Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00050

 

 

                               Б.Батбаяр, В.Мөнхзориг нарын нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01557 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Батбаяр, В.Мөнхзориг нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч В.В.Головцовд холбогдох

“10.104.860 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч В.В.Головцов, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батбаяр, В.Мөнхзориг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ОХУ-ын иргэн В.В Головцов нь 2015.09.16-нй өдрийн 20 цаг 10 минутанд хурд хэтрүүлэн явснаас Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Орхон гүүрний хажууд Дааган-дэл зоогийн харалдаа урагшаа хөндлөн 50 гаруй адууг манай адуучин Б.Машбатыг тууж явахад нь гүүр талаас хар өнгийн Жип машин гарч ирээд өөдөө өгсдөг хар зам дээр загасан тамгатай, гоёоны хээр морь, загасан тамгатай хурдан удмын цустай цавьдар халзан эр даага, загасан тамгатай өсгий цагаан хурдан удмын цустай сартай хүрэн даага зэрэг 3 тооны адууг газар дээр нь дайрч алан иргэн надад 4,600,000 төгрөгийн хохирол учруулж, мөн хамт явсан иргэн В.Мөнхзоригийн загасан тамгатай хээр үрээг дайрч 4 хөлийг нь гэмтээсэн, цавины дотор талыг гэмтээсэн, уяж хурдлуулдаг байсан загасан тамгатай халтар соёолон үрээг дайрч бэртээж гэмтээсэн зэргээс цаашид уяж хурдлуулах боломжгүй болгож иргэн В.Мөнхзоригт 2 адууны 5,200,000 төгрөг бүгд 5 адууны 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан, үүнийг сумын замын цагдаагийн зохицуулагч байцаагч дэслэгч Т.Үнэнбаатар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Сайхан сумын сум дундын прокурорын газарт ирүүлснийг прокурорын газар хүлээн авахаас татгалзсан тул хохирлоо иргэний журмаар нэхэмжилж В.В Головцовоос иргэн Б.Батбаярт 4,600,000 төгрөг, В.Мөнхзоригт 5,200,000 төгрөг нийт 9,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч В.В Головцовыг эрэн сурвалжлуулж, хилийн хаалт хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шүүхэд 2016-01-14-ний өдөр хүсэлт гаргасан зэрэг ажиллагаануудыг хийхэд гаргасан зардлуудаа нэмж нэхэмжилж байгаа юм. Сайхан сумын Сум дундын шүүхийн 2016-03-14-ний өдрийн 102 тоот шийдвэрээр Головцов В.В эрэн сурвалжлуулж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь шалган нэвтрүүлэхээр хил гарах гэж байгаад Тахарын албаар саатуулагдан Сайхан сумын Сум дундын шүүхэд хүргэгдэн ирэхэд хаягийг нь дахин тодруулж танай шүүхэд хандаж байгаа тул В.В Головцовоос гэм хорын хохирол 9,800,000 төгрөгтэй холбогдон гарсан зардал 304,860 төгрөг нийт 10,104,860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Осол болох үед зам чөлөөтэй байсан ба ямар ч адуу харагдахгүй байсан. Адуун сүрэг маш хурдтайгаар шууд машин руу чиглэн ирсэн бөгөөд зам дээр гарч ирэнгүүтээ бие биенээ түлхээд эмх замбараагүйгээр машин мөргөж эхэлсэн. Нэг морь бусаддаа шахагдаад капот дээр унасан. Мөргөлдсөний дараа аюулгүйн дэр задарч гарсан. Би хэсэг хугацаанд ухаан балартаж, юу болсоныг ойлгоогүй. Ухаан ороод харахад машин бага зэрэг хойшоо болж, хөдөлгөөний эсрэг урсгал руу шилжсэнийг мэдсэн. Машинаа арай гэж зогсоосон ба энэ үед эсрэг чиглэлээс ямар нэгэн машин ирж байгаагүй. Эдгээр хүмүүс өөрсдөө осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн мөртлөө жолоочийн биеийн байдал ямар байгааг, ямар тусламж хэрэгтэй байгаа гэдгийг огт сонирхохгүй байсан. Би шокийн байдлаас гарч чадахгүй байсан учраас арай ядан хөдөлж байсан. Тэдгээр хүмүүс цагдаа дуудсан бөгөөд 30-40 минутын дараа цагдаа ирж, архи уусан эсэхийг шалгаж үзэхэд надаас ямар ч архи илрээгүй. Яагаад ийм их адуу ямар нэгэн хараа хяналтгүйгээр төв зам дэр гарч ирснийг би огт ойлгохгүй байна. Хэрвээ энэ үед эсрэг урсгалаар машинтай хүмүүс явж байсан бол бүр ч аюултай эүйл болох байсан.Одоогоор миний биеийн байдал муу, толгой хүчтэй өвдөж, цээж хөндүүрлэж, ихээр даарч дагжин чичирч байгаа. Адуу сүрэг ямар ч хараа хяналтгүй байсан бөгөөд адуучид эам хөндлөн гарахдаа зохих анхаарал тавиагүй. Ингэснээр тэд өөрсдийн ажил үүргээ хайхрамжгүй хандаж үүний уршгаар осол гарсан гэж үзэж байна. Уг осолд миний бие ямар ч буруугүй, би замьн хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй, хэнийг ч машинаараа дайраагүй. Адуу бөөнөөрөө зам дээр гарч ирээд бие биенийгээ түлхэн машин мөргөж, үхсэн байна. Иймд надад учирсан сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулж, 2015 онд шинээр худалдан авсан ниссан экс трайл машины үнийг бүрэн гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01557 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч В.В.Головцовоос нийт 6.062.916 төгрөг гаргуулан Б.Батбаярт 2.912.430 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзоригт 3.272.430 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.526 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 111.957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт 61.549 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзоригт 67,309 төгрөг олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

1. Шүүх хохирогч талыг авто замаар адууг тууж гаргахдаа ЗХД-д заасан зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглээгүй газраар, харанхуйд бөөнөөр гаргасан, хайхрамж болгоомжгүй байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хохирлыг 60 хувиар тооцож гаргуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн шийдэл, хууль хэрэглээний хувьд зөв болсон байна.

2.Гэвч шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо үндэслэл муутай, шүүх баримтлах боломжгүй үнэлгээг баримталсан нь буруу байна. Үүнд:

а/. Жолооч Головцов.В.В адуутай мөргөлдсөн, үүний улмаас 3 адуу үхзж, 2 адуу гэмтэж шархадсан, машин эвдэрсэн асуудлыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын Цагдаагийн тасаг шалгаад прокурорт хянуулж Сум думдын хоердугаар прокурорын газрын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 30-ны 5/176 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

б/. Ийнхүү шийдвэрлэсэн үндэслэл нь сумын үнэлгээний комиссын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны 102 тоот, 104 тоот актаар тогтоогдсон үнэлгээ болох В.Мөнхзоригт 4.600.000 төгрөгийн, Б.Батбаярт 2.400.000 төгрөгийн, нийт 7.000.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан үлэмж хэмжээнд хүрэхгүй тул Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

в/. Энэ тогтоолыг Головцов.В.В болон түүний өмгөөлөгч гомдол гарган дээд шатны прокуроруудад хянуулсан ба 5/176 тоот прокурорын тогтоолыг үндэслэлтэй гэж дээд шатны прокурорууд үзжээ. Ингэснээр прокурорын 2015 оны 10 дугаар сарын 13-ны 5/176 тоот тогтоол хууль ёсны хүчинтэй, эрхийг хэрэглэх акт болсон ба энэ нэхэмжлэлийг гаргах эрх зүйн үндэслэл болсон байна.

г/.Сумын үнэлгээний комиссын актын эх сурвалжийг энэ хэргийн хүрээнд магадлаж тодруулснаар адууны үнэлгээ тогтоох аргачлал, хурдан адууны үнэлгээ тогтоосон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2011 оны 01 сарын 31-ний 09 тоот тогтоолоор тогтоосон үнэлгээ, сумын ИТХ-ын 2007 оны 06 сарын 23-ны 17 тоот тогтоолоор баталсан аргачлал нотлох баримтын шаардлага хангахуйцаар хэрэгт авагдсан байна.

д/. Иймд эдгээр баримт болох прокурорын хэрэг шийдвэрлэсэн тогтоол, сумын комиссын актын эх сурвалжийг шүүх харьцуулан үнэлэх ёстой байтал ЭБШХ-ийн хүрээнд хийгдсэн, шат шатны прокуророор хянагдаж батлагдсан үнэлгээг эрх бүхий байгууллага, хуульд заасан ундэслэл журмын дагуу тогтоогоогуй тул шүүх баримтлах боломжгүй гэсэн нь илтэд үндэслэлгүй байна

3. Шүүх харин нэхэмжлэгч талын өөрсдөө хүсэлтээрээ “Капитал зууч ХХК-иар тогтоолгож ирсэн үнэлгээг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

а/.Уг үнэлгээг шүүгчийн захирамж, шүүхийн тогтооллоор эрх, үүрэг, хариуцлага сануулсан хөндлөнгийн шинжээч хийгээгүй байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч гэдэг хуульчийн статусаараа үнэлгээ хийлгэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлэх төдийгүй нэг талын хүсэл зоригоор хийгдсэн байна.

б/.Үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалт хангагдаагүй, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн шаардлагыг хангахгүй байна.

в/.Иргэн Б.Батбаярын машинд мөргүүлж үхсэн 2 даагыг хурдан удмын цустай гэх үндэслэлээр нэг бүрийг нь 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хэрэгт уг дааганы удам угшлыг тогтоосон болон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2011 оны 09 тоот тогтоолоор тогтоосон сумын наадамд түрүүлсэн даага 1 500 000 төгрөгийн үнэтэй гэх ханштай нийцэх, уг дагаанууд суманд уралдаж түрүүлсэн баримт хэрэг авагдаагүй, нэхэмжлэгч гаргаагүй байна.

г/. Бусад адууны үнэлгээг ч гэсэн анх суманд тогтоосон аргачлал, үндэслэл бүхий үнэлгээнээс нэмж тогтоосон үндэслэлээ “Капитал зууч” ХХК үнэлгээний тайландаа тодорхой эх сурвалж заагаагүй байна. Адууны үнэлгээ, хурдан адууны үнэлгээний хувьд тодорхой үндэслэл аргачлал бүхий ,шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон сумын болон аймгийн хурлын байгууллагын тогтоолоор баталсан үнэлгээ илүү нарийвчилсан үнэлгээ байх үндэслэлтэй юм.

“Капитал зууч” ХХК хараат бус бие даасан үнэлгээ тогтоож байгаа бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж дээрх орон нутгийн үнэлгээг харгалзах ёстой юм.

Иймд нотлох баримтыг буруу үнэлсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.14-ний 01557 тоот шийдвэрт прокурорын 5/176 тоот тогтоолд заасан, түүний үндэслэл болсон үнэлгээг баримтлан хохирлын 60 хувиар Головцов.В.В-ээс В.Мөнхзоригт 4.600.000х60:100 =2.760.000 төгрөг Б.Батбаярт 2.400.000х60:100=1.440.000 төгрөг бүгд 4.200.000 гаргуулахаар өөрчлөлт оруулна уу гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Батбаяр, В.Мөнхзориг нар гэм хорын хохирол 9.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 304.860 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10.104.860 төгрөгний шаардлага гаргажээ.  

Хариуцагч В.В.Головцов “...Адуун сүрэг ямар ч хараа хяналтгүй зам дээр гарч ирсэн, адуучид зам хөндлөн гарахдаа зохих анхаарал тавиагүй. Ингэснээр тэд өөрсдийн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж үүний уршгаар осол гарсан гэж үзэж байна. Уг осолд миний бие ямар ч буруугүй, би замьн хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй, хэнийг ч машинаараа дайраагүй, надад ч сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учирсан...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас 6.184.860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 3.920.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч В.В.Головцов нь 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Зам тээврийн осол гаргаснаар нэхэмжлэгч Б.Батбаярын хурдан удмын хээр зүсмийн морь, халзан цавьдар болон сартай хүрэн зүсмийн даага үхсэн, нэхэмжлэгч В.Мөнхзоригын загасан тамгатай хээр болон халтар зүсмийн 2 морь гэмтсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай 5/173 тоот прокурорын тогтоолын хуулбар, зохигчдын гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон ба хариуцагчийн гэм буруугүй болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолд хуульд заасан үндэслэлээр хариуцагч гомдол гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Капитал Зууч”ХХКомпаний гаргасан үнэлгээний тайланг үндэслэж Б.Батбаяр, В.Мөнхсайхан нар гэм хорын хохиролоо нэхэмжилсэн бол хариуцагч тал эрүүгийн хэрэг  шалгах явцад гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын газрын комиссын 2015 оны 9 дүгээр сарын 22 ны өдрийн №102, 104 тоот үнэлгээний актыг үндэслэж гэм хорын хохиролын хэмжээг багасгахаар тайлбарлаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан “Капитал зууч” ХХКомпани гаргасан үнэлгээний тайлан болон аймгийн Засаг даргын Тамгын газрын үнэлгээ тогтоох тухай комиссын акт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хийгдээгүй ч зохигчид өөрийн шаардлага, татгалзлалаа нотлохын тулд шүүхэд гаргаж өгсөн баримт ба дээрх тайлан, комиссын акт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй түүнчлэн зохигчид дахин шинжээч томилуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй тул шүүх Капитал зууч ХХКомпаний гаргасан үнэлгээг нотлох баримтанд үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүх Капитал зууч ХХКомпаний гаргасан үнэлгээг нотлох баримтанд үнэлж гэм хорын хохирлыг тооцохдоо Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу хохирлын хэмжээг 40 хувиар багасгаж нэхэмжлэгч Б.Батбаярт 2760.000 төгрөг /4.600.000х60%=2760.000/, В.Мөнхзоригт 3.120.000 төгрөг /5200000х60%=3.120.000/ -ийн хохирлыг хариуцуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн гэж үзэх боломжтой.

Шүүх хохирлын хэмжээг хуульд заасан үндэслэлээр багасгаж нэхэмжлэлийн шаардлагаас 3.920.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийт 6.184.860 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын комиссын гаргасан үнэлгээний актаар тогтоосон хохирлын хэмжээнээс бага байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 142/2016/00736/и дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Замын Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 3 -ны өдрийн №528 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд “...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан шаардлага нь мал тууж зам хөндлөн гаргах үйлдэлтэй хамааралгүй болно...” гэж заасан байх тул хариуцагчийн гаргасан “ хохирлын үнэлгээг актанд заасны дагуу 7.0 сая төгрөгөөр тооцож, хохирлын 60 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүх гэм хорын хохиролд тооцсон зардал 304.860 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосон боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч Б.Батбаярт олгогдох 2.912.430 төгрөг /2760.000+152430=2.912.430/, В.Мөнхзоригт олгогдох 3.272.430 төгрөгт дээрх зардлын дүн орж тооцогдсон, нийт хохирол 6.184.860 төгрөг байхад шийдвэрийн тогтоох хэсэгт нийт төлбөрийн тоог буруу бичсэн, нэхэмжлэлийн шаардлагаас 3.920.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон талаар заагаагүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01557 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч В.В.Головцовоос нийт 6.184.860 төгрөг гаргуулан Б.Батбаярт 2.912.430 төгрөг, нэхэмжлэгч В.Мөнхзоригт 3.272.430 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.920.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч В.В.Головцовын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ