Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01874

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01874

 

 

 

Б.А-, Ш.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/02434 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-, Ш.Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Н-д холбогдох,

11,421,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 7,355,390 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, Ш.Б-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Бид 2018 оны 10 дугаар сард хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2Б байрны 00 тоот орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон ба Б.А- Х.Н-гээс орон сууцаа худалдана, орон сууцанд амьдрахыг зөвшөөрч байна, орон сууцны төлбөрийг өөрийн эдэлж байгаа хорих ялыг дуусахаар цувуулж авна гэх агуулга бүхий бичгийг бичүүлж авсан.

Хариуцагчийн төрсөн охин гэх Н.М- нь бидэнд орон сууцны түлхүүрийг авчирч өгсөн. Бид нэгэнт энэ орон сууцыг худалдан авч, өөрсдөө амьдрах учир засвар үйлчилгээ хийхээр шийдсэн ба тухайн үедээ хариуцагч, түүний охин Н.М- нарт мэдэгдсэн. Тус байр нь анх ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байсан тул гэр бүлээрээ амьдрах тухтай орчин бүрдүүлэх шаардлагатай байсан. Ингээд Б.А- дүү Б.М-аар цалингийн зээл авхуулж, өөрийн ажил хөдөлмөр эрхэлж цуглуулсан мөнгийг болон Ш.Б- би өөрийн ээжээр малчны зээл авхуулж, нийт 8,421,000 төгрөгийн засвар хийх сэлбэг материалын зардал гарч, өөрийн танил Г.О-аар 2,000,000 төгрөгийн хөлс төлж иж бүрэн засвар хийлгэсэн.

Орон сууцанд засвар үйлчилгээ хийхдээ сэлбэг, материалыг хямд үнээр авахын тулд НӨАТ-ын баримтгүйгээр буюу 10 хувиар хямд үнээр бодож, падаан дээр бичүүлэн авч байсан тул падаанууд нь бүгд үлдсэн. Бид орон сууцанд амьдарч эхлээд хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу тухайн байранд нь үүссэн байсан өр төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч орон сууцаа худалдана, мөнгийг нь дараа цувуулж авна гэж байсан атлаа нэг ч удаа байрныхаа мөнгийг нэхээгүй байж орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс буюу Ш.Б-гээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Бидний хувьд харилцан тохиролцсоны дагуу орон сууцыг худалдан авахаар тохирч 8,421,000 төгрөгийн сэлбэг, материалыг худалдан авч 2,000,000 төгрөгийн хөлсөөр засвар хийлгэсэн ба хариуцагчтай тохиролцсоны дагуу орон сууцны өр төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлсөн буюу нийт 11,421,000 төгрөгийн зардлыг гаргасан. Хариуцагч нь орон сууцаа худалдан борлуулахгүй, буцаан өөрийн эзэмшилдээ авсан тул орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн зардалд Х.Н-гээс 11,421,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

Маргаан бүхий орон сууцыг иргэн А.Ц худалдах авахаар 2018 оны 09 дүгээр сард миний охин Н.М- бид хоёртой тохиролцож манай байранд орсон ч өнөө хүртэл огт мөнгө өгөөгүй. Түүний бэр болох Ш.Б- нар 2 жил хууль бусаар уг байранд оршин суусан.

Намайг хорих ял эдэлж байхад А.Ц- эргэж очихдоо өөрийнхөө бичсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан ба тэр бичигт манай байранд засвар хийх талаар бичсэн зүйл байгаагүй, тухайн үед ч энэ талаар яригдаагүй. Байрны өмнөх өр төлбөрийг төлөхгүй бол манай байранд оруулахгүй байна гэсэн. Байрны өмнөх жилүүдийн өр төлбөр болох 5,000,000 төгрөгийг байрны худалдах үнэд оруулахгүй, үнэ дээр нэмж тооцно гэж охинтой маань тохирсон гэж тухайн үед надад хэлж байсан ба танай хуучин өр төлбөр болох 5,000,000 төгрөгийг бид төлчхөөд байранд оръё гэхээр нь би итгээд гарын үсэг зурсан учраас тэд манай байранд орсон. Гэтэл үүнээс 1,000,000 төгрөг төлсөн атлаа одоо тэр мөнгөө Ш.Б-гээр нэхэмжлүүлж буцаан авах гэж, дээр нь зөвшөөрөлгүй хийсэн засварын мөнгийг гаргуулах гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тайлбарын агуулга:

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Б-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгснийг тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/00901 дугаартай шийдвэрээр Ш.Б-г хууль бус эзэмшигч болохыг тогтоож уг байрнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Гэвч Ш.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, ... 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 220 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Уянга нь хөндлөнгийн гэрч Алтанцэцэгийн Н, А-ын Н нарыг байлцуулан уг орон сууцыг өмчлөгч нарт хүлээлгэн өгсөн.

Өөрөөр хэлбэл, Ш.Б- нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 35 сар ямар ч үнэ төлбөргүй, цаашлаад хууль бусаар эзэмшиж байсан. Ш.Б- нь дээрх хугацаанд амьдарч байхдаа орон сууцны дараах ашиглалтын зардлуудыг төлөөгүй бөгөөд үүнийг хариуцагч өөрийн байрандаа амьдрахын тулд аргагүй эрхэнд төлсөн. Үүнд, СӨХ-ийн төлбөр 274,680 төгрөг, ус дулааны төлбөр 1,330,442 төгрөг, тог цахилгааны төлбөр 250,268 төгрөг нийт 1,855,390 төгрөг. Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх зардлуудыг нэхэмжлэгч нөхөн төлөх үүрэгтэй.

Мөн хариуцагч нь 2013 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд 407 дугаар хорих ангид ял эдэлж байсан бөгөөд суллагдсаны дараа өөрийн өмчлөлийн байранд амьдрах гэтэл Ш.Б- нь амьдарч байсан тул охин Н.М-ын гэрт хэсэг хугацаанд байхаас өөр аргагүй байсан. Ийнхүү Ш.Б-гээс өөрийн өмчлөлийн байрыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч үндэслэлгүйгээр татгалзаж, мөн уг хугацаанд охин Н.М-тай байрны асуудлаас болж байнгын маргаантай, цуг амьдрахад хэцүү байсан тул 2019 оны 10 дугаар сараас эхлэн айлын хажуу өрөө хөлслөн амьдарч эхэлсэн. Тодруулбал, Р.Э- гэх иргэнтэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хажуу өрөө түрээслэх гэрээ байгуулсан. Тус өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 22 сар хажуу өрөө түрээслэн сууж нийт 5,500,000 төгрөг төлж хохирсон.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нийт 7,355,390 төгрөгийг Ш.Б-гээс гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч Ш.Б-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Тухайн орон сууц нь 4,500,000 төгрөгийн ашиглалтын зардлын төлөгдөөгүй төлбөртэй орон сууц байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүл үеэс эхлээд тухайн орон сууцанд амьдарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгсөн нь үнэн.

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хажуу өрөө хөлслөх гэрээ гэх баримттай танилцахад цаг хугацааны хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан хугацаанаас, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон цаг хугацаа хүртэл 1 жил 10 сарын хугацаатай байгуулсан байгаа, хажуу өрөө хөлслөх гэрээний зорилго гэх зэргээс тус хэргийг шийдвэрлэгдсэнээс хойш нөхөж хийгдсэн гэрээ болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд бодит байдлаар хажуу өрөө түрээслүүлсэн гэх этгээдэд төлбөр төлж байсан гэх баримт нэг ч байхгүй байгаагаар давхар нотлогдож байна.

Мөн Ш.Б- нь хэзээнээс хэзээ хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан гэдгийг мэдэх боломжгүй атлаа “... Ш.Б- нь түрээслэн амьдарч байх хугацаандаа ус дулааны нийт 1,974,252.91 төгрөгөөс 643,810.74 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлсөн гэх тодорхойлолтыг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Би тухайн орон сууцанд амьдарч байх цаг хугацаандаа ашиглалтын зардлыг тогтмол төлж байсан бөгөөд хэрэв 1,330,442.17 төгрөгийн ашиглалтын зардлыг төлөөгүй байсан бол тухайн орон сууцны ус дулааныг аль хэдийнээ хязгаарлах байсан. Гэтэл ийм үйл баримт болж байгаагүй бөгөөд хариуцагчийн төлсөн гээд байгаа төлбөр нь хэрэв бодитоор төлөгдсөн бол тус орон сууцны 2018 оны 10 дугаар сараас өмнөх өр төлбөрт төлөгдсөн байх гэж бодож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Н-гээс 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-, Ш.Б- нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,421,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Ш.Б-гээс 3,586,565 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Н-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,768,825 төгрөг гаргуулах хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,686 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 138,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-гээс 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч Ш.Б-гээс 72,335 төгрөг гаргуулан хариуцагч Х.Н-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийн зардлыг хүсэлт гаргасан тал болох хариуцагч Х.Н-гээс гаргуулж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгч Ш.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.б. Би өөрийн нөхөр Б.А-ын хамтаар маргаан бүхий орон сууцыг Х.Н-гээс худалдан авахаар тохиролцож, бичгээр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар баримт үйлдэж, Х.Н-гийн охин Н.М-аас орон сууцны түлхүүрийг хүлээн авсан. Тухайн орон сууц нь хүн орж амьдрах боломжгүй, зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан тул өмчлөгчид мэдэгдэн 8,421,000 төгрөгийн засварын бараа материалын, 2,000,000 төгрөгийн ажлын хөлсний зардал гаргаж 10,421,000 төгрөгөөр орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн.

Орон сууцанд засвар үйлчилгээ хийснээс 3 орчим сарын дараа орон сууцны өмчлөгч Х.Н- нь манай орон сууцанд ирээд засвар хийсэн байна, амьдарч байсан гэр минь их гоё болсон байна гэж хэлээд, надтай уулзаад явсан. Хариуцагч нь ч мөн 2019 оны 01 дүгээр сард өөрийн өмчлөлийн орон сууцандаа ирээд явсан, засвар хийсэн байсантай танилцсан гэх талаараа өмнө нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэлж байсан. Гэтэл шүүхээс засвар хийх талаар зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Орон сууцанд засвар хийхдээ өмчлөгчөөс болон түүний охин Н.М- нараас зөвшөөрөл авч байсан. Хэрэв шүүхээс засвар хийх үедээ зөвшөөрөл аваагүй байсан гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу засвар хийсэн үйлдэлтэй танилцаад зөвшөөрсөн гэж үзэх ч үндэслэлтэй.

Хариуцагч нь бодит байдлаар орон сууцны хажуу өрөө түрээслэн амьдарч байсан гэх үйл баримт бодитоор тогтоогдоогүй ба хариуцагчийн тус шүүхэд гаргаж өгсөн хажуу өрөө түрээслэх гэрээ нь тухайн цаг хугацаанд үйлдэгдээгүй, нөхөн хийгдсэн гэрээ байх ба тус гэрээний дагуу бодитоор төлбөр төлөгдөөгүй болох нь хангалттай тогтоогдсон.

Түрээсийн гэрээ байгуулагдсан хугацаа нь тус шүүхэд Х.Н-гээс нэхэмжлэл гаргаж, орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх маргаан үүссэн хугацаатай ижил, гэрээний хугацаа нь Х.Н-гийн нэхэмжлэлтэй хэргийг шүүхээр шийдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар байрыг чөлөөлсөн хугацаатай яг таарч байгаа ба 1 жил 10 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан байдаг. Гэтэл Х.Н- нь 2019 оны 10 сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийнх нь нэхэмжлэлтэй хэрэг 1 жил 10 сарын хугацаанд үргэлжлэх эсэхийг мэдэх ямар ч боломжгүй тул хажуу өрөөг түрээслэх гэрээг 1 жил 10 сарын хугацаатайгаар байгуулах боломжгүй. Мөн тус гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй, хэзээ, хэн ч нөхөөд бичих боломжтой гэрээ байсан ба бодитоор мөнгийг түрээсийн төлбөрт төлж байсан гэх нэг ч баримт байхгүй. Гэтэл шүүхээс Х.Н-гийн тухайн түрээсийн гэрээ байгуулагдсан гэх хугацаанаас хойш 1 жил гарын хугацааны дагуу банкнаас тэтгэврийн зээл авсан баримтыг үндэслэн /зээлээ юунд зарцуулсан талаар нэг ч баримт байхгүй/ 1,941,443 төгрөгийг хажуу өрөөний түрээсийн төлбөрт төлсөн гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна.

Нэхэмжлэлийг дүгнэхдээ бодитоор зардал гаргасан, засвар үйлчилгээ хийсэн нь тогтоогдсон, Х.Н- нь өөрийн охинтойгоо хамт засвар үйлчилгээ хийсэн байсантай нь танилцсан байхад хангаагүй атлаа Х.Н-гийн тэтгэврийн зээл авсан баримтыг нь үнэлээд тэтгэвэр авсан бол энэ мөнгөөрөө түрээс төлсөн байна гэж хийсвэрээр буюу субъектив байдлаар дүгнэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнг 1,827,382 төгрөг болгон өөрчилж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн байранд өмчлөгч нарын зөвшөөрөлгүй засвар үйлчилгээ хийсэн. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцсон. Орон сууцанд зайлшгүй засвар хийх шаардлагагүй байхад зөвшөөрөлгүй засвар хийсэн. Ш.Б-г анх ороход хүн амьдрах боломжгүй байр биш хариуцагчийн зүгээс тайлбарлаж байсан. Учир нь тухайн байранд дүү болон өөр бусад хүмүүс амьдарч байсан. Иймд нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй байгааг шүүх зөв тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд засвар хийхэд гарсан зардал зарцуулагдсан хөрөнгө гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох үндэслэлгүй. Эдгээр баримт болох 14, 16, 23-25, 26, 28 дугаар талд авагдсан нотлох баримт нь шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нар орон сууны үнийг төлөөгүй байхдаа зөвшөөрөлгүй засвар хийж, 35 сар тухайн байранд үнэ төлбөргүй амьдарсан. Х.Н- өөрийн байранд орж үзэхдээ хүүхдийн дуу чимээ гарсан гоё байна гэж хэлсэн. Түүнээс биш засвар гоё болсон гэж хэлээгүй. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна гэж заасан. Иргэний хуулийн 492, 496 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийг хэрэглэсэн зөв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

8.б. Нэхэмжлэгч нь 34 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талаар хариу тайлбарыг өгсөн. Үүний дагуу бид тэр даруй тус тайлбартай танилцаж, түрээсийн төлбөрт нийт 5,500,000 төгрөг төлсөн, байр түрээсэлж байсан талаарх үйл баримтыг нотлох зорилгоор Р.Э- гэх иргэнээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг тухайн шүүх хуралдааны үеэр гаргасан боловч шүүх уг нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлэн гаргаж өгсөн хариу тайлбартай холбогдуулан тэр даруйд холбогдох хүсэлтийг гаргасан байхад шүүх хариуцагчийг хүсэлтээ өмнө нь гаргах ёстой байсан гэж байгаа нь хуульд зөрчсөн. Иймд шүүх нотлох баримтыг буруу үнэлэн шийдвэр гаргасан байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй байхад хэргийн хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Ш.Б-д холбогдуулан тог, цахилгааны төлбөрт 250,268 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тодруулбал, Ш.Б- нь Х.Н-н өмчлөлийн орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 35 сар ямар ч үнэ төлбөргүй, цаашлаад хууль бусаар эзэмшиж байсан бөгөөд дээрх хугацаанд амьдарч байхдаа бий болсон орон сууцны тог, цахилгааны төлбөр болох 250,268 төгрөгийг төлөөгүй. Үүнийг Х.Н- нь өөрийн байрандаа амьдрахын тулд аргагүй эрхэнд төлсөн бөгөөд энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Гэтэл шүүх СӨХ болон ус, дулааны төлбөрийг гаргуулах шаардлагыг хангасан атлаа яг ямар үндэслэлээр тог, цахилгааны уг төлбөрийг хангахгүй орхисон нь тодорхойгүй буюу шүүхийн шийдвэрт нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлсэн талаар огт бичиж, дүгнээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн орон сууц ашиглалтын 4,000,000 төгрөгийн тог цахилгаан, ус болон СӨХ-ийн өртэй байсан. Орон сууцыг хүлээж авах үед тог цахилгаан ус дулаан аль аль нь байхгүй байсныг нэхэмжлэлдээ дурдсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхээс хангаагүй ашиглалтын зардал, цахилгааны зардлыг яагаад хангаагүй вэ гэхээр тухайн цахилгааны зардал нь хэзээний ямар төлбөр болох тогтоогдоогүй. Өөрийн амьдарч байсан хугацааны төлбөрийг төлөөд Ш.Б-гийн амьдарч байсан хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн. Хажуу өрөө түрээсэлсэн гэж байгаа боловч тухайн байр хажуу өрөөтэй эсэх мөн 5,500,000 төгрөг төлсөн баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.А-, Ш.Б- нар нь хариуцагч Х.Н-д холбогдуулан орон сууцны төлбөрт өгсөн 1,000,000 төгрөг, байр засварласан зардал 10,421,000 төгрөг, нийт 11,421,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцаа ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 5,500,000 төгрөг, ашиглалтын зардалд 1,855,390 төгрөг, нийт 7,355,390 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Х.Н- нь Б.А-тай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Х.Н- нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2Б байрны 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч орон сууцны үнэ 35,000,000 төгрөгөөс байрны ашиглалтын зардал 4,500,000 төгрөгийг хасч тооцон, 30,500,000 төгрөгийг худалдагчид төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

 

2.а. Дээрх хэлцлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/00901 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөгч Н.М-ын бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй ... үйлдэл нь хуульд нийцээгүй, худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. /1хх 6, 2хх 360-363/

 

3. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгахдаа хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй, мөн нотлох баримтыг харьцуулан дүгнэхгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нар нь “...Маргаан бүхий байр нь анх ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байсан тул 8,421,000 төгрөгөөр барилгын материал худалдан авч, Г.О-аар 2,000,000 төгрөгийн хөлс төлж иж бүрэн засвар хийлгэсэн. Мөн Х.Н-тэй харилцан тохиролцож байрны өр төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Орон сууцаа худалдан борлуулахгүй, буцаан өөрийн эзэмшилдээ авсан тул Х.Н-гээс 11,421,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан” гэж, хариуцагч нь “...Миний өмчлөлийн орон сууцанд иргэн А.Ц-, түүний бэр Ш.Б- нар нь огт мөнгө төлөлгүй 2 жил хууль бусаар уг байранд оршин суусан. Байрны өр төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн атлаа одоо тэр мөнгөө Ш.Б-гээр нэхэмжлүүлж буцаан авах гэж, дээр нь зөвшөөрөлгүй хийсэн засварын мөнгийг гаргуулах гэж байгааг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан талууд маргажээ.

 

5. Нэхэмжлэгч Б.А-, Ш.Б- нар орон сууцыг худалдан авсан гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр засвар хийсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх тухайн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцанд засвар хийсэн зардлаа нөхөн төлөхийг хариуцагч Х.Н-гээс шаардах эрхтэй.

 

5.а. Нэхэмжлэгч тал орон сууцны засварт 10,421,000 төгрөгийн зардал гарсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтууд нь огноо, дугаар байхгүй, хэн хэнээс худалдаж авсан нь тодорхойгүй, орон сууцны засварт 10,421,000 төгрөгийн зардал гарсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. /1хх14-28/

 

5.б. Харин шүүхийн журмаар томилсон шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2Б байрны 00 тоот орон сууцанд хийсэн засварын ажлын материалын зардал, ажлын хөлсийг 2,610,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргажээ. /2 хх 258-273/ Уг дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас засварын зардалд 2,610,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцнэ.

 

5.в. Иймд, Иргэний хуулийн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Н-гээс Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2Б байрны 00 тоот орон сууцанд хийсэн засварын зардалд 2,610,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Амгаланбаатар, Ш.Б- нарт олгох нь зүйтэй. Энэ талаар нэхэмжлэгч Ш.Б-гийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.г. Хариуцагч нь ашиглалтын зардалд 1,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

 

6. Хариуцагч Х.Н- нь нэхэмжлэгч Ш.Б-д холбогдуулан хохиролд 7,355,390 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Ш.Б- орон сууцны хууль бусаар эзэмшиж байсан хугацаанд СӨХ-ийн төлбөр 274,680 төгрөг, ус дулааны төлбөр 1,330,442 төгрөг, тог цахилгааны төлбөр 250,268 төгрөг нийт 1,855,390 төгрөгийг төлөөгүй бөгөөд тухайн төлбөрийг би төлсөн. Мөн хажуу өрөө хөлслөн сууж нийт 5,500,000 төгрөг төлж хохирсон гэх агуулгаар тайлбарласан байна.

 

7. Талууд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууцыг чөлөөлсөн үйл баримтад маргаагүй. Уг хугацаанд тооцогдох ашиглалтын зардал болох 1,330,442 төгрөгийг гарсан болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-гээс тус зардлыг гаргуулах үндэслэлтэй. Харин үлдэх ашиглалтын зардалтай холбоотой 524,948 төгрөгт холбогдох хэсэг нь баримтаар тогтоогдохгүй учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Хуулийн хүчин төгөлдөр болсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/00901 дугаар шийдвэрээр Ш.Б-гийн хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2Б байрны 00 тоот орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. /1хх212-215/

 

9. Хариуцагч Х.Н- нь хамтран өмчлөгч Н.М-ын зөвшөөрлийг аваагүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон ба уг үйл баримтад хариуцагч Х.Н- буруутай байх тул нэхэмжлэгч Ш.Б-гээс хохирол шаардаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийн заасантай нийцэхгүй.

 

Нөгөөтэйгүүр Х.Н- нь Р.Э-тэй “Хажуу өрөө түрээслэх гэрээ” нэртэй гэрээ, түүний хавсралтад бичигдсэн орон сууцны хөлс төлсөн талаарх тооцоо зэргийг хариуцагч Х.Н-д 5,500,000 төгрөгийн хохирол учирсан гэж эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна. /2хх336-338/

 

10. Анхан шатын шүүх 2 дугаар хавтаст хэргийн 341 дүгээр талд авагдсан Х.Н-н “Төрийн банк” ХХК дахь 10310068736 дугаар дансны дэлгэрэнгүй хуулганд дурдсан тэтгэврийн зээл 1,981,443 төгрөг авсан баримтыг, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн гэж дүгнэж, орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг 1,981,443 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Р.Э-ийн дансаар уг мөнгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлсөн хөлс гэх агуулгаар шилжүүлсэн баримтгүй байхад шалтгаант холбоогүй тэтгэврийн зээлийн орлогыг хажуу өрөө хөлслөх гэрээний үүрэгт төлсөн төлбөр гэж хоорондоо хамааралгүй баримтуудыг дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн журамд нийцэхгүй.

 

11. Хариуцагч нь хажуу өрөөний хөлстэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх ба энэ хэмжээгээр түүнд хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй.

 

12. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь бусдын хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх шаардах эрхэд хамаарахгүй тул анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох заалтыг баримталсан алдаа гаргасныг залруулна.

 

13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/02434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Н-гээс 3,610,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-, Ш.Б- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,811,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш.Б-гээс 1,330,442 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х.Н-д олгож, үлдэх 524,948 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хохиролд 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн “2” гэснийг “3” гэж дугаарлан, “28,550” гэснийг “72,710” гэж, “72,335” гэснийг “36,237” гэж өөрчлөн,

Шийдвэрийн тогтоох хэсгийн “3” гэснийг “4”, “4” гэснийг “5”, “5” гэснийг “6”, “6” гэснийг “7” гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,252 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Б-гээс төлсөн 197,686 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭ