Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00582

 

 

Б.Батбаяр, В.Мөнхзориг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01557 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Батбаяр, В.Мөнхзориг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч В.В.Головцовд холбогдох,

“10 104 860 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батбаяр, В.Мөнхзориг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ОХУ-ын иргэн В.В Головцов нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 10 минутанд хурд хэтрүүлэн явснаас Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Орхон гүүрний хажууд Дааган-дэл зоогийн харалдаа урагшаа хөндлөн 50 гаруй адууг манай адуучин Б.Машбатыг тууж явахад нь гүүр талаас хар өнгийн Жип машин гарч ирээд өөдөө өгсдөг хар зам дээр загасан тамгатай, гоёоны хээр морь, загасан тамгатай хурдан удмын цустай цавьдар халзан эр даага, загасан тамгатай өсгий цагаан хурдан удмын цустай сартай хүрэн даага зэрэг 3 тооны адууг газар дээр нь дайрч алан иргэн надад 4 600 000 төгрөгийн хохирол учруулж, мөн хамт явсан иргэн В.Мөнхзоригийн загасан тамгатай хээр үрээг дайрч 4 хөлийг нь гэмтээсэн, цавины дотор талыг гэмтээсэн, уяж хурдлуулдаг байсан загасан тамгатай халтар соёолон үрээг дайрч бэртээж гэмтээсэн зэргээс цаашид уяж хурдлуулах боломжгүй болгож иргэн В.Мөнхзоригт 2 адууны 5 200 000 төгрөг бүгд 5 адууны 9 800 000 төгрөгийн хохирол учруулсан, үүнийг сумын замын цагдаагийн зохицуулагч байцаагч дэслэгч Т.Үнэнбаатар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Сайхан сумын сум дундын прокурорын газарт ирүүлснийг прокурорын газар хүлээн авахаас татгалзсан тул хохирлоо иргэний журмаар нэхэмжилж В.В Головцовоос иргэн Б.Батбаярт 4 600 000 төгрөг, В.Мөнхзоригт 5 200 000 төгрөг нийт 9 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч В.В Головцовыг эрэн сурвалжлуулж, хилийн хаалт хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүсэлт гаргасан зэрэг ажиллагаануудыг хийхэд гаргасан зардлуудаа нэмж нэхэмжилж байгаа юм. Сайхан сумын Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102 тоот шийдвэрээр Головцов В.В эрэн сурвалжлуулж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь шалган нэвтрүүлэхээр хил гарах гэж байгаад Тахарын албаар саатуулагдан Сайхан сумын Сум дундын шүүхэд хүргэгдэн ирэхэд хаягийг нь дахин тодруулж танай шүүхэд хандаж байгаа тул В.В Головцовоос гэм хорын хохирол 9 800 000 төгрөгтэй холбогдон гарсан зардал 304 860 төгрөг нийт 10 104 860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Осол болох үед зам чөлөөтэй байсан ба ямар ч адуу харагдахгүй байсан. Адуун сүрэг маш хурдтайгаар шууд машин руу чиглэн ирсэн бөгөөд зам дээр гарч ирэнгүүтээ бие биенээ түлхээд эмх замбараагүйгээр машин мөргөж эхэлсэн. Нэг морь бусаддаа шахагдаад капот дээр унасан. Мөргөлдсөний дараа аюулгүйн дэр задарч гарсан. Би хэсэг хугацаанд ухаан балартаж, юу болсоныг ойлгоогүй. Ухаан ороод харахад машин бага зэрэг хойшоо болж, хөдөлгөөний эсрэг урсгал руу шилжсэнийг мэдсэн. Машинаа арай гэж зогсоосон ба энэ үед эсрэг чиглэлээс ямар нэгэн машин ирж байгаагүй. Эдгээр хүмүүс өөрсдөө осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн мөртлөө жолоочийн биеийн байдал ямар байгааг, ямар тусламж хэрэгтэй байгаа гэдгийг огт сонирхохгүй байсан. Би шокийн байдлаас гарч чадахгүй байсан учраас арай ядан хөдөлж байсан. Тэдгээр хүмүүс цагдаа дуудсан бөгөөд 30-40 минутын дараа цагдаа ирж, архи уусан эсэхийг шалгаж үзэхэд надаас ямар ч архи илрээгүй. Яагаад ийм их адуу ямар нэгэн хараа хяналтгүйгээр төв зам дэр гарч ирснийг би огт ойлгохгүй байна. Хэрвээ энэ үед эсрэг урсгалаар машинтай хүмүүс явж байсан бол бүр ч аюултай эүйл болох байсан. Одоогоор миний биеийн байдал муу, толгой хүчтэй өвдөж, цээж хөндүүрлэж, ихээр даарч дагжин чичирч байгаа. Адуу сүрэг ямар ч хараа хяналтгүй байсан бөгөөд адуучид эам хөндлөн гарахдаа зохих анхаарал тавиагүй. Ингэснээр тэд өөрсдийн ажил үүргээ хайхрамжгүй хандаж үүний уршгаар осол гарсан гэж үзэж байна. Уг осолд миний бие ямар ч буруугүй, би замьн хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй, хэнийг ч машинаараа дайраагүй. Адуу бөөнөөрөө зам дээр гарч ирээд бие биенийгээ түлхэн машин мөргөж, үхсэн байна. Иймд надад учирсан сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулж, 2015 онд шинээр худалдан авсан ниссан экс трайл машины үнийг бүрэн гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01557 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч В.В.Головцовоос нийт 6 062 916 төгрөг гаргуулан Б.Батбаярт 2 912 430 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзоригт 3 272 430 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 526 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 111 957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт 61 549 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзоригт 67 309 төгрөг олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01557 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч В.В.Головцовоос нийт 6 184 860 төгрөг гаргуулан Б.Батбаярт 2 912 430 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзоригт 3 272 430 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч В.В.Головцовын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр, магадлалд баримталсан Иргэний хуулийн заалт буруу биш боловч хохирлын хэмжээг тогтоох нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасан зарчмыг мөрдөөгүйгээс шийдвэр, магадлал мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг хангаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хариуцагчаас 2 700 000 төгрөгийг гаргуулж В.Мөнхзоригт олгож, 1 440 000 төгрөгийг гаргуулж, Б.Батбаярт олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч ОХУ-ын иргэн В.В.Головцов-оос нэхэмжлэгч Б.Батбаяр гэм хорын хохирол 4 600 000 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзориг 5 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар 304 860 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 10 104 860 төгрөгийн шаардлага гаргажээ.

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт хариуцагч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний  дүрмийг зөрчиж, замаар гарч явсан нэхэмжлэгч Б.Батбаярын 3 тооны адууг дайрч алсан, нэхэмжлэгч В.Мөнхзоригийн 2 адууг дайрснаас хээр үрээ нь гэмтлийн улмаас үхсэн, соёолон үрээ нь  байнгын тэжээлгэнд орсон үйл баримт хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай 5/173 тоот прокурорын тогтоолын хуулбар, зохигчдын гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд учруулсан уг гэм хорыг арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заажээ. Гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч гэм буруугүй болохоо нотлоогүй тул  гэм хорыг хариуцна.

Хариуцагч “...осол гарахад нэхэмжлэгч нар адуун сүргээ хараа хяналтгүй зам дээр орхисон, зам хөндлөн гарахдаа зохих анхаарал тавиагүй, өөрсдийн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан зохих буруутай гэснээс гадна учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын газрын комиссын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №102, 104 тоот үнэлгээний актаар тогтоогдсон” гэж маргажээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын комиссын үнэлгээгээр нэхэмжлэгч Б.Батбаярын 3 тооны адууг 2 400 000 төгрөгөөр, нэхэмжлэгч В.Мөнхзоригийн 2 адууг 4 600 000 төгрөгөөр тус тус үнэлсэн, харин нэхэмжлэгч нарын бүрдүүлсэн баримт болох “Капитал Зууч” ХХКомпанийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээгээр  нэхэмжлэгч Б.Батбаярын 3 тооны адууг 4 600 000 төгрөгөөр, В.Мөнхзоригийн 2 адууг 5 200 000 төгрөгөөр үнэлсэн байна.

“Капитал зууч” ХХКомпанийн үнэлгээний талаар хариуцагчийн зүгээс маргасан боловч үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх санаачлагаараа шинжээч томилох учиргүй юм. Хоёр шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд бичмэл нотлох баримтыг үнэлсэн ажиллагааг буруутгах хуулийн үндэслэл байхгүй байна. Иймд гэм хорын хэмжээг буруу тогтоосон гэх үндэслэлээр хариуцах хохирлыг багасгахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу хохирлын хэмжээг багасгаж нэхэмжлэгч Б.Батбаярт 2 760 000 төгрөг, В.Мөнхзоригт 3 120 000 төгрөгийн хохирлыг олгож, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 304 860 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нйицсэн тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА