Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01950

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02473 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-гийн хариуцагч Д- ХХК, А- ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Э-гийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А- ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д- ХХК нь А- ХХК-аас бартераар орон сууц авч, тус орон сууцыг миний бие худалдан авахаар тохиролцсон. 2019 оны 07 дугаар сарын 26, 27-ны өдөр хариуцагч компаниудтай орон сууц худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхон, Хүннү гудамж, 118-р байр, 51 тоот орон сууцыг худалдан авч, орон сууцны төлбөр болох 102,600,000 төгрөгийг Д- ХХК-ийн захирал Б.Б-д төлсөн. 2020 оны 02 сард А- ХХК-ийн оффис дээр очиж  захиралтай нь уулзахад гэрчилгээ гарах боломжгүй гэж хэлсэн. Төлбөрийг бүрэн төлсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э- миний нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч А- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: А- ХХК нь Д- ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасан бартерийн орон сууц болох Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Саруул хороолол 118-р байр, 1-р орц, 12 давхрын 51 тоот 54 м.кв орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.Э-гийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн үед захиалагч талд төлбөр тооцоо дуусаагүй байгааг сануулж гэрээний хавсралт-1 буюу төлбөр төлөлтийн нөхцөлд А- ХХК болон Д- ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг энэхүү гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болно. Талуудын хооронд байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлсэн акт үйлдэгдэж гарын үсэг зурсны дараа нэр шижлүүлэх болон захиран зарцуулах эрх захиалагчид шилжинэ гэж тусгасан байдаг. Д- ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ тухай гүйцэтгэгч компани болох Д- ХХК-д тухай бүрт нь мэдэгдэж байсан боловч тус компаниас ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүй гэрээний үүргээ биелүүлээгүй. Захиалагч тал болох А- ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 12.2.1-д заасны дагуу гэрээг дангаар цуцалж байгааг мэдэгдэж гэрээ цуцлах тухай албан бичгийг Д- ХХК болон захиалагч Б.Э- нарт хүргүүлсэн. А- ХХК нь нэхэмжлэгч Б.Э-гээс орон сууцны ямар нэгэн мөнгө төлбөр хүлээн аваагүй, гэрээнд тусгагдсаны дагуу Д- ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 233 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож Б.Э-гийн нэхэмжлэлтэй А- ХХК, Д- ХХК нарт холбогдох иргэний хэргээс А- ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Д- ХХК-ийн тайлбар татгалзлын агуулга: Д- ХХК нь А- ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр А1-А3/05 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний 7.4-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 26 хороо 118 дугаар байрны 12 давхрын 51 тоот 54 м.кв 2 өрөө орон сууцыг бартераар авахаар тохиролцсон. Тухайн орон сууцыг Б.Э-тэй тохиролцон худалдахаар болж А- ХХК-д манай компани ажил гүйцэтгэж байгаа бартерийн байр бөгөөд гүйцэтгэлээр орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гарахыг тодорхой хэлж ойлгуулан одоогоор түлхүүрээ аваад сууж болно гэж тохиролцсон. Б.Э- болон түүний ээж, миний бие Б.Б-тэй бид 3 А- ХХК-тай хамт уулзан орон сууцны гэрчилгээ мөн гүйцэтгэлээр гарах талаар ярилцан тухайн орон сууцны түлхүүрээ өгсөн. 2019 онд А- ХХК болон Д- ХХК аль алинаас шалтгаалан ажил удаашралтай явагдаж А1 блокын барилга угсралт 1 давхар хүрээд зогссон нь бартераар авахаар тохиролцсон орон сууцны гүйцэтгэлд хүрээгүй. 2020 онд А- ХХК болон Д- ХХК нь харилцан тохиролцон А1, Д3 блокын барилга угсралтыг өөр компанид шилжүүлэн, манай компани А2 блокыг хийж гүйцэтгэхээр болсон. Гэвч А2 блокын барилга угсралтын ажил 2022 онд эхэлж байгаа бөгөөд А- ХХК болон Д- ХХК нь үнийн дүн дээр харилцан тохиролцож чадаагүй бөгөөд бартерийн орон сууцны төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцож байна гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 118 дугаар байрны 12 давхрын 51 тоот хаягт байрлах 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Даваа овогт Батжаргалын Эрдэнэсүрэнгийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч Д- ХХК, хариуцагч А- ХХК нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д- ХХК-аас 35,100 төгрөг, А- ХХК-аас 35,100 төгрөг тус тус гаргуулан Б.Э-д олгуулахаар шийдвэрлэжээ.

5.Хариуцагч А- ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.а.Шүүх гэрээний төрлийг буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч А- ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээ нь орон сууц худалдах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний агуулгаар тайлбарлавал тус гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байна. Гэрээний төлбөрийн хэсэгт А- ХХК болон Д- ХХК-ийн хоорондын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болно. Мөн төлбөрийн нөхцөл хэсэгт жин байдлаар Талуудын хооронд байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу акт үйлдэгдэж гарын үсэг зурсны дараа нэр шилжүүлэх болон захиран зарцуулах эрх захиалагчид шилжинэ гэж гэрээний нөхцөлийг маш тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээ болон арилжааны гэрээний ялгагдах онцлог нь нэг нь хариу төлбөр төлөх үүрэг хүлээдэг бол арилжааны гэрээ нь тохирсон эд зүйлийн харилцан шилжүүлэх үүрэг хүлээдэг онцлогтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь арилжааны гэрээг, худалдах, худалдан авах гэрээ гэж зөвхөн гэрээний нэршлээр буруу дүгнэсэн байна.

5.б.Мөн мapraaгүй үндэслэлээр дүгнэлт гаргаж хэлцлийг буруу тодорхойлсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт А- ХХК болон Б.Э- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн. Гэвч хариуцагч А- ХХК-аас тус гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж огт маргаагүй. Харин гэрээний агуулгад талуудын хүсэл зоригоор тайлбар хийвэл Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэлд хамаарах талаар маргасан. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон бол өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл гэнэ гэж заасан. Тодруулбал өөрчлөгдөх болзол гэдэг нь хэлцлээс гарах эрх зүйн үр дагаврыг төгсгөлийг нь мэдэхгүй байгаа үйл явдлаас хамааралтай болгож хийсэн тохиролцоог ойлгох ба эрх зүйн үр дагавар нь эхлээд бий болох ба энэ эрх зүйн үр дагавар нь өөрчлөгдөх эсэх нь өөрчлөгдөх болзол бий болсон эсэхээс хамаарах бөгөөд тухайн өөрчлөгдөх болзол бий болсноор хэлцэл дуусгавар болдог. Харин өөрчлөгдөх болзол бий болоогүй нөхцөлд Иргэний хуулийн 46 дугаар зүйл 46.1 дэх хэсэгт Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дах хэсэгт Болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус байхаар тус тус зохицуулсан байдаг. Үүнээс үзэхэд А- ХХК болон Д- ХХК-ийн хоорондын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болно. Мөн төлбөрийн нөхцөл хэсэгт жич байдлаар Талуудын хооронд байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу акт үйлдэгдэж гарын үсэг зурсны дараа нэр шилжүүлэх болон захиран зарцуулах эрх захиалагчид шилжинэ" гэж гэрээний нөхцөлийг маш тодорхой заасан нь талуудын хооронд өөрчлөгдөх болзол заасан хэлцэл хийгдсэн байгааг тус гэрээний нөхцөлөөс харж болохоор байна. Өөрөөр хэлбэл А- болон Д- ХХК-ийн хоорондын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдсэнээс хамааран Эрдэнэсүрэн болон хариуцагч А- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №233 дугаарт гэрээ нь орон сууц худалдах гэрээний хэлцэл дуусгавар болохоор талууд тохиролцсон байгаа нь гэрээний нөхцөлөөс тодорхой байхад шүүх дүгнэж зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

5.в.Мөн анхан шатны шүүх хариуцагч А- ХХК нь Д- ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг Д- ХХК-д шилжүүлсэн, орон сууцны төлбөр 102,600,000 төгрөгийг бүрэн барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэж үндэслэлгүй дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас харвал А- ХХК-д нэхэмжлэгч Б.Э- нь төлбөрөө бүрэн төлсөн гэх санхүүгийн тамга тэмдэг бүхий тухайн үед А- ХХК-ийн еренхий нягтлан албан тушаалд ажиллаж байсан Б.Ганчимэг гэх хүний гарын үсэг бүхий баримт, эсвэл компанийн зүгээс төлбөр тооцоо дууссан гэх өөр бусад баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байхад, тийм баримт хэрэгт авагдсан мэтээр дүгнэсэн байна. Тодруулбал нэхэмжлэгч тал анхнаасаа А- ХХК-тай болзол заасан хэлцэл хийж байгаагаа сайн мэдэж байсан ч хариуцагч Д- ХХК-ийн захирал Цогтгэрэлийн эзэмшлийн Хаан банкны дансанд орон сууцны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууц зарна гэсэн зарын дагуу А- ХХК-ийн оффисд очиж захиралтай нь гэрээ байгуулсан. Тухайн үед Д- ХХК-ийн захирал н.Болд-Эрдэнэ хамт байсан. Зарын дагуу очоод мөнгөө хэн рүү шилжүүлэхийг асуухад Д- ХХК-ийн данс руу хийнэ гэж хэлсэн учраас Д- ХХК-ийн захирал н.Болд-Эрдэнийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Маргааш нь Д- ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн учраас гэрээ байгуулсан. Мөн А- ХХК-ийн захирал болон Д- ХХК-ийн захирал н.Болд-Эрдэнэ нартай хамт очоод орон сууцаа хүлээж авъя гэхэд бичиг хийж өгсөн бөгөөд тухайн бичгийг оффис хариуцсан менежерт өгөөд орон сууцны түлхүүрээ аваад орохоор тохиролцсон. Хариуцагч талын тайлбарласнаар гэрээ хэлцлийг хооронд нь хольж тайлбарласан нь ойлгомжгүй. Тухайлбал, ажил гүйцэтгэх гэрээний талаар тайлбарласан нь хариуцагч компаниудын хоорондын асуудал бөгөөд харилцагч иргэдэд хамааралгүй. Орон сууцад нүүж ороод 4 жил болсон. Үл хөдлөхийн гэрчилгээ гарахгүй байсан учраас иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч А- ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Д- ХХК, А- ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Саруул хотхон, Хүннү гудамж, 118 дугаар байр, 51 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д- ХХК нь А- ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан орон сууцаа надад худалдсан, үнийг төлсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, хариуцагч нар нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг гэрээний дагуу хүлээсэн гэх агуулгаар тодорхойлжээ.

3.б.Хариуцагч Д- ХХК нь А- ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д- ХХК нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын А1, D3 блокын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, А- ХХК нь ажлын хөлс 635,204,625 төгрөгийн заримыг орон сууцаар төлөхөөр тохиролцсоны дотор маргаан бүхий 51 тоот орон сууц багтсан байна. /хх-ийн 70-74-р тал/

3.в.Улмаар нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч А- ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууц худалдах гэрээ, хариуцагч Д- ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдах авах гэрээг тус тус байгуулж, хариуцагч нар нь 51 тоот орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь үнийг төлөхөөр тохиролцсон бичгийн гэрээнүүд хэрэгт авагджээ. /хх-ийн 4-6, 46-49-р тал/

3.г.Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан талаарх шүүхийн дүгнэлт зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бий болсон эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

3.д.Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Д- ХХК-д орон сууцны үнэ 102,600,000 төгрөгийг төлж, маргаан бүхий 51 тоот орон сууцны эзэмшлийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч Д- ХХК болон А- ХХК-ийн хооронд байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцтгэх гэрээний үүрэг дуусгавар болоогүйтэй холбоотойгоор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ. /хх-ийн 8-12-р тал/

3.е.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Алтайн констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах гэрээний хавсралт 1-д А- ХХК болон Д- ХХК-ийн хооронд 2019.07.17-ны өдөр байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг энэхүү гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болно гэж заасан байна. /хх-ийн 50-р тал/

3.ё.Гэрээний дээрх нөхцөлийг талуудын хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд тус тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д- ХХК, А- ХХК-ийн хооронд байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Д- ХХК нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй талаараа шүүхэд тайлбар гаргасан. /хх-ийн 43-р тал/. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Э- нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар шаардлага гаргах эрхгүй, хариуцагч А- ХХК-ийг үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

4.Иймд энэ талаар гаргасан хариуцагч А- ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Д- ХХК, А- ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Нэхэмжлэгч Б.Э-гийн хувьд орон сууцны үнийг төлсөнтэй холбоотойгоор буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д- ХХК, А- ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Саруул хотхон, Хүннү гудамж, 118 дугаар байр, 51 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А- ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ