Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 01557

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, эрэгтэй, Сэлэнгэ аймаг, Сант сум 1 дүгээр баг, Ивэн хөдөөд оршин суух, Их мянган овгийн Бадамсэдийн Батбаяр /регистрийн дугаар МХ63080115/

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, эрэгтэй, Сэлэнгэ аймаг, Орхон сум 2 дугаар баг, Бэлэндалайд оршин суух, Монгол овгийн Ванчинбазарын Мөнхзориг /регистрийн дугаар МЙ81121416/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст багийн 1-5-2 тоотод оршин суух, В.В Головцовд /регистрийн дугаар 001530506/ холбогдох 10,104,860 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагч Головцов В.В, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, О.Сарантуул, орчуулагч С.Бадрал, иргэдийн төлөөлөгч А.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Батбаяр, В.Мөнхзориг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ОХУ-ын иргэн В.В Головцова нь 2015.09.16-нй өдрийн 20 цаг 10 минутанд хурд хэтрүүлэн явснаас Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Орхон гүүрний хажууд Дааган-дэл зоогийн харалдаа урагшаа хөндлөн 50 гаруй адууг манай адуучин Б.Машбатыг тууж явахад нь гүүр талаас хар өнгийн Жип машин гарч ирээд өөдөө өгсдөг хар зам дээр загасан тамгатай, гоёоны хээр морь, загасан тамгатай хурдан удмын цустай цавьдар халзан эр даага, загасан тамгатай өсгий цагаан хурдан удмын цустай сартай хүрэн даага зэрэг 3 тооны адууг газар дээр нь дайрч алан иргэн надад 4,600,000 төгрөгийн хохирол учруулж, мөн хамт явсан иргэн В.Мөнхзоригийн загасан тамгатай хээр үрээг дайрч 4 хөлийг нь гэмтээсэн, цавины дотор талыг гэмтээсэн, уяж хурдлуулдаг байсан загасан тамгатай халтар соёолон үрээг дайрч бэртээж гэмтээсэн зэргээс цаашид уяж хурдлуулах боломжгүй болгож иргэн В.Мөнхзоригт 2 адууны 5,200,000 төгрөг бүгд 5 адууны 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан, үүнийг сумын замын цагдаагийн зохицуулагч байцаагч дэслэгч Т.Үнэнбаатар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Сайхан сумын сум дундын прокурорын газарт ирүүлснийг прокурорын газар хүлээн авахаас татгалзсан тул хохирлоо иргэний журмаар нэхэмжилж В.В Головцовоос иргэн Б.Батбаярт 4,600,000 төгрөг, В.Мөнхзоригт 5,200,000 төгрөг гаргуулахаар харъяалалын дагуу Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015-10-19-нд нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2015-10-21-ний өдрийн 5031 дугаар, 2015-11-02-ны өдрийн 5159 дугаар захирамжаар оршин суух хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба дахин хаягийг тогтоон 1-5-24 тоот байрыг түрээслэн суудаг гэж нэхэмжлэл гаргасан боловч бас хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан ба В.В Головцовоос нийт 9,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015-09-16-ны өдрийн 19 цагийн орчимд хурд хэтрүүлэн явснаас Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Орхон гүүрний хажууд Дааган-дэл зоогийн харалдаа урагшаа хөндлөн гарч явсан 50 гаруй адууг гүүр талаас хар өнгийн жип машин гарч ирээд өөдөө өгсдөг зам дээр загасан тамгатай, гоёоны хээр морь, загасан тамгатай хурдан удмын цустай сартай хүрэн даага зэрэг 3 тооны адууг газар дээр нь дайрч алж иргэн Б.Батбаярт 4,600,000 төгрөгийн хохирол учруулж, мөн хамт явсан иргэн В.Мөнхзоригийн загасан тамгатай хээр үрээг дайрч 4 хөлийг нь гэмтээсэн, цавины дотор талыг гэмтээж, уяж хурдлуулдаг байсан бэртлийн улмаас үхсэн, загасан тамгатай халтар соёолон үрээг дайрч бэртээж гэмтээсэн зэргээс цаашид уяж хурдлуулах боломжгүй болгож одоо байнгын тэжээлгэнд байгаагаас иргэн В.Мөнхзоригт 2 адууны 5,200,000 төгрөг бүгд 5 адууны 9,800,000 төгрөгний хохиролыг ОХУ-ын иргэн В.В Головцов нь учруулсан юм. Үүнийг Сайхан сумын цагдаагийн зохицуулагч байцаагч цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатар шалгаж тогтоосон. Ингээд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015-10-19-нд нэхэмжлэл гаргахад 2015-10-21-ний өдрийн 5031 тоот 2015-11-02-ны өдрийн 5159 тоот шүүгчийн захирамжаар оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба дахин хаягийг тогтоон 1-5-24 тоот байргы түрээслэн суудаг гэж нэхэмжлэл гаргасан боловч бас хүлээн авахаас татгалзаж 2016-01-14-ний өдрийн 255 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэрэн би өөрийн биеэр 2016-01-14-нд Орхон аймагт ирж Очир төвд ороход ажилаагүй байсан ба гарч буй манаачаас нь В.В Головцовыг мөн ямар хүмүүстэй уулзаж болох утас зэргийг асуухад манайх ажиллаж буй хүний нэр утсыг өгөхийг хориглодог гээд оруулаагүй тул баталгаажуулж зураг авсан мөн тэндээсээ гарч Орхон аймгийн Оросын консул орсон ч түр хугацаагаар ажиллахгүй гэсэн зар тавьсан байсан тэндээсээ зэст баг орж багийн засаг дарга М.Энхцэцэгтэй уулзаж туслахыг хүсэхэд хэсгийн ахлагч Цэцэгмаа гэж хүүхэнг дуудан ирүүлж судалгааг үзээд манай баг хүн амын тооллого бүрэн хийсэн таны асуугаад байгаа 24 тоот айлын судалгаа байхгүй байна гээд айлуудын жагсаалтан дотор орос гэсэн улаан бичгээс өөр юу ч байхгүй байсан, төлбөр хариуцагч В.В Головцовыг эрэн сурвалжлуулж, хилийн хаалт хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шүүхэд 2016-01-14-ний өдөр хүсэлт гаргасан зэрэг ажиллагаануудыг хийхэд гаргасан зардлуудаа нэмж нэхэмжилж байгаа юм. Сайхан сумын Сум дундын шүүхийн 2016-03-14-ний өдрийн 102 тоот шийдвэрээр Головцов В.В эрэн сурвалжлуулж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь шалган нэвтрүүлэхээр хил гарах гэж байгаад Тахарын албаар саатуулагдан Сайхан сумын Сум дундын шүүхэд хүргэгдэн ирэхэд хаягийг нь дахин тодруулж танай шүүхэд хандаж байгаа тул В.В Головцовоос гэм хорын хохирол 9,800,000 төгрөгтэй холбогдон гарсан зардал 304,860 төгрөг нийт 10,104,860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Головцов В.В. Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж дуусаад 2015 оны 9-р 16-ны өдөр буцаад явж байсан. Зам тээврийн осол 20 цаг 30 минутын орчим болсон.  Энэ үеэр бороо орж, харанхуй болж байсан учраас машиныхаа гэрлийг асаагаад явж байсан.  Асфальт хучилт нойтон байсан учраас хурдан явж байгаагүй, 70-80 км/цагийн хурдтай явж байсан. Орхоны гүүрээр гарсны дараа дээшээ өгсүүр хэсэгт явж байтал гэнэт замын хажуугаас адуун сүрэг маш хурднаар шууд машин чиглээд гараад ирсэн. Би тухайн үед сандраад юу болсныг ойлгож чадаагүй учраас хариу үйлдэл үзүүлж чадаагүй.

                                                Осол болох үед зам чөлөөтэй байсан ба ямар ч адуу харагдахгүй байсан. Адуун сүрэг маш хурдтайгаар шууд машин руу чиглэн ирсэн бөгөөд зам дээр гарч ирэнгүүтээ бие биенээ түлхээд эмх замбараагүйгээр машин мөргөж эхэлсэн. Нэг морь бусаддаа шахагдаад капот дээр унасан. Мөргөлдсөний дараа аюулгүйн дэр задарч гарсан. Би хэсэг хугацаанд ухаан балартаж, юу болсоныг ойлгоогүй. Ухаан ороод харахад машин бага зэрэг хойшоо болж, хөдөлгөөний эсрэг урсгал руу шилжсэнийг мэдсэн. Машинаа арай гэж зогсоосон ба энэ үед эсрэг чиглэлээс ямар нэгэн машин ирж байгаагүй. Мөргөлдөхөд машины хаалга гацсан ба би түүнийг дотор талаас нь арайхийн онгойлгосон. Хаалгаа бага зэрэг онгойлгоод мөлхөж гараад харахад машин эсрэг урсгалд ороод хөндөлссөн байдалтай зогсож байсан. Осол гаргахгүйн тулд би машиныг замын хажуу руу гаргасан. Харанхуй болж, үзэгдэлт хязгаарлагдмал болсон учраас аюулгүй байдлын үүднээс машиныг замын хөвөө рүү гаргасан билээ. Хажууд хүмүүс зогсоод юу болж байгааг харж байсан боловч хэн ч туслахаар ирээгүй. Би машиндаа үзлэг хийгээд гал түймэр гарахаас сэргийлж аккумулятораа салгаж байтал хоёр эрэгтэй над дээр хүрч ирээд маш бүдүүлгээр над руу дайрч давшлан адуунд учруулсан хохирлыг төлж өгөхийг шаардсан. Эдгээр хүмүүс өөрсдөө осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн мөртлөө жолоочийн биеийн байдал ямар байгааг, ямар тусламж хэрэгтэй байгаа гэдгийг огт сонирхохгүй байсан. Би шокийн байдлаас гарч чадахгүй байсан учраас арай ядан хөдөлж байсан. Тэдгээр хүмүүс цагдаа дуудсан бөгөөд 30-40 минутын дараа цагдаа ирж, архи уусан эсэхийг шалгаж үзэхэд надаас ямар ч архи илрээгүй. Яагаад ийм их адуу ямар нэгэн хараа хяналтгүйгээр төв зам дэр гарч ирснийг би огт ойлгохгүй байна. Хэрвээ энэ үед эсрэг урсгалаар машинтай хүмүүс явж байсан бол бүр ч аюултай эүйл болох байсан.Одоогоор миний биеийн байдал муу, толгой хүчтэй өвдөж, цээж хөндүүрлэж, ихээр даарч дагжин чичирч байгаа. Адуу сүрэг ямар ч хараа хяналтгүй байсан бөгөөд адуучид эам хөндлөн гарахдаа зохих анхаарал тавиагүй. Ингэснээр тэд өөрсдийн ажил үүргээ хайхрамжгүй хандаж үүний уршгаар осол гарсан гэж үзэж байна.

Уг осолд миний бие ямар ч буруугүй, би эамьн хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй,хэнийг ч машинаараа дайраагүй. Адуу бөөнөөрөө зам дээр гарч ирээд бие биенийгээ түлхэн  машин мөргөж, үхсэн байна. Иймд надад учирсан сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулж, 2015 онд шинээр худалдан авсан ниссан экс трайл машины үнийг бүрэн гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч  Б.Батбаяр, В.Мөнхзориг нар нь хариуцагчаас гэм хор учруулсаны хохирол 10.104.860 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

            Хариуцагч Головцов В.В нь 2015-09-16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Орхон голын гүүрний хажууд Дааган дэл зоогийн газрын харалдаа 50 гаруй адууг урагшаа зам хөндлөн гаргаж байх үед нийт 5-н тооны адууг дайрч алан гэм хорын хохирол учруулсан байна.

            Дээрх хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгээс шалгаад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг прокурорын газар ирүүлсэнийг Прокурорын газраас мөн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хохиролоо иргэний журмаар шийдвэрлүүлэхээр заасны дагуу нэхэмжлэгч нар нь шүүхэд хандсан байна.

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн тасгаас дээрх ослын талаар замын цагдаагийн зохицуулагч С.Алтансүх 2015-09-25-ны өдөр Шинжээчийн дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэнд хариуцагч Головцов В.В-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан “Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй болсон, бороотой үе байсан, зам чөлөөтэй, харин хажуу талаас адуун сүрэг гэнэт гарч ирж мөргөсөн, тэгээд юу болсоныг мэдэхгүй ухаан алдсан байсан гэж тайлбарладаг.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн тогтоолоор томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016-10-03-ны өдрийн №528 дугаартай дээрх дүгнэлтэнд “.....Замын цагдаагийн зохицуулагч С.Алтансүхийн 2015-09-25-ны өдрийн  шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй, Монгол Улсын ЭБШХ-ийн 85 дугаар зүйлийн 85.1-д “шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж,түүнийгээ өөрөө хариуцана”гэсэн байдаг гэжээ.

             Түүнчлэн харин замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

              Тухайн зам тээврийн ослын газарт хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын газрын схем зурагт ямар нэгэн байдлаар автомашиныг зогсоох үед үүссэн гэх тоормосны мөргүй, тухайн автомашины тоормосны систем ажиллах үед дугуйн гадаргуу цэвэрлэгдсэн, харьцах хэсгээр мааждастай / зулгаралт/ байсан зэргийг тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл үйлдээгүй байна. Мөн автомашинд мөргүүлж үхсэн адуунууд анх мөргөлдсөн гэх цэгээс хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын схем зурагт авагдсан тухайн байрлалд шидэгдсэн үү ? автомашинд мөргүүлээд цааш хөлөөрөө өөрсдөө явж байгаад үхсэн үү? гэдгийг тогтоох шаардлагатай байна гэжээ.

               Мөн дүгнэлтэнд: “Дээрхи дээрх осол болсон газрын тэр хавийн айлууд мал нь замаас хойш бэлчээрлэсэн үед уг мөргүүлсэн газраар малаа гаргадаг байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол гарсан уг замд мал тууж хөндлөн гардаг хэсэг ойртож байгааг жолооч нарт анхааруулах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.21-д “Мал тууж гарах газар” тэмдгийг замын дагуу зайлшгүй байрлуулж,мал дайрагдах зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлага байсан байна” гэж дүгнэжээ.

              Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг “зам,замын байгууламжийг шинээр барих,өргөтгөх,засварлах,тоноглох,замын гэрэлтүүлэг,тэмдэг,тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль захиргааны хэм хэмжээний акт,байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж,илэрсэн зөрчлийг арилгуулах үүргийг биелүүлээгүйгээс тухайн замд энэхүү зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэж шинжээчийн дүгнэлтэнд дурьджээ.

               Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Замын Цагдаагийн газраас явуулсан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд авагдсан нотлох баримт,шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн шууд үндэслэл болгох боломжгүй боловч шүүхээс томилсон шинжээчийн гаргасан дүгнэлтийг хэргийг хянан шийдвэрлэхэд харгалзан үзэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл  энэхүү зам тээврийн осолд тухайн зам тээврийн ослын газарт хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,ослын газрын схем зурагт автомашиныг зогсоох үед үүссэн гэх тоормосны мөргүй, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл үйлдээгүй зэрэг дутуу ажиллагаа хийсэн нь тогтоогдсон байна.

               Гэвч хариуцагч Головцов В.В-гийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч,нэхэмжлэгч нарын 5 тооны адуу үхсэн байх бөгөөд дээрх хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор учирсан байна.

               Хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Батбаярын өмчлөлийн 3 тооны адуу үхсэн,нэхэмжлэгч В.Мөнхзоригийн 2 толгой адуу үхсэн байх бөгөөд  өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хийсэн “Капитал зууч”ХХК-ны 2015-10-05-ны өдрийн үнэлгээний тайлангаар Б.Батбаярын загасан тамгатай,гоёоны гэх хээр морь 1.600.000 төгрөг, загасан тамгатай,хурдан удмын цустай гэх цавьдар халзан эр даага 1.500.000 төгрөг,загасан тамгатай өсгий цагаан,хурдан удмын цустай сартай хүрэн даага 1.500.000 төгрөг,хариуцагч В.Мөнхзоригийн загасан тамгатай хээр үрээ 1.200.000 төгрөг,загасан тамгатай уяж хурдлуулдаг байсан халтар соёолон үрээ 4.000.000 төгрөг гэж үнэлсэн байна.Дээрх үнэлгээгээр хариуцагч Б.Батбаярт нийт 4.600.000 төгрөгний, хариуцагч В.Мөнхзоригт 5.200.000 төгрөгний хохирол тус тус учирсан байна.

               Хавтаст хэрэгт “Капитал зууч”ХХК-ны 2015-10-05-ны өдрийн үнэлгээний тайлангаас гадна Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007-06-22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор баталсан үнэлгээ тогтоох аргачлалын гаргасан үнэлгээний комиссын 2015-09-22-ны өдрийн № 102 дугаартай үнэлгээний акт мөн авагдсан байна. Уг үнэлгээний актаар  Б.Батбаярын хээр морь 1.000.000 төгрөг,халзан эр даага 700.000 төгрөг,хүрэн даага 700.000 төгрөг,нийт 2.400.000 төгрөг,нэхэмжлэгч В.Мөнхзоригийн хээр үрээ 1.100.000 төгрөг,уяж хурдлуулдаг байсан халтар соёолон үрээ 3.500.000 төгрөг нийт 4.600.000 төгрөг тус тус  гэж үнэлсэн байна. Гэвч дээрх үнэлгээг хөрөнгийн үнэлгээ тогтоох эрх бүхий байгууллага,хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй тул баримтлах боломжгүй байна. Шүүх гэм хорын хохирол учрахад нэхэмжлэгч нарын хайхрамж болгоомжгүй үйлдэл, тухайлбал үзэгдэх орчин харанхуй, шөнө болсон цагаар адуугаа хэсэг хэсгээр нь тууж гаргаагүй, түүнчлэн мал тууж гаргах замын тэмдэглэгээгүй газраар мал гаргасан зэрэг буруутай үйлдэл нөлөөлсөнийг харгалзан үзэж  хохиролын хэмжээг 60 хувиар тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон  ТОГТООХ нь :

 Монгол  Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1,514 дүгээр зүйлийн 514.1-д заасаныг баримтлан хариуцагч В.В Головцовоос нийт 6.062.916 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Б.Батбаярт 2.912.430 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзоригт 3.272.430 төгрөг тус тус олгосугай.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасаныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 196,526 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 111,957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт 61,549 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзоригт 67,309 төгрөг олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ                          Б.БЯМБАСҮРЭН

                                                      ШҮҮГЧИД                             Б.ХИШИГДАВАА

                                                                                                   Л.АРИУНЦЭЦЭГ