Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0936/З |
Дугаар | 221/МА2018/0633 |
Огноо | 2018-12-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2018/0633
2018 оны 12 сарын 12 өдөр Дугаар 221/МА2018/0633 Улаанбаатар хот
“Ту” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 128/ШШ2018/0585 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ы давж заалдах гомдлын дагуу “Ту” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 128/ШШ2018/0585 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ту” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын захирамжийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн “Ю...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Ту” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо:
“... Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шаардлагыг хангааагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг шийдвэрлэсэн тухайд: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжаар олгогдсон 75 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд ч ийнхүү тайлбарлаж мэтгэлцсэн.
Гэтэл шүүхийн шийдвэрт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж бичсэнээс үзвэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж маргасан гэдгийг ойлгож, шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй байна.
Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчин дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон нь хууль бус болсон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2015 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 нь Нийслэлийн Засаг даргаас газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаж буй байршилд Нийслэлийн Засаг даргаас газрыг эзэмшилд олгох талаар тусгагдсан төлөвлөгөө байхгүй болох нь тогтоогдсон. Ийнхүү тус газарт Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгох эрх хэмжээтэй байсан гэдэг үйл баримт тогтоогоогүй байтал юуг үндэслэж Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газарт дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон гэж үзээд буй нь ойлгомжгүй тодорхойгүй, ийнхүү дүгнэсэн нь анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бодитой шинжлэн судлаагүй болохыг илтгэж байна.
Энэхүү үндэслэлээ тайлбарлахдаа “дүүргийн Засаг даргын захирамжтай хэрнээ дээрх 75 м.кв инженерийн шугам сүлжээ бүхий газарт хууль зөрчин, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан болох нь ... бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна” гэжээ.
Дүүргийн Засаг даргаас олгогдсон газраа зориулалтын дагуу буюу үйлчилгээний зориулалтаар нийтийн бие засах газар бүхий Монгол урлан төвийг барихаар зураг төсөл гаргаж, холбогдох зөвшөөрлүүдийг авсан нь эргээд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болж, түүнийг нь шүүхээс хүртэл энэ байдлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь уг хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийн нэр нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай гээд хуулийн үндэслэлээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэсэн байдаг.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах зохицуулалтыг хуульчилсан бөгөөд хариуцагчаас уг хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй атлаа газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Түүнчлэн ямар шалтгаанаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй талаараа ч захирамждаа дурдаагүй нь захиргааны байгууллагаас үйл ажиллагаагаа хуулийн дагуу, хуульд үндэслэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсан байтал захиргааны байгууллагаас хуульд үндэслээгүй, хуулийг дээдлээгүй шийдвэр гаргаж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байтал үүнийг шүүхээс зөв гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Нэгэнт хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул тус газрын буцаан газар эзэмшигчид олгох нь зүйн хэрэг тул 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс мөн дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг шийдвэрлэсэн тухайд: Нэхэмжлэлийн энэ шаардлагын тухайд дараах нөхцөл байдал бий болж, уг маргаан гарах үндэс суурь болсон талаар дурдах нь зүйтэй.
“Ю...” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т нь нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмшиж, барилга барихаар бэлтгэж байх үед Чингэлтэй дүүргээс хяналт шалгалт хийх ажлын хэсэгт орж ажиллаж байсан тухайн үеийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйлдвэр үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.С-ийн эхнэр юм. Энэ нь нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримт болон гуравдагч этгээдийн тайлбараар бүрэн тогтоогддог. Ингээд Ц.С-г Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд дээр дурдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамж гарсан байдаг.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын эзэмшиж байсан 42 мкв газрыг “Ю...” ХХК-д шилжүүлэн олгосон байдаг.
“Ту” ХХК нь тус 42 м.кв газарт нийтийн бие засах газар барьж байгуулахаар “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдтэй хүчин төгөлдөр гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөн, барилгын зураг төслийг батлуулах 1 зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байсан болно.
Анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийг зөвтгөхдөө "Ю...” ХХК нъ “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу 2014-12-22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан ба уг гэрээний дагуу “Ю... ” ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасны дагуу ... шилжүүлсэн байна” гэжээ.
“Ю...” ХХК нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ гэж гэрээ огт байхгүй бөгөөд хэрэгт ч энэ талаарх баримт огт авагдаагүй байтал хаанаас ямар баримтыг үндэслэж, энэ дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл болгоод буй баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах шаардлага бий болжээ.
“Ю...” ХХК нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-тай 2014-12-22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан гэх боловч “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг төлөөлөн гарын үсэг зурсан н.Алтанхуяг гэгч нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд болох нь тодорхой байдаг. Анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан мэтээр шүүхийн шийдвэртээ үндэслэж тайлбарласан нь нотлох баримтыг дутуу үнэлсэн болохыг илтгэж байна. Нэгэнт “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-тай огт хамааралгүй этгээдтэй гэрээ байгуулсан байх тул уг гэрээ байгуулагдсан гэж үзэх ч үндэслэлгүй юм. Түүнчлэн тус гэрээний ард хоёр иргэний иргэний үнэмлэхийг хавсаргасан байдаг ба тус гэрээ хоёр иргэний хооронд байгуулагдсан гэрээ юу, хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээ юу гэдэг нь ч эргэлзээтэй байдаг.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:
38.2.1. нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;
38.2.2. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;
38.2.3. албан татвар, хураамж төлсөн тухай баримт гэж заасан.
Хэрэгт авагдсан газар баталгаажилтийн хувийн хэргээс үзвэл 42 м.кв газрыг шилжүүлэхэд талууд аль аль нь бус зөвхөн гуравдагч этгээд болох “Ю...” ХХК нь хүсэлт гаргасан байдаг ба “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-аас хүсэлт гаргасан талаарх баримт огт авагдаагүй.
Ийнхүү шүүхийн үндэслэсэн эдгээр баримтууд нь бүгд эргэлзээтэй, хууль бус баримтыг үндэслэж, Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон болох нь тодорхой байхад үүнийг хууль бус гэж үзэхээргүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 03 дугаар сарын 24-ни/ өдрийн 45 дугаар тогтоолоор “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргасан ба харин гуравдагч этгээд “Ю...” ХХК-аас 2014 оны 12 сарын 22-нь өдөр гэрээ байгуулсан гэх мөртлөө татан буулгах шийдвэр гарснаас хойш буюу 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ гаргасан байдаг.
Ийнхүү тус газрыг хуулийг зөрчин, хууль бусаар шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байтал үүнийг хууль ёсны гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Гуравдагч этгээд ”Ю...” ХХК нь ийнхүү хууль бусаар 42 м.кв газрыг эзэмшиж авсны дараа мөн л хэн нэгэнтэй хуйвалдсан мэтээр баримт бүрдүүлж, газрын хэмжээг нэмэгдүүлж. зориулалтыг өөрчлөн 165 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшин авсан байдаг. Анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжаар 42 м.кв газарт нийтийн бие засах газар барих зориулалтаар тус газарт газар эзэмших эрх олгосон байтал өнөөдрийн байдлаар газрын жинхэнэ өмчлөгч төрийн хүсэлт зориг огт биелэгдэхээргүй болж, тус газарт үйлчилгээний зориулалттай барилга баригдах л нөхцөл бий болоод байна.
Газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ ч хууль, журмыг зөрчин тухайн газрын анхны зориулалтыг алдагдуулан авсан нь хууль бус Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамж нь ч мөн хууль бус байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагыг шийдвэрлэсэн тухайд: Нэхэмжлэгчээс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/07 дугаар албан бичгээр 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийг зохих журмын дагуу буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 2.3-д “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар, барилгажилтын асуудлыг нийслэлийн барилга, хот байгуулалтын болон газрын асуудал эрхэлсэн байгууллагын хамтарсан Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан. Мөн журмын 2.4 2, 2.4.4-д зааснаар дүгнэлт гаргаж шийдвэрлэхээр зохицуулсан.
Нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар, барилгажилтийн зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар хурлаар хэлэлцээд 75 м.кв газарт газар эзэмшүүлэхийг зөвшөөрч шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/4777, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/1245 дугаар албан бичгүүдээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэгэнт журмаар газар эзэмших эрх олгох асуудлыг зөвлөлийн хурлаар шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд зөвлөл нь зөвшөөрсөн байтал газар эзэмших эрхийг баталгаажуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс батлагдсан маягтын дагуу хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 121-125 дугаар талд авагдсан баримтаар тодорхой нотлогдоно.
Маргаж буй 42 м.кв газарт газар эзэмших эрх олгох хүсэлтийг огт гаргаж байгаагүй гэж тайлбарласан нь мөн үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсан хүсэлтэд дурдагдсан 196 м.кв газарт 42м.кв газар нь багтаж байгаа тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлагыг шийдвэрлэсэн тухайд: “Ту” ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 234/2015 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгогдсон ба НХТЕТГ-ын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлээр дээрх зөвшөөрлийг цуцалсан байдаг.
Анхан шатны шүүхээс “Дээрхээс үзвэл Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төловлөгөотш газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 07 дугаар хуралдаанаас “Ту” ХХК-ийн барилгын эх загвар зургийг хүчингүй болгоогүй байх тул, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэжээ. Үүнээс үзвэл тус компанийн эх загвар зураг хэвээр байгаа гэж ойлгогдохоор байх боловч хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар эх загвар зургийг хүчингүй болгосон гэж тайлбарладаг.
Шүүхээс энэ нөхцөл байдлыг тодорхой ойлгож шийдвэрлээгүй болох нь дээрх дүгнэлтээс харагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үүнийг үндэслэж гарсан барилгын эх загвар зургийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хууль бус юм.
Ийнхүү анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийн бодит байдал маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0585 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. “Ту” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргааны үйл баримтын тухайд:
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн 3-р хороонд байрлах 75 м.кв газрыг “Ту” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. Уг захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 нь газар эзэмшигчийн эрхийг хүчингүй болгох нөхцөл заасан зохицуулалтгүй, харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” бол уг шийдвэрийг хүчингүй болгохоор байна. “Ту” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо уг газар нь “инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарах тул дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгох эрх хэмжээгүй байсан” гэсэн үндэслэл заасан нь тухайн шийдвэрийг гаргасан Засаг даргын үйл ажиллагаанд хамаарахаас бус нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд газрын хууль тогтоомж зөрчсөн нөхцөл үүсээгүй, уг А/394 дүгээр захирамжид ч энэ үндэслэл тусгагдаагүй.
Харин Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу хэргийг дахин хэлэлцүүлэх явцад хийгдсэн ажиллагаагаар А/92 дугаар захирамжаар 75 м.кв газрыг “Ту” ХХК-д эзэмшүүлснээр дээрх заалтын “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх нөхцөл үүсээгүй, өөр бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар гомдол, хүсэлт ирээгүй нь тогтоогдсон. 2015 оны А/394 дүгээр захирамж гарч байх үед энэ хэргийн гуравдагч этгээд болох “Ю...” ХХК-д тухайн байршилд газар эзэмших эрх үүсээгүй, хамааралгүй байжээ.
Ийнхүү, 75 м.кв газрыг эзэмших “Ту” ХХК эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байхад А/394 дүгээр захирамж гаргасан, нөгөөтэйгүүр “Ту” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт эзэмшиж буй газрын хэмжээг 196 м.кв болгон Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах тухай хүсэлт гаргаж байсан байх тул нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн “барилгын эх загвар зургийг мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас хүчингүй болгоогүй байх тул эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй” гэсэн агуулгаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрх цуцлагдсан гэх үндэслэлээр уг газар дээр барих барилгын эх загвар зургийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцээд “дэмжигдээгүй” гэх[1] боловч хариуцагчийн /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар/ татгалзал, тайлбараар[2] нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон тул тухайн нэгж талбарт төлөвлөгдсөн барилгын зураг хүчингүй” гэсэн агуулгаар маргаж буй нь тодорхой байна.
Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар хуралдаанаар “Ту” ХХК-ийн гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжийг баталгаажуулах хүсэлтийг хангасан хэдий ч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/4777 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзжээ. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгын зургийг хүчинтэй болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын “барилгын эх загвар зургийг хүчингүй болгосон” шийдвэр (хариуцагчийн татгалзсан тайлбар)-ийг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ –ын газар эзэмших эрхийг “Ю...” ХХК-д шилжүүлж, улмаар газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ нэхэмжлэгч “Ту” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхцуулсан тухай:
“Улаанбаатар сан” нь нийслэл хотын эдийн засаг, хот байгуулалт, түүний бүтцийг хөгжүүлэх, хотын аж ахуйг өргөтгөж, хүн амын хангамж, үйлчилгээ нийгмийн асуудлыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах чиг үүрэг, зорилгоор байгуулагдсан Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ) байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2, 15 дугаар зүйлд зааснаар “төрийн өмчит үйлдвэр”-ийн газар байжээ. Нийслэлийн Засаг дарга 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт Монгол Тайваны төвийн барилгын зүүн талд байрлах 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын зориулалтаар “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-т эзэмшүүлжээ. Тодруулбал, “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ–ыг төрийн байгууллагатай адилтган хотын хүн амын хангамж, үйлчилгээний асуудлыг сайжруулах зорилгоор нийтийн бие засах газар байгуулах зориулалтаар Газрын тухай хуулийн 33.1.1-д заасан журмаар уг газрыг эзэмших эрх олгосон байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар мөн хуулийн 35.1.4-д заасан “эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрх төрийн байгууллагад хамаарахгүй учир “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын “нийтийн бие засах газар байгуулах” зориулалт бүхий газар эзэмших эрхийг “Ю...” ХХК-д шилжүүлэх эрхгүй гэж үзэхээр байна. Улмаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан зориулалт буюу төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг олгосон “нийтийн бие засах газар байгуулах” анхны зориулалтыг өөрчилсөн нь уг газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр ОНӨААТҮГ–т эзэмшүүлсний зорилго, хууль зүйн утга, агуулгыг алдагдуулжээ. Хэрэв энэ газрын “төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар” гэх зориулалт буюу “нийтийн бие засах газар байгуулах” зориулалтыг өөрчилж байгаа бол уг өөрчилсөн зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгоход баримтлах ёстой Газрын тухай хуулийн “дуудлага худалдаа, төсөл шалгаруулах” зарчмаар шийдвэрлэх ёстой.
2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 42 м.кв газрыг гуравдагч этгээд “Ю...” ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд уг гэрээг эрх бүхий бус этгээд байгуулсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, газар баталгаажилтын хувийг хэрэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахаар зохицуулсан. Гэтэл хүсэлтийг зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч буй тал болох гуравдагч этгээд “Ю...” ХХК нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буугдсанаас хойш 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэж шилжүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ –тай хамтран ажиллах гэрээ байгуулсан тул уг газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн асуудлаар маргах хууль ёсны ашиг сонирхолтой байна. Тиймээс гуравдагч этгээдэд дээрх байдлаар уг газрын шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн уг асуудлаарх хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн “Ю...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэстэй байна.
Харин нэхэмжлэгчийн уг “42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлагыг хангах боломжгүй учир нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын эзэмшиж байсан газрыг өөр этгээдэд эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэвэл зохихоор байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар мөн хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх учиртай. Гэтэл гуравдагч этгээд “Ю...” ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дугаар захирамжаар газрын хэмжээг 165 м2 болгон нэмэгдүүлэхдээ хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлээгүй байна. Энэ нь нэхэмжлэгч “Ту” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжаар эзэмшиж байсан 75 м2 газартай бүхэлдээ давхацсан байгаа бөгөөд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон шийдвэртэй нэхэмжлэгч маргаж байгаа тул нэхэмжлэгч “Ту” ХХК энэ А/90 дугаар захирамжийн “Ю...” ХХК-д холбогдох хэсгийн талаар шаардлага гаргах хууль ёсны эрхтэй байна.
Нэхэмжлэгч эзэмшиж байсан газрыг нь хууль бусаар хүчингүй болгосонтой маргаж байгаа бөгөөд улмаар уг газрыг нь Газрын тухай хууль зөрчиж бусдад эзэмшүүлснээр нэхэмжлэгч “Ту” ХХК-ийн газар эзэмших эрхээ хүчингүй болгох нөхцөл бүрдсэнээс бусад тохиолдолд хадгалах, эзэмшил газартай нь давхцуулж өөр бусдад газар эзэмшүүлэхээс хамгаалагдах эрх зөрчигдсөн байна.
Дүгнэвэл, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрх олгогддог “төрийн байгууллагын газар эзэмших эрхийг” шилжүүлэх нь хориотой байхад, Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журам, зохицуулалт[3] болох “дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт”-аас зайлсхийх, “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг[4] зөрчиж, улмаар газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ нэхэмжлэгч “Ту” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхцуулсан учир нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч “Ту” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлагын тухайд: Маргаан бүхий 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулах, эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
4. Гуравдагч этгээд “Ю...” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “46 м.кв газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлэхийг даалгуулах” тухай бие даасан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг бие даасан шаардлагаасаа татгалзсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэрээр баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон, гуравдагч этгээд дахин бие даасан шаардлагаа дэмжээгүй тул анхан шатны шүүх гуравдагч этгээдийн татгалзлыг баталж шийдвэрлэх шаардлагатай байжээ. Иймд шийдвэрт гуравдагч этгээдийн татгалзлыг баталсан заалт нэмж оруулав.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т тус тус заасныг баримтлан “Ту” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю...” ХХК-д холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Ту” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Ту” ХХК-ийн 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”,
2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Ю...” ХХК-ийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “46 м.кв газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлэхийг даалгуулах” тухай бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”,
3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч “Ту” ХХК-д олгож, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж, 4 дэх заалтын дугаарыг хасч өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ