Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 39

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, Г.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэвийг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Очир гео” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төв аймгийн Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баян сумын “Цант” 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга,

Гуравдагч этгээд: Баян сумын иргэн C.Батбаатар, Т.Оюунчулуун, Ц.Ганхуяг

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар саналыг хүчингүй болгуулах, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэл, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Баян сумын Цант 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын “Очир гео” ХХК-д хамаарах хэгсийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хүрэлбаатар, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар дэмжихгүй гэсэн саналыг хүчингүй болгуулах, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэл зэргийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Төв аймгийн ИТХ-н 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах хүчингүй болгуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон, 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн ИТХ-н 07 тоот тогтоолыг дурьдаагүй орхисон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр манай байгууллагын шаардлага хангагдсан гэж үзсэн болохоор энэ талаар гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй байхад, нэхэмжлэгчийн эрхэнд халдаж, нэхэмжлэлийн шаардлагыг нь дурьдахгүй орхисон байна гэж үзсэн. Төв аймгийн Баян сумын ИТХ нь “Очир гео” ХХК-ний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх хэлэлцэхгүйгээр дэмжихгүй гэсэн санал өгсөн. Аймгийн ИТХ-н 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 тогтоолоор Баян сумын газар нутгийг бүхэлд тусгай хэрэгцээнд авлаа гэсэн тогтоол байдаг. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолоор Баян сумын газар нутгийг тусгай хэрэгцээнд хэсэгчлэн авсан ч  07 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй. Аймгийн ИТХ-н ирц нь бүрдээгүй байхад, хурлаа хуралдуулсан болж хууль зөрчсөн тогтоол гаргасан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгөхийг хориглосон талбай биш юм. Тусгай зөвшөөрөл явуулах талбай нь газрын тухай хуулинд заасан уст цэг бүхий газар биш. Мөн гуравдагч этгээд С.Батбаатар, Д.Оюунчулуун, Ц.Ганхуяг нар тухайн газартаа байдаг эсэх тодорхойгүй. Иргэдэд эзэмшүүлсэн газар нь хэмжээний хувьд жижиг “Очир гео” ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь 4585.85 гектар юм. Ашигт малтмалын газарт Засаг даргын зүгээс явуулсан “дэмжихгүй” гэсэн саналыг Газрын тухай хуулинд заасан уст цэг, хужир мараа бүхий газар байгаа гэсэн боловч, тухайн газарт уст цэг байдаггүй. Мөн гуравдагч этгээд Д.Оюунчулуун, С.Батбаатар, Ц.Ганхуяг нарын өвөлжөө хаваржааны газар байдаг гэж хэлдэгч тухайн газраа огт ашигладаггүй, кадастрын зураг хийгдээгүй. Хуулийн шаардлага хангаагүй газар эзэмших гэрчилгээ авсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хулийн 20 дугаар зүйл 20.1-т хурлын товыг зарлах, бэлтгэх хангах гэж заасан байдаг. Мөн хуулийн 22 дугаар зүйл 22.1.12-т, 23 дугаар зүйл 23.1-т зааснаар хурлыг хуралдаанаар шийднэ гэж заасан байдаг. Гэтэл Төв аймгийн ИТХ нь хурлаа хийгээгүй. Тэргүүлэгчтэйгээ утсаар яриад тогтоолоо гаргасан. Аймгийн ИТХ-н 2015 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлээс харахад ИТХ-н Тэргүүлэгчдийн хурал нь ямар байдалд явагдсан нь тогтоогдож байна. Аймгийн ИТХ-н Тэргүүлэгчид нь хууль зөрчиж, хоорондоо наймаа хийх гэж байгаа хүмүүс шиг утсаар ярилцаад тогтоол гаргасан байна. Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот дэмжихгүй гэсэн санал нь саналын хэлбэрээр очиж байгаа боловч эрх зүйн акт юм. Аймгийн болон сумын ИТХ-н тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй гарсан. Засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг үндэслэсэн хуулийн зүйл, заалт нь хуулийн шаардлага хангаагүй. Дэмжихгүй гэсэн санал ирсэн тохиолдолд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл өгөх боломжгүй болдог. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль бус тогтоол гаргасан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ

Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян сумын газар нутаг дээр байдаг уугуул малчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгдөөс санал гаргасны дагуу аймгийн ИТХ-н хурлаас судалж үзээд, Баян сумын газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан тогтоол гаргасан. Аймгийн ИТХ-н 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолоор Баян сумын газар нутгийг хуулийн хүрээнд нийцүүлэн хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсан тогтоол гаргасан. Засаг даргын дэмжихгүй гэсэн саналын хувьд, Баян сумын ИТH, БИНХ-аас тухайн газар нь уст цэг бүхий газар, айлын өвөлжөө хаваржааны газар байдаг тул ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн саналыг ирүүлсэний үндсэн дээр дэмжихгүй гэсэн саналыг өгсөн. Монгол улсын хэмжээнд төв суурин газруудын кадастрын зураг хийгдсэн. Айлуудын өвөлжөө, хаваржааны газарт кадастрын зураг хийгээгүй. Тус газарт уст цэг байдаг. Гуравдагч этгээд нар нь хууль ёсны дагуу газраа эзэмшиж байгаа. Тухайн газар уст цэг байдаг учраас ойр хавийн айлуудын мал нь тус газраас ундаалдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зарласан. Хуралдааны хэлбэрийн хувьд одоо цагт утсаар болон цахим хэлбэрээр л хүртэл хийж байна. Хуулийн хүрээнд Ашигт малтмалын газарт 30 хоногийн дотор хариу тайлбарыг өгөх ёстой байсан. Тухайн үед ИТХ-ын Тэргүүлэгдчийн хуралдаан хуралдах боломжгүй байсан учраас утсаар Тэргүүлэгчдээс саналыг нь аваад Засаг даргад хүргүүлсэн гэжээ.

Хариуцагч Төв аймгийн ИТХ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг шүү хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ашигт малтмал олборлох талаар шийдвэр гаргахдаа, тухайн сум орон нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хамгийн түрүүнд авч үздаг. Иймээс Баян сумын Цант 1-р багийн ИНХ-аас саналыг хүртэл авсан. Засаг даргын зүгээс ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байсан ч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас өгдөг. Аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг үндэслээд, Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл өгөхгүй байна гээд Засаг даргын санал болон ИТХ-н тогтоолыг хүчингүй болгуулах гэж байгаа нь үндэслэлгүй юм. Одоогийн байдлаар Баян сумын нийт газар нутгийн 19.8 га газрыг хамарсан ашигт малтмалын ашиглалтын 52 зөвшөөрөл, 2000 га газрыг хамарсан ашигт малтмалын хайгуулын 18 зөвшөөрөл, нийт 44.3 га газарт ашигт малтмалын зөвшөөрөл олгогдоод байна. Энэ нутаг дэвсгэрийн 33.6 хувийг эзэлж байна. Баян сум бүхэлдээ ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг газар болох гээд байна. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол нь “Очир гео” ХХК-нд хандаж гаргасан тогтоол биш юм. Баян сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон Дашбэмрэл төлөөлөгч удаа дараа санал гаргасны дагуу Баян сумын газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан тогтоол гаргасан. 07 дугаар тогтоолыг, Ашигт малтмалын кадастрын хэлтсээс бүртгээгүй учраас, Дашдэмбэрэл төлөөлөгчийн зүгээс дахин ИТХ-д санал тавьсаны дагуу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг гаргасан. Ту хайн тогтоолоор Баян сумын газар нутгийн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авсан. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу Аймгийн ИТХ нь аймгийнхаа газар нутгийг тусгай хэрэгцээнд авдаг. Баян сумын иргэдийн язгуур эрх ашиг хөндөгдөж, малын бэлчээрийн талбай багасаж байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян сумын ИТХ-н дарга Д.Энхтайван шүүхэд ирүүлсэн тайлбартаа:      

“Очир гео” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сумын ИТХ-н Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгож өгөхийг нэхэмжилсэн байна. Тус сумын Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Очир гео” ХХК-иас Ашигт малмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Цант багийн 3 малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газар, худаг уст цэгүүдтэй давхцалтай байгаа учраас “Очир гео” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг ИТХ-н Тэргүүлэгчдээс хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Баян сумын Цант 1-р багийн ИНХ-н дарга Ш.Өнөржаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Очир гео” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Цант 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг нэхэмжилсэн байна. Иймд багийн иргэдийн Нийтийн хурлын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс “1. Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар саналыг хүчингүй болгуулах,

2. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэлийг хүчингүй болгуулах,

3. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол,

4. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол,

5. Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол,

6. Баян сумын Цант 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын “Очир гео” ХХК-д хамаарах хэгсийг тус тус хүчингүй болгуулах” гэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тайлбар, нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Очир гео” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэл [1], Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал[2]”-ыг захиргааны акт мөн эсэх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07[3] дугаар тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 [4] дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 [5] дугаар тогтоол, Баян сумын Цант 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03[6] дугаар тогтоолуудын хууль зүйн үндэслэлд маргадаг.

Ашигт малтмалын газраас 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7240 дугаартай албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хандаж Төв аймгийн Баян сумын “Ар худагтай” нэртэй 4585.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” гэж заасны дагуу саналаа ирүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг хүргүүлжээ.

Төв аймгийн Засаг дарга “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авч, тус аймгийн Баян сумын “Ар худагтай” гэдэг нэртэй 4585.85 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн санал өгчээ.  

 

  1. Төв аймгийн Баян сумын 1 багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоол, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 16 дугаар тогтоол, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэл, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” захиргааны акт мөн эсэх талаар:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Аймаг, …-ийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж,...” гэснээс үзэхэд Засаг даргын 2015 оны 15 дугаар санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зааснаас үзвэл захиргааны актын шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

 

  1. Төв аймгийн Баян сумын 1 багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоол, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 16 дугаар тогтоолуудын тухайд:  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын “санал”-ыг авч Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн “санал” өгөх...”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “санал”-ыг авч ... төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэсэн заалтуудаас үзэхэд Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэргүйгээр Ашигт малтмалын газраас ирүүлсэн мэдэгдэлд бие даан санал өгөх эрхгүй байна. Тэгвэл Баян сумын 1 дүгээр багийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоолоор, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар “хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар ирүүлсэн албан бичгийг хэлэлцэхдээ хайгуулын зөвшөөрөл хүссэн талбайд судалгаа хийлгүйгээр, зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай өргөдлийг танилцуулж татгалзаж байгаа хуулийн үндэслэлээ заалгүйгээр хүлээн авах боломжгүй гэж, 100 хувийн саналаар баталсан байна.

  1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэлийн тухайд:

Аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е-д “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу санал өгөх эрхтэй, хуульд заасан журмын дагуу 15 дугаар “санал”-ыг Засаг дарга гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтуудаас үзэхэд Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэргүйгээр Ашигт малтмалын газраас ирүүлсэн мэдэгдэлд бие даан санал өгөх эрхгүй байна. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй” гэж тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг дарга Д.Баярбатад үүрэг болгожээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т зааснаар “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын “санал”-ыг авч Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 23.1-т “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан” байх бөгөөд “хурал хэлэлцсэн асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол” гаргана гэсэн хуульд заасан журмыг зөрчиж, ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах” тухай 6/7240 тоот албан бичгийг Тэргүүлэгчдийн Хуралдаанаар оруулахгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 34 дүгээр хуралдааны тэмдэглэл гаргаж асуудлыг шийдвэрлэсэн атлаа Хурлын Тэргүүлэгчидтэй 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр утсаар ярьж саналыг нь асууж хууль заасан журмыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр “тэмдэглэл”, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдтэй утсаар ярьж авсан “санал” зэрэг бичгийн нотлох баримтуудаар, тогтоогдож байна.

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр “тэмдэглэл” хуульд заасан журмыг зөрчсөн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “санал”-ыг авч ... төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж зааснаас үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 34 дүгээр тэмдэглэл хууль зүйн үндэслэлгүй боловч Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-д Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр “тэмдэглэл”-ийн “Очир гео” ХХК-нд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19 дүгээр зүйлийн 19.5, ... дугаар зүйлийн ...- д заасны дагуу “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар саналыг хүчингүй болгуулах, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Баян сумын Цант 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын “Очир гео” ХХК-д хамаарах хэгсийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

              Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН

               ШҮҮГЧ                               Г.ОЮУНГЭРЭЛ

 


[1] Хавтаст хэргийн 27-28-р хуудас дахь тал

[2] Хавтаст хэргийн 8 дахь тал

[3] 97-100

[4] 177-183

[5] 22

[6] 24