Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 28

 

 

    2022          10           07                                    206/МА2022/00028

 

 

 

Сувдан шигтээ ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00456 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан багт байрлах, “Сувдан шигтгээ” ХХК /РД:4061306/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3-21 тоотод оршин суух, Олхонууд овогт Сүхбаатарын Баянмөнх /РД:ПЮ81062972/-д  холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймаг, Жаргалант сумын Магсаржав багт байрлалтай, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг С.Баянмөнхөд даалгах тухай”  шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч С.Баянмөнх, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Раднаабазар нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

 

1.1  Манай компани нь Ховдаймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймаг, Жаргалант сум 7-р баг Эрэнцэнгийн 2 гудамж хашааны дугаар 207 хаягтай, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300 квадрат метр газрыг хууль ёсоор эзэмшдэг. Уг газар дээрээ манай компани шинээр барилга барихаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхээр хамгаалалтын хашаа татахад зэргэлдээ байрлах Магсаржав баг Баянголын 4-н 407-н А хаягтай хашааны эзэн Сүхбаатар овогтой Баянмөнх нь эрх нь зөрчигдөөгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр эргэн тойрны хүмүүсийг турхиран үймээн үүсгэн, цахим сүлжээнд бичлэг хийх, хэл амаар доромжлох үйлдлийг хийж бидний үйл ажиллагаанд саад учруулан 3 удаа хашааг буулгуулсан болно.

1.2 Хариуцагч С.Баянмөнхийн хувьд бидний барилгын ажил хийх гэж байгаа газарт түүний эзэмших эрх бүхий газар огт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тодруулбал хариуцагчийн хашаа болон барилгын хашааны хооронд 2 машин хангалттай зөрөхөөр хэмжээтэй гудамж үүсгэсэн, төв замаас тухайн гудам руу орох орц гарц нь чөлөөтэй байгаа. Хариуцагч нь манай компани энэхүү газрыг эзэмшиж эхэлснээс хойш утсаар надтай хэд хэдэн удаа ярьж энэ газрыг чи хууль бусаар авсан чамтай шүүхдэн гэж хэлж байсан боловч өдий хүртэл ямар нэгэн гомдол хууль хяналтын байгууллагад гаргаж, шийдвэрлүүлж байгаагүй. Харин бид газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэхээр л эсэргүүцэж, өдийг хүртэл газраа ашиглах боломж нөхцөл бүрдүүлэхгүй саад болсоор байсан. Хариуцагчийн хувьд өөрт огт байхгүй эрхийг байгаа мэтээр эндүүрч албан ёсны зөвшөөрөлтэй газраа үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа нь огтхон ч хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болоод байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

2.1 Тус шүүхэд 2022 оны 05-р сарын 23-ны өдрийн “Сувдан шигтгээ”ХХК-ийн нэхэмжлэлтэй миний бие танилцан үзэж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Тус компанийн нэр дээр олгогдсон 2014 оны 09-р сарын 16-ны өдрийн А/486 тоот газар эзэмших гэрчилгээ нь анх олгогдох үйл явцдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийн заалтыг зөрчиж байсан. Миний бие энэ тухай тухайн үеийн Засаг дарга болон эрх бүхий албан хаагчдад амаар болон бичгээр хандаж байсан боловч өөрсдийн эрх мэдэл албан тушаалыг ашиглан дээрх газар эзэмших гэрчилгээг төсөл сонгон шалгаруулах нэрийн дор шууд олгосон байдаг. Улмаар дээрх газрыг эзэмшигч гэх Сувдан шигтгээ ХХК-ийн захиралд энэ тухай удаа дараа хэлж анхааруулж байсан, мөн хууль зөрчиж олгогдсон тухай, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа тухай зарчмын зөрүүтэй байдлыг нотлох бичиг баримтыг үзүүлж энэ тухай тайлбарласан боловч ойлгож нягталж үзээгүй ба зөвхөн өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд үзэн барилга барих хашааг барьсан. Миний эзэмших болон өмчлөх эрхийн хүрээнд тухайн бүсэд ямар нэгэн газар байхгүй бөгөөд гагцхүү төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдэл, төрийн нэрийг барьж өөрийн албан тушаалын давуу байдлыг ашиглан танил талд боломж олгох, ард түмний нийтлэг эрх ашгийг зөрчиж бүдүүлэг шийдвэр гаргасан тухайн үеийн эрх бүхий албан тушаалтны буруу үйлдлийн эсрэг миний үзэл баримтлал нь дээрх асуудлын гол шалтгаан болж байна. Монгол улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00456 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймаг, Жаргалант сумын Магсаржав багт байрлалтай, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг С.Баянмөнхөд даалгаж, “Сувдан шигтгээ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

3.2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Сувдан шигтгээ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баянмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сувдан шигтгээ ХХК-нд олгож,

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

5.1 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

5.2 Маргааны үйл бариатанд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Миний бие хууль зөрчигдөж байгааг иргэн хүний хувьд анхааруулах үүрэгтэй гэж үзсэн. Хууль зөрчигдөж байна гэж холбогдох байгууллагаас дүгнэлт ирүүлээд байхад газрыг олгосон. Хуулийн дагуу багийн иргэдийн саналыг авч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад газрыг авсан бол надад маргах зүйлгүй.

5.3 Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00456 дугаар шийдвэрийг хянан үзэж бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Сувдан шигтгээ” ХХК нь хариуцагч С.Батмөнхөд холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлалтай, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300м2 газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

8. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: манай компани нь зарласан тендерийн дагуу зохих баримт бичгийг бүрдүүлэн газар сонгон шалгаруулалтанд оролцсон.  2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Сувдан шигтгээ” ХХК-нд үйлчилгээний төв байгуулах зориулалтаар 300м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.тус компани үйлчилгээний төв барихаар 3 удаа хашаа татахад иргэн С.Баянмөнх нь “танай компани газрыг хууль зөрчиж авсан, барилга барих эрхгүй гэж 3 удаа хашааг буулгасан” тул түүний үйлдлийг зогсоохоор шүүхэд хандсан гэжээ.

9. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Сувдан шигтгээ” ХХК-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай “газар эзэмшүүлэх тухай” захирамж, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300м2 газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгчээ.

10. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. Үүнд Нэг. “Сувдан шигтгээ” ХХК-нд уг газрыг анх олгохдоо мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчихсан байхад хууль зөрчиж газрыг олгосон. Мөн газар олгосноос хойш 2 жилийн хугацаанд ашиглахгүй бол хүчингүй болох ёстой. Гэтэл  “Сувдан шигтгээ” ХХК нь 2014 оноос хойш ашиглаагүй гэж,

Хоёр. Уг газарт “Сувдан шигтгээ” ХХК нь үйлчилгээний төв барих юм бол хажууд нь байгаа 48 айлын орон сууц болон манай хашааны хаалганы орж гарах гарцыг хаахаар байна гэж тус тус тайлбарласан байна.

11. Шүүх нэхэмжлэгч “Сувдан шигтгээ” ХХК нь уг газрын шударга эзэмшигч мөн байх тул эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12. Тухайлбал хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын маргаж буй “үйл баримт” тогтоогдоогүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

13. Өөрөөр хэлбэл хариуцагчийн “маргаан бүхий газарт Сувдан шигтгээ ХХК нь үйлчилгээний төв барьсан тохиолдолд манай хашааны машин орж гарах гарц хаагдахаар байгаа” гэх татгалзлын үндэслэлийг шүүх тодруулаагүй, талуудын аль нэг талын хүсэлтээр үзлэг хийгээгүй байх бөгөөд энэхүү маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

14. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар “...нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзнэ.

15. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар С.Баянмөнхөд буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00456 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Баянмөнхийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧ                                             Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР