ажлаас нь хална гэсэн чиглэлтэй байгаа...” гэх асуудал 2019 оны 07 дугаар сараас яригдаж эхэлсэнтэй холбогдож хийгдсэн хууль бус ажиллагаа болох нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь тодорхойгүй байгаагаас харагдаж байна.

          2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “...албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах захиргааны шийдвэр гаргах...” “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлийг надад ирүүлж, 2020 оны 01 дүгээро сарын 31-ний өдөр товлосон хугацаанд Үндэсний аудитын газар ирэхэд сонсох ажиллагаа хийх ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан байгаагүй, уг  ажиллагаа хийгдээгүй юм.

          Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14.00 цагт ёс зүйн хорооны хурлаар орох болсон тухай утсаар мэдэгдсэн.

          Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд амаар тайлбар өгсөн боловч тайлбарыг бичгээр авах үндэслэлээр хуралдаан хойшилж 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин хуралдсан.

          Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцсэн.

“ГБА”ХХК –ийн шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлын талаар
 Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газрын чанарын баталгаажуулалтын албанаас хийсэн эрсдэлийн аудитын тайлангийн талаар

          Энэ талаар гарсан Ёс зүйн зөвлөлийн санал, дүгнэлтийг надад танилцуулаагүй, гардуулж өгөөгүй тул хууль зөрчсөн гэх үйлдэл нь дээрх асуудлуудтай хэрхэн холбогдож байгааг тайлбарлавал:

          -“Гба” ХХК-ийн шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлын талаар:

          Уг компани нь Өмнөговь аймгийн боловсролын багцын 67 байгууллагын 2017 оны санхүүгийн тайланд аудит хийж, тухайн хийсэн ажлын үнэлгээг баталгаажуулаагүй, гэрээ сунгаагүй үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд хандан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.Тус компаниас Ерөнхий аудитор болон ёс зүйн хороонд хандан шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй гэж холбогдох газарт хандсан талаар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хандсан байна.

          Шүүхийн шийдвэрт дурдсан “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хянаж баталгаажуулахыг Тэргүүлэх аудиторт даалгаж...” гэсэн шийдвэрийг биелүүлэх гэж тус ажлын хэсгийн ахлахаар ажиллаж байсан Ш.Н /ажлаас чөлөөлөгдөхдөө уг нэгтлийг авч яваад”ГБА”ХХК-д өгч, хуулбар хувийг ч үлдээгээгүй болно/-г авчирч өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч Ш.Н нь өгөхгүй байсаар мөн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ёс зүйн зөвлөлд энэ талаараа гомдол гаргасан байдаг.

          Дээрх гомдлын тайлбарыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний аудитын газрын Тамгын газарт дэлгэрэнгүй тайлбарлан хүргүүлсэн.

          Манай байгууллагад шүүхийн шийдвэрээр хянаж, баталгаажуулахаар шийдвэрлэгдсэн үнэлгээний нэгтгэл огт байгаагүй, хавтаст хэргээс хуулбарлан авч, баталгаажуулсан бөгөөд энэ үйлдэл нь”ГБА”ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөөгүй, хор хохирол учруулах үр дагавар үүсгээгүй юм.

          Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/87 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны тодорхойлолт” -ын 3-ын 1.6-д “Зарим байгууллагын санхүүгийн тайланд хувийн хэвшлийн аудитын компаниудаар гэрээгээр гүйцэтгүүлж буй аулитад чанарын хяналт тавьж, тайланг батлах” гэж зааснаар”ГБА”ХХК-иар ажил гүйцэтгүүлж, тайланг хуулийн хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сард батлан, аудитын дүгнэлтийг байгууллагуудад гардуулан өгч, ажлын байрны тодорхойлолтод заасан энэхүү чиг үүргээ биелүүлсэн болно.

          Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн санхүүгийн үйл ажиллагаанд үндэсний аудитын газрын чанарын баталгаажуулалтын албанаас хийсэн эрсдэлийн аудитын тайлангийн талаар

          Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/94 дүгээр тушаалаар батлагдсан эрсдэлийн аудит гүйцэтгэх багийн бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайланд аудитор П.Б аудитыг гүйцэтгэж, ахлах аудитор Г.Ш арга зүйгээр хангаж, менежер Ж.Б үе шатны чанарын хяналтыг хэрэгжүүлж, Тэргүүлэх аудиторт “зөрчилгүй” санал дүгнэлт танилцуулсныг хянан баталгаажуулсан.

          Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байна” гэж хуульчилснаас үзвэл төрийн аливаа аудитын хяналт, шалгалт, үнэлгээ, дүгнэлт аливаа этгээдээс хараат бус байх бөгөөд эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аливаа санал дүгнэлтэд Ерөнхий аудиторын нөлөөлөл оролцохгүй, Тэргүүлэх аудиторын баталгаажуулсан дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох ч хууль зүйн боломжгүй билээ.

          Орон нутгийн төсвийн байгууллагад эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аудитын хяналтын дүгнэлтийн үнэн зөвийг хөндлөнгөөс дүгнэн, сахилгын арга хэмжээ авсан энэхүү үйлдэл нь хууль бус бөгөөд хувийн шалтгаанаар ажлыг маань авах гэсэн зорилгоор хийгдсэн нь илэрхий байгаа.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ёс зүйн зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хариуцагчаас шүүхэд ирүүлсний дараа танилцсан, нэхэмжлэлийн үндэслэлээ дахин тодруулж, Ерөнхий аудиторын хувийн шалтгааны талаар дэлгэрүүлэх болно.

          Ерөнхий аудиторын хууль бус шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүлийн 7.1 /хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн/, 62 дугаар зүйлийн 62.1.1-д /энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх/ заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан гэх үндэслэл болж байх тул хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

          Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

          Нэг. Үйл баримтын талаар товч дурдвал:

Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-т заасны дагуу Өмнөговь аймаг дахь боловсролын багцын 67 байгууллагын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг”ГБА”ХХК-иар гүйцэтгүүлсэн байдаг.

          Ийнхүү санхүүгийн аудитын тайлан дуусаж тус компанийн ажлыг дүгнэхдээ аудитын менежер Д.А 98.3 буюу А үнэлгээ өгч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, Ш.Н-аар ахлуулсан ажлын хэсэг 86 буюу А үнэлгээ өгч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус тэргүүлэх аудитор П.А-д танилцуулсан боловч үнэлгээг баталгаажуулаагүй.

          Улмаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин ажлын хэсэг байгуулж 84 буюу В үнэлж баталгаажуулсан байсан.

          Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А-гийн 84 үнэлсэн үнэлгээг”ГБА”ХХК эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн байна.

          Шүүхийн шийдвэрт:

          Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /2018.12.10-ны өдрийн 120/ШШ2018/0022 дугаартай/: Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан”ГБА”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн /ажлын хэсгийн гишүүд Г.Ш, Г.Ц нар/-ийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох/ Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн ажлын хэсэг Ш.Н, Д.З, Г.Ш, Г.Ц нар-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын аулын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээг нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн”ГБА”ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.0 төгрөгийг гаргуулахыг Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн.

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /2019.03.14-ний өдрийн 221/МА2018/0159 дугаартай/: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6, дахь хэсэгт кзаасныг тус тус баримтлан”ГБА”ХХК-ийн нэхэмжлжлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн”ГБА”ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дунөөхтөй “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгаж шийдвэрлэхийг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт тус тус даалгасугай” гэж өөрчилсөн.

          Шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмсэн.

          Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол /2019.05.22-ны 171 дугаартай/: Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0159 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн нэг заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч”ГБА”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн”ГБА”ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгаж шийдвэрлэхийг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт тус тус даалгасугай” гэж өөрчилсөн.

          Шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныш баритлан Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авхаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай”  гэсэн 2 дахь заалт нэмсэн.

          Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг тогтоол /2019.05.22-ны 171 дугаартай/ Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА 2018/0159 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн нэг заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч”ГБА”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн дахин гарсан еранхий үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтийг үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хянаж, баталгаажуулахыг мөн”ГБА”ХХК-тай байгуулсан  “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгаж шийдвэрлэхийг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт тус тус даалгасугай” гэж өөрчилсөн.

          Шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмсэн.

          Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол /2019.05.22-ны 171 дугаартай/ Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0159 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн нэг заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч”ГБА”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлыг гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хянаж, баталгаажуулахыг Тэргүүлэх аудиторт даалгаж, үлдэх “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Санхүүгийн тайланд гэрээгээр аудит гүйцэтгүүлэх тухай” 2018/01 дүгээр дугаартай гэрээг сунгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн. Түүнчлэн тус захиргааны хэрэгтэй холбогдуулан шат шатны шүүхээс дараах дүгнэлтүүдийг хийжээ.

Д\Д

Харьяалах шүүх

Дүгнэлт

1

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дээрх үндэслэлийг дурдаж 84.0 хувийн оноотой “В” үнэлгээтэй үнэлсэн ерөнхий үнэлгээг баталгаажуулсан нь дээрх хууль, журам, заавар аргачлалд нийцэхгүй, хууль бус гэж үзэх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч”ГБА”ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

2

  

 

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

...Энэхүү үйл баримтаас үзэхэд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А/08 дугаар тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг /ахлах Ш.Н, аудитор Д.З, Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарын бүрэлдэхүүнтэй/ нэгэнт хянаж дууссан байх бөгөөд /86.0 хувийн оноотой “А” үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан байна. Гэтэл зөвхөн ахлах аудитор Ш.Н I ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээр дахин ажлын хэсгийг байгуулан, дахин үнэлгээ хийлгэсэн нь буруу юм. Төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөх, халагдах нь түүний өмнө нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа, хийж гүйцэтгэсэн ажил бүхнийг дахин шинээр хийх ёстой гэсэн ойлголт биш юм. Дээрхээс дүгнэн үзэхэд Тэргүүлэх аудиторын хувийн үзэмж орсон байх үндэслэлтэй байна.

3

УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх

... өмнөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд үнэлгээг дахин хийсэн. Г.Ш, Г.Ц нарын үнэлгээний дундаж оноогоор 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг гаргасан зэргээс үзэхэд дахин хийсэн үнэгээ нь “гүйцэтгэлийг дахин хянаж, үнэлгээ хийх” захиргааны байгууллагын зорилгод нийцээгүй, уг үнэлгээг хянан баталгаажуулсан үйл ажиллагаа нь хууль бус юм.

          Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг”ГБА”ХХК-ийн ирүүлсэн гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэх байсан боловч П.А-гийн хүүхэд өвчтэй мөн Д.А, Ш.Н нартай холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар хойшилсон болно.

          2. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын гүйцэтгэсэн аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитын чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудит хийхэд дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

          -Санхүүгийн тайлангийн уялдаа холбоог хэрхэн тооцоолж эрсдэл гаргасан нь тодорхойгүй, материаллаг байдлын суурийг тодорхойлсон эрсдэлтэйгээ уялдуулаагүй, тооцоолол алдаатай, эрсдэлийг бүрэн тодорхойлж аудитын эрсдлийг хамгийн бага хэмжээнд бууруулж чадсан гэсэн нь нотолгоогүй,

          -Гүйцэтгэлийн үе шатанд нэмэлт горим, сорилыг хэрэгжүүлсэн боловч тэр тухай шалтгааныг тодорхойлж баримтжуулаагүй, төлвөлсөн горим сорилыг хэрхэн хэрэгжүүлсэн баримтжуулалт байхгүй,

          -Аудитор Өмнөговь аймаг дахь БОЭТ-ийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийхдээ тайлант хугацааны эцсийн өдрөөрх нийт хөрөнгийн 98.0 хувь буюу 17.7 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, бараа материал шалгахгүйгээр мэргэжлийн шийдлийг буруу гаргаж “зөрчилгүй” санал дүгнэлт өгснийг хянан удирдах ажилтнууд нягталж, арга зүйгээр бүрэн хангаж ажиллаагүй,

          -Хянан удирдах ажилтнууд Өмнөговь аймаг дахь БОЭТ-ийн 2018 оны санхүүгийн тайланд аудитаар гүйцэтгэсэн горим, санал дүгнэлтийг дэмжих нотлох зүйлсийн баримтжуулалтыг нягтлан шалгалгүйгээр аудиторын ажлыг ахлах аудитор 85.0, менежер 85.3, Тэргүүлэх аудитор 83.5 гэсэн үнэлгээнүүд өгсөн.

          -БОЭТ-ийн орон тоог батлагдсан төсөвт нь харьцуулан авч үзэхэд 2018 оны төсвийн гүйцэтгэлээр 39 орон тоо илүү ажиллуулан 95.4 сая төгрөгийн цалин хөлс олгосон нь цалингийн нэмэгдэл зардлыг 244.6 сая төгрөгөөр хэтхүүлэхэд нөлөөлсөн.

          -Өмнөговь аймгийн БОЭТ-ийн удирдлага нь 2018 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого хийх шийдвэр гаргаагүйгээс 17,341,2 сая төгрөгийн эд хөрөнгийн тооллогод хамааруулаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланд үр дүнг тооцоогүй,

          -Компьютер томографын оношилгоог 187 иргэнд үзүүлснээс эрүүл мэндийн даатгалын сангаас 19 иргэний төлбөрийг шилжүүлж, 7 иргэн оношилгооны төлбөрийг бэлнээр мөнгөн касст тушааж, үлдсэн 61 иргэний төлбөр 7.3 сая төгрөгийг хаана тушаасан нь тогтоогдсонгүй,

          -БОЭТ-ийн тасгийн эмч нар 2018 онд төлбөрт үйлчилгээнээс өвчтөний хариуцах төлбөр болох 4.7 сая төгрөгийг бүрэн төлүүлээгүй,

          -БОЭТ-ийн жолооч нар бэлнээр авсан мөнгийг мөнгөн касст тушаалгүй шатхуунд зарцуулаад үлдсэн мөнгийг касст тушаасан хэдий ч кассын нярав орлогоор бүртгэлгүй, сэлбэг хэрэгсэлд шууд зарцуулсан,

          -Санхүүгийн эдийн засгийн албаны даргын албан тушаалын зэрэглэл ТҮЭМ 6-аар цалинжиж байгаа нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад заасан Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлтэй нийцээгүй,

          -БОЭТ нь нийт 225.3 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа ТБОНӨХБАҮХАТ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, МУ-ын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Худалдан авах ажиллагааны журмыг сонгох босго үнэ”-ийг мөрдөхгүйгээр төсөвт өртгийг хуваан олон багц болгож шууд худалдан авалт хийсэн,

          -Аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандивласан нийт 7.7 сая төгрөгийн эд хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд тусгаагүй зэрэг болно.

          Эрсдэлийн аудитаар нийт 17,788.9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, зөрчил арилгуулах 49.4 сая төгрөгийн 2 албан шаардлага, 17,739 сая төгрөгийн зөвлөмжийг Өмнөговь аймгийн БОЭТ, холбогдох яам, аймгийн удирдлагуудад тус тус хүргүүлсэн.

          Өмнөговь аймгийн БОЭТ-ийн 2018 оны үйл ажиллагаанд илэрсэн дээрх зөрчлүүдийг нягталж үзэлгүй Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газар тус төвийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн байсан.

          Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан зөрчлүүд

          1. Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Ань”ГБА”ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандсан.

          2. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн.

          3. Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй болох нь тус тус тогтоогдсон.

          Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын талаар шаардлагын талаар

          1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Яг ямар зөрчил нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарах нь тодорхойгүй байх бөгөөд “...Ерөнхий аудиторын зүгээс ямар нэгэн байдлаар зөрчил илрүүлж, ажлаас нь хална гэсэн чиглэлтэй байгаа ...” гэх асуудал 2019 оны 07 дугаар сараас яригдаж эхэлсэнтэй холбогдож хийгдсэн хууль бус ажиллагаа болох нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл тодорхой бус байгаагаас харагдаж байна...” гэжээ.

          Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А-д дээрх 3 төрлийн зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ёс зүйн зөвлөлийн хурал, 02 дугаар сарын 14-ний өдөр сонсох ажиллагааны үеэр ямар зөрчлүүдэд ямар хуулийн зүйл заалтаар хариуцлага тооцож байгааг тайлбарлаж өгсөн.

          Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийг хуульчилсан байдаг бөгөөд тодорхой хувь хүн буюу албан тушаалтанд чиглэж ажилладаггүй, зөвхөн хуульд заасан чиг үүргийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг болно.

          2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлд “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “...албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах захиргааны шийдвэр гарах..” сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг ирүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр товолсон хугацаанд Үндэсний аудитын газар ирэхэд сонсох ажиллагаа хийх ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан байгаагүй, уг ажиллагаа хийгдээгүй юм.” гэжээ.

          Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын гүйцэтгэсэн аудитад чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудит хийж МУ-ын Ерөнхий аудиторын 2018 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Аудитын чанарын хяналтын журам”-ын 9.2-т заасны дагуу “Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй” гэсэн саналыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу сахилгын хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахаар сонсох ажиллагаа явуулах байсан боловч П.А-гийн МУ-ын Ерөнхий аудитортай уулзсаны дараа сонсох ажиллагааг явуулж өгөөч гэсэн хүсэлт, мөн Авлигтай тэмцэх газарт шалгагдаж байсан Д.А, Ш. нартай холбоотой хэрэг бүртгэлийн хэрэг хаагдсан талаар мэдсэн тул Ёс зүйн зөвлөлийн хурлаар П.А-тай холбоотой”ГБА”ХХК-ийн асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэхээр дээрх сонсох ажиллагаа хойшилсон болно.

          Дээрх сонсох ажиллагааг анх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр явуулахаар төлөвлөсөн байсан боловч П.А24-ний өдөр утсаа аваагүй, мөн 01 дүгээр сарын 27-30 ны өдрүүдэд өвчтэй гэсэн эмнэлгийн магадлагаа ирүүлсэн тул хойшлуулсан байсан.

          3. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...аливаа аудитын хяналт, шалгалт, үнэлгээ, дүгнэлт аливаа этгээдээс хараат бус байх бөгөөд эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аливаа санал дүгнэлтэнд Еранхий аудиторын нөлөөлөл ороцохгүй, Тэргүүлэх аудиторын баталгаажуулсан дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох ч хууль зүйн боломжгүй билээ” гэжээ.

          Хараат бус байдал нь төрийн аудитын байгууллагын ажилтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн нөлөөнд үл автаж, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс хараат бусаар үйл ажиллагаа явуулахыг ойлгох ёстой. Удирдах дээд шатны албан тушаалтан мэргэжил, арга зүйгээр хангаж, хууль ёсны шаардлага тавих нь хараат бус байдалд нөлөөлж буй хэлбэр биш юм.

          Харин Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар ажиллаж байсан П.Ань “...аливаа санал дүгнэлтэд Ерөнхий аудиторын нөлөөлөл оролцохгүй, Тэргүүлэх аудиторын баталгаажуулсан дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох ч хууль зүйн боломжгүй билээ” гэсэн бодолтойгоор Төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа нь түүний мэдлэг, ур чадвар хангалтгүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй ажиллаж байсан нь нотлогдож байна.            Төрийн аудитын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий аудитор нь төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газар, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэл, аудит, бизнесийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, арга ажиллагаанд нийцүүлэн, үнэнч шударга, бодитой, арвич хямагч, үр ашигтай, үр нөлөөтэй ажиллуулах үүрэг хүлээсэн Төрийн тусгай албан тушаал юм. Дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхийнхээ зарим хэсгийг тэргүүлэх аудиторт шилжүүлж, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлан, үйл ажиллагааны үр дүнг хянадаг.

Гурав. Хууль, эрх зүйн үндэслэлийн талаар.

Төрийн аудитын байгууллагын ажилтан нь Төрийн аудитын тухай хуульд заасан

“Төрийн аудитын байгууллагын ажилтан би хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, аудиторын ёс суртахууны хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөдөг.

          1. Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Ань”ГБА”ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандсан.

          2. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн болох нь цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Энэхүү зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/120 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм”-ийн 4.2.2-т “Төрийн аудитын байгууллагын ажилтан нь хууль дээдлэх, мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэх, үнэнч шударга байх, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэн, ёс суртахууны болон мэргэжлийн өндөр шаардлагыг хангаж ажиллах”, 4.2.7-д “Төрийн аудитын байгууллагын ажилтан Төрийн аудитын үйл ажиллагаанд оролцохдоо нотлох баримтанд суурилсан үнэн зөв дүгнэлт гаргах үүрэгтэй”, 4.2.10-т “Төрийн аудитын байгууллагын ажилтан удирдах ажилтны хуульд нийцсэн үүрэг даалгавар, шийдвэр, үндэслэл бүхий зөвлөмжийг биелүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөн.

          3. Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй болох нь тус тус тогтоогдсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвартаа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, гэж заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй.

          4. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар ажиллаж байсан П.А-гийн”ГБА”ХХК-тай холбоотой шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акь нь эрх зүйн зөрчилтэйд тооцогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна”, 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 105.2.3-т “ажлаас халах”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус үндэслэн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан.

          Дөрөв. Шийдвэр гаргахад анхаарсан асуудлууд.

          Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор П.А-тай холбоотой асуудал Төрийн аудитын байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар орж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13.1.1, 13.1.5, 36.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах, гарсан алдаа зөрчлийг залруулах, дахин гаргахгүй байхад анхаарах хугацаатай үүрэг даалгавар өгөх дүгнэлт гарч байсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас тушаалаар арга хэмжээ авагдаагүй.

          Мөн МУ-ын Ерөнхий аудиторын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/300 дугаар тушаалаар Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, журам зөрчсөн үндэслэлээр 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-т заасны дагуу “сануулах” сахилгын шийтгэл хүлээж байсан болно.

          Иймд дээрх үндэслэлүүдээр П.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч П.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч П.А нь “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Монгол Улсын Ерөнхий Аудиторын Газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, дахь заалтыг үндэслэн Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор П.Ань Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/210 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм”-ийн 4.2.2, 4.2.7, 4.2.10-т заасныг зөрчсөн, мөн Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон  тул төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсугай гэж шийдвэрлэжээ.

          Хариуцагчаас уг тушаалыг гаргах болсон үндэслэлээ “...П.А нь”ГБА”ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандсан. Өөрөөр хэлбэл Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-т заасны дагуу Өмнөговь аймаг дахь боловсролын багцын 67 байгууллагын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг ”ГБА”ХХК-тар гүйцэтгүүлсэн байдаг. Ийнхүү санхүүгийн аудитын тайлан дуусаж тус компанийн ажлыг дүгнэхдээ аудитын менежер Д.А 98.3, буюу А үнэлгээ өгч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, Ш.Н-аар ахлуулсан ажлын хэсэг 86 буюу А үнэлгээ өгч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус тэргүүлэх аудитор П.А-д танилцуулсан боловч үнэлгээг баталгаажуулаагүй. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин ажлын хэсэг байгуулж 84 буюу В үнэлж баталгаажуулсан байсан.

          Өмнөговь аймгийн Төрийн аудиторын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А-гийн 84 үнэлсэн үнэлгээг”ГБА”ХХК эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. П.Ань шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн. Мөн Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй ..” гэж тайлбарлажээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хуульчилсан, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, ийнхүү бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, шийтгэл хүлээлгэж буй тухайн албан тушаалтныг буруутгасан зөрчил тус бүрийг тодорхойлж, эдгээрийг нотолсон баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй.

          Гэтэл хариуцагч Монгол Улсын Ерөнхий Аудиторын газрын дарга өөрийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон болохоо тодорхойлж, нотолж чадаагүй, тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          Тухайлбал, хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, заалтыг П.Азөрчсөн гэх тайлбарын тухайд:

          Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм батлах тухай А/120 дугаар тушаалаар төрийн аудитын байгууллага, түүний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зохицуулжээ.

          Мөн ёс зүйн хэм хэмжээний 4.1-д төрийн аудитын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дагаж мөрдвөл зохих зан үйл, хэм хэмжээний нийлбэр цогцыг төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн хэм хэмжээ ...” гэж тодорхойлсон байна.

          Уг ёс зүйн дүрмийн 1.5-д “төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан “мэргэжил”, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заажээ.

          Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч П.А-г  Санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй..” гэж буруутгаж байгаа бол энэ нь ёс зүйн зөрчил бус   мэргэжлийн алдаа байж болхоор байхад түүнийг шууд Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх гэдгийг П.А зөрчсөн гэх хариуцагчийн тайлбарын тухайд:

          Үр дүнгийн гэрээний биелэлт 50 хувьдаа хүрээгүй, F үнэлгээ авсан бол Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар буруутгах боломжтой байна.

          Гэтэл нэхэмжлэгч П.Ань 2019 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт, илтгэх хуудасын 3.1-д гэрээний биелэлтийн үнэлгээ 80.1 буюу 3.2-д заасны дагуу “В” буюу сайн үнэлгээ авсан байхад түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д заасныг зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

          Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3-д заасан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарын тухайд:

          Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг биелүүлэхэд нэхэмжлэгчээс бус хөндлөнгийн шалтгаанаас болж хугацаа алдсан явдал байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэ шалтгаанаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “...албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах захиргааны шийдвэр гаргах..” “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлийг П.А-д хүргүүлсэн хэрнээ бодит байдал дээр уг ажиллагаа Үндэсний аудитын газраас хийгээгүй байх бөгөөд дахин 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ёс зүйн хорооны хурлаар П.А-гийн асуудлыг авч хэлэлцхээр болж түүнд мэдэгдсэн байна.

          Дээрх ёс зүйн хорооны хурлаар ”ГБА” ХХК-ийн шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлын талаар, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газрын чанарын баталгаажуулалтын албанаас хийсэн эрсдэлийн аудитын тайлангийн талаар авч хэлэлцсэн хэдий ч яг ямар зөрчил нь сахилгын зөрчил болох нь тодорхойгүй, төрийн албанаас халах шийтгэл ногдуулах болсон үндэслэл зэрэг нь бүхэлдээ ойлгомжгүй, энэ талаар гарсан ёс зүйн зөвлөлийн санал, дүгнэлтийг нэхэмжлэгч П.А-д танилцуулаагүй, гардуулж өгөөгүй зэргээс дүгнэвэл Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх  зарчимд нийцэхгүй байна.

          Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.1-д “төрийн албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-д “төрийн албанаас халах”, 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заажээ.

          Түүнчлэн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4-т “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтална”, 1.4.2 “хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.5-д “...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж ..шалган тогтооно.., 2.5-д “...шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар...дүгнэлт гаргаж, томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна”, 6.1-д “албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухай албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол ...төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.

          Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл П.А нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг болон албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй байхад П.А-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл П.А-гийн гаргасан гэх зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага огт хийгээгүй байна гэж үзэхээр байна.

          Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлэх, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” 39.1.3-д хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэсэн заалтуудыг нэхэмжлэгч П.А зөрчсөн гэж хариуцагч үздэг боловч яг ямар зөрчил нь хуулийн дээрх заалтуудын алийг яаж зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байна.

           Мөн Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байна” гэж хуульчилснаас үзвэл төрийн аливаа хяналт шалгалт, үнэлгээ, дүгнэлт аливаа этгээдээс хараат бус байх бөгөөд эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аливаа санал дүгнэлтэнд Ерөнхий аудиторын нөлөөлөл оролцохгүй, Тэргүүлэх аудиторын баталгаажуулсан дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байхад орон нутгийн төсвийн байгууллагад эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аудитын хяналтын дүгнэлтийн үнэн зөвийг хөндлөнгөөс дүгнэн, сахилгын арга хэмжээ авч байгаа нь хууль бус байна.    

          Иймд нэхэмжлэгч П.А-гийн гаргасан “Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж , олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.А-г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОЮУНГЭРЭЛ