Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 613

 

                                          Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Э.Мөнхзолбоо, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалтай Д.Энхтулгад холбогдох эрүүгийн 201710010120 дугаартай хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Б овогт Д-ийн Э

Д.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувиараа валют арилжааны ченжээр ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “ах нь хятадуудтай том гэрээ хийх гээд байна, чи ахдаа 3, 4 хоног хэрэглүүлчих, чамд 6 сая төгрөг унана” гэж хуурч, иргэн М.Ц-ээс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрүүдийн хооронд нийт 350,940,000  төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын  харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна, одоо нэг юань авчихвал ханшаар бүтэн сар авдаг юм аа” гэж хуурч, иргэн Н.Б-аас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд нийт 180,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Би БНХАУ-н ченжийн дансанд 300,000,000 төгрөг байршуулж, хямдхан юаний гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм мөнгө л байвал миний данс руу хийгээд байгаач энэ гэрээгээ алдмааргүй байна надад маш их ашигтай гэрээ байгаа юм” гэж хуурч, иргэн Б.Ц-аас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд нийт 118,869,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “надад 300,000,000 төгрөгний хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна” гэж хуурч, иргэн П.Ө-оос 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс  2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд нийт 39,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрeгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би 300,000,000-500,000,000 төгрөгний үнийн дүнтэй тэнцэх хямдхан юаний гэрээ хийх гээд байна энэ гэрээгээ хийчих юм бол та нарын мөнгийг Хятад руу явуулчихна” гэж хуурч, иргэн Д.М-ээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд нийт 26,500,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, "500 сая төгрөгийн юаний гэрээ хийх хэрэгтэй байна гэж хуурч, иргэн Д.Б-аас 2016 оноос 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрүүдийн хооронд нийт 60,000,000  төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юань авах гээд байна мөнгө байна уу хүүтэй зээлж авъя” гэж хуурч, иргэн Э.Н-ээс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдийн хооронд нийт 110,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Б.С-ээс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс  2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд нийт 101,025,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Ж.Ч-ээс 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс  2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрүүдийн хооронд нийт 167,470,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Б-ээс 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн хооронд нийт 14,085,000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу нийт 1,167,889,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 33 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Догмиддорж бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүхээс хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 23-ны хугацаанд бусдаас их хэмжээний мөнгө авсан байхад зарим нь буюу Н.Б, Д.Б, Э.Н, Д.Б нарыг 2016 онд шүүгдэгч Д.Э-д  өгсөн төгрөгүүдийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж хамааруулж байгаа нь тодорхойгүй гэж дүгнэснийг дараах баримтуудаар тодруулж өгсөн нь зүйтэй болно. Учир нь хохирогч Н.Б, Д.Б, Э.Н, Д.Б нар нь Д.Э-ыг тухайн цаг хугацаанд таньдаг, Бүгд найрамдах хятад ард улсад цемент болон будааны наймаа эрхэлдэг үеэс Д.Э-тай ажил хэргийн холбоо тогтоож, юанийн наймаа хийдэг гэдэгт итгэж, ашиг олох зорилгоор бэлэн мөнгөө өгч залилуулсан хүмүүс юм.

Бусад нэр бүхий 6 хүнийг залилан мэхэлсэн гэх цаг хугацаа нь 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 23-ны өдрүүдийн хооронд тогтоогддог бөгөөд мөрдөгч, прокурорын зүгээс Д.Э-ыг нэр бүхий 10 хүнийг залилан мэхэлсэн цаг хугацаа, өдрүүдийг нарийвчлан тогтоож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч нараас нарийвчлан асууж, шинжээчийн дүгнэлттэй тулгаж, эргэлзээгүйгээр нотолж өгсөн болно.

Тус хэрэгт хохирлын хэмжээг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 009 дугаартай дүгнэлт, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн “Эвиденсе аудит” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 54/17 дугаартай дүгнэлтүүдийг гаргуулсан бөгөөд уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд дүгнэлтээ гаргасан болно. Тус үнэлгээгээр хохирогч М.Ц-ийн хохирлын үнэлгээг 350,940,000 төгрөг гэж эргэлзээгүйгээр гаргасан бөгөөд энэ үнэлгээ нь прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд нэгэн адил тусгаж өгсөн, хохирогч М.Ц-ийн зүгээс энэ үнийн дүнтэй санал нийлж байхад давж заалдах шатны шүүхээс мөнгөн дүн эргэлзээтэй мэтээр дүгнэлт хийж бусдыг төөрөгдөлд оруулах гэж байгаа мэт давхар дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Магадлалд тусгасан хүснэгтэн тоон мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, дүгнэлт гаргах замаар тодруулж, тогтоосон бөгөөд энэ нь хэрэгт авагдсан байгаа тул дахин дахин судлах шаардлагагүй. Учир нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хохирогч болгон дээр хохирлын үнэлгээг тогтоож, шийдвэрлэсэн байхад хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас хальж, хэт нэг талыг барьж шинжээчийн тусгайлан гаргасан дүгнэлтийг бүдгэрүүлэх, шүүмжлэх аясаар хэт субъектив хандлагаар хандаж, мөрдөгчийн асуусан асуулт, шинжээчийн хариулт зэргийг иш татаж дүгнэлт хийж магадлалдаа тусгаж өгсөн нь ойлгомжгүй байна.

Нэгэнт шинжээч нарын зүгээс холбогдох баримтуудад үзлэг хийж Д.Э-ын дансны зарлагын гүйлгээг гаргаж чадаагүй, гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ажилдаа хайхрамжгүй хандсан, хариуцлагагүй гэж дүгнэлт хийж болохгүй юм.

Мөрдөгчийн зүгээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай бичиг баримтуудад үзлэг, шалгалтыг хийж, хохирогч тус бүрийн хохирлын тооцоог гаргаж ажилласан бөгөөд энэхүү асуудлыг дан ганц М.Ц-тэй холбож байгаа нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд учир нь М.Ц-ийн хохирлын тооцоо нь эргэлзээгүйгээр тогтоогдсон, мөн Д.Э нь хохирогч нараас авсан мөнгийг Бүгд найрамдах хятад ард улсын иргэн С, Guo Guang, Liansheng нарын данс руу шилжүүлсэн байдаг боловч Хятадын иргэдийг эрэн хайх, мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа ч эдгээр хүмүүсийг эрж олох, Монгол улсад авч ирж, зохих ял шийтгэлийг эдлүүлэх боломжгүй, хэрэгт ач холбогдол муутай ажиллагаа тул уг ажиллагааг хийлгэх шаардлагагүй болно.

Энэ нь Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Сүхээ буюу Chi Hong-оос мэдүүлэг авах ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Эрээн хотын Цагдаагийн газрын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийсэн боловч, анхан шатны шүүх хууль зөрчиж хийгдсэн ажиллагаа гэж нотлох баримтаар үнэлээгүйгээр тогтоогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э-ын үйлдэлд түүний эхнэр Я.А болон “Ч” ББСБ-ын захирал хадам эгч Я.А нарыг хамтран оролцоогоор шалгасан боловч, хамтран оролцсон хэлбэр, гэмт бүлгийн зохион байгуулалт, гэм буруугийн сэдэлт, санаа, зорилгууд тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдон тогтоогдохгүйн улмаас үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Мөн хохирогч нараас Д.Э-ыг шар хуудас тарааж, “Ч” банк бус санхүүгийн байгууллагын менежер гэж өөрийгөө танилцуулж байсан гэж мэдүүлдэг боловч тус байгууллагаас уг шар цаасыг гаргасан болох нь тогтоогддоггүй, Д.Э нь тухайн байгууллагын албан ёсны ажилтан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогддоггүй, хохирогч нараас холбогдох мэдээллийнхээ эх сурвалжийг нотолж чаддаггүй бөгөөд өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон, сум дундын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэсэн, харин давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Д.Э-ын дансанд орсон мөнгө өөр дансанд шилжигдсэнтэй холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлал нь хууль зүйн үндэслэлтэй. Арван хохирогч нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд залилуулсан гэх боловч 2016 онд Д.Э-ын дансанд орсон мөнгийг хохиролд тооцсон нь эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцөл байдлууд бий. Хохирогч М.Ц-ээс Д.Э-ын дансанд 350,950,000 төгрөг орсон боловч найман өдөр дараалан 450,726,800 төгрөгийг Бүгд найрамдах Хятад ард улсын иргэний дансанд шилжүүлсэн нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг эс хүлээн авч, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Магадлалд заагдсан ажиллагаа буюу нэр бүхий 6 хүнийг залилан мэхэлсэн гэх цаг хугацаа нь 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 23-ны өдрүүдийн хооронд тогтоогддог. Мөрдөгч, прокурорын зүгээс Д.Э-ыг нэр бүхий 10 хүнийг залилан мэхэлсэн цаг хугацаа, өдрүүдийг нарийвчлан тогтоож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч нараас нарийвчлан асууж, шинжээчийн дүгнэлттэй тулгаж, эргэлзээгүйгээр нотолж өгсөн. Мөн аудитын болон шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд гарсан. Нэгэнт шинжээч нарын зүгээс холбогдох баримтуудад үзлэг хийж Д.Э-ын дансны зарлагын гүйлгээг гаргаж чадаагүй, гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ажилдаа хайхрамжгүй хандсан, хариуцлагагүй гэж дүгнэлт хийж болохгүй гэж үзсэн. Энэ нь Бүгд найрамдах Хятад ард улсын иргэнээс мэдүүлэг авах ажиллагаа хэрэгт төдийлөн ач холбогдолгүй бөгөөд уг ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Эрээн хотын Цагдаагийн газрын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийсэн боловч нотлох баримтаар үнэлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э-ын үйлдэлд түүний эхнэр Я.А болон “Ч” банк бус санхүүгийн байгууллагын захирал хадам эгч Я.А нарыг хамтран оролцоогоор шалгасан боловч, хамтран оролцсон хэлбэр, гэмт бүлгийн зохион байгуулалт, гэм буруугийн сэдэлт, санаа, зорилгууд тогтоогдоогүй. Мөн хохирогч нараас Д.Э-ыг шар хуудас тарааж “Ч” банк бус санхүүгийн байгууллагын менежер гэж өөрийгөө танилцуулж байсан гэж мэдүүлдэг боловч тус байгууллагаас уг шар цаасыг гаргасан болох нь тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Д.Э 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын хооронд 1,167,889,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан нь тогтоогдсон гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн  талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай билээ.

Аливаа гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурор Б.Догмиддоржийн үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Д.Э-ыг “бусдад их хэмжээний буюу 1,167,889,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна” гэж дүгнээд энэ хэрэгт нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллахаар тусгасан /хэргийн 13 дахь хавтас, 28-40 дахь тал/ байна.

Уг яллах дүгнэлтийг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Д.Э-ыг залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 1,097,120,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. /хэргийн 13 дахь хавтас, 228-252 дахь тал/

Анхан шатны шүүх нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг 70,769,000 төгрөгөөр багасган тогтоохдоо хохирогч Б.Ц-д учирсан хохирлын хэмжээг 27,269,000 төгрөгөөр хассанаас өөрөөр ямар ч дүгнэлт хийгээгүй байх бөгөөд үүний зөрүү нь 43,500,000 төгрөг болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолбол зохих бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач  холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын төвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-ыг гэм буруутайд тооцсон хохирлын хэмжээг үндэслэлээ заалгүйгээр 43,500,000 төгрөгөөр хасаж тооцсон нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүй хэдий ч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан 2 жилээс 8 жил хүртэлх хорих ял дотор хорих ялыг сонгон хэрэглэхэд нөлөөлж болохуйц ноцтой зөрүүг үүсгэсэн байна.

 Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “гэмт хэргийн хохирол хэр хэмжээ”-г ийнхүү зөрүүтэй тогтоож мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан зөрчлийг гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр өөр үндэслэлүүд зааж хэргийг прокурорт буцаасан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хэргийн анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Э-д холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

2. Прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН