Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 612

 

                                                               С.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат, Ж.Энхчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 896 дугаар магадлалтай С.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1809029070840 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Энхбат, шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Ж.Энхчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.М нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1962 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, “Д” ХХК-ний захирал ажилтай, ял шийтгэлгүй Ж овогт С-ын Э,

 2.Монгол улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, “Э” ХХК-ний захирал ажилтай, ял шийтгэлгүй Б овогт Гийн Г

“Д” ХХК-ний захирал С.Э нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргийн дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж, ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийгээгүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ний эмийн сангийн үүдэнд Б.А нь цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон,

“Э” ХХК-ний захирал Г.Г нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” төвийн 1 давхрын өрөөг түрээслэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байхдаа Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргийн дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийлгүүлэхээр “Д” ХХК-д мэдэгдэж холбогдох арга хэмжээ аваагүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус эмийн сангийн үүдэнд Б.А нь цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Э-ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон, шүүгдэгч Г.Г-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ийг 1 жил 3 сарын хорих ял,

С.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

Г.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Энхбат, Ц.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж 896 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Шүүгдэгч С.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг төлсөн болохыг, шүүгдэгч Г.Г гэм хорын хохирол төлөөгүй болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч С.Энхбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүх анхнаасаа хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шийтгэх тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дагуу ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулаагүй хэрэгт цугларсан цагаатгах нотлох баримтуудыг огт авч хэлэлцсэнгүй. Мөн хуулийн 1.6 дугаар зүйл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх заалтыг зөрчиж гэм буруутай хүнийг яллаж байна гэж гэм буруугүй Г.Г-ийг гэм буруутай мэт харагдуулж давхар яллан хэлмэгдүүлж байна.

Гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нөхцөл нь эмийн сангийн гадна талд хаалганы дээд хэсэгт хананд суурилуулсан 22 см диаметртэй цагаан өнгийн дугуй шилэн гэрлийн бүрхүүлээс тог дамжсан байсан. Үүнийг хариуцах эзэн нь уг байгууллагын өмчлөгч “Д” ХХК-ний захирал С.Э юм. Гэрч Б.Б “...төмөр хаалганы дээр байрласан гэрлийн бүрхүүлээс тог дамжсан байсан. Гадна талд ямар нэгэн цахилгааны асуудал гарвал түүнийг уг байгууллагын өмчлөгч өөрөө хариуцна. /хэргийн 1 дэх хавтас, 35 дахь тал/

Шинжээч Б.Н “...Гэрэл зургаас харахад таазанд  доош харуулан байрлуулах ёстой гэрлийг хананд хажуу тийш суулгасан байгаа юм. “Д” ХХК хариуцна. Өөр бусад хүнд түрээслэхдээ гэрээ байгуулснаар цахилгаан эрчим хүчний асуудлаа түрээслэгч хариуцна гэсэн заалт байхгүй. “Д” ХХК-ний захирал С.Э гадна цахилгаанаа хариуцна.

Түрээсийн гэрээ /хэргийн 1 дэх хавтас, 80-81 дэх тал/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /82-113 дахь тал/, Нийслэлийн эрүүл мэндийн газрын лавлагаа “Э” ХХК-ний захирал Х.Н, Х.Х, Х.Т гэж бичигдсэн байгаа.

Шүүгдэгч Г.Г нь эм зүйч мэргэжилтэй, эм барих эрхийн гэрчилгээтэй, “И” ХХК-д эмийн сангийн жор баригчаар ажилладаг /хэргийн 1 дэх хавтас, 100-112 дахь тал/ бөгөөд шийтгэх тогтоолд бичсэн шиг “Э” ХХК-ний захирал биш.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон дээрх заалтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хороо арилгаж 50 сая төгрөгөө төлж барагдуулсан болно.

Хэрэв шүүх Г.Г-ийг компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийж, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, хууль биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэл гаргасан гэж үзэх бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл Гэмт хэргийн хохирлоо төлж барагдуулсан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг үндэслэлүүдийг харж үзнэ үү.

Иймд магадлалд өөрчлөлт оруулж Г.Г-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах эсвэл мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г гаргасан гомдолдоо: “Манай эмийн сан нь тухайн үед хаалттай байсан болно. Хүүхдийн амь нас хохирсон явдалд маш их харамсаж байгаа, ар гэр болон хохирогч талд гэм хорын хохирол төлбөрийг барагдуулсан. Энэ хэрэг гарсанд өнөөг хүртэл маш их харамсаж байдаг юм. Миний ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Ж.Энхчулуун гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын 11 дэх талд “...шийтгэх тогтоолд С.Э-ын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд төлсөн 50,000,000 төгрөгийн тал хувийг шүүгдэгч Г.Г-ээс гаргуулж С.Э-д олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөхөөр заасан байхад шүүгдэгчийн төлсөн хохирлын зарим хэсгийг нөгөө шүүгдэгчээр төлүүлэхээр хариуцуулсан нь үндэслэлгүй байх тул энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн байна. Энэ нь шүүх ямар үндэслэлээр “үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй төдийгүй зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн үндэслэлээр хохирол арилгах үндэслэл, нөхцөлийг тодорхойлдог.

Хэдийгээр миний үйлчлүүлэгч урьд шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр бус шийдвэрийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 50,000,000 төгрөгийг бүрэн төлсөн нь үнэн. Гэвч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд болох Г.Г-ийн өмнөөс 25,000,000 төгрөгийн өрийг нь төлж, хожим нь өөрөө хохиролтой үлдэх нөхцөл байдалд оруулж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн зарчим, зүйл, заалт нэгэн адил хамаарна. Энэ ч утгаараа шударга ёсны зарчмын хүрээнд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Гэтэл гэм буруугийн хувьд адил байх энэ нөхцөлд нэг нь хохирлыг бүрэн барагдуулж, нөгөөх нь зүгээр өнгөрч байгаад гомдолтой байна.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны “хуульд зааснаар” гэдэгт 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг болох “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцна хүлээнэ” гэсэн заалт хамаарах тул гэм хорын хохирлыг тэнцүү хэмжээнд хамтран хариуцах нь жинхэнэ эрх зүйт ёс, шударга ёсны зарчимд нийцэх юм.

Г.Г-ийн хүлээх эрүүгийн хариуцлагын хэмжээг тодорхойлоход буюу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оноосон явдал түүний өмнөөс С.Э хохирлын хэмжээг бүрэн төлж барагдуулсантай шууд холбоотой. Басхүү, хохирлын хэмжээний талаар давж заалдах болон анхан шатны шүүхийн шийдвэрээс өөрөөр үнэлэлт, дүгнэлт хийгээгүй тул 50,000,000 төгрөгийн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Бид ч мөн хүүхдийн амь нас, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг төлөхийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрч, бүрэн төлсөн болно.

Иймд тус маргааныг иргэний бус эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэж, Г.Г-ээс 50,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.М нар хамтран гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоодог. Гэтэл анхан шатны шүүх бидэнд учирсан хохирол, хор уршгийг үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэж байна. Учир нь бид мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой 224,890,557 төгрөгийн баримтуудыг цагдаагийн байгууллагад гарган өгч хэрэгт хавсаргуулсан боловч шүүгдэгч С.Э нь бидэнд учирсан хохирол, хор уршгаас 50,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл хор уршиг буюу 174,890,557 төгрөгийг  арилгах арга хэмжээг шүүх үндэслэл бүхий байдлаар шийдвэрлээгүй. Бид бага насны хүүхдээ харамсалтайгаар алдсан нь бидэнд учирсан хохирол байтал шүүх үр хүүхдийн минь амь насыг 50,000,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хохирогч бидний зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой бөгөөд хохирлыг үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хохирогчийн үндэслэл бүхий санал, шаардлагыг харгалзах ёстой. Бид шүүгдэгч нараас хууль зүйн үндэслэлгүйгээр 224,890,557 төгрөг шаардаагүй, харин ч баримт, тооцоо судалгаа бүхий баримтыг үндэслэн хохирол барагдуулж, хор уршгаа арилгуулахыг хүссэн. Монгол улсын хуулинд заавал амь хохирогчийн хохирлыг оршуулгын зардлаар тооцно гэсэн хуулийн зохицуулалт үгүй бөгөөд харин хохирогчийн үндэслэл бүхий санал шаардлагыг харгалзан үзэх ёстой. Яагаад бидний үндэслэл бүхий санал, шаардлагыг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д зааснаар их хэмжээний хохирлыг 50,000 нэгж буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгодог. Гэтэл миний хүүгийн  амь насыг их хэмжээний хохирлын хамгийн багаар нь тогтоосон нь хүнийг 50,000,000 төгрөгийн үнэтэй гэж ойлгуулж байна. Өнөөдөр Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхдийн үнэ цэнэ энэ хэмжээнд байгаад харамсаж байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бид үндэслэл бүхий хохирол, хор уршгийг бүрэн тогтоолгохын тул шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу өөрчлөлт оруулж 174,890,557 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Багахүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар сэтгэл санааны байдлаас шалтгаалж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо хэлсэн. Гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол нь шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагад тохирохгүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтыг огт харгалзаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрсдийн боломжоор хохирлын үнэлгээг гаргуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-аас 50,000,000 төгрөгийг гаргуулж, Г.Г-ээс нэг ч төгрөг гаргуулаагүй нь шударга бус болсон. Шүүгдэгч Г.Г хохирлыг төлсөн гэх нотлох баримт байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 174,890,557 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч С.Э, Г.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна. “Итгэлт эстимэйт” ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тодорхой статистик, тоо баримтад үндэслэж хохирогчийн амь насны үнэлгээг 224,890,557 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч С.Э 50,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Бусад хохирлыг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлээгүй. Тийм учраас “Итгэлт эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. Харин шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бага насны хүүхэд болох Б.А нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” үйлчилгээний газрын “Э” нэртэй эмийн сангийн үүдэнд цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон үйл баримтыг мөрдөн шалгах явцад үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудыг тухайлбал, гэрч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судалснаар дээрх үйл баримт нь бусдын болгоомжгүй гэмт үйлдлээс үүдэн гарсан, үүнд С.Э, Г.Г нар гэм буруутай болохыг хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд дэлгэрэнгүй байдлаар тодорхой тусгасан байна.

Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох болон Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд чухал ач холбогдолтой юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон дээр дурдсан ойлголтын хүрээнд хоёр шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан С.Э, Г.Г нарыг хуулиар болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хохирогч Б.А-ийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэн,  үүнтэй уялдуулан тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарын гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна.

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай юм.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчлан тогтоожээ.

Тиймээс хохирогч нас барснаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан зардал болон төлбөрийн хүрээнд гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй болно.

Амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан болон гэм хорын бусад хохиролд шүүгдэгч С.Э нь 50 сая төгрөгийг нөхөн төлсөн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан “зайлшгүй зардал”-д хамаарч байх тул үүнийг хоёр шатны шүүх “шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, тус хэргийн хүрээнд нотлох баримтаар хэлэлцэн шийдвэрлэх иргэний нэхэмжлэл байхгүй” гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Учир нь амь хохирогч бага насны хүүхэд байсан бөгөөд тэрээр ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч, орлого олж байгаагүй тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэрлэн заасан “амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд”-ийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг тул мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлж болно.

Тэгвэл одоогийн байдлаар хүний амь насыг мөнгөөр үнэлсэн хуулийн зохицуулалт байхгүйн дээр ажил хөдөлмөр эрхэлж цалин, хөлс авч байгаагүй амь хохирогчийн хувьд ирээдүйд ийм хэмжээний орлого олох байсан гэсэн үнэлгээний хийсвэр тооцоог үндэслэн гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт заасан “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар ...үүснэ” гэдэгтэй харилцан хамааралтай билээ.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн зүйл, хэсэгт заасан хамтын үүрэг нь хуульд зааснаар үүсэж буй бөгөөд гэм хор учруулахад нөлөөлсөн тэдгээрийн оролцооноос үл хамааран хохирлыг тэнцүү хэмжээнд хариуцна.

Тиймээс бага насны хүүхэд цахилгааны гүйдэлд цохиулж нас барсан үйл явдалд хэн аль нь гэм буруутай болохын хувьд шүүгдэгч С.Э, Г.Г нар нь хохирлыг адил хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд С.Э-ын гэм хорын хохиролд дангаар төлсөн 50 сая төгрөгийн тал хувийг Г.Г-ээс гаргуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ талаар үндэслэл муутай дүгнэлт хийж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байх тул шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбатын “Г.Г-ийг цагаатгах эсхүл ялыг хөнгөрүүлж тэнсэх”, шүүгдэгч Г.Г-ийн “хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэх”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.М нарын “174,890,557 төгрөгийн хохирлыг гаргуулж өгөх” тухай гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 896 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.М нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН