Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01943

 

 

.....-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01818 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ийн хариуцагч .............- ХХК, ........- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 128,696,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........-, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч, хариуцагч .............- ХХК-ийн төлөөлөгч ........-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.........- нь .............- ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 25,000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээний 6.4-т зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч .............- ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. ........- нь 25,000 ам.долларыг манай компани үйл ажиллагаандаа хэрэглээгүй, Т.Бат-Оргил авсан тул зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг ч тэрээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9.1.3-д зааснаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр бусад этгээдэд шилжүүлэхгүй гэх үүргээ зөрчиж, зээлсэн мөнгөө компанийн дүрэмд заасан үйл ажиллагаанд бус хувийн хэрэгцээнд ашигласан болохоо зөвшөөрсөн. Иймд үндсэн зээл 25,000 ам.доллар, зээлийн хүү 3,125 ам.доллар, нийт алданги 14,062.5 ам.долларыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкны ёсны ханш 1 ам.доллар 3,050.59 төгрөгөөр тооцож нийт 128,696,765 төгрөгийг .............- ХХК болон тус компанийн захирал ........- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Т.Бат-Оргил нь .............- ХХК-ийн захирал ........-д хандаж ... .........- надад зээл өгөхгүй гээд байна, чи компанийнхаа нэрээр зээлийн гэрээ байгуулж зээл аваад өгөөч... гэсний дагуу зээлийн гэрээг байгуулж 25,000 ам.долларыг зээлсэн. .............- ХХК нь 25,000 ам.долларыг үйл ажиллагаандаа ашиглаагүй. Т.Бат-Оргил 25,000 ам.долларыг авсан нь гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ тус компанид хамааралгүй. Түүнчлэн, гэрээ байгуулах үе буюу 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монгол банкны ам.долларын ханш 1,800 төгрөг байсан тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханш буюу 1 ам.долларыг 1,800 төгрөгөөр тооцно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шүрэн сольюшнс ХХК-аас 117,257,053 /нэг зуун арван долоон сая, хоёр зуун тавин долоон мянга, тавин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........-д олгож, нэхэмжлэлээс ........-д холбогдох болон 11,439,712 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч .....-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүрэн сольюшнс ХХК-аас 744,235 /долоон зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин таван/ төгрөгийг гаргуулж .........-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу үнэлээгүй. Шүүх ... .............- ХХК зээлсэн мөнгөө компанийн үйл ажиллагаанд ашиглаагүй, Т.Бат-Оргилын дансанд шилжүүлсэн гэх байдал нь зээлийн гэрээг үгүйсгэх болон зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь: .............- ХХК-аас зээл гэсэн гүйлгээний утгаар Голомт банк ХХК дахь Т.Бат-Оргилын эзэмшлийн 3009351819 тоот дансанд 25.000 ам.долларыг шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан. Шүүх уг нотлох баримтыг зээлийн гэрээ, .....-ээс мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагч нарын тайлбар, гэрч Т.Бат-Оргилын мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлээгүйгээс хариуцагчийг буруу тодорхойлсон. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1499 дугаар магадлалд Гуравдагч этгээд .............- ХХК-ийн төлөөлөгч ........- .........-тэй зээлийн гэрээ байгуулсан боловч 25,000 ам.долларыг Т.Бат-Оргилын данс руу шилжүүлсэн, уг зээлийн төлбөр төлөгдөөгүй... гэж мэдүүлснээс үзэхэд хариуцагч нь Т.Бат-Оргил болох нь тогтоогддог.

4.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь: талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.4-т ... торгууль... гэж заасан байхад шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарласан. Мөн зээлийн гэрээний 7.1-д ... зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг, зээл хүүгийн төлбөрийг төлөхийг шаардах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, торгууль төлүүлэх... гэсэн гэрээний нөхцөлийг заасан. Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн заалтыг анхаарч үзээгүйгээс торгууль, алдангийн ялгааг оновчтой, үндэслэлтэйгээр тайлбарлан алданги 12,812.5 ам.доллар гаргуулах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. .....-ээс хариуцагчийг зээлийн хүү төлөөгүй, маш их өр төлбөртэй цаашид төлөх нь тодорхойгүй гэсэн боловч гэрээний 10.2.5-т заасан гэрээний 6-д заасан зээлдэгчийн үүргийн заалтуудыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар тохиролцсон атал зээлдүүлэгч зориуд шаардаагүй, гэрээг цуцлаагүй нь их хэмжээний алдангийг нэхэмжлэх хүсэл сонирхолтой байсантай холбоотой. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг багасгаж багасгаж өгнө үү.

4.3. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох байсан бөгөөд уг зохицуулалтыг мөн хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгтэй харьцуулах байдлаар ам.долларын ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох боломжтойг шүүх анхаараагүй. Талуудын хооронд үүрэг үүсэх үе буюу гэрээ байгуулах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,968.21 төгрөг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ханш бага өссөн үзүүлэлтэй байгаа тул ам.долларын ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох боломжтой талаар талууд мэтгэлцсэн.

4.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 00920 дугаар шийдвэрт ............- нь Шүрэн ХХК, Г.Галтмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 596,544 ам.доллар буюу 1,470,480,960 төгрөг гаргуулахаар шаардахдаа энэ маргааны зүйл болсон 25,000 ам.доллартой холбоотой асуудал 596,544 ам.доллар гаргуулах маргаанд хамааралгүй гэж мэдүүлсэн... байхад шүүх шаардах эрх үүссэн үе, хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буруу тайлбарласан.

Хариуцагч талаас 1 сарын хугацаатай зээл олгогдсон тул нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүссэн гэж үзэж байгаа ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна гэсэн агуулгатай тайлбар гаргасныг шүүх хүлээн аваагүй атлаа шаардах эрх үүссэн үеийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үүссэн гэж буруу тодорхойлсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Голомт банк ХХК-ийн дансны хуулгаар Т.Бат-Оргилд мөнгө шилжсэн нь нотлогддог гэх боловч зээлийн гэрээ бодит бөгөөд мөнгө шилжүүлснээр захиран зарцуулах эрх нь үүсдэг учраас нэхэмжлэгчээс .............- ХХК-д мөнгийг шилжүүлсэн. Т.Бат-Оргилд мөнгө шилжүүлсэн үйл баримт байхгүй. .............- ХХК-аас Т.Бат-Оргилд шилжүүлсэн тул ямар эрх зүйн харилцаа үүссэнийг мэдэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. .............- ХХК нь зээлийг анхнаасаа авах зорилго байгаагүй гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 42, 196 дугаар зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлж хэлцлийг хийсэн. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг .............- ХХК-ийн захирал нь гаргасан. Үүнд анхнаасаа зээл авах зорилгогүй байсан нь нотлогдоогүй учраас анхан шатны шүүх үнэн зөв дүгнэсэн.

5.2. Мөн зээлийн гэрээнд зааснаар алданги тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Гэвч энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэсэн. Гэрээний 7.1-д хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, торгууль төлнө гэж заасан. Мөн гэрээний 6.4-т хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн утгыг бүрэн илэрхийлсэн гэж үзэх боломжтой.

5.3. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэд хэдэн гэрээний асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Өмнө нь 25,000 ам.долларыг шүүхийн шатанд төлөгдсөн гэж тооцсон боловч Улсын Дээд шүүхээс 25,000 ам.долларыг төлөгдөөгүй гэх бөгөөд .............- ХХК болон .........- нарын хооронд үүссэн маргаанд өмнөх шийдвэрлэгдсэн маргааныг хамааралгүй гэж үзсэн учраас нэхэмжлэл гаргах эрх үүссэн. Үүнийг анхан шатны шүүх 2019 оноос нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч .........- хариуцагч .............- ХХК, ........- нарт холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000 ам.доллар, зээлийн хүү 3,125 ам.доллар, алданги 14,062,5 ам.доллар нийт 42,157.5 ам.доллар буюу 128,696,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... .............- ХХК зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй, Т.Бат-Оргилын хүсэлтээр зээлийн гэрээг байгуулсан, гэрээний үүргийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлийн төлбөрийг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцно... гэж маргажээ.

 

1.б. Талууд хооронд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч .........- 25,000 ам.долларыг зээлдэгч .............- ХХК-д зээлдэх, зээлдэгч нь 25,000 ам.долларыг 1 сарын хугацаанд 2,5 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна. (хх-5-7)

 

.........- .............- ХХК-д зээлийн гэрээний дагуу 25,000 ам.долларыг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэгч мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. (1 хав-8х)

 

1.в. Хариуцагч .............- ХХК нэхэмжлэгч .....-ээс зээлсэн 25,000 ам.долларыг компанийн үйл ажиллагаандаа зарцуулаагүй, Т.Бат-Оргилын өмнөөс зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбар болон .............- ХХК-аас Т.Бат-Оргилд 25,000 ам.долларыг шилжүүлсэн баримтыг үндэслэн хариуцагчийг зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй юм. (1 хав-56х)

 

Зээлийн гэрээний 4.2-т Зээлийн хугацааг талууд тохиролцон сунгаж болно гэж заасны дагуу хариуцагч .............- ХХК-ийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрх алдана гэж заасан тул зээлдэгчийн зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг үндэслэн гэрээг сунгасан гэж үзээгүй анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Харин .............- ХХК 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгах хүсэлт гаргаж байсан нь шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж байсан гэж үзэх үндэслэл болно. (1 хав-9)

 

1.г. Талууд зээлийн гэрээний 6.4-т Зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлбөрийн 0,2 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж тохиролцсон байх бөгөөд зээлдэгч нь зээлийн хүүд сар бүр 2.5 хувийн хүүг төлөх, зээлийн хүүг сар бүрийн 17-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн гэрээний нөхцөл, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан үзэхэд талууд үүргийн зөрчлийн улмаас хүлээх хариуцлагын алдангийн хэлбэрээр тохиролцсон гэж тайлбарлах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт нийцэхээр байна. Иймд нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн ...зээлийн гэрээний 6.4-т ... торгууль... гэж заасан байхад шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарласан.... гэсэн гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч .............- ХХК үндсэн зээл 25,000 ам.доллар, зээлийн хүү 625 ам.доллар, алданги 12,812.5 ам.доллар, нийт 38,438.5 ам.долларыг нэхэмжлэгч .........-д төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.д. Шүүх ...хариуцагчийг буруу тодорхойлсон... гэх гомдол үндэслэлгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба хариуцагч .............- ХХК-ийн төлөөлөгч ........- нэхэмжлэгч .....-ээс мөнгөн хөрөнгө зээлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. Хариуцагч .............- ХХК .....-ээс зээлсэн 25,000 ам.долларыг гэрч Т.Бат-Оргилд шилжүүлж захиран зарцуулсан тул хариуцагчийг буруу тодорхойлсон гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

1.е. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан тул зээлийн гэрээний үүргийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцно гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэдэг нь гэрээ байгуулах үеийн ам.долларыг төгрөгтэй харьцах ханшаар тооцох бус, харин зээлдэгч зээлийн төлбөрийг гүйцэтгэх үеийн ханшаар тооцох агуулга юм.

Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасны дагуу анхан шатны шүүх Монголбанкны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1 ам.долларыг 3,050.59 төгрөгтэй харьцах ханшаар тооцож 38,437.5 ам.доллар буюу 117,257,053 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

1.ё. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаар шийдвэрт ... .........- болон Шүрэн ХХК, .............- ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт 596,544 ам.доллар буюу 1,470,480,960 төгрөг гаргуулах тухай маргаанд Г.Галтмаа болон .............- ХХК-ийн .....-ээс зээлсэн 90,000 ам.доллар, 25,000 ам.долларыг энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй... гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01877 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч тусдаа нэхэмжлэл гаргах шаардах эрх үүссэн гэж үзнэ. (1 хав-10-36)

 

Нэхэмжлэгч .........- хариуцагч .............- ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01877 дугаар тогтоол гаргасан өдрөөс тооцно. Нэхэмжлэгч .........- 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 744,235 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ