Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0386

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     П.А-ын нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, П.А-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийдвэрээр: “Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан П.А-ын “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.А-г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “П.А-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагатай захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... П.А нь “Г.Б.А” ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн” гэж буруутгаж байгаа болно... үнэлгээг баталгаажуулаагүй. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин ажлын хэсэг байгуулж 84 буюу В үнэлж баталгаажуулсан байсан ... П.А-ын 84 үнэлсэн үнэлгээг “Г.Б.А” ХХК эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээс “... ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хүчингүй болгож, ... гэрээг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ ... “Г.Б.А” ХХК нь Монгол Улсын Ерөнхий аудиторт 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02/191 дүгээр албан бичгээр гомдол гаргасан...”, мөн П.А-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, ... шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн тухай албан бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ...” гэжээ.

Нэхэмжлэгч П.А-ын “Г.Б.А” ХХК-ийн ажлыг дүгнэхэд 84 оноо өгсөн, түүнтэй холбоотой асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн 3 шатаар шийдвэрлэгдсэн бөгөөд П.А уг хэрэг маргаанд хариуцагчийн зүгээс байгууллага, түүний ашиг сонирхлыг хамгаалан шүүхэд мэтгэлцэн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “Г.Б.А” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгуулсан. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч ажилласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Харин шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 132 дугаар зүйлийн 132.2-т заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хандан Хууль зүйн асуудал төрийн захиргааны байгууллагаар дамжуулан албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгэсэн бол Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээ авах нөхцөл үүснэ. П.А нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 48.1.3-т заасан ажлаас халах үндэслэл болохгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Үндэсний аудитын газрын Ёс зүйн хороонд Ш.Н-гаас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр... гомдол ирүүлжээ...” гэж Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын ажилтан байсан Ш.Н-гийн талаар түүний гаргасан гэх гомдлын талаар шүүхээс шийдвэртээ дурдсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Учир нь Төрийн аудитын байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дахин хуралдаан дээр Ш.Н-гийн гомдлын талаар хэлэлцээгүй, шийдвэр гаргаагүй байхад шүүхээс дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

Ажлын хэсгийн үнэлгээг дахин нягталж эргэж танилцуулахыг зөвлөөд гаргасан болохоос оноо бууруул үнэлгээг хас гэж хэлээгүй. Хувийн үзэмжээр хандсан ямар ч үйлдэл санаа байхгүй. Тэргүүлэх аудитор ажлын чиг үүргээ л хэрэгжүүлсэн нэг хэлбэр. Энэ нь Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ш.Н гэрчийн мэдүүлэг өгөхдөө ч хэлсэн байдаг. /... Оноо бууруул гэж хэлээгүй. Тийм зүйл болоогүй. Эргэж харж нягталж шалгаад дахин танилцуул гэж хэлсэн гэх мэдүүлгээр нь нотлогдоно./

Ямар ч ажлыг эцэслэхэд эхний танилцуулгаар шууд шийдээд байдаггүй хэд дахин ч буцаж засаж сайжруулах тохиолдол байнга л байдаг, тохиолддог ажлын чанарын л асуудал юм. Үүнийг мушгин гуйвуулж алдаа болгох гэж дайраад байгаа нь хариуцагч талын харин хувийн сонирхол нь гэж үзэж байна.

Тэгээд ч “Г.Б.А” ХХК шүүхэд хандахдаа тэргүүлэх аудитор миний хувийн үзэмжийг тодорхойлуулахаар гомдол гаргаагүй ажлын гэрээгээ сунгуулахаар гомдол гаргасан шүүх гэрээг сунгахгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

Ш.Н нь Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгч байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 205-207 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас, шүүх хурлын тэмдэглэлийн 49-52 дугаар хуудаст байсаар байхад нотлох баримтуудыг бүх талаас нь судлалгүй үндэслэлгүй дүгнэж нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн “...Аудитын байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөл 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж Чанарын баталгаажуулалтын тайлан, холбогдох материалыг П.А-д хуулбарлан өгөхийг Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн даргад үүрэг болгож шийдвэрлэжээ...” гэж дүгнэсэн боловч уг тайлан, холбогдох материалыг хуулбарлан өгөөгүй, хэлэлцэх асуудлыг танилцуулаагүй, хууль зөрчин сонсох ажиллагаа хийж, хуралдаанд оролцуулсныг шүүхээс дүгнээгүй нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг нь үндэслэл муутай, хэт нэг талыг баримталж гаргасан нь харагдаж байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.3-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байхад шүүхээс “...Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3, Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулахаар шийдвэрлэсэн байна...” гэж дүгнээд уг тушаалыг хүчингүй болгоогүй нь үндэслэл бүхий болоогүй байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... “нөгөөтэйгүүр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Өмнөговь аймгийн боловсролын багцын 67 байгууллагад хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг ...захиргааны байгууллагын зорилгод нийцээгүй, уг үнэлгээг хянаж баталгаажуулсан үйл ажиллагаа нь хууль бус гэдгийг тогтоожээ...” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан зөрчил гаргасан албан тушаалтанд ямар төрлийн хариуцлага хүлээлгэх нь захиргааны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн асуудал” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.9-д заасныг зөрчсөн үйлдэл хийсэн байхад шүүх уг үйлдлийг зөвтгөөгүй нь буруу болжээ.

Уг журмын 3 дугаар зүйлийн 3.9-д “..сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй...” гэснийг зөрчсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад арга хэмжээ авсан нь буруу.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.3, 2.4.1, 2.6-д заалтыг Монгол Улсын Ерөнхий аудитор тушаал гаргахдаа зөрчсөн.

Сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу сонсох ажиллагааны журмыг танилцуулаагүй, дарааллын талаар мэдээллийг өгөөгүй, хурлын баримт, дүгнэлттэй танилцуулаагүй болно.

Үндэсний аудитын газрын чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалтын болон эрсдэлийн аудитаар тогтоосон зөрчлийн талаар шүүхээс дүгнэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн танилцуулгад “Эрсдэлийн аудитаар нийт 17,788,9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, Өмнөговь аймгийн төрийн аудитын газар тус аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2018 оны үйл ажиллагаанд илэрсэн дээрх зөрчлийг нягтлан үзэлгүй зөрчилгүй гэсэн санал дүгнэлт өгсөн байна гэж үзэж. ...” гэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 418 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 26-д “ “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар тогтоосон гэх зөрчил тус бүрт холбогдуулж дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс уг асуудлыг дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсний дагуу зөрчил тус бүрээр дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Мөн шүүх уг асуудлыг тус бүрээр дүгнэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн судлаагүй, бүрдүүлээгүй.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу цагалбарт хугацаанд Санхүүгийн тайлангийн аудитын журам, олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний хүрээнд санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэн хуулийн хугацаанд дүгнэлт гарган баталгаажуулж гардуулсан.

Эрсдэлийн аудитаар илэрсэн гэх 17,788,9 сая төгрөгийн зөрчил гэх нь хаанаас яаж гаргаж ирсэн нь нотолгоогүй дүнгээр гүтгэдэг. Нотлох баримтаар “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн цэвэр хөрөнгө өмчийн дүн нь 10,644,3 сая төгрөг байх ба 7 тэрбум гэсэн тоог санаагаараа нэмж хүнийг хэлмэгдүүлж байна. Энэ байгууллагын 2018 оны жилийн төсөв 5,221,9 сая төгрөг байтал хаанаас ямар 17,788,9 сая төгрөгийн зөрчил байх вэ? “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн дарга, нягтлан бодогч нар ч зөрчил хүлээн зөвшөөрөөгүй байхад надад тохоод зүтгээд байгаа нь шударга явдал мөн үү? Харьцуулсан зэрэгцүүлсэн танилцуулсан нотолсон юу ч байхгүйгээр ингэж гүтгэж хэлмэгдүүлж болохгүй байхаа.

Аудитор П.Б-ийн сонгосон горимын хүрээнд илэрсэн алдаа зөрчил дотор ийм дүн дурдагдаагүй байдаг. Аудитын стандартаараа сонгосон горимын хүрээндээ үзэж дүгнэлт гаргах үүрэгтэй ба үзсэн хэмжээндээ хариуцлагаа хүлээдэг.

Гэтэл аудиторын сонгосон горим сорилд ороогүй мөн илрүүлсэн зөрчилд дурдагдаагүй, ахлах аудитор, аудитын менежер хянаад Тэргүүлэх аудиторт асуудлын бүртгэлээр танилцуулсан нотлох баримтад бичигдээгүй зүйлээр буруутгаж байгаа нь хууль зөрчсөн асуудал бөгөөд нягтлан үзээгүй гэх тухай энд яригдах боломжгүй зүйл.

Учир нь тэргүүлэх аудитор байгууллагын анхан шатны баримтад аудит хийх чиг үүрэг байдаггүй. Эрсдэлтэй гэсэн хэсгийг аудитор хараат бусаар сонгон аудитыг хийж гүйцэтгэн ахлах аудитор, аудитын менежер нар хянаад илэрсэн зөрчлийг асуудлын бүртгэлээр тэргүүлэх аудиторт танилцуулдаг. Энэ л зарчмаар ажилласан. Нотлох баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 221-250 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 1-7 дугаар хуудсанд байсан боловч шүүх үүнийг дүгнэж үзэлгүй шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

Мөн Үндэсний Аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны үйл ажиллагаанд Нийцлийн аудитын журам, стандартыг баримтлан Эрсдэлийн аудитыг хийж гүйцэтгэсэн. Энэ хоёр аудит агуулга, зорилго, баримталсан журам, стандарт нь огт өөр байтал санаатайгаар хүнийг буруутгах санаа зорилгоор өө хайж хариуцагч тал гүтгэсээр ирлээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар илрүүлэх боломжгүй алдаа зөрчлийг Эрсдэлийн аудитаар илрүүлэх боломжтой байдаг. Энэ нь Төрийн аудитын тухай хууль болон санхүүгийн тайлангийн аудитын журамд тусгагдсан байдаг.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журмын 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх явцад цаашид нягтлан шалгах, тодруулах шаардлагатай, иргэд олон нийт, хууль тогтоох байгууллагын анхаарал татсан, эрсдэл бүхий асуудалд АДБОУС 100, 200 болон бусад холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн эрсдэлийн аудит хийнэ” гэсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын удирдамжид нийцлийн аудитын журам, стандартаар гүйцэтгэхийг үүрэг болгожээ. Дадлагажуулах, сургалт зохион байгуулах аудитын зорилготой.

Харин “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитыг Санхүүгийн тайлангийн журам, стандартын дагуу гүйцэтгэсэн. Санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэсэн эсэхэд дүгнэлт өгөх аудитын зорилготой. Өөр хоорондоо ялгаатай асуудлыг зөвхөн намайг буруутгахын тулд зориудаар мушгин гуйвуулж байгаад туйлаас харамсаж байна. Зөвхөн намайг халахын тулд тэмээ ямаа хоёрыг хоёулаа тэмээ байсан гээд дайраад байгаатай агаар нэг байна. Энэ хоёрын ерөнхий нэрийг мал гэдэгтэй адил дээрх хоёр аудитын ерөнхий нэр нь аудит гээд байгаа боловч нэг нь Санхүүгийн тайлангийн аудит нөгөө нь чанарын баталгаажуулалтын аудит, эрсдэлийн аудит гэтэл хариуцагч тал хэргээр нэг төрөл шиг зүтгүүлээд байгаа нь намайг буруутгах үндэслэл нь анхнаасаа олдохгүй байсанд л байгаа юм.

Төрийн аудитын тухай хуульд ч тусгайлан аудитын төрлүүдийг зааж өгсөн ба тус тусдаа өөр өөр журмаар зохицуулагдахаар тусгасан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулга хийсэн тайлбарт дэлгэрэнгүй дурдсан.

Нэхэмжлэгч миний хувьд эхнээсээ л ямар нэгэн ёс зүйн болоод ажил мэргэжилтэй холбоотой ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй тухайгаа Үндэсний Аудитын газрын Ёс зүйн зөвлөлийн хуралд ч сонсох ажиллагаа явуулахад ч шүүхэд ч үнэн мөнөөр нь баримттайгаар эхнээсээ хэлж ярьсан зүйл маань өөрчлөгдөөгүйгээр танилцуулж ирсэн.

Харин хариуцагч талын ярьж байгаа нь өөрчлөгдөөд давах шатны шүүх болон дээд шүүхийн хурал дээр хаана ч нотлох баримтгүй тоо дүн гэнэт гаргаж ярьдаг ба намайг алдаагаа хүлээн зөвшөөрсөн мэт гүтгэсэн нь үндэслэлгүй. Хэзээ ч хаана ч алдаа гаргаад түүнийгээ хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүйг хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна.

Мөн Өмнөговь дахь “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-ийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнд чанарын баталгаажуулалтын эрсдэлийн аудит хийх удирдамждаа дадлагажуулах, сургалт явуулах гэсэн нь миний ажлын үр дүнг үнэлэх эрх зүйн баримт бичиг болсон нь Ерөнхий аудиторын хувийн үзэмж бусуу. Чанарын баталгаажуулалтын албанд дадлагажуулах, сургалт явуулах үүрэг чиглэл байхгүй бөгөөд уг чиг үүрэг Стратегийн удирдлагын газарт байдаг.

Намайг халах ямар шалтгаан гаргах вэ гээд 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл бүтэн 7 сар эрж хайсан. Олон хүмүүсийг хоморголон ажлын байрны дарамт үзүүлсэн манай хамт олон бол ажил хийж гүйцэтгэхэд үнэхээр хүндрэлтэй байсан. Байж байгаад л нэг хэсэг хүн очоод нэг нэгээр нь дуудаад танай дарга яадаг вэ гээд л асууж шаардаад миний эсрэг юм хэлчих хүн хайгаад байх нь тэр хүмүүст ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Сүүлдээ хүчээр тушаал гаргасан нь энэ.

Тэр үед “намайг өөрөө хүсэлтээ өгөөд Үндэсний Аудитын газарт ирж ажилла эс бол шүүхдээд чи их л удаж байж эргэж орно” гэж Ерөнхий аудитор Д.З өөрөө надад заналтайгаар хэлсэн. Надад хийсэн гэм буруу байхгүй тул өргөдөл өгөхгүй гэдгээ хэлээд л өрөөнөөс нь гарсан.

Төрийн албанд 20 жил ажиллахдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд харин сайшаал шагнал олон удаа хүртэж байсан. Хувь хүнийхээ хувьд 2 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг орон сууцны зээлтэй цалингаас цалингийн хооронд амьдарч ирсэн жирийн төрийн албан хаагчийн хувьд үнэхээр хохирч хэлмэгдэж байна. Үнэн зөв ялна гэдэгт итгээд тэвчээр гарган хүлээж сууна. Ковид гээд банкны зээл хойшилсон хэрэглээний зардлыг төрөөс даасандаа бас хараахан гудамжинд гарчхаагүй зээлийн байрандаа амьдарч байна.

Өмнөговь аймагт төрийн аудитын ажил хэрхэн явагдаж байгааг Д.З даргыг анх ажил аваад танилцуулга хийсэн хурлын тэмдэглэлд тус аймгийн ажил сайн байгаа дарга нь мэргэжлийн хүн томилогдсон маш сайн гэж тусгасан байдаг. 2019 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр “В” үнэлгээтэй үнэлэгдсэн. “В” үнэлгээтэй хүн хуулиараа шагнагдах ёстой гэтэл би халагдсан энэ шударга явдал мөн үү?

Шүүхээс нэхэмжлэгч П.А Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор байхдаа дүгнэлт гаргасан Өмнөговь аймаг дахь “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хөндлөнгийн шинжээч томилж, Үндэсний Аудитын газрын гаргасан чанарын баталгаажуулалтын эрсдэлийн аудитын дүгнэлт үндэслэл бүхий болсон эсэхийг тогтоогоогүй болно.

Шүүхээс Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалд заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйл, Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.7. 4.2.10-т заасныг нэхэмжлэгч П.А зөрчөөгүй, уг тушаал хуулийн үндэслэл бүхий гараагүй байхад шүүхээс тушаалыг хүчингүй болгоогүй нь шүүх хууль буруу хэрэглэн тайлбарласан үйлдэл болжээ. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасныг баримталсан нь хууль буруу хэрэглэсэн үйлдэл.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий актын үндэслэл болгосон Төрийн аудитын байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна...” гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, мөн шүүх хуралдаанд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн маргаж байгаа болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.5-д заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Б/61 дүгээр тушаалаар “Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр, мөн Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар тогтоогдсон зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн болон Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр П.А-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.З-т заасан  “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

1. “П.А нь “Г.Б.А” ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандаж зөрчил гаргасан мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн” гэх тухайд.

Өмнөговь аймаг дахь боловсролын багцын 67 байгууллагын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэсэн “Г.Б.А” ХХК-ийн ажлыг дүгнэсэн аудитын менежер Д.А 98.3 буюу А үнэлгээг өгч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, Ш.Н-гаар ахлуулсан ажлын хэсэг 86 буюу А үнэлгээг өгч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус тэргүүлэх аудитор П.А-д танилцуулсан боловч тэрээр дахин ажлын хэсэг байгуулж 84 буюу В үнэлж баталгаажуулсныг тус компани эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгджээ.

Тодруулбал,  Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор “... ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний дүн болох хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хянаж баталгаажуулахыг Тэргүүлэх аудиторт даалгаж, үлдэх хэсэг болох “гэрээг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”  шийдвэрлэсэн байна.

“Г.Б.А” ХХК нь Монгол Улсын Ерөнхий аудиторт 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02/191 дүгээр “... П.А нь одоогоор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандсан...” гэх албан бичгийг хүргүүлжээ.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай Гүйцэтгэх хуудаст “...энэхүү шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй байх тул ... шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч гүйцэтгэх хуудас олгох нь зүйтэй байна” гэж бичиж, мөн өдрийн 01 дугаартай Шүүхийн мэдэгдэлд “... шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх хуудас бичигдсэн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 30 хоногоор тогтоосон болохыг мэдэгдэж байна” гээд Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар, Тэргүүлэх аудитор нарт хүргүүлсэн байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна” гэж тус тус заасан.

 Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 171 дүгээр тогтоол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байхад П.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар 171 дүгээр тогтоолыг биелүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153 дугаар албан бичгээр “Г.Б.А” ХХК-д материалыг эх хувиар ирүүлэхийг, мөн өдрийн 154 дүгээр албан бичгээр Ш.Н-д хандан баримт ирүүлэхийг тус тус мэдэгдсэн зэргээс үзвэл шүүхийн шийдвэрийг 5 сар гаруй хугацааны турш сайн дураар биелүүлэлгүй явсаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авч, 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай албан бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан.

Иймд “Г.Б.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар, Тэргүүлэх аудиторт холбогдох захиргааны хэргийн үйл баримтын талаар дахин нотлохгүй бөгөөд харин энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн “... шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргад хандан Хууль зүйн асуудал төрийн захиргааны байгууллагаар дамжуулан албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгэсэн бол Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээ авах нөхцөл үүснэ” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан” талаарх тайлбар дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал, Ш.Н нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний Аудитын газрын Ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо “... миний бие холбогдох эд хөрөнгө, бусад бүх баримт бичгийг нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн, ... миний ажлыг бүрэн хүлээж авч, надтай холбоотой бүх тооцоо бодогдон дууссан”, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр П.А-д ирүүлсэн тайлбартаа “... дүнгийн нэгтгэлийг хэлтсийн дарга Д.А-д хүлээлгэн өгсөн, .. Г.Ц, Г.Ш нар мэдэж байгаа, ... шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа” гэсэн, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Гэрч асуусан тэмдэглэл”-д Ш.Н “... 86 оноогоор үнэлсэн тайланг Д.А-д хүлээлгэн өгсөн” гэжээ.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас Үндэсний Аудитын газрын Тамгын газарт хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр албан бичигт “... Ш.Н-д 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний дүн ... материалыг авч ирж тэргүүлэх аудиторт хянуулахыг утсаар хэлсэн боловч одоогоор ирээгүй байна, ... материалыг эх баримтгүйгээр хянан баталгаажуулах боломж манайд үүсэхгүй байгаа, ... шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй үйлдэл гаргаагүй ...  ” гэсэн, мөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд “... холбогдох баримтыг шүүхээс гаргуулан авсны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” гэснээс үзэхэд П.А нь аймгийн Тэргүүлэх аудиторын хувьд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам, зааврын дагуу хөтлөх, хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргээ биелүүлж ажилласан эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ нь түүнийг шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байсныг зөвтгөх, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.  

Төрийн аудитын байгууллагын ажилтан нь хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, аудиторын ёс суртахууны хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх ёстой ба дээрх байдлаар П.А-ын буюу хариуцагч төрийн захиргааны байгууллагын буруутай шийдвэрийн улмаас “Г.Б.А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.3, Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах  үндэслэлгүй байна.

2. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай08 дугаар тогтоолын 11-д “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно. Энэ хэсэгт заасан “…зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн...” гэдэгт зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно” гэжээ.

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 171 дүгээр тогтоол гарч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байх тул  нэхэмжлэгчийн гаргасан “... журмын 3 дугаар зүйлийн 3.9-д “..сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй...” гэснийг зөрчсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад арга хэмжээ авсан нь буруу...” гэх гомдол үндэслэлгүй байна.  

3. “Үндэсний Аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар тогтоогдсон” гэх зөрчлүүдийн тухайд.

Тус тайлангаар нэхэмжлэгч П.А нь “... “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн үйл ажиллагаанд санхүүгийн бүртгэлээр тавих хяналтын тогтолцоо суларснаас залилан үүсэх нөхцөл бүрдсэн” гэж үзэж тус төвийн 2018 оны үйл ажиллагаанд илэрсэн дээрх зөрчлийг нягталж шалгалгүйгээр “зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт өгсөн нь нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Төрийн аудитын байгууллага төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэлийн аудит, нийцлийн аудит гэсэн 3 төрлийн аудитыг хийхээр зааж,  журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “ “санхүүгийн тайлангийн аудит” гэж шалгагдагч этгээд санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулахыг ойлгоно” гэж, 4.1.10-д “ “Нийцлийн аудит” гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн нийцэлд аудит хийхийг хэлнэ” гэж тодорхойлсон, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж тус тус заажээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх явцад цаашид нягтлан шалгах, тодруулах шаардлагатай, иргэд олон нийт, хууль тогтоох байгууллагын анхаарал татсан, эрсдэл бүхий асуудалд АДБОУС 100, 200 болон бусад холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн эрсдэлийн аудит хийнэ” гэсэн, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 8.2.2-т “Чанарын баталгаажуулалтын газар нь аудитыг зохих стандарт дүрэм, журмын дагуу чанартай гүйцэтгэж, чанарын хяналтууд хийгдсэн эсэхийг үнэлж, баталгаажуулах”, 8.2.3-т “Аудитын дүн, дүгнэлт, зөвлөмжүүд үнэн зөв зохистой холбогдох стандарт, гарын авлага, дүрэм, журмын дагуу тайлагнасан эсэхийг баталгаажуулах”, 8.2.4-д “Шаардлагатай тохиолдолд Ерөнхий аудиторын шийдвэрээр эрсдэлийн аудит хийж гүйцэтгэх”, 8.2.6-д “Аудитын чанарын баталгаажуулалт хийх сэдэв, төлөвлөгөөг Ерөнхий аудитор батална” гэж зохицуулсан байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан ажлын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн жилийн эцсийн санхүүгийн тайланг  хэрхэн баталгаажуулсан байдлыг хянаад 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “... аймгийн Аудитын газраас баталгаажуулахдаа аудиторын мэргэжлийн алдаа гаргасан, санхүүгийн тайланг үнэн зөв баталгаажуулаагүй, холбогдох журам, стандартыг мөрдөж ажиллаагүй” гэж тайлагнасныг нэхэмжлэгч П.А эс  зөвшөөрсөн, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “... шалгалтын дүн, дүгнэлтэд үндэслэн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хэрхэн баталгаажуулсан болон 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд эрсдэлийн аудитыг Үндэсний Аудитын газрын тусгайлсан аудитын баг гардан гүйцэтгэж дүнг Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулан шийдвэрлүүлэх саналыг” гаргажээ.

Улмаар Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийж, дүгнэлт гаргах өөрт олгогдсон эрхийн хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын ажилтнуудтай эрсдэлийн аудитыг хамтран гүйцэтгэх дадлагажуулах сургалт явуулах ажлын удирдамж”-аар “... “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн үйл ажиллагаа нь хууль журам, холбогдох эрх зүйн актуудтай хэрхэн нийцэж байгааг тодруулж, эрсдэлтэй асуудлыг хамруулж нийцлийн аудитын журам, стандартын дагуу аудитыг гүйцэтгэх”-ээр баталж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/94 дүгээр тушаалаар “Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хийх эрсдэлийн аудитыг төлөвлөж, гүйцэтгэж, тайлагнах чиг үүрэг бүхий аудитын багийн бүрэлдэхүүнийг томилсон байна.

П.А нь тус удирдамжийн дагуу хийсэн чанарын баталгаажуулалтын тайлан, эрсдэлийн аудитын тайлан, илрүүлэлтийн бүртгэл зэрэг баримтуудтай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Танилцуулгаар болон 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шалгалтын материал танилцуулах хуудас,  2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн, мөн сарын 14-ний өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл”-үүдээр нотлогдож байна. 

Нэгэнт “Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын гүйцэтгэсэн “Бүсийн оношилгоо,  эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитын тайлан”-гаар нийт 17,788,9 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн болон зөрчил арилгуулах 40.4 сая төгрөгийн албан шаардлагыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/106 дугаар тушаалаар батлан, тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, холбогдох яам, аймгийн удирдлагуудад тус тус хүргүүлэхийг даалгасан бөгөөд нэхэмжлэгчээс эрсдэлийн аудит хийх тухай удирдамж, тус удирдамжийн дагуу хийсэн тайлантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх тус тайлангаар илрүүлсэн зөрчил, тооцооллыг хэрхэн гаргасан, энэ нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй. 

Түүнчлэн аудитор П.Б-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн тухай тайлбарт “...үндсэн хөрөнгөтэй холбоотой 1 боть материалыг татан авч үзэж, хөрөнгө тус бүрийн хөлийн дүнгээр үлдэгдлийг тулган баталгаажуулахад бүгд таарсан тул үдээтэй баримтаас олон хуудас тооллогын материалыг нотлох баримт болгож аваагүй. Тооллогын комиссын гарын үсэгтэй  тооллогын материал, өмч хамгаалах байнгын зөвлөлийн тушаал зэрэг байсан тул тооллого хийсэн гэж үзэж тооллогын комиссын тушаалыг тухайн үед нягталж шалгаагүй” гэсэн, П.А-ын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ёс зүйн хороонд гаргасан тайлбарт “... тус төвийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийхдээ  тайлант хугацааны эцсийн өдрөөрх үндсэн хөрөнгийн тооллогын баримт байгууллагын баримтад үдээстэй байсан тул тооллого хийсэн байна гэж үзэн аудитор П.Б нь аудитын тайлан болон асуудлын бүртгэлээр хянан удирдах ажилтнуудад танилцуулаагүй. Үүний учир хязгаарлах үндэслэл болоогүй, зөрчилгүй санал, дүгнэлт өгөгдсөн. Тэргүүлэх аудиторын зүгээс аудитын явцад байнгын арга зүйгээр хангаж ажилласан” гэсэн, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Ёс зүйн хорооны хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл”-д “... нэг нэгэндээ итгэл хүлээлгээд тэр хүмүүсийн гаргаж ирсэн, танилцуулсан хүрээнд дүгнэлтээ хийж баталгаажуулдаг, ... түүнээс биш тэр юмыг нь үзээгүй болов уу, энэ юмыг нь үзээгүй болов уу гээд байгууллагын анхан шатны баримт руу ороод байх боломжгүй” гэжээ.

Төрийн аудитын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий аудитор нь төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газар, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагуудын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэл, аудит, бизнесийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, арга ажиллагаанд нийцүүлэн, үнэнч шударга, бодитой, арвич хямгач, үр ашигтай, үр нөлөөтэй ажиллуулах үүрэг хүлээсэн, аудит хийх төлөвлөгөө, хөтөлбөрийг хянаж батлах, энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, нягтлан бодох бүртгэл, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж, шийдвэр гаргах, эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах бүрэн эрхтэй бөгөөд дээр дурдсан бүрэн эрхийнхээ зарим хэсгийг тэргүүлэх аудиторт шилжүүлж болохоор хуульчилсан.

Ийнхүү нэхэмжлэгч П.А нь тухайн орон нутгийн төсвийн бүх шатны захирагч нарын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Төрийн аудитын байгууллагын аудитын журмуудад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар аудитын дүгнэлт гаргах, чанарын хяналт тавих, санхүүгийн тайлангийн аудитыг удирдан зохион байгуулж, тайланг баталгаажуулах эрх, үүрэгтэй байхад “...тэргүүлэх аудитор байгууллагын анхан шатны баримтад аудит хийх чиг үүрэг байдаггүй. Эрсдэлтэй гэсэн хэсгийг аудитор хараат бусаар сонгон аудитыг хийж гүйцэтгэн ахлах аудитор, аудитын менежер нар хянаад илэрсэн зөрчлийг асуудлын бүртгэлээр тэргүүлэх аудиторт танилцуулдаг. Энэ л зарчмаар ажилласан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй болох нь дээрх тайлбаруудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “....санхүүгийн тайлангийн аудитаар илрүүлэх боломжгүй алдаа зөрчлийг эрсдэлийн аудитаар илрүүлэх боломжтой, ... “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны үйл ажиллагаанд Нийцлийн аудитын журам, стандартыг баримтлан эрсдэлийн аудитыг хийж гүйцэтгэсэн. Энэ 2 аудит агуулга, зорилго, баримталсан журам, стандарт нь огт өөр байтал санаатайгаар хүнийг буруутгах санаа зорилгоор өө хайж хариуцагч тал гүтгэсээр ирлээ” гэх гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй.

4. Ёс зүйн хорооны “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзээд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан тохирох хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй” гэсэн саналыг Монгол Улсын Ерөнхий аудиторт хүргүүлснийг үндэслээд сонсох ажиллагаа явуулсан тухайд.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлээр сонсох ажиллагааны дарааллыг танилцуулж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасан шийтгэл ногдуулах тухай мэдэгдсэн, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Ёс зүйн хорооны хуралд нэхэмжлэгч П.А биечлэн оролцсон, мөн өдрийн хурлыг П.А-гаас холбогдох тайлбар, саналыг авахаар хойшлуулсан,  П.А нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ёс зүйн хороонд бичгээр тайлбар гаргасан, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлээр захиргааны шийдвэрийн хууль, эрх зүйн үндэслэлийг танилцуулах, асуудлын талаарх үндэслэл, шалтгаан нөхцөлийг танилцуулах, санал сонсохоор сонсох ажиллагаа явуулах дарааллыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасны дагуу “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн зэрэг үйл баримтаас үзвэл сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулж, маргаан бүхий актын талаар нэхэмжлэгчид хангалттай мэдэгдсэн гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

               ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

 

               ШҮҮГЧ                                                   Н.ДОЛГОРСҮРЭН