Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01983

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01983

 

2022 11 14 210/МА2022/01983

 

 

А.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/03613 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.Б

Хариуцагч: Ш.Эд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 34,428,826 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 8,715,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ш.Этай 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөнгийг шилжүүлсэн. Ш.Э нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12,000,000 төгрөг төлснөөс 7 хоногийн зээлийн хүүд 1,067,500 төгрөгийг, нэг хоногийн алдангид 157,837 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 10,774,663 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хүү 5,227,214 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 19,725,337 төгрөг нийт 24,952,551 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

1.2 Ш.Э нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг төлснийг дээрх төлбөрөөс хасаж тооцсон. Үүнээс хойш Ш.Э нь төлөлт хийгээгүй тул үлдэгдэл 22,952,551 төгрөг, түүний 50 хувиар тооцсон алданги 11,476,275 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч гэрээнд дурдсан 30,500,000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй. А.Бгийн шаардлагаар нотариатын газарт очиж гэрээнд гарын үсэг зурсан. А.Б, Ш.Э нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаа байсан. Хэрэгт авагдсан дансны хуулга баримтаас үзэхэд А.Бгаас нийт 32,780,000 төгрөгийг Ш.Эд шилжүүлсэн байхад Ш.Эаас А.Бд нийт 41,495,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн зээлийн гэрээнд зээлийг бэлнээр олгосон талаар дурдсан бэлэн мөнгө хүлээлцсэн акт үйлдээгүй, нотариатчийн дэргэд бэлэн мөнгө хүлээлцсэн бол дэвсгэртээр нь акт үйлдэж нотариатч мөн гэрчилнэ.

Иймд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Ш.Э аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр 30,500,000 төгрөг шилжүүлснээ нотолж чадаагүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Хариуцагч нь А.Б бид хоёрын хооронд мөнгө өгч авалцах тохиолдол олон байсан, хааяа мөнгөний хэрэг гарахаараа мөнгө зээлж аваад удаалгүй буцаан өгдөг байсан. Бид зөвхөн дансаар мөнгө өгч авалцдаг байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш А.Бгаас нийт 32,780,000 төгрөг авсан. Буцаагаад 41,495,000 төгрөгийг төлсөн. Бид харилцан тооцоо нийлж байгаагүй. Эдгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул 8,715,000 төгрөгийг илүү төлсөн. Иймд илүү төлсөн 8,715,000 төгрөгийг А.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнээс гадна олон гүйлгээ хийгдэж байсан. Илүү төлсөн 8,715,000 төгрөг нь ямар төрлийн харилцаа болохыг мэдэхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлбөр төлсөн гэж байгаа боловч энэ шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 06 дугаар сарын гэрээний харилцаатай холбоотой эсэх нь тодорхойгүй. Энэ илүү мөнгө төлсөн гэх тохиролцооны талаар мэдэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч Ш.Эаас 34,428,826 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бгаас 8,715,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ш.Эын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,094 төгрөг, хариуцагчаас төлсөн 154,390 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх хараат бусаар хэргийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой шаардлага бүхий маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01074 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1135 дугаартай магадлалаар нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00166 дугаартай тогтоолоороо талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талууд гэрээний зүйл буюу мөнгийг бэлнээр шилжүүлэн өгсөн гэдгийг тодорхой заасан байхад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг илтэд буруу хэрэглэн, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байсан.

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрх зөрчигдсөн, бусад байдлаар гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулах хуулиар заасан үүрэгтэй болохоор талуудын мэтгэлцээний явцад материаллаг хуулийн зохицуулалт хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байхад уг зохицуулалтыг буруу хэрэглэсэн хэмээн хэргийг анхан шатанд хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ байхгүй байсан.

6.2 Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 болон 40.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй цаг хугацааны үеийн банкны хуулга баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримтыг зөв үнэлэн, Иргэний хуулийг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

6.3 Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний зүйлд талуудын хооронд өмнө нь өгч авалцаж байсан мөнгө огт хамааралгүй гэдгийг дурьдаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө зээлийн гэрээний шинжтэй харилцаа нь итгэлцлийн үндсэн дээр бичгээр хийгдэж байгаагүй үеийн талуудын хооронд хийгдсэн мөнгөн гүйлгээ нь зөвхөн нэхэмжлэгч А.Б, хариуцагч Н.Эын хооронд хийгдэж байгаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй бөгөөд талуудын хооронд бэлнээр болон өөр хүний дансаар ч шилжүүлэн зээлдүүлж байсан байдаг.

Тэгэхээр талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх нийт зээл, зээлийн төлөлтийг тодорхойлох боломжгүй ч тухайн үед талуудын дунд гэрээгүйгээр, богино хугацаатай өгч байсан зээлүүд тухайн үедээ төлөгдөөд дууссан. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээтэй хамааруулан тайлбарлах ч боломжгүй юм. Нөгөө талаас хамааралтай гэж үзсэн ч хариуцагч Н.Э нь хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сард нийт 14,000,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд тооцож байсан бөгөөд уг мөнгийг буцаан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа илүү төлсөн 81,750,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байсан гэж үзвэл 2022 оны 7 дугаар сард байсан дууссан байхаар байна гэдгийг дурьдах нь зүйтэй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох дүгнэлтийг зөв хийсэн гэж үзэж байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ш.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,428,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 8,715,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 30,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Үндсэн зээл 22,952,551 төгрөг, алданги 11,361,438 төгрөг, нийт 34,428,826 төгрөг гаргуулна. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ өмнөх мөнгөнд хамааралгүй гэж тодорхойлсон. Хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч зээл 30,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь бодитоор шилжүүлээгүй гэж үгүйсгэн маргасан.

4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

4.1 Хавтаст хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2178 дугаартай зээлийн гэрээ авагдсан. /хх 5/ Уг гэрээгээр хариуцагч нь 30,500,000 төгрөгийг, 7 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлэх, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар заасан байх бөгөөд уг гэрээг нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ болгосон. Талууд хэн аль нь гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.

4.2 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг гэрээнд зааснаар зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

Хариуцагч Ш.Э нь нэхэмжлэгч А.Бгаас зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй буюу нэхэмжлэгчийг гэрээнд заасан 30,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Гэрээний 3.4-т ...бэлнээр 2019.06.26-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан үндэслэлийг бий болгож чадахгүй байна. Учир нь, гэрээнд заасан дээрх нөхцөл хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2178 дугаартай зээлийн гэрээний зүйл 30,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээ нотлоогүй, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж, өмнөх зээлийн гэрээнд хамааралгүй гэсэн агуулгаар тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

4.3 Түүнчлэн, Хаан банкан дахь хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн 5111002905 дугаар дансанд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус бүр 1,000,000 төгрөгийг орлогод тус тус шилжүүлснийг дээрх бичгээр хийгдсэн гэрээний үүрэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй цаг хугацааны үеийн банкны хуулга баримтыг үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

4.4 Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримтлах ёстой хуулийн заалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

5.1 Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 8,715,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу А.Бгаас нийт 32,780,000 төгрөгийг Ш.Эд шилжүүлсэн. Улмаар Ш.Э нь А.Бд нийт 41,495,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Эдгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ...илүү төлсөн 8,715,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлан сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ...сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлд хамааралгүй гэж эс зөвшөөрч маргасан.

5.2 Анхан шатны шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийг ...үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохооргүй байна ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзах агуулгаар дүгнэсэн атлаа материаллаг хуулийн хэм хэмжээ болох Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Тодруулбал, сөрөг нэхэмжлэлийн талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг зөрүүтэй байгааг давж заалдах шатны шүүх залруулна.

5.3 Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулж байх тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,390 төгрөгийг улсын орлогоос гаргуулах нь зүйтэй байна.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/03613 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 282 дугаар зүйлийн 282.4-т гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бгаас 8,715,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш.Эын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. гэж,

3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 154,390 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ш.Эд олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН