Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0006

 

2018 оны 12 сарын 27 өдөр             Дугаар 221/МА2019/0006                         Улаанбаатар хот  

 

 

“Б ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Н, Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б, Г.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0677 дугаар шийдвэртэй, “Б ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.МөнхЖын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/677 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ц ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нарт холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... МХЕГ-ын дарга Н.Ц 2017 оны 12-р сарын 04-ний өдрийн 01/275-р “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаа СБД- ийн 2-р хороо Усны гудамж, С сургуулийн өргөтгөлийн барилга-улсын комиссын үйл ажиллагааг хамруулан хяналт шалгалт хийж, тайлбар тодруулга гаргах бөгөөд ажлын 7 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр гаргасан байдаг.

Энэ хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5-р зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт юм.Энэ төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5-р зүйлийн 5.4, 52-р зүйлийн 52.4-д зааснаар шалгалтын дүн, дүгнэлтээ заавал гаргах ёстой.

МХЕГ-ын даргад илтгэх хуудсаа 2017 оны 12-р сарын 28-ны өдөр гаргасан байтал МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нь урьдчилсан дүгнэлтийг гаргасан нь ХЗДХ-ийн сайд болон манай компанид өгсөн хариу зэргээс тодорхой байна.

“Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 10.4.3-д заасны дагуу илтгэх хуудас бичигдсэн бөгөөд 10.4.6-д зааснаар Улсын ерөнхий байцаагч шийдвэр гаргаагүй юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31-р зүйлийн 31.1.1 -д “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” гэж заасан. Гэтэл “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын үйл ажиллагаа нь МУ-ын хууль, норм дүрэмтэй нийцэхгүй байгааг зохих төрийн байгууллагууд тогтоосон бөгөөд МХЕГ-ын төлөвлөгөөт бус ажлын хэсэг доорх асуудлуудад заавал дүнгээ гаргах ёстой. Үүнд:

  1. СБД-ийн 2-р хороо “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүн нь Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.2 дахь заалт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 02-р сарын 06-ны өдрийн А/13 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд тус тус нийцэж байгаа эсэх,
  2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 08-р сарын 26 / заримд нь 28 гэсэн байгаа/-ны өдрийн 2016/340 тоот актад “С” сургуулиас 2018 оны 08-р сарын 01-ний өдрийн 145-р мэдэгдлийн дагуу Улсын комисс ажилласан тухай байдаг боловч Улсын байцаагчийн 2017 оны 02-р сарын 03-ны өдрийн 05/01 тоот дүгнэлтэд “С” дунд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн барилга байнгын ашиглалтад оруулах комиссын 2016 оны 07-р сарын 28-ны өдрийн 331 тоот мэдэгдлийн комиссын нарийн бичгийн дарга М.Д-г / өөр хүний гарын үсэгтэй гэж орлон зурсан нь Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн МNS 5140-2:2011 стандартын 6.18-д заасан гарын үсгийн бүрдэлд “баримт бичигт эрх бүхий албан тушаалтныг орлож, “ыг” гэсэн тийн ялгалын үг хэрэглэж,гарын үсэг зурахгүй байхыг мөрдөөгүй зэрэг дутагдлууд байна” гэжээ, Өөрөөр хэлбэл “С” сургууулийн 2016 оны 08-р сарын 01-ний өдрийн 145-р мэдэгдлээс өмнө барилга байнгын ашиглалтад оруулах комиссын 2016 оны 07-р сарын 28-ны өдрийн 331 тоот мэдэгдэл гарсан нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.4, 4.5, 4.7 дахь заалтуудад нийцэж байгаа эсэх,
  3. СБД-ийн 2-р хороо “С” сургуулийн өргөтгөлийн барилга барих нь “Хот байгуулалтын тухай” хуулийн 4-р зүйлийн 4.1.3-д “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах”, “Барилгын тухай” хуулийн 9-р зүйлийн 9.1.1-д “хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан” байх шаардлага болон “Хот төлөвлөлт барилагажилт” БНбД 30-01- 04, “Хот суурины гудамж талбайн төлөвлөлт” БНбД 32-04-09 зэрэг хууль, норм дүрэмтэй нийцэж байгаа эсэх,
  4. Манай “Б ц” ХХК-ийн инженер техникийн ажилтны бичсэн Барилгын ажлын тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын тэмдэглэлийн хуулбар хувь/ Манай ажлыг үргэлжлүүлж хийсэн “Г к” ХХК-ийн бичсэн ил далд ажлын акт,Барилгын ажлын тэмдэглэл байхгүй байгаа болно/-аар Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан нь Барилгын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1, 37.1.16, 37.1.19 дэх заалтууд, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.13.3-4.13.8-т заасан заалтуудад нийцэж байгаа эсэх,
  5. Барилга угсралтад хэрэглэсэн арматур, бетоны гарал үүслийн гэрчилгээ, сертификат, шинжилгээний бичиг нь Үндэсний төв архивд байгаа барилгын хувийн хэрэгт өнөөдрийг хүртэл байхгүй байгаа нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.13.5-д заасан заалтад нийцэж байгаа эсэх, СБД-ийн 2-р хороо “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг 2016 оны 08-р сарын 24-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн нь Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3-р хавсралтад заасан бүрэлдэхүүнтэй нийцэж байгаа эсэх,
  6. Барилгын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.6 дах заалтын дагуу захиалагч өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж, хүлээн авах улсын комиссын 2016 оны 08-р сарын 28-ны өдрийн 2016/340 дугаартай актыг баталгаажуулсан нь “Барилгын тухай” хуулийн 48-р зүйлийн 48.1 дэх “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан барилга байгууламжийг ашиглалтад оруулна” заалтад нийцэж байгаа эсэх,
  7. Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлд гүйцэтгэгч байгууллага “Б ц” ХХК, барилгын үндсэн хийц бүтээцийн ажил гүйцэтгэсэн ил, далд ажлын актуудад тус компанийн инженер, талбайн инженер нар гарын үсэг зурж баталгаажуулсан байтал өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2016 оны 08-р сарын 28-ны өдрийн 2016/340 дугаартай актад Ерөнхий гүйцэтгэгчээр “Г к” ХХК ажилласан болохыг баталгаажуулсан нь “Барилгын тухай” хуулийн 40-р зүйлийн 40.1.9 дэх “Барилга байгууламжийн суурь, хана,хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх” заалтад нийцэж байгаа эсэх,
  8. С” сургууль “Г к” ХХК-тай 2013 оны 11-р сарын 17-ны өдөр байгуулсан гэрээг ХУУРАМЧ болохыг МУ-ын Ерөнхий прокуророос тогтоосныг 2017 оны 12-р сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Мөн Гэрээний хугацаа 2013.11.17-ноос 2015.07.20-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд гэрээний сунгалт хийгдээгүй болно. "Г к” ХХК нь 2013 оны 11-р сарын 17-ноос ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бол Барилгын ажлын тэмдэглэл / Улаан дэвтэр /, ил далд ажлын актууд фото зураг зэрэг Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан эсэх,
  9. “Г к” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2014 оны 04-р сарын 30- нд гарсан байтал гэрээг 2013 оны 11-р сарын 17-ны өдөр байгуулсан нь Иргэний хуулийн 26-р зүйлийн 26.8 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.4 дэх хэсгийг зөрчсөн эсэх,
  10. “С” сургууль өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг “М э” ХХК-аар гүйцэтгүүлж,байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл БХБЯ-ны 2018 оны 04-р сарын 03-ны өдрийн 03/1146 тоот албан бичиг “М э” ХХК-ийг 2016 оны 06-р сарын 07-ны өдрийн ЗТ16-976/16 дугаартай зураг төсөл боловсруулах 1.3.3 дугаар ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл авсан талаар дурджээ. Өөрөөр хэлбэл барилга угсралтын 2.2.2-д заасан тусгай зөвшөөрөл байхгүй учраас “М т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хавсаргасан байдаг.Иймд “М э” ХХК нь Иргэний хуулийн 26-р зүйлийн 26.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.14.6 дахь хэсгийг зөрчсөн эсэх,
  11. Барилгын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.16 дахь хэсэгт заасан зөвшөөрөл “Г к” ХХК-д байсан эсэх,
  12. “С” сургуулийн үндсэн барилга болон өргөтгөлийн барилгын хооронд 5-8 м байдаг бөгөөд энэ хоорондуур бохирын төвлөрсөн шугам байдаг. Энэ шугам нь Эксперт Д.Дагвасүрэнгийн 02013.03.10-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтийн №1 хавсралтын 14-д “Одоо байгаа “С” сургууль, төлөвлөж баигаа “С” сургуулийн дундуур гарч байгаа шугам барилгад хэт ойр гарсан байна.хянаж үзэх”, мөн техникийн нөхцөл №60/13-ийн 15.3- д “Барилгыг шугам сүлжээнээс БНбД-ийн дагуу 5 метр зайд байрлуулах” гэснийг зөрчиж байна. Энэ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11-р зүйлийн 4 дэх заалт, Барилгын тухай хуулийн 48-р зүйлийн 48.7.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн эсэх.

“С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын үйл ажиллагаа нь МУ-ын хууль, норм дүрэмтэй нийцэхгүй байгааг зохих төрийн байгууллагууд тогтоосон байтал ажлын хэсэг энэ талаар дүгнэж, шалгалтын дүн, дүгнэлтээ гаргахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлд заасан Захиргааны үйл ажиллагааны зарчимтай нийцэхгүй байгаа юм.

Мөн шүүх шийдвэртээ 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 10478-р захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 18-ны өдрийн 221/ШТ2017/0032-р тогтоолыг хүчин төгөлдөр байгаа талаар дурдсан нь МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-д заасан эрхийг минь зөрчиж байна.

Иймд, анхан шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0677 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1-1/4305 дугаар албан бичгээр “Б ц” ХХК-ийн захирал Б.Б-ийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан гаргасан шаардлагад дурдсан асуудлаар холбогдох тайлбар, тодруулга ирүүлэхийг хүссэний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Барилгын тухай хууль тогтоомж, холбогдох журам дүрмийн хүрээнд Б.Б-ийн шаардлагад дурдсан С сургуулийн өргөтгөлийн барилга-улсын комиссын үйл ажиллагааг шалгахаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталжээ.

            Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь хяналт шалгалт хийхээр удирдамж баталсан атлаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3831 дүгээр албан бичгээр “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10478 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017  оны 221/ШТ2017/0032 дугаар тогтоолоор ... С сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.4-т өргөдөл гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол” өргөдлийг хянаж үзэхгүй байхаар хуульчилсан ... С сургууль, “Б ц” ХХК-ийн хоорондын маргааныг ... шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллага уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

            Дээрх шүүхийн шүүгчийн захирамж, тогтоолоор “Б ц” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хууль тогтоомж, холбогдох норм дүрэмд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй, зөвхөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

            Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хууль тогтоомж болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих” бүрэн эрх хэрэгжүүлэхээр заасны дагуу иргэн, аж ахуй нэгжээс гаргасан, эрх бүхий этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу  барилга байгууламжийг ашиглалтад авах улсын комиссын үйл ажиллагааг хууль тогтоомж, норм, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /ажлын хэсэг/ нь удирдамжийн хүрээнд “Б ц” ХХК-ийн гаргасан шаардлага, гомдолд дурдсан “С сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын акт хүчин төгөлдөр хууль, дүрэм, журамд нийцсэн эсэхэд хяналт шалгалт явуулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх заалт болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д “төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх нийтлэг үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн захирал Б.Б-ийн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн эхний хэсгийн 1, 2 , 5-д “өргөдөл гомдол гаргагч нь гаргасан өргөдөл гомдлынхоо хариуг авах, өргөдөлтэйгөө холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах, төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн байх тул удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулахыг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг буруу дүгнэж, шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж, хяналт шалгалт явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг 12 асуудлаар хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн болохыг удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, заавал дүн, дүгнэлтээ гаргах ёстой ...” гэснийг хангах үндэслэлгүй.

Учир нь тус шүүх Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хуульд нийцсэн эсэхтэй холбоотой асуудлыг хянаагүй бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагааг хөндлөнгөөс зааварчлах, хяналт шалгалтын үр дүнд илрэх асуудлыг тогтоож, гаргах шийдвэрийг заах боломжгүй юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 5,  7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн захирал Б.Бийн нэхэмжлэлийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /ажлын хэсэг/-т 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу С сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулаагүйг хууль бус болохыг тогтоож, уг хяналт шалгалтыг тус удирдамжийн дагуу явуулахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ц” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 35100 төгрөг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын даргаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “Б ц” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ

                         ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ